Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 80

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Т.М-ийн,  М.А-ын ажилласан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 1  сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М

Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.А нь 1968 онд төрсөн, эмэгтэй. Тэрээр 1984 оны 1 сараас 1998 оны дуустал сүү бордооны “Алтат” хоршоололд ажилчнаар ажилласан. Үүнээс 1984 оны 1 сарын 1-нээс 1985 оны 10 сарын 10-ныг хүртэл саальчин, 1985 оны 10 сарын 10-наас 1993 оны 07 сарын 1-нийг хүртэл туслах үйлдвэрт галч, үйлчлэгчээр, 1993 оны 7 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Алтат багийн холбоочноор ажилласан.Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримт бичгүүд 2002 онд гэр орон шатаад хамт үрэгдчихсэнээс тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймээс  М.Ам-ын дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож  өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс М.А-ын ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч М.А-ын зарим хөдөлмөр дэвтэр үрэгдсэн, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 сарын 1-ний өдрийн 115 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Н.А : “ ...М.А  нь Дундговь аймгийн Нэгдэл дундын Алтат хоршоололд 1984 оны 1 сараас 1985 оны 10 сар хүртэл саальчинаар, 1985 оны 10 сараас 1993 оны 7 сар хүртэл галч, үйлчлэгч, туслах үйлдвэрийн ажилчинаар, 1993 оны 7 сараас 1994 оныг дуустал холбоочиноор тус тус ажиллаж байсан юм. Би 1981 оноос 1993 оны хооронд тус хоршоололд бага мал маллаж байсан. Бид хамт ажилладаг байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэднэ...” гэх мэдүүлэг,

 Гэрч С.Ц :“...М.А  нь Дундговь аймгийн Нэгдэл дундын Алтат хоршоололд 1984 оноос эхлэн ажилласан. Түүнээс хойш 1984 оны 1 сараас 1993 оныг дуустал тус нэгдэлд галч, үйлчлэгч, туслах үйлдвэрийн ажилчин, холбоочин зэрэг ажлуудыг хийж байсан. Би тухайн үед бичээч боловсон хүчний ажлуудыг хийдэг байсан...” гэх мэдүүлэг,

 Гэрч Ц.Г : “...М.А  нь 1994 оны 1 сараас 1995 оны 10 сар хүртэл Дундговь аймгийн Нэгдэл дундын Алтат хоршоололд саальчинаар ажиллаж байсан. Би энэ хугацаанд ажиллаж байсан талаар нь л мэднэ. 1995 онд хоршоолол тарахад М.А  нь холбоонд ажиллаад үлдсэн. Өмнө нь 1984 оноос тус хоршоололд орсон юм билээ...” гэх мэдүүлэг, 

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 сарын 1-ний өдрийн 115 дугаартай “  Тус архивын сан хөмрөгт байгаа Дундговь аймгийн Алтат хоршоололд 1984 оны 1 сарын 1-нээс 1985 оны 10 сарын 10-н хүртэл саальчин, 1985 оны 10 сарын 10-наас 1993 оны 7 сарын 17-ныг хүртэл туслах үйлдвэрт галч, үйлчлэгчээр, 1993 оны 7 сарын 17-ноос 1996 оны 12 сарын 31-нийг дуустал Алтат багийн холбоочноор ажиллаж байсан тухай  М  овогтой А-д холбогдох баримт байхгүй байгаа учир лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 1 сарын 15-ны өдрийн 08/44 дугаартай “Дундговь аймгийн  Алтат хоршоолол ББХК нь 1991 оны 4 сарын 5-ны өдөр улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1994 онд татан буугдсан нь үнэн болно” гэх тодорхойлолт,

4.Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 1 сарын 15-ны өдрийн 32 дугаартай “ Сайнцагаан сумын 3 дугаар багийн иргэн М  овогтой А-ын 1980 оны хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй, 1981, 1982, 1986-1990 оны тус тус ажилласан жилийн бичилт байхгүй, 1991-1994 оны орсон, гарсан тушаал байгаа боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна.” гэх тодорхойлолт,

5.Харчин овогт  М.А-ын иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар,

6.Дундговь аймгийн Алтат хоршоололоос 1985 оны 1 сарын 1-ний өдөр  М.А-д олгосон “1984-1985 оны хөдөлмөрийн хөлс” бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр,

7.Дундговь аймгийн Нэгдэл дундын сүү-бордооны Алтат хоршооллын даргын:

- 1988 оны 4 сарын 1-ний өдрийн 22 дугаартай “ ...Туслах үйлдвэрийн ажилчин М  овогтой А-ыг ажлаас нь түр чөлөөлж, 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн халуун усны үйлчлэгчээр түр томилсугай”,

-1989 оны 11 сарын 15-ны өдрийн 69 дугаартай “....М.А-ыг 1985 оны 10 сарын 10-наас эхлэн туслах үйлдвэрлэлийн ажилчинаар томилсон тушаалыг нөхөн гаргасанд тооцсугай”,

-1992 оны 11 сарын 10-ны өдрийн 70 дугаартай “ М  овогтой А-ыг 1992 оны 11 сарын 10-ны өдрөөс эхлэн сахиулын үүрэгт ажлаас чөлөөлж, галч, цэвэрлэгч, зарлагаар томилон ажиллуулсугай”,

-1993 оны 7 сарын 1-ний өдрийн 20 дугаартай “ М овогтой А-ыг 1993 оны 7 сарын 1-ний өдрөөс галч, үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй” гэх бичилтэй тушаал,

-1993 оны 7 сарын 17-ны өдрийн 64 дугаартай “ М  овогтой А-ыг 1993 оны 7 сарын 16-ны өдрөөс эхлэн гэрээгээр авч ажиллуулсугай” гэх бичилтэй тушаалууд,

8.Дундговь аймгийн Холбооны газрын даргын баталсан, холбооны газрыг төлөөлж Б.С , Алтат багийн холбоочин М.А нарын байгуулсан “Сайнцагаан сумын Алтат багийн утсан холбоог ажиллуулах тухай” гэрээ баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудаар М.А-ын  Дундговь аймгийн Нэгдэл дундын Алтат хоршоололд  1984 оны 1 сарын 1-нээс 1985 оны 10 сарын 10-ныг хүртэл саальчинаар,  1985 оны 10 сарын 10-наас 1993 оны 7 сарын 1-нийг хүртэл туслах үйлдвэрлэлийн ажилчинаар, Дундговь аймгийн Холбооны газарт  1993 оны 7 сарын 16-наас 1994 оны 12 сарын 31-нийг  дуустал Алтат багийн холбоочиноор  ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч нь 1985 оны 10 сарын 10-наас 1993 оны 07 сарын 16-ныг хүртэл туслах үйлдвэрлэлийн ажилчинаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд  хавтаст хэргийн 11 дүгээр талд авагдсан Дундговь аймгийн Нэгдэл дундын сүү-бордооны Алтат хоршооллын даргын 1993 оны 7 сарын 1-ний өдрийн 22 дугаар тушаалаар Маамын Амаржаргалыг 1993 оны 7 сарын 1-ний өдрөөс галч, үйлчлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1993 оны 7 сарын 1-нээс 1993 оны 07 сарын 16-ныг хүртэл туслах үйлдвэрт ажилчинаар ажиллаж байсныг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар М.А нь  Дундговь аймгийн Нэгдэл дундын Алтат хоршоололд  1984 оны 01 сарын 01-нээс 1985 оны 10 сарын 10-ныг хүртэл саальчинаар,  1985 оны 10 сарын 10-наас 1993 оны 07 сарын 01-нийг хүртэл туслах үйлдвэрлэлийн ажилчинаар, Дундговь аймгийн Холбооны газарт  1993 оны 07 сарын 16-наас 1994 оны 12 сарын 31-нийг  дуустал Алтат багийн холбоочиноор  ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1993 оны 07 сарын 01-нээс 1993 оны 07 сарын 16-ныг хүртэл туслах үйлдвэрт ажилчинаар ажиллаж байсныг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ