| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0680/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/697 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2018/ШЦТ/697
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,
улсын яллагч А.Ганзориг,
шүүгдэгчийн өмгөөлөгч
шүүгдэгч О.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.Аг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808026000804 дүгээр хэргийг 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны ...... дугаар сарын ......-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ............... хамт Сонгинохайрхан дүүргийн ...... дугаар хороо, ........ дугаар гудамж, ......... тоотод оршин суух,
урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ...... оны ..... дугаар сарын .......-ны өдрийн ........... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн ..... оны ...... дугаар сарын ........-ний өдрийн ......... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ....... дугаар зүйлийн 216.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Л овогт О-ы А /РД:................./.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч О.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ...... ....... дугаар гудамж, ...... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.С-тай “...танихгүй хүмүүстэй архи уулаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, бие махбодид нь гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм хэрэг хийхгүй” гэв.
Эрүүгийн 1808026000804 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч А.С-гийн: “2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр танил Оюунаа, түүний нөхөр Батбаяртай тааралдсан. Тэдний гэрт орж нэг шил архи уусан. Тэгтэл “танай гэрт очъё” гээд байхаар нь дагуулаад замдаа дэлгүүрээс хоёр шил архи, ундаа, тамхи зэрэг зүйлс аваад манай гэрт очсон. А гэртээ унтаж байсныг сэрээгээд бид нар архиа хувааж уусан. Манай нөхөр А “Чи гэрт хүн авчирч надад архи уулгалаа, бас танихгүй хүмүүстэй архи уулаа” гэхээр нь би маргалдсан. Маргалдаж байтал зуухны хажууд байсан гутлаа аваад над уруу шидсэн, тамхины цогоор миний цээжийг түлсэн, шидсэн гутал нь миний уруулыг оносон. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны орой А согтуу орж ирсэн. Тэгээд надтай хэрүүл хийх гээд янз бүрийн юм яриад байхаар нь би цагдаад дуудлага өгчихсөн. А-тай 1999 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа, гэр бүлээ батлуулсан баримт байхгүй. Эмчилгээ хийлгэсэн баримт болон нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-20-22, 23/,
Гэрч А.Э-гийн: “2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .......... тоот хаягаар очсон. Дуудлага өгсөн иргэн болон холбогдогч нар согтуу байсан. Эмэгтэй нь “энэ манай нөхөр, сая маргалдаж байгаад миний нүүр рүү гутлаа шидэж зодлоо” гэж ярьж байсан. С- “намайг тамхины цогоор түлсэн” гэж хэлээгүй “гутлаар цохисон” гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-31-32/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2018.04.30-ны өдрийн 5566 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.А.С-гийн биед баруун завьжны нэвтэрсэн, язарсан шарх, зөөлөн эдийн няцралт, цээжний баруун урд хэсгийн 2-р зэргийн түлэгдэлт гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн болон өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ...журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-36/,
Шинжээч М.Энхбаярын: “Уруулын нэвт гарсан шарх нь идээлсэн байгаа бөгөөд уруулын гэмтлүүд эдгэрээгүй, идээлсэн, цээжний түлэгдэлт эдгэрэх явагдаад эхэлсэн байсан. Уруулын гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээжний 2-р зэргийн түлэгдэлт бол хэмжээнээс үл хамааран дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уруулд учирсан гэмтэл нь гутлаар цохих, өшиглөх зэргээс үүсэх боломжтой, ялгах боломжгүй. Уруулд учирсан гэмтэл хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх мэдүүлэг /хх-39-41/,
Шүүгдэгч О.А-гийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 14-ний 14 цаг өнгөрөөгөөд эхнэр С- архи уучихсан, бас “Хангай” захад ачигч хийдэг Оюунаа, түүний нөхрийн хамт гурвуулаа хоёр шил архи барьчихсан ирсэн. Бид дөрөв хувааж уугаад дууссан. Би С-г “одоо унтаж амар” гэж хэлсэн чинь шууд намайг “тал толгойтой, юмаа санадаггүй, мэдрэл муутай, би чамаас сална” гээд байсан. С- намайг доромжлоод байхаар нь уур хүрээд өөрийн хагас түрийтэй гутал аваад шидчихсэн чинь С-гийн хацрыг оносон. С- бид хоёр 1999 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа, гэр бүлээ батлуулсан бичиг баримт байхгүй. Цээжин дээрх түлэгдэлтээс бусад гэмтлийг би учруулсан. С- хэвтээд тамхи татаж байхдаа тамхины цог өөр дээрээ унагаад түлчихсэн, намайг түлчихлээ гээд байсан. С- байнга орондоо тамхи татаад байдаг” гэх мэдүүлэг /хх-88-92/,
шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-69/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-70/, хорооны тодорхойлолт /хх-76, 77/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-78, 79/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.А согтуурсан үедээ 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 8 дугаар гудамж, 130 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр А.С-тай “...танихгүй хүмүүстэй архи уулаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар гутлаар цохиж, бие махбодид нь баруун завьжны нэвтэрсэн, язарсан шарх, зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь хохирогч А.С-гийн “...Чи гэрт хүн авчирч надад архи уулгалаа, бас танихгүй хүмүүстэй архи уулаа” гэхээр нь би маргалдсан. Маргалдаж байтал зуухны хажууд байсан гутлаа аваад над уруу шидсэн чинь миний уруулыг оносон...” гэх мэдүүлэг /хх-20-22/, гэрч А.Э-гийн “...очиход дуудлага өгсөн иргэн болон холбогдогч нар согтуу байсан. Эмэгтэй нь “энэ манай нөхөр байгаа юм, сая маргалдаж байгаад миний нүүр рүү гутлаа шидэж зодлоо” гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-32/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5566 дугаар “1.А.С-гийн биед баруун завьжны нэвтэрсэн, язарсан шарх, зөөлөн эдийн няцралт... гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ...журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-36/, шүүгдэгч О.Агийн “...С- намайг доромжлоод байхаар нь уур хүрээд өөрийн хагас түрийтэй гутал аваад С- уруу шидчихсэн чинь хацарт нь оносон” гэх мэдүүлэг /хх-91-92/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.С-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүхий хохирол нэхэмжлээгүй, түүнчлэн хохирогчийн “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-20-22/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О.А байнга архи уудаг, урьд ял шийтгэгдэж байсныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч нь “Хангай” зах дээр ажиллаж тодорхой орлого олдог боловч торгох ял оногдуулах боломжгүй байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогч, шүүгдэгчийн хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч эмчлүүлээгүй, гэмтэл эдгэрсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, “*” зах дээр ачигч хийж мөнгө олдог гэх боловч энэ нь тогтоогдоогүй/-ыг тус тус харгалзан шүүгдэгч О.А-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.А урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л овогт О-ы А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А-г 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.А урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР