Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/00096

 

 

............, ............ нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01106 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1443 дугаар магадлалтай,

 

............, ............ нарын нэхэмжлэлтэй

............, ............нарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ нь 2018.02.01-ний өдөр ............ээс Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 3 дугаар байр, 16 тоотод байрлах орон сууцыг худалдан авсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээг хиймэгц тухайн орон сууцанд хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр 2018.05.28-ны өдрийг хүртэл оршин суух болсон. Гэвч хариуцагч тохиролцсон ёсоор 2018.05.28-ны өдөр орон сууцыг суллаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, 7 дугаар сарын 18-ны өдөр эцсийн байдлаар суллаж өгнө хэмээн хүсэлт гаргасан боловч өнөөг хүртэл орон сууцыг суллаж өгөхгүй байх тул уг сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2018.02.01-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл. Учир нь ............ээс ............ нь 90 000 000 төгрөг зээлж Төрийн банкнаас орон сууцны зээлийн гэрээг дуусгавар болгон чөлөөлүүлж ............ийн хүсэлтээр байраа нэр дээр нь шилжүүлсэн. Орон сууцны улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэлтэй байсан В.Энхжаргал нь ............ийн 2 хүүхдийн эцэг бөгөөд тусдаа амьдарч байгаа. Анх нөхрийн хамтаар тус байрыг 250 000 000 төгрөгөөр худалдан авсан, үүний 75 000 000 төгрөгийг банкинд бэлнээр, 75 000 000 төгрөгийг байрны эзэнд бэлнээр тус тус төлж, үлдсэн 100 000 000 төгрөгийг Төрийн банкны зээлээр худалдан авсан. Ингээд 2013 оноос хойш 2018 он хүртэл Төрийн банканд 36 орчим сая төгрөг нийт 186 000 000 төгрөг төлсөн, 250 000 000 төгрөгийн үнэтэй орон сууцаа ............т 30 000 000 төгрөгөөр худалдах үндэслэлгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд В.Энхжаргал шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: В.Энхжаргал болон ............ нар нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хороолол, 3 дугаар байрны 16 тоот Улсын бүртгэлийн ............дугаартай 80 м.кв орон сууцыг 250 000 000 төгрөгөөр худалдан авсан. Ингэхдээ 100 000 000 төгрөгийг Төрийн банкнаас орон сууцаа барьцаалан 8 хувийн зээл авч төлж байсан. 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр ............ээс 89 552 016 төгрөг зээлж Төрийн банкны зээлийг хаасан бөгөөд ингэхдээ Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 3 дугаар байрны 16 тоот Улсын бүртгэлийн ............дугаартай 80 м.кв орон сууцыг ............өөрийн барьцаанд тавихыг шаардсан. Ийнхүү ............ээс авсан 89 552 016 төгрөгийн зээлд орон сууцыг барьцаалахдаа ............ийн шаардлагын дагуу худалдах-худалдан авах гэрээгээр 30 000 000 төгрөгөөр зарсан болгож өмчлөлд нь шилжүүлж улмаар зээлээ төлснөөр эргүүлэн авах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй,санхүүгийн таатай нөхцөл бүрдсэн учраас 89 552 016 төгрөгийг зээл болгон орон сууцаа О.Нарангэрэлд худалдах-худалдан авах гэрээ байгуулж барьцаанд үлдээсэн. Иймд В.Энхжаргал болон ............ нарын хооронд байгуулсан 2018.02.01-ний өдрийн "үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү. ............ нь бие даасан шаардлага гаргасантай холбогдуулан маргаан бүхий орон сууцыг зориуд гуравдагч этгээдийн буюу Ч.............ы өмчлөлд хууль бусаар шилжүүлсэн. Орон сууцтай холбоотой маргаан шүүхээр хянагдаж байгааг мэдсээр байж зориуд хууль бусаар Ч.............ы өмчлөлд шилжүүлсэн нь хүчин төгөлдөр бус байна. Иймд ............ болон Ч............. нарын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг мөн хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ............ 2018.02.01-ний өдөр хариуцагч ............ээс Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 3 дугаар байр 16 тоот орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож, худалдах худалдан авах гэрээ байгуулан, нийт 250 000 000 төгрөгөөр дээрх байрыг худалдан авч, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт өмчлөх эрхээ бүртгүүлж, 2018.02.27-ны өдөр гэрчилгээгээ гардан авснаар өмчлөх эрх нь хуулийн дагуу үүссэн.Тухайн үед гуравдагч этгээд болох В.Энхжаргал нь өөрийн эхнэр ............д хуулийн дагуу орон сууцаа захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэл хийж өгсөн. Зохигч харилцан тохиролцсоны үндсэн дээр байрны зээлийн үлдэгдэл төлбөр 90 400 000 төгрөгийг Төрийн банкинд төлж, 159 600 000 төгрөгийг хариуцагч ............д бэлнээр хүлээлгэн өгсөн.Харин орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулахдаа хариуцагчийн хүсэлтийн дагуу, түүний улсад төлөх татварыг багасгах зорилготойгоор 30 000 000 төгрөгөөр худалдсан мэтээр бичсэн. Нэхэмжлэгч тухайн үед хариуцагч болон гуравдагч этгээдэд зээл олгосон асуудал огт байхгүй бөгөөд зөвхөн орон сууцыг худалдаж авах л хүсэл сонирхолтой байсан. Иймд хариуцагч болон гуравдагч этгээд нарын худалдах, худалдан авах гэрээг 30 000 000 төгрөгөөр хийж, 159 600 000 төгрөгийг бэлнээр авсан. Гуравдагч этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01106 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ............ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ............дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол 3 дугаар байр, 16 тоот 80 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг хариуцагч ............, ............нарт даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул ............ болон В.Энхжаргалтай нарын хооронд 2018.02.01-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, ............ болон ............ нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох гуравдагч этгээд В.Энхжаргалын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............, ............нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, улсын орлогоос илүү төлөгдсөн 237 750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ............, ............ нарт олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 615 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1443 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 615 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун хяналтын гомдолдоо: Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасанд гомдолтой байна. Учир нь: Нэхэмжлэгч ............ нь 2018.02.01-ний өдөр хариуцагч ............ээс СБД-ийн 2-р хороо, 5-р хороолол, 3-р байр 16 тоотод орших орон сууцыг нийт 250 000 000 төгрөгөөр худалдан авсан байдаг. ............ нь байрны үнийг төлөхдөө В.Энхжаргал, ............ нарын банкин дахь 90 400 000 төгрөгний өрийг тэдний өмнөөс төлж барагдуулаад бэлнээр 159 600 000 төгрөг олгосныг ............ нь хүлээн авч гэрээний ард тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурсан байдаг. Улмаар ............ нь Худалдах, худалдан авах гэрээг хиймэгц тухайн орон сууцыг тэр дариу суллаж өгөх боломжгүй тул 2018.05.28-ны өдрийг хүртэл орон сууцыг хөлсөлж суух хүсэлт гаргасныг нь ............ хүлээн зөвшөөрч тэд Орон сууц хөлслөх тухай гэрээг байгуулсан байдаг юм. Гэвч хариуцагч нь 2018.05.28-ны өдөр орон сууцыг суллаж өгөөгүй бөгөөд хоёр ч удаа хүсэлт гаргасны үндсэн дээр 2018.07.18-ний өдөр эцсийн байдлаар орон сууцыг суллаж өгөхөөр үүрэг хүлээсэн боловч үүргээ эс биелүүлж, өөрийн нагац эгч З.Наранчимэгийн хамт байранд оршин суусаар байсан тул арга буюу хуулийн дагуу шүүхэд хандаж албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан болно. Гэтэл хариуцагч нь шүүхэд хүрэлцэн ирж, өмгөөлөгч авмагцаа гэнэт л тухайн орон сууцны үнэд бэлнээр авсан 159 600 000 төгрөгийг өөрөө хүлээн аваагүй, харин ............ийн ээж ............гэх хүн уг мөнгийг авсан хэмээн худал тайлбар өгч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй марган, орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байсан хэмээн сөрөг нэхэмжлэл гаргасан юм. Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь дараах үндэслэлээр няцаагдана. Үүнд: 1. Орон сууцны үнэ 159 600 000 төгрөгийг бэлнээр олгосон эсэх нь маргаантай бөгөөд ............ийн ээж З.Гэсэрбадамын өр төлбөрийг нэхээд дарамтлаад байсан тул 2018.02.01-ний өдрийн гэрээн дээр мөнгийг бэлнээр хүлээн авсан гэж тэмдэглэсэн хэмээн ............ мэдүүлсэн хэмээн бичсэн нь үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан 2018.02.01-ний өдрийн гэрээний ард ............ нь мөнгийг хүлээн авсан гэж тэмдэглэн гарын үсэг зурсан байдаг ба орон сууцыг хөлслөх гэрээг сунгахаар гаргасан хоёр хүсэлтэд ч энэ тухай тодорхой бичсэн нь бий. Хамгийн гол нь ............ уг мөнгийг огт аваагүй гэж маргаагүй. Харин өөрийн ээж З.Гэсэрбадамыг авсан хэмээн тайлбар өгсөн нь хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэл мэдүүлэг зэргээс тодорхой харагдана. Гэтэл давж заалдах шатны шүүх 159 600 000 төгрөгийг огт олгоогүй мэтээр дүгнэсэн нь буруу байна. 2. Дээрхи асуудалтай холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь З.Гэсэрбадамыг гэрчээр асуух хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаагүй нь үндэслэлтэй байна. Учир нь ............бол тухайн хэрэг маргаанд хамгийн анх ............ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан ба итгэмжлэлийг Л.Ганчулуунд шилжүүлж байсан болно. Хэрэгт З.Гэсэрбадамын анх шүүхэд гаргасан хариу тайлбар ч бий. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйл, 43.8.1 дэх хэсэгт заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч болох З.Гэсэрбадамыг гэрчээр дуудах боломжгүй байна. 3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун нь нэхэмжлэгч ............ийн тухай Файсбүүк хуудсанд бичигдсэн ховын чанартай мэдээллийг хуулбарлан авч ирж, Төрийн банкны салбарын захирал хүн байж тухайн банкнаас зээл авсан хүний байрыг худалдаж авсан хэмээн буруутгаж, Төрийн банкны мөнгийг угааж хөлжсөн мэтээр доромжилж байсан бөгөөд авилгатай тэмцэх газарт шалгуулна гэж түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулахаар хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй хэмээн хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх 159 600 000 төгрөгийг хүлээн аваагүй гэдгээ нотлохын тулд буюу нэхэмжлэгчийн орлогын эх үүсвэрийг нотлуулах гэж дээрх хүсэлтийг гаргасан хэмээн гуйвуулсан байгаа нь хэрэгт хэт нэг талыг барьсан мэт харагдуулж байна. Анхнаасаа хариуцагч уг мөнгийг огт байгаагүй, ............т тийм мөнгө байгаагүй гэсэн бол нэг өөр хэрэг. Гэтэл 159 600 000 төгрөгийг ............ биш түүний ээж ............авсан гэдэг ойлголтыг хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэл, мэдүүлэг зэргээс хэн ч харсан ойлгохоор байна. Хариуцагч нь ............ийг авилгатай тэмцэх газарт шалгуулна. Өөр олон хүнд байдалд орсон харилцагчийнхаа өмч хөрөнгийг ийнхүү авсан байхыг үгүйсгэхгүй гэх мэтээр сүрдүүлж, доромжилж, шантаачилж байсныгаа л дэвэргэж хүсэлт гаргасныг нь давж заалдах шатны шүүх гуйвуулсан байна. ............ нь Төрийн банкны Метромолл салбарын захирлаар ажиллаж байгаад одоо ажлаасаа гарсан байгаа бөгөөд ............, В.Энхжаргал нарын орон сууц барьцаалсан зээл нь ............тэй огт хамааралгүй, өөр салбараас авсан зээл байсан гэдгийг би тайлбарлаж байсан болно. 4. Хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Х.Ичинхоролоог худал мэдүүлэг өгсөн хэмээн цагдаагийн байгууллагад шалгуулна хэмээн хариуцагч, гуравдагч этгээд нарын төлөөлөгчид мэдүүлэг өгөхөөс ч өмнө ярьж байсан бөгөөд урьдчилан товлосон шүүх хуралдаан дээр цагдаад өргөдөл өгөхөд хүлээж аваагүй. Шүүхээс тодорхойлолт авч ир гээд өргөдлийг буцаасан тул тодорхойлж өгнө үү хэмээн хүсэлт гаргасан нь баримтаар нотлогдоогүй тул шүүхээс уг хүсэлтийг хангаагүй. Гэвч үнэхээр Х.Ичинхоролоог худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байгаа бол шалгуулах эрх нь хэдийд ч нээлттэй. Энэ нь хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болохгүй юм. 5. Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэсэн нь үндэслэлгүй байна. ............, В.Энхжаргал нарын орон сууц барьцаалсан зээлийг үндсэн төлбөрт 89 552 016 төгрөг, хүүнд 847984 төгрөг, нийт 90 400 000 төгрөгөөр нэхэмжлэгч ............ төлсөн гэдэгтээ талууд маргаагүй. Банкны хуулган дээр Наранбаяраас зээл хаав хэмээн нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэн байдаг. Уг үйл баримттай хэн нэгэн анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө маргаагүй, харин ч ............, В.Энхжаргал нар нэхэмжлэгчид 90 400 000 төгрөгний өртэй гэсэн утга бүхий тайлбар мэдүүлэг өгч байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх талуудын огт маргаагүй, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн асуудлыг ухаж, дүгнэлт гаргаж, хариуцагчийн өмгөөлөгч мэтээр ажиллаж дэндүү нэг талыг барьсанд маш их гомдолтой байна. Эцэст нь хариуцагчийн өгсөн тайлбарын дагуу нэхэмжлэгч ............ дээрхи орон сууцыг худалдаж аваагүй. Зөвхөн хариуцагч болон түүний ээжид зээл олгоод барьцаанд нь уг байрыг нэр дээрээ шилжүүлж авсан гэж үзвэл ............т ямар ашигтай байх вэ? гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Ямар ч хүн таньж мэдэхгүй хүний өмнөөс банкны хүүтэй зээлийг нь төлчихөөд, өөрөө түүнд ямар ч хүүгүйгээр зээл олгоно гэдэг боломжгүй асуудал юм. Хариуцагч бол хүнд байраа худалдана гэж банкны хүүтэй өрөө даруулж, бэлнээр авсан мөнгөө өөрөө аваагүй ээжид маань л өгсөн тул надад хамаагүй хэмээн мэлзэж байгаа зальтай хүн. Энэ бүхнийг анхнаасаа төлөвлөсөн эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан хариу тайлбараа хугацаандаа өгөлгүй эхний хурлыг товлуулж, шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авна хэмээн хойшлуулсныхаа дараагаар өмгөөлөгчтэй болмогцоо л ярьж эхэлсэн учир утгагүй зүйл билээ. Иймд хэргийг тал бүрээс нь, үнэн бодитоор үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дүгээр зүйл, 169.1 дэх хэсэгт нийцээгүй давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ............, ............ нар нь хариуцагч ............, ............нарт холбогдуулан тэдгээрийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нар орон сууцыг худалдаагүй, ээж Гэсэрбадам өртэй байсан, дарамтанд орсны улмаас гэрээг байгуулсан, нэхэмжлэгчээс мөнгө аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна. /1-р хх-1, 26, 41, 53-54/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд В.Энхжаргал оролцож, ............, В.Энхжаргал нарын байгуулсан 2018 оны 02 сарын 01-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээ, ............, ............ нарын байгуулсан 2018 оны 11 сарын 22-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага гаргажээ. /1хх-121-122/

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т нийцсэн тул хэвээр үлдээнэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг ............ээс шилжүүлж авсан, ............ нь орон сууцыг худалдсан ............, ............нарт тодорхой хугацаагаар хөлслүүлсэн, гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нар орон сууцыг чөлөөлөөгүй гэсэн үндэслэлийг заажээ.

 

Хэрэгт байгаа баримтаас үзвэл ............, нөгөө талаас В.Энхжаргал, түүний төлөөлөгч ............ нарын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ хүсэл зоригийн дагуу, бодитой байгуулагдсан эсэх, эсвэл З.Гэсэрбадамын өр төлбөрт тооцон орон сууцыг шилжүүлсэн эсэх талаар талууд маргасан боловч хэрэгт ач холбогдол бүхий байдал тогтоогдоогүй байх тул зохих хууль зүйн дүгнэлтийг хийх боломжгүй байдал тогтоогджээ.

З.Гэсэрбадамыг гэрчээр асуулгах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаагүй шүүхийн ажиллагаа үндэслэл муутай болсон, маргааны үйл баримтын талаар эцэслэн дүгнэлт өгөх боломжгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна.

 

............нь хариуцагч ............ийг төлөөлж хэрэг хянан шийвэрлэх ажиллагаанд оролцохдоо хариу тайлбар гаргасан, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон байх ба 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Л.Ганчулуунд итгэмжлэл олгосноор Л.Ганчулуун нь хариуцагч ............ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцжээ. Төлөөлөгч нь өөр этгээдэд итгэмжлэлээ шилжүүлэх эсвэл итгэмжлэл олгох эрхтэй эсэхийг шүүх Иргэний хуулийн дагуу дүгнээгүй орхигдуулсан нь буруу байна. Ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гарсан З.Гэсэрбадамыг гэрчээр асуух нь хууль зөрчихгүй бөгөөд хүсэлтийг хангаагүй 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13417 дугаар шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагч ............ийн ээж ............нь хэнд хэдэн төгрөгийн өртэй байсан, орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг байгуулахдаа гэрээний талуудаас өөр этгээд буюу Х.Ичинхорол яагаад оролцсон, 159 600 000 төгрөгийг нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээлгэн өгсөн эсэх үйл баримтыг тодруулахад гэрчийн мэдүүлэг ач холбогдолтой байж болохоор байна.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун нь гэрч Х.Ичинхоролыг худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шалгуулж байгаа эсэхийг тодруулах, энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлөх эсэхийг шүүх бүрэн эрхийн дагуу шийдвэрлэх эрхтэй.

 

Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1- т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1443 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.УНДРАХ

                                  ШҮҮГЧ                                                          П.ЗОЛЗАЯА