Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Б.Ц ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 сарын 2-ны өдөр хүлээн авч, 2018 оны 1  сарын 9-ний өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Ц

Нарийн бичгийн дарга Г.Шинэ-Оргил нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Нэхэмжлэгч Б.Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн, эмэгтэй, 56 настай. 1980 оны 10 сарын 1-нд Говь-Угтаал сумын дунд сургууль угаагчаар ажилд орсон ба сургууль өргөтгөл хийсний дараа дотуур байрны жижүүрийн ажлыг хавсран гүйцэтгэж байгаад 1989 оны 1 сарын 3-наас хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгчээр шилжин ажилласан.  Энэ хугацааг 1983 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийсэн нь зөрчилтэй гэсэн бөгөөд ажилд томилсон тушаал олдохгүй байгаа тул 1980 оны 10 сарын 1-нээс 1989 оны 1 сарын 3-ныг хүртэл  Говь-Угтаал сумын дунд сургуульд угаагчаар ажиллаж байсныг  тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Ц  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Ц-ийн хөдөлмөр дэвтэрт бичилт дутуу, зөрчилтэй, ажилд томилсон тушаал байхгүй, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 324 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Гэрч Д.С : “ ...Б.Ц  нь Говь-Угтаалын дунд сургуульд 1980 оны 10 сарын 1-нээс 1989 оны 1 сарын 3-ныг хүртэл угаагч, байрны жижүүрээр ажиллаж байсан. Тэгээд 1989 оны 1 сарын 3-наас эхлэн тус сумын Хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр ажилласан. Би  Говь-Угтаал сумын дунд сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,

 Гэрч Д.Н :“...Б.Ц  нь 1980 оны 10 сараас 1989 оны 1 сар хүртэл Говь-Угтаал сумын  сургуульд угаагчаар ажиллаж байсан. Би тухайн үед багшаар ажиллаж байсан юм. Б.Ц  нь 1989 онд цэцэрлэгт орсон...” гэх мэдүүлэг,

 Гэрч Л.Э : “...Би Дундговь аймгийн Говь-Угтаал сумын сургуульд 1986 оноос 2000 он хүртэл багшаар ажилласан юм. Намайг 1986 онд очиход сургуульд угаагч, үйлчлэгчээр ажиллаж байсан. Түүнээс хойш 1989 он хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарч цэцэрлэгт орж байсан. Би энэ хугацаанд бид хамт ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг, 

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 324 дугаартай “  Тус архивын сан хөмрөгт байгаа Дундговь аймгийн Говь-Угтаал сумын  АДХГЗ-ны 1980 оны 11 сарын 13-наас 1983 оны 11 сарын 23-ныг хүртэл ажиллаж байсан баримтанд  шүүж үзэхэд  сургуульд тооллогын комиссын гишүүн, урлаг уран сайханд оролцсон тухай Б.Ц-д  холбогдох баримтыг эх баримтаас  хуулбарлан гаргаж  хүргүүлэв” гэх тодорхойлолт,

3. Б.Ц-ийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар,

4. Говь-Угтаал сумын АДХГЗахиргаанаас 1983 оны 1 сарын 20-ны өдөр Б.Ц-д олгосон “ Сумын АДХГЗахиргааны 1980.10.01-ний 64 тоот захирамжаар 1980 оны 10 сарын 1-нээс Говь-Угтаал сумын 8 жилийн сургуулийн угаагчаар авч ажиллуулав, Говь-Угтаал сумын дунд сургуулийн захирлын 1989 оны 01 сарын 03-ны өдрийн 01 тоот тушаалаар 1989 оны 01 сарын 03-наас Говь-Угтаал сумын сургуулийн угаагчийн ажлаас чөлөөлөв” гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар,

5.Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1980 оны 11 сарын 13-ны өдрийн 82 дугаартай “ тус сумын төсөвт алба газруудын жилийн эцсийн тооллого хийх комисс томилж цэгүүдийг 1-р хавсралтаар баталсан бөгөөд сургуульд хийх тооллогын комиссын бүрэлдэхүүнд Ц-г томилсон” захирамжийн хуулбар, хавсралт,

6.Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1983 оны 11 сарын 23-ны өдрийн 93 дугаартай” Сайн дурын уран сайханчдыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн хавсралтад “ сургуулийн дежур Ц-г “ гэсэн бичилттэй захирамж,

7. Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын тамгын газрын  даргын 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 3/164 дугаартай “ Б.Ц-ийн сургууль ажиллаж байсан үеийн цалингийн жагсаалт “хүргүүлэх тухай албан бичигт 1983-1989 оны цалингийн жагсаалт”-ыг хүргүүлсэн албан бичиг  баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудыг үндэслэн Б.Ц  нь  1980 оны 10 сарын 1-нээс 1989 оны 1 сарын 3-ныг хүртэл  Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Дунд сургуульд угаагчаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Ц нь  1980 оны 10 сарын 1-нээс 1989 оны 1 сарын 3-ныг хүртэл  Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Дунд сургуульд угаагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ