Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 67

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ц.Ц-ийн ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 1  сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч  Ц.Ц

Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 онд төрсөн, эмэгтэй, 54 нас хүрс байгаа. Улсад 36 жил ажилласан.1981 оны 1 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсныг холбогдох нотлох баримтуудыг үндэслэн тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Ц  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.Ц-ийн хөдөлмөрийн дэвтэрт бичилт дутуу зөрчилтэй,   холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 1 сарын 16-ны өдрийн 50 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Гэрч А.Ө :“... Ц.Ц нь насаараа хөдөө мал малласан хүн байгаа юм. Энэ хүн 1981 оны 1 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчинаар ажиллаж байсан. Би 1991 оноос эхлэн тус нэгдэлд малчинаар ажилласан...” гэх мэдүүлэг,

 Гэрч Б.М :“...  Ц.Ц нь 1981 оны 1 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчинаар ажиллаж байсан. Манай аав тус нэгдэлд нягтлангаар ажиллаж байсан юм. Намайг дээрх хугацаанд аавынхаа ажил дээр очиход Ц.Ц  эгч малчинаар ажилладаг байсан  ...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Б : “...Би 1981 оны 3 сараас Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Ар-Урт бригадад ахлах нягтлангаар очиж байсан, 1985 оны 5 сараас 1991 оныг дуустал Адаацаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан юм. Миний мэдэхийн Ц.Ц  нь 1981 оны 3 сараас 1992 оны 6 сар хүртэл Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Ар-Урт бригадад малчинаар ажиллаж байсан. Бид хамт ажилладаг байсан учраас сайн мэдэж байгаа юм ...” гэх мэдүүлэг, 

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 1 сарын 16-ны өдрийн 50 дугаартай “ Тус архивын сан хөмрөгт байгаа Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1981 оны 1 сарын 1-нээс 1990 оны 5 сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 9 сарын 1-нээс 1991 оны 2 сарын 31-нийг дуустал, 1991 оны 6 сарын 1-нээс 7 сарын 31-нийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан тухай баримт байхгүй байгаа тул Ц овогтой Ц-д холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 1 сарын 16-ны өдрийн 08/50 дугаартай “ Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд нь 1991 оны 4 сарын 25-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 11 сарын 04-нд  Амьдралын туг ХК ...болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа болно” гэх тодорхойлолт,

4.Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 1 сарын 16-ны өдрийн 37 дугаартай “ Адаацаг сумын 5 дугаар багийн иргэн Ц  овогтой Ц-ийн 1981, 1991 оны хөдөлмөрийн дэвтрүүд нь ажилласан жил тооцох шаардлага хангахгүй байгаа тул уг дэвтрүүдийн ажилласан жилүүдийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна” гэх тодорхойлолт,

5.Тайжууд овогт Ц.Ц-ийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар,

6.Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1981 оны 4 сарын 26-ны өдөр Ц.Ц-д олгосон “ 1981-1989 он, 1990 оны 1-5, 9, 10 сарын бичилт хийгдсэн” хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар, мөн Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1991 оны 01 сарын 01-ний өдөр Ц.Ц-д олгосон “ 1991 оны 1 сарын 31-ний өдрийн 07 тоот тушаалаар 1991.01.01-ний өдрөөс Хашаат бригадад хоньчноор авч ажиллуулав, 1991 оны 1, 6, 9, 11 сарын хөдөлмөрийн хөлсний бичилттэй” хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

7.Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 2/214 дугаартай “ Амьдралын туг хоршоонд ажиллаж байсан Ц  овогтой Ц-ийн 1981-1989 оны 70-р дансны баримтаас хуулбарлан олгосон нь үнэн болно” гэх тодорхойлолт, Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчинаар  ажиллаж байсан Ц  овогтой Ц-ийн 1981-1989 онд авч байсан цалингийн тодорхойлолт,

8.Ц  овогтой Ц-ийн 1981-1989 оны Цалингийн тооцооны хүснэгтийн нотариатаар батлуулсан хуулбар баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудаар  Ц.Ц-ийн  1981 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Ц.Ц нь 1981 оны 1 сарын 1-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  /далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ