Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/322

 

 

 

 

 

 

 

    2022          04          28                                       2022/ШЦТ/322

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Ч.Т

шүүгдэгч “Ш”  нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Ө-н Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210002330224 дугаартай 1 хавтас хэргийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 20... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, худалдааны менежер мэргэжилтэй, “Х” ХХК-д . менежер ажилтай байсан боловч түр чөлөө авсан гэх, ам бүл-..., эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Алтан овоо 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Ө-ийн Ш (РД:).

 

            Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч “Ш”  нь 2021 оны 00 дугаар сарын 00-ны өдөр фейсбүүк цахим сүлжээнд “байр түрээслүүлнэ” гэх хуурамч зар байршуулан улмаар тухайн зараар холбогдсон иргэн “С” т тухай байрыг түрээслүүлэх мэтээр итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч өөрийн Хаан банкны 0000000000000 дугаарын данс руу 0000000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “Ш” : “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэсэн болно.

Хоёр: Эрүүгийн 221000233 0224 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

1. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хохирогч “С” ийн мөрдөн шалгах ажиллагаанд:

2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: “...Би 20.. оны ... дугаар сарын ...-ны өдөр 00 цагийн орчимд өөрийн ......... гэх хаягаараа фейсбүүкт “Байр түрээслүүлнэ” гэх нэртэй группэд Сансарын тойрогт 1 өрөө тавилгагүй байрыг сарын 700,000 төгрөгөөр түрээсэлнэ гэх зарын дагуу Karina Sh гэх нэртэй хүнтэй харилцсан. Харилцаж байгаад түрээслэхээр болсон. Би Хаан банкны 0000000 дугаартай данс руу 700,000 төгрөг эхний сарын түрээсийн мөнгө 000000000000 .......... гэх утгыг тавьж шилжүүлтэл тухайн хүн намайг блоклохоор нь би цагдаагийн байгууллагад хандсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “...Би тухайн өдөр 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн гэр болох Хан- Уул дүүргийн 13 дугаар хороо Бөхөг 00 тоотод байхдаа өөрийн Хаан банкны “00000” дугаартай данснаас 700,000 төгрөгийг шилжүүлсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

 

3. “С” ийн Хаан банк дахь “00000” тоот дугаартай данснаас “00000”  тоот данс руу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 700.000 төгрөгийг   ““00000”  bairnii uridchilgaa” гэсэн утгаар шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 6 дахь тал),

4. “Ш” гийн Хаан банк дахь “00000”  тоот эзэмшлийн дансны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 20 дахь тал),

 

5. “Ш” гийн Хаан банк дахь эзэмшлийн “00000”  тоот дансанд үзлэг хийсэн: ”...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хүрэлбаатарын Сарнайцэцэгийн эзэмшлийн “00000”  тоот данснаас 700.000 төгрөгийг “00000”  ”bairnii uridchilgaa “ гэсэн утгатай шилжиж, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийт зарцуулсан мөнгөн дүн нь 0000 төгрөг....” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

6. Шүүгдэгч “Ш” гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 00 дугаар сарын 000-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр би байр түрээслүүлнэ гэж зар тавьсан. Нэг эмэгтэй хүн холбогдохоор нь Сансарын түнелийн хажууд байдаг байр гэж хэлсэн. Нэг сарын хэдэн төгрөгөөр түрээслүүлнэ гэснээ одоо сайн санахгүй байна. Тухайн үед 450,000 төгрөг гэж хэлсэн байх. Тэр эмэгтэй хэдэн сар түрээсэлнэ гэснийг сайн санахгүй байна. Би урьдчилгаа 700,000 төгрөг шилжүүлчих гээд өөрийн Хаан банкны дансыг өгсөн чинь тэр эмэгтэй 700,000 төгрөг Хаан банкны миний “00000”  дугаартай дансанд шилжүүлсэн. Байр түрээслүүлнэ гэж худал хэлж мөнгийг авсан. Удалгүй тэр эмэгтэй мөнгөө буцааж авна гэхээр нь мөнгийг нь өгөөгүй. Одоо болтол мөнгийг нь өгөөгүй байгаа. Мөнгийг би өөрийн хэрэгцээнд зарцуулсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

             7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 24 дэх тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтас хэргийн 44 дэх тал) болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, 20... онд төрсөн М овогтой А-ын төрсний бүртгэлийн лавлагаа болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ “шүүгдэгч “Ш”  2021 оны ... дугаар сарын ...-ны өдөр цахим сүлжээнд “байр түрээслүүлнэ” гэх хуурамч зар байршуулан улмаар тухайн зараар холбогдсон иргэн “С” т байр түрээслүүлэх мэтээр итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч өөрийн Хаан банкны “00000”  дугаарын данс руу 700.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогчид 700.000 төгрөгийн хохирол учруулснаас нөхөн төлөөгүй байх тул 700.000 төгрөгийг гаргуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцохдоо хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн шинж чанар буюу гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч “Ш”  нь 2021 оны ... дугаар сарын ..-ны өдөр цахим сүлжээнд буюу фейсбүүк дэх өөрийн хаягаас “байр түрээслүүлнэ” гэх хуурамч зар байршуулан улмаар тухайн зараар холбогдсон иргэн “С” т “Сансарын тойрогт 1 өрөө тавилгагүй байрыг сарын 700,000 төгрөгөөр түрээсэлнэ” гэж худал хэлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хуурч өөрийн Хаан банкны “00000”  дугаарын данс руу 700.000 төгрөгийг ...... дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч залилсан үйл баримт нь:

 

 -2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирүүлсэн дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дэх тал),

Хохирогч “С” ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны ... дүгээр сарын ...-ний өдөр өгсөн: “...фейсбүүкт “Байр түрээслүүлнэ” гэх группэд Сансарын тойрогт 1 өрөө тавилгагүй байр сарын 700,000 төгрөгөөр түрээсэлнэ гэх зарын дагуу ... гэх нэртэй хүнтэй харилцаж,...түрээслэхээр болж Хаан банкны “00000”  дугаартай данс руу 700,000 төгрөг ...шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал) болон 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),

- “С” ийн Хаан банк дахь “00000” тоот дугаартай данснаас “00000”  тоот данс руу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 700.000 төгрөгийг   ““00000”  bairnii uridchilgaa” гэсэн утгаар шилжүүлсэн баримт (хавтаст хэргийн 6 дахь тал),

-Шүүгдэгч “Ш” гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны ... дугаар сарын ...-ны өдөр яллагдагчаар өгсөн “...байр түрээслүүлнэ гэж зар тавьсан. Нэг эмэгтэй хүн холбогдохоор нь Сансарын түнелийн хажууд байдаг байр..., ...урьдчилгаа 700,000 төгрөг шилжүүлчих гээд, ...миний “00000”  дугаартай дансанд шилжүүлсэн. Байр түрээслүүлнэ гэж худал хэлж мөнгийг авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал)

- “Ш” гийн Хаан банк дахь “00000” тоот эзэмшлийн дансны 20... оны ... дугаар сарын ...-ний өдрөөс 20... оны ... дүгээр сарын ...-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 20 дахь тал) болон уг дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 21-22 дахь тал) болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит нөхцөл байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон байх ба оролцогчдын эрхийг зөрчсөн, хязгаарласан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдлыг дүгнэж, харьцуулалт хийсний үндсэн дээр хохирогч, яллагдагчийн мэдүүлэг болон бусад баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч “Ш”  бодитоор байр түрээслүүлэх санаа зорилгогүй атлаа цахим сүлжээнд “Сансрын тойрогт байр түрээслүүлнэ” гэх худал зар  байршуулан, бусдыг төөрөгдөлд оруулан, хуурах арга замаар эд хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авахаар бодит байдлыг нууж, буцааж мөнгийг өгөхгүй гэсэн санаа зорилгоор хохирогчийн мөнгийг өөрт шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба амар хялбар аргаар мөнгө олох шунахай сэдэлтээр үйлдсэн, гэмт хэргийн замаар олсон мөнгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан үйл баримт тогтоогджээ.

Иймд шүүгдэгчийн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь “залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ шүүгдэгч сайн дураараа татгалзаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Шүүгдэгч нь монгол хэл, бичиг мэддэг, суурь боловсрол эзэмшсэн байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан бөгөөд шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Шүүгдэгч “Ш” нь залилах гэмт хэргийн улмаас хохирогч “С” т 700.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба, хохирол төлөгдөөгүй талаар хохирогчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал) авагдсан тул  шүүгдэгчээс  700.000 төгрөгийг гаргуулж хохирогч “С” т олгох үндэстэй байна.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч санал, дүгнэлтдээ “шүүгдэгч “Ш” д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж гэм буруугийн зарчмыг тодорхойлжээ.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн хүний хувийн байдал зэрэгт нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлыг шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч “Ш” г “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хор уршгийг арилгаагүй байдал, нөгөө талаас шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 3 настай хүүхэдтэй эх, хүүхдээ асрахаар түр ажлаасаа чөлөө авсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч энэ хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ө-гийн Ш-г “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ө-гийн Ш-г 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Ш” д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “Ш”  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч “Ш” д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыгШүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүнд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Ш” гаас 700.000 (долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч “С” т олгосугай.

            8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч “Ш” гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч  “Ш” гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДОРЖСҮРЭН