Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 82

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг би

 Ц.Г, Р.Т нарын нэхэмжлэлтэй,

Ч.Б-т холбогдох 13000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт гаргасан зохигчийн хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Г , Р.Т  нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний эзэмшлийн Хьюндай компанийн Robex2900LC-7 маркын 2005 УН улсын дугаартай экскаваторыг Ч.Б  2015 оны 1 сарын 10-наас 2015 оны 2 сарын 13-ны өдрийн хугацаанд Дундговь аймгийн Хулд сумын нутаг Түймэрт цагаан гэх газарт түрээслэн үйл ажиллагаа явуулсан. Ч.Б  нь экскаваторыг дээрх хугацаанд ажиллуулсны дагуу 15338000 төгрөгийг түрээслэгч бидэнд төлөхөөр байсан. Түүнийг Ч.Батбаатар нь мэдэж, хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан байдаг. Төлөх ёстой төлбөрөөс 1100000 төгрөгийг 2015 оны 1 сарын 7-нд бэлнээр, 1000000 төгрөгийг 2015 оны 1 сарын 13-нд бэлнээр тус тус төлсөн. Үлдэгдэл 13200000 төгрөгийг өгөөгүй. Ч.Б  нь бидэнд өгсөн хоёр хонь, нэг ямааны мах нь тухайн үеийн зах зээлийн ханшаар бодоход нийт 200000 төгрөг болж байгаа. Иймд 13000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Г , Р.Т нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Ц.Г , Р.Т  нарын нэхэмжилсэн 13000000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэхүү мөнгийг төлөхдөө 2018 оны 5 сарын 1-нд 3000000 төгрөгийг, 2018 оны 7 сарын 1-нд 10000000 төгрөгийг  тус тус төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Г , Р.Т нар шүүхэд гаргасан хүсэлтдээ:Ч.Б-аас 13000000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ч.Б-ын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. 2018 оны 5 сарын 1-нд 3000000 төгрөгийг, 2018 оны 7 сарын 1-нд 10000000 төгрөгийг  тус тус төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Г , Р.Т  нар Ч.Б-т холбогдуулан 13000000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Г , Р.Т  нарын нэхэмжилсэн 13000000 төгрөгийг хариуцагч Ч.Б  нь 2018 оны 5 сарын 1-нд 3000000 төгрөгийг, 2018 оны 7 сарын 1-нд 10000000 төгрөгийг  тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч тал нь хүлээн зөвшөөрч талууд тайлбараа бичгээр гарган, гарын үсэг зурж ирүүлсэн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222950 төгрөгийн тал хувь болох 111475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 111475  төгрөгийг, хариуцагчаас 111475  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ц.Г, Р.Т нарын нэхэмжилсэн 13000000 /арван гурван сая/ төгрөгийг хариуцагч Ч.Б  /ЗМ76071213/ нь 2018 оны 5 сарын 1-нд 3000000 /гурван сая/ төгрөгийг, 2018 оны 7 сарын 1-нд 10000000 /арван сая/ төгрөгийг  тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 222950 /хоёр зуун хорин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийн тал хувь болох 111475 /нэг зуун арван нэгэн мянга дөрвөн зуун далан таван/  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 111475 /нэг зуун арван нэгэн мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг, хариуцагч Ч.Б-аас 111475 /нэг зуун арван нэгэн мянга дөрвөн зуун далан таван/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г, Т  нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү  асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.УРАНЧИМЭГ