Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 020/2015/0152/З |
Дугаар | 221/МА2015/0487 |
Огноо | 2015-10-28 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2015/0487
2015 оны 10 сарын 28 өдөр Дугаар 221/МА2015/0487
Л.О-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 472 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Л.О гийн нэхэмжлэлтэй, ХААЯ-ны төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатар илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...ХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 сарын 19-ны өдрийн Б/02 тоот тушаалын Л.О д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "...ҮХААЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг Л.О гээр түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байх тул түүний нэхэмжлэлдээ "ҮХААЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогдон ажиллаж байсан" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх тушаалд Л.О г ажилд томилох талаар огт дурдаагүй байна. Яамны газрын даргын албан тушаалд Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын дагуу томилдог ба Л.О нь уг журамд заасан шаардлагыг хангаагүй тул түүнийг ҮХААЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилоогүй.
Л.О г ҮХААЯ-ны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх үед тус яамны бүтэц зохин байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдож түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заасан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд төрийн хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах тухай төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа нь Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Л.О д хамаарахгүй гэж үзсэн болно. Нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 472 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан Л.О гийн ХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 тоот тушаалын Л.О д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/95 дугаар тушаалаар тус яамны төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилогдон ажиллаж байсан ба жилийн эцсээр үр дүнгийн гэрээгээ холбогдох албан тушаалтнаар дүгнүүлж 82 хувь үнэлгээ авсан байдаг. /хэрэгт нотлох баримтаар өгөгдсөн байгаа/ Мөн Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар нэхэмжлэгч Л.О г ҮХААЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалд жинхлэн томилохыг зөвшөөрсөн дүгнэлт гарсан байдаг бөгөөд уг дүгнэлтийг тус яаманд хүргүүлсэн байдаг. /хэрэгт нотлох баримтаар өгөгдсөн байгаа/
Гэтэл ХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Албан тушаалд томилох тухай" гэх тэргүүтэй Б/02, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн "тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Б/01 дүгээр тушаалуудаар нэхэмжлэгчийг ажлаас нь үндэслэлгүй халсан болно. Мөн дээрх тушаалын үндэслэлүүдээс аль заалт, хэсэг нь нэхэмжлэгчид хамаарч байгаа нь тодорхойгүй байдаг. Үүн дээр шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй байх бөгөөд "шүүх гагцхүү хууль хэрэглэх" ёстой байтал шийдвэрээ журам үндэслэж гаргасан байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд томилогдоод ажлаа сайн хийж байсан үр дүнгийн гэрээгээр сайн үнэлгээ авсан, Төрийн албаны зөвлөлийн албан тушаалд жинхлэн томилохыг зөвшөөрсөн дүгнэлт гарсан, өөр ажилд шилжих ямар ч хүсэлт гаргаагүй байхад нь түүнийг "Төрийн албаны тухай хуулийн 22.1 дэх хэсэг өөр ажилд шилжсэнтэй нь холбогдуулан ажлаас чөлөөлсүгэй" гэсэн нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй хууль бус шийдвэр байсаар байхад түүнийг шүүх зөвтгөснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.
Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан нотлох үүргээ биелүүлээгүй. Учир нь хариуцагч тал "нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт байгаа" гэдэг, нэхэмжлэгч хүсэлт байхгүй гэхэд "өөр ажилд шилжих хүсэлтээ өгсөн гэдэг" харин нэхэмжлэгч тал ямар ч хүсэлт өгөөгүй гэдэг. Энэ маргаан нь ХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн "Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Б-01 тушаалтай холбогдож гарсан. Төрийн нарийн бичгийн даргын тушаал нь заавал хууль зүйн үндэслэлтэй байх ёстой ба тэр нь ажлаас чөлөөлөгдөх буюу өөр ажилд шилжих тухай ажилтны өөрийн бичгэн хэлбэрээр гаргасан хүсэлт юм. Энэхүү хүсэлтийн талаар маргаан үүсэхэд шүүх хүсэлт байгаа эсэх талаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хариуцагч талаас гаргуулах үүргээ биелүүлээгүй.
Хэргийг шүүхээр хэлэлцэж байхад нэхэмжлэгчийг өөр ажил эрхэлж байгаа талаар хариуцагч ярьдаг, гэрч мэдүүлэг өгсөн байдаг. Шүүх нотлох баримтыг бусдын амаар ярьсан зүйлийг баримтжуулан шалгаагүй хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахыг нэхэмжилсэн. энэ хугацаа нь ажлаас халагдсан өдрөөс өөр ажилд орсон өдөр хүртэлх хугацаанд хамаарна. Шүүхийн шийдвэр яаж гарахаас үл хамааран нэхэмжлэх ёстой хугацааг тогтоосны дараа хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Энэ хугацаа нь 10 сар уу, 1 жил үү гэдэг нь тодорхойгүй байна. Шүүх шинэ ажлын газраас нь хэзээ ажилд орсон талаарх нотлох баримт гаргуулах үүргээ биелүүлээгүй. Энэ нь шүүх шийдвэрээ урьдчилан төлөвлөсөн байсан учир тэр хугацааг тогтоогоогүй, сонирхоогүй гэж үзэж байна. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс иргэн, байгууллагын эрхийг хамгаалдаг чиг үүрэгтэй гэж ойлгож байна. Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албанд ажиллаж байхдаа томилогдсон ба шинэ томилгоотой холбогдуулан ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл шинээр томилогдсон байгууллага нь нэхэмжлэгчийг ажлаас нь халахад шууд ажилгүйчүүдийн эгнээнд шилжин орж байна. Өөрөөр хэлбэл өмнөх ажил, албан тушаалдаа эргэн орох боломж эсхүл өмнөх ажилтай нь дүйцэхүйц албан тушаалд томилон шийдэх боломжтой. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг томилогдон ажиллаж байсан байгууллагаасаа үндэслэлгүй /шалтгаангүй/ халагдан шууд ажилгүйчүүдийн эгнээнд орсоныг хуульд нийцэж байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүх шийдвэртээ Л.О г ҮХААЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилсон тушаалыг анхнаасаа алдаатай, хууль бус гэж үзсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй маргаагүй үйл дээр үнэлэлт өгч шийдвэрээ гаргасныг харуулж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажилд томилогдсон тушаал бус ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хууль бус гэж үзэн шүүхэд хандсан юм.
Түр томилогдсоны дараа өөрөөс нь өмнө түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ажилтныг халж оронд нь мөн л түр орлон гүйцэтгэгчийг томилсон үйлдлийг шүүх зөвтгөсөн. Шүүх энэ олон түр орлон гүйцэтгэгчийн шалтгааныг нь огт тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Энэ шалтгаан нь шийдвэрт тусгагдаагүй мөн шүүх маргаж буй актыг хууль бус эсэхэд огт дүгнэлт хийгээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулаагүй байгааг анхааралдаа авна уу.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 472 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянуулахаар анхан шат руу буцааж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ
Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын /хуучнаар/ 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/95 дугаар тушаалаар Л.О г ҮХААЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр болжээ. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Албан тушаалд томилох тухай Б/02 тушаалаар нэхэмжлэгчийг албан тушаалаас нь чөлөөлж, 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Б/01 тушаалаар уг Б/02 тушаалдаа өөрчлөлт оруулсан байна.
Нэхэмжлэгчийн тухайд 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Албан тушаалд томилох тухай Б/02 тушаалд гомдол гаргасан бөгөөд сүүлд гарсан 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Б/01 тушаалд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.
Анхан шатны шүүх түүний гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, сүүлд гарсан 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Б/01 тушаалын эрх зүйн үндэслэлийг шүүн хянан шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөр ажилд шилжих хүсэлт гаргаагүй байхад түүнийг төрийн өөр ажилд шилжсэнтэй нь холбогдуулан ажлаас чөлөөлсүгэй гэж үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй хууль бус шийдвэр байхад түүнийг шүүх зөвтгөсөн гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Түүнчлэн ажлаас чөлөөлөгдөх хүсэлт байгаа эсэхийг тогтоох нь энэ хэргийн тухайд ач холбогдолгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх агуулга бүхий гомдол нь ХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 тушаалтай холбогдон гарч байна. Нэхэмжлэгчээс Б/01 тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул уг тушаалд холбогдуулан нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэх боломжгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төөлөгч давж заалдах гомдолдоо Очирсүрэнг ҮХААЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар томилсон тушаалыг анхнаасаа алдаатай, хууль бус гэж үзсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, маргаагүй зүйл дээр үнэлэлт өгч шийдвэрээ гаргасныг харуулж байна гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурьдсан маргаан бүхий актын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн анх ажилд томилогдсон тушаалд үнэлэлт өгснийг нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгч төрийн жинхэнэ албанд ажиллах байхдаа томилогдсон ба шинэ томилгоотой холбогдуулан ажлаас чөлөөлөгдсөн гэж маргаж байгаа нөхцөлд түүний анх томилогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийсэн нь буруу биш. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Л.О нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам-ын 4.3 дахь хэсэгт заасны дагуу албан үүргийг түр орлон гүйцэтгэхээр томилогдсон байна. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт тодорхой, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 150 дугаар тогтоолд Л.О г ҮХААЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, дүгнэлт гарган, ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалд санал болгосугай гэж заасан хэмээн мэтгэлцэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Монгол Улсын Засгийн газрын бүтцэд ажиллах яамдыг шинэчлэн баталж Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зохих өөрчлөлтүүдийг оруулж Засгийн газрын шинэчилсэн бүтцээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь татан буугджээ. Харин Төрийн албаны зөвлөлийн тогтоолд Л.О г татан буугдсан яамны газрын даргад томилох санал гаргасан байх бөгөөд уг тогтоолыг гаргахаас 1 хоногийн өмнө Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсон болох нь тогтоогджээ. Иймд татан буугдсан яаманд томилох саналаар шинээр бий болсон яаманд томилогдох боломжгүй юм.
Нөгөө талаар Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулах журам-ын Хоёрдугаар зүйлд Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд төрийн захиргааны болон төрийн тусгай албаны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, түүнээс дээшхи албан тушаал хамаарна гэж заасны дагуу ХААЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын орон тоонд сонгон шалгаруулалт явагдах ёстой байх тул Л.О нь сонгон шалгаруулалтгүйгээр дээрх албан тушаалд томилогдох боломжгүй.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР