| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0666/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/683 |
| Огноо | 2018-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2018/ШЦТ/683
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808020740763 дугаар хэргийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа машин засдаг ажилтай гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Мандал овоогийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 451 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Х овогт Э-рын Б /РД:******/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Э.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 22-ны 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн*** дугаар хороо, Мандал-Овоо гудамжны *** тоотод оршин суух хадам эх Б-ын гэрт “машин түрж өгсөнгүй” гэх шалтгаанаар бэр дүү Н.С-ийг зодож, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Одоо гурван машины засаж байгаа. Торгох ял өгнө үү” гэв.
Эрүүгийн 1808020740763 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Н.С-ийн: “2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хадам ээж Бын гэрт байсан. 13 цагийн орчимд гаднаас хадам ах Б согтуу орж ирээд агсам тавьж “гөлөгнүүд минь гарч миний машиныг түрж өг” гээд байсан. Б машин түрж өгсөнгүй гээд байхаар нь “би чадахгүй” гэж хэлсэн чинь миний толгой, нүүр рүү 3-4 удаа гараа атгаж байгаад цохисон. Би орны буланд газар унахад хөлөөрөө толгой уруу 3-4 удаа өшиглөсөн. Тэгснээ шургуулганд байсан жижиг хутгыг аваад над уруу дайрах гэхэд нь түүний найз Анхаа орж ирээд татаад гэрээс гараад явсан. Энэ бүх гэмтлийг Б гараараа цохиж учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-11/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.04.26-ны өдрийн 5287 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.М.Сийн биед зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, дээд уруулын дээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ... журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ /хх-17/,
Шүүгдэгч Э.Бын яллагдагчаар өгсөн: “Хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр би Их нарангийн эцэс дээр зүс танидаг хүмүүстэй тааралдаад 2 ширхэг том пиво хувааж уусан. Найз А-аар машин бариулах гэсэн машин асахгүй байсан. Би “машин түрээд өг” гэсэн чинь С гэр рүү яваад орсон. Би араас нь хараасан чинь С хэрэлдсэн. Миний уур хүрээд 2-3 удаа цохисон. Тэгсэн А араас орж ирээд бид хоёр гэрээс гарсан. Сийн биед учирсан гэмтлийг би гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-25-26, 47-48/,
шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгуулах хуудас /хх-30/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-32-34, 35-36/, гэрч Ж.Бын мэдүүлэг /хх-43-44/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 22-ны 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Мандал овоогийн ** дугаар гудамж, ** тоотод “Машин түрж өгсөнгүй” гэх шалтгаанаар бэр дүү Н.С-ийг зодож, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, дээд уруулын дээр цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Н.С-ийн “...Б машин түрж өгсөнгүй гээд миний толгой, нүүр рүү 3-4 удаа гараа атгаж байгаад цохисон. Газар унахад толгой уруу 3-4 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-11/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.04.26-ны өдрийн 5287 дугаар “1.М.Сийн биед зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, дээд уруулын дээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Шүүх эмнэлгийн ... журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-17/, шүүгдэгч Э.Бын яллагдагчаар өгсөн “...Би араас нь хараасан чинь С хэрэлдсэн. Миний уур хүрээд 2-3 удаа цохисон. Сийн биед учирсан гэмтлийг би гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-25-26/, гэрч Ж.Бын “...Б Сийг уйлуулаад зодсон байсан...” гэх мэдүүлэг /хх-43-44/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн “...Баас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-11/, хүсэлт /хх-67/-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Э.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, архидан согтуурах хандлага, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, цаашид хэрэг хийхгүй гэдгээ амалж байгааг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулах саналтай” гэж,
шүүгдэгч “Би хувиараа машин засдаг. Одоогоор гурван машин засаж байгаа. Иймд торгох ял өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /хэдийгээр машин засдаг ажил хийж байгаа гэх боловч энэ талаар нотлох баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад согтуурсан/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Э.Быг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. Харин уг ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлгүй гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх учиртай тул шүүгдэгч Э.Бын үйлдсэн гэмт хэргийн шинж байдал /толгой, нүүр хэсэг рүү олон удаа цохиж, өшиглөсөн/-ыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Э-ын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Б урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР