Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 81

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Б.Д-ийн ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 1  сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Д

Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Нэхэмжлэгч Б.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн, эрэгтэй, 56 настай. Улсад 22 жил ажилласан. Үүнээс 1980 оны 8 сарын 8-наас 1981 оны 6 сарын 25-ныг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Номгон бригадад  хоньчин, 1981 оны 6 сарын 25-наас 1984 оны 6 сарын 25-ныг хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1993 оны 8 сарыг дуустал тус нэгдэлд хоньчиноор ажилласан. 2001 онд гэр шатаж хөдөлмөрийн дэвтэр, бусад бичиг баримтаа үрэгдүүлчихсэн юм. Иймээс 1980 оны 8 сарын 8-наас 1981 оны 6 сарын 25-ныг хүртэл,  1984 оны 6 сарын 26-наас 1993 оны 8 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож  өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Д  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Д-ийн хөдөлмөр дэвтэр үрэгдсэн, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 1 сарын 18-ны өдрийн 54 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Гэрч М.Э : “ ... Б.Д  нь 1984 онд цэргээс ирээд 1984 оны 5 сараас 1993 оны 9 сар хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Бид нэг сумын хүмүүс учраас энэ хүний ажиллаж байсныг нь сайн мэднэ ...” гэх мэдүүлэг,

 Гэрч Ё.Э :“... Б.Д  бид хоёр нэг ангид сурч байсан юм. Бид 1980 онд сургууль төгсөөд илгээлтээр гарсан. 1980 оноос 1981 оны 6 сар хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчинаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс 1984 онд ирээд 1984 оны 6 сард тус нэгдэлдээ малчнаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 1993 оны 8 сарыг дуустал ажилласан юм. 1993 онд нэгдэл тарж хувьд гарсан ба одоо хүртэл малаа маллаж байгаа хүн  ...” гэх мэдүүлэг,

 Гэрч С.Ж : “...Б.Д  нь 1980 оны 6 сараас 1981 оны 5 сар хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Номгон бригадад хонь, ямаа маллаж байгаад 1981 ны 6 сараас цэргийн албанд явсан. Цэргээс 1984 оны 5 сард ирээд тус нэгдэлд малчнаар ажилласан. Түүнээс хойш 1993 оны 9 сарын 31-нийг хүртэл Шинэ зам нэгдэлд тасралтгүй малчин байсан юм. 2001 онд Б.Доржсүрэнгийн гэр шатаж, нэгдэлд ажиллаж байх үеийн баримтууд нь шатсан юм билээ  ...” гэх мэдүүлэг, 

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 1 сарын 18-ны өдрийн 54 дугаартай “  Тус архивын сан хөмрөгт байгаа Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1980 оны 6 сарын 15-наас 1993 оны 8 сарын 31-нийг дуустал малчинаар ажиллаж байсан тухай чөлөөлөгдсөн баримт байхгүй байгаа тул Б  овогтой Д  холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Б.Д-д холбогдох малчнаар томилсон тушаалыг эх баримтаас хуулбараар гаргаж хүргүүлэв” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 08/613 дугаартай “ Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэл нь 1991 оны 4 сарын 27-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1996 оны 4 сарын 29-нд “Говийн хангай” хоршоо болон үйл ажиллагаа явууж байсан болно” гэх тодорхойлолт,

4.Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 2017 оны 12 сарын 14-ний өдрийн 25/344 дугаартай “Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4-р багт оршин суугч Б.Д-ийн 5 ханатай гэр  2001 оны 5 сарын 12-нд бүрэн шатаж хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр болон бусад бичиг баримт устсан нь үнэн болно” гэх тодорхойлолт,

5.Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 205 дугаартай “ Тус сумын 4-р багийн иргэн Б овогтой Д  нь 1980 оны 8 дугаар сарын 8-наас 1993 он хүртэл Шинэ зам нэгдлийн Номгон багийн малчин байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт,

6.Түмэд овогт  Б.Д-ийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар,

7.Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргын 1980 оны 08 сарын 08-ны өдрийн 47 дугаартай “ Б.Д-г Номгон бригадад хоньчноор томилсугай” гэсэн тушаал,

8.Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 21-ний өдрийн 206 дугаартай “ Тус сумын 4 дүгээр багийн иргэн Б  овогтой  Д нь Говийн хангай хоршооны архиваас 1980, 1985, 1987, 1990, 1992 оны цалингийн тооцооны хүснэгтийг авсан нь үнэн болно” гэх тодорхойлолт,

9. Б.Д-ийн 1985, 1987, 1990, 1992 оны цалингийн тооцооны хүснэгт,

10.Дэлгэрхангай сумын Намын хороо, нэгдлийн зөвлөл, АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас Номгон бригадын Д-д олгосон “Мал мэнд сүрэг, тарган суурийн гэрчилгээ”-ний хуулбар,

10.Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архиваас 2017 оны 12 сарын 08-ны өдрийн 000016143 дугаартай “ Б.Д нь  БХЯ-ны сайдын 1981.06.09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Дундговь аймгаас 1981.06.25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 123 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1984.06.10-ны өдрийн н/180 дугаар тушаалаар 1984.06.26-ны өдөр 430616 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэх  хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа  баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудаар  Б.Д нь  1980 оны 8 сарын 8-наас 1981 оны 6 сарын 25-ныг хүртэл, 1984 оны 6 сарын 26-наас 1993 оны 8 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Д нь  1980 оны 8 сарын 8-наас 1981 оны 6 сарын 25-ныг хүртэл, 1984 оны 6 сарын 26-наас 1993 оны 8 сарын 31-нийг дуустал  Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ