Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 71

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Б.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Г.Б-д холбогдох 2 хүүхдийн тэтгэлэг, асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12  сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч Б.Ч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О

Хариуцагч Г.Б

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д

Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Ч  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Б-тэй 2014 онд гэр бүл болж, 3 жил хамтран амьдарсан. Хүү Б.Ц  2015 онд, охин Б.Х 2017 онд төрсөн. Г.Б нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болоод одоо нэг гэрт амьдарч байгаа. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй. Хүү, охин 2 одоо надтай цуг амьдарч байна. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Иймд Хүү Б.Ц , охин Б.Х нартаа хуулийн дагуу эцэг Г.Б-ээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авна гэв.

Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ч-тэй 2014 оноос хамтран амьдарсан. Энэ хугацаанд хүү Б.Ц , охин Б.Х нарыг төрүүлсэн бэ албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй юм. Бид хоорондоо таарч тохирохгүйн улмаас 2017 оны 8 сараас тусдаа амьдарч байгаа. Миний бие хүү Б.Ц-ыг өөрийн асрамжиндаа авах хүсэлтэй байна. Асрамжиндаа авч үлдвэл дүү болон ээжтэй нь байнгын холбоо харилцаатай байлгах болно гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Г.Б-ээс 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Зохигч нь 2014 онд танилцаж, улмаар 2015 оны 6 сарын 29-нд хүү Б.Ц-ыг, 2017 оны 3 сарын 19-нд охин Б.Х нарыг төрүүлсэн болох нь талуудын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар, тэдний эрүүл бойжиж байгаа болох нь их эмч Б.Г-ийн тодорхойлолтоор  тус тус тогтоогдож байна.

Хариуцагч нь хүү Б.Ц , охин Б.Х нарыг өөрийн хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрч байх боловч хүү Б.Ц-ыг өөрийн асрамжинд авна гэж маргаж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заажээ.

Энэхүү хуульд зааснаар хүү Б.Ц , охин Б.Х нарын саналыг авах нас хүрээгүй, хүүхдүүд төрсөн цагаасаа эхлэн эхийн асрамжинд байсан байх тул хүү Б.Ц-ыг эцэг Г.Б-ийн асрамжинд үлдээх боломжгүй байна гэж үзлээ.

Иймд хүү Б.Ц , охин Б.Х нарт хүүхдийн тэтгэлэг тогтоож хариуцагч Г.Б-ээс гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Ч  нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59966 төгрөгөөс 56966 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 3000 төгрөгийг, хариуцагчаас 56966 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 6 сарын 29-нд төрсөн хүү Б.Ц, 2017 оны 3 сарын 19-нд төрсөн охин Б.Х нарыг эх Б.Ч-ийн асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Ц , охин Б.Х нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Г.Б-ээс сар бүр гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59966 /тавин есөн мянга есөн зуун жаран зургаан/ төгрөгөөс 56966 /тавин зургаан мянга есөн зуун жаран зургаан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 3000 төгрөгийг, хариуцагч Г.Б-ээс 56966 /тавин зургаан мянга есөн зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч-толгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                          Д.УРАНЧИМЭГ