Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 139

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Ч.Дагвадорж /шүүгдэгч нь шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол батлаж ирүүлсэн Чулуунхүүгийн Дагвадоржид холбогдох эрүүгийн 201625031493 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Чулуунхүүгийн Дагвадорж, 1991 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 5 дугаар гудамжны 0126 тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Бэлчир ХХК-ний хашаанд оршин суудаг гэх хаягтай,

2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, регистрийн дугаар МУ91081216:          

Холбогдсон хэргийн талаар /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/;

Шүүгдэгч Ч.Дагвадорж нь 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Бэлчир ХХК-ний хашаанд байх гэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас найз Б.Одмаралтай маргалдан хутгаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Дагвадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 7 дугаар сарын 9-ний оройн 19-20 цагийн үед Одмарал над руу “маргааш амарна, уулзъя” гээд утсаар ярьсан. Маргааш нь манай гэрт Одмарал нэг танихгүй ахтай ирсэн бөгөөд тэр ах нь архи ууж байхдаа орон дээр шүлсээ хаяад байсан. Би Одмаралд “энэ ахыгаа явуул” гэж хэлэхэд явахгүй байсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад тэр хоёр намайг нийлж зодсон. Гэхдээ дараа нь бид гурав эвлэрсэн. Сүүлийн архийг уугаад юу болсныг мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд ийм асуудал болсон байсан. Манай эгч намайг алгадсан бөгөөд цагдаа ирээд аваад явсан. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй …” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.        

Хохирогч Б.Одмарал мэдүүлэхдээ: “...2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр намайг гэртээ байхад өглөө 11.00 цагийн үед манай найз Дагвадорж над руу залгаад манай хүрээд ир, найз нь гэртээ ганцаараа байна, жаахан уух уу гэж хэлсэн. Тэр үед манайд миний хуурай ах Болдбаатар ирчихсэн байсан. Тэгээд би Болдбаатар /Данхар/ ахыг хамт явах уу гээд бид хоёр тэднийх рүү цуг явсан. Дагваагийнх Чингэлтэй 15-ын автобусны буудлын тэнд байдаг юм. Гэрт нь 12.00 цагийн үед очиход Дагваа гэртээ ганцаараа байсан. Дагваа намайг ганц шил юм аваад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дагваатай хамт гараад гэрийнх нь хажуугийн дэлгүүрээс 0.75 литрийн Улаанбаатар архи 1 шил, 2 литрийн Пепси ундаатай аваад гэрт нь орж Дагваа, Данхар ах бид 3 архиа хувааж уусан. Архи дууссаны дараа Дагваа намайг дахиад нэг юм авчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Найзад нь мөнгө байхгүй ээ, найз нь 11-нд хөдөө явна гэж хэлсэн. Тэгсэн чинь Дагваа өөрөө мөнгөө гаргаад нөгөө дэлгүүр рүү ганцаараа яваад 0.5 литрийн Улаанбаатар архи авчирсан. Тэр архийг нь бас Дагваа, Данхар ах бид 3 хувааж уусан. Архи дуусгачхаад Дагваа одоо чи ганц юм авчхаач гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн чинь, чи ямар сонин юм бэ, би чамд архи авч өгсөн биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би найзад нь мөнгө байхгүй байна шүү дээ гэж хэлсэн, бид хоёрыг маргалдаж байх үед  Данхар ах тамхинд яваад ирье гээд гарсан. Би Дагваатай хэрэлдчихээд баруун орон дээр нь хэвтэж байтал миний зүүн хөлийн гуяны хэсэгт хутгалсан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ, болиоч гэж хэлэхэд Дагваа яадаг юм, би чамайг ална гэж хэлээд дахиад баруун хөлийн өвдөгний доод хэсэгт хутгаар хатгасан. Тэгэхээр нь би эсэргүүцэл үзүүлж ноцолдсон. Хэсэгхэн зуур миний ухаан балартсан ба ухаан балартсаны дараа бас намайг 2 удаа хатгасан байна лээ. Баруун хөлийн өвдөг дээр, зүүн хөлийн өвдөгний дотор талд тус бүр 1 удаа хатгасан. Тэгээд байж байтал Данхар ах орж ирсэн. Данхар ах орж ирээд яасан бэ гэж асуухаар нь Дагваа намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд Данхар ах Дагвааг чи яаж байгаа юм бэ гэж хэлээд Дагвааг татаад босгосон. Тэгсэн чинь Дагваа босч ирээд Данхар ахыг 1 удаа нүүр рүү нь цохиод, хөл рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би Дагвааг чи болиоч ээ гэж хэлээд Данхар ахыг хүн дууд гэж хэлсэн. Тэгсэн чинь хойд гэрээс нь ээжийнх нь дүү гээд нэг эмэгтэй хүн, 1 эрэгтэй хүүхэд, 1 эмэгтэй хүүхэдтэй хамт орж ирсэн. Орж ирээд Дагвааг эгч нь загнаж байсан. Тэр хооронд нь би утсаа гэрт нь хайхад олдохгүй болохоор нь Дагваагаас асуусан чинь Дагваа юм хэлэхгүй байсан. Тэгээд тэр эгчийнх нь хүүхэд миний утас руу залгаад шкафны доороос олж өгсөн. Тэгээд би утсаа аваад цагдаа дуудсан. Тэр хооронд Дагваа эгчдээ загнуулж байх үедээ над руу уурлаад энэ муу пиздааг би гүйцээнэ гэж хэлээд над руу дайраад миний үснээс зулгааж нүүр рүү нэг удаа цохисон. Тэр үед эгч нь бид хоёрын дундуур орж салгасан. Тэгээд л цагдаа хүрээд ирсэн... 2011 онд Дагвадорж бид хоёр Дорнод аймгийн Хилийн цэргийн 027-р отрядад хамт цэргийн алба хааж байсан ба тэр үед танилцаж байсан юм. Тэрнээс хойш 5 жил болж байна. Садан төрлийн холбоо байхгүй. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Эхний ээлжинд эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг хэрэгтэй байна. Эмнэлэгт эмчилгээ хийлгэх гэхээр бэлэн гаргаад өгчих мөнгө байхгүй болохоор хэцүү байна. эмчилгээний явцад төлбөр нэмэгдвэл баримтын дагуу нэхэмжилнэ. Бас ажилдаа явж чадахгүй байгаа болохоор ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ...” гэжээ /хх-15-16/.  

Гэрч Т.Болдбаатар мэдүүлэхдээ: “... Тэр өдөр би өглөө Б.Одмаралынд 9 цагт очсон.Очиход тэднийх хуушуур хийсэн байсан. Тэгээд хуушуураас идчихээд байж байтал Одмаралын утас нь дуугарч найз нь дуудсан. Б.Одмарал утсаар ярьчихаад “манай найз дуудаад байна, хоёулаа цуг явах уу” гэсэн тэгэхээр нь би тэгье гээд цуг явсан. Бид хоёр автобусаар явж байгаад нөгөө айлд очсон. Тэр залуугийнд очиход тэр залуу ганцаараа байсан. Тэгээд Одмарал тэр залуу хоёр гарч яваад дэлгүүрээс 0,75 литрийн Улаанбаатар архи авчирсан. Тэрийг нь Одмарал, тэр залуу Дагвадорж бид 3 хувааж уусан. Тэгээд архиа уучихаад байж байтал Дагвадорж Одмаралыг ахиад ганц юм авчихаач гээд байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд Дагвадорж өөрөө дэлгүүр яваад 0,5 литрийн Улаанбаатар архи авчирсан. Тэрийг нь бас бид 3 хувааж уусан. Тэгээд тэр хоёр бас архи аваад өгчих, өгсөнгүй гээд маргалдаад байсан. Би тамхи дуусчихсан болохоор нь дэлгүүрээс тамхи авахаар гарсан. Тэгээд яваад ирсэн чинь л Одмаралыг Дагвадорж хутгалчихсан байсан. Тэгэхээр нь би Дагвадоржийг чи яаж байгаа юм, манай дүүг хутгалчихсан байна гэсэн чинь миний нүүр рүү цохиод намайг 1 удаа өшиглөсөн. Үгэнд орохгүй болохоор нь хойд гэр рүү нь орсон чинь эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан. Тэр хоёрт нь танай дүү чинь хүн хутгалчихлаа, хүн амьтан дууд гэж хэлсэн. Тэгсэн чинь хойд гэрээс нь эгч нь юм уу нэг эмэгтэй орж ирсэн. Орж ирээд Дагвадоржийг загнаад байсан. Одмаралын бас утас нь байхгүй байсан чинь Дагвадоржийн дүү нь шкафнаас нь олж өгсөн. Нуучихсан байсан байна лээ. Тэгээд удалгүй цагдаа ирээд аваад явсан. Дагвадорж эгчийгээ орж ирчихсэн байхад л Одмаралыг гүйцээчихье гээд дайраад байсан. ...” гэжээ /хх-21/.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 9773 дугаар актад:

“1. Б.Одмаралын биед баруун өвдөг, зүүн гуя, өвдөгний шарх, зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар, тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэжээ /хх-20/.

Шүүгдэгч Ч.Дагвадоржийн хувийн байдлыг тодорхойлсон ял шийтгэлийг шалгах хуудас /хх-31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны тодорхойлолт /хх-33/, 2016 оны 7 дугаар сарын 19-ны өдөр 330.000 төгрөг хохирогч Б.Одмарал нь хүлээн авсан тухай баримт /хх-35/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-9/ зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн тухайн хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд хангалттай, өөрөөр хэлбэл, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Дагвадорж нь 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Бэлчир ХХК-ний хашаанд байх гэртэй хувийн таарамжгүй харьцааны улмаас найз Б.Одмаралтай маргалдан хутгаар бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч Б.Одмарал, гэрч Т.Болдбаатар нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн ¹9773 дугаар дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Дагвадорж нь 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэн боловч түүний тэнсэж хянан харгалзсан хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт хамаарч байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Ч.Дагвадорж нь хохирогчид 330.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч Б.Одмарал  эмчилгээний зардалд 1.000.000 сая төгрөг нэхэмжилж байгаа гэх боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Чулуунхүүгийн Дагвадоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ч.Дагвадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дагвадоржид оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай. 

5. Шүүгдэгч Ч.Дагвадорж нь хохиролд 330.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариул хэсэг 13.5 см, ир хэсэг 12.5 см урттай, бариул дээр 3 төмөр хадаастай, улаан, цагаан өнгө хосолсон хуванцар бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.    

7.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Дагвадоржид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.     

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ХАЛИУН