Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 84

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

М.О-ийн З.Ц-тай хамтран амьдарч байгаа болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2018  оны 1 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.О

Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.   

                                            

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 онд төрсөн. З.Ц-тай 1989 оноос гэр бүл болж, одоог хүртэл хамт амьдарч байна. Энэ хугацаанд бид 4 хүүхэд төрүүлсэн. Тэтгэвэрт гарах гэтэл малын “А” данс нөхөр З.Ц-ын нэр дээр байгаа учир гэрлэлтийг батлах шаардлагатай болсон. Бид 1989 оноос хойш хамт амьдарч байгаа ч гэрлэлтээ батлуулаагүй юм. Иймд З.Ц-тай 1989 оноос одоог хүртэл гэр бүл болж хамт амьдарч байгаа болохыг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.О  нь З.Ц-тай хамтран амьдарч байгаа болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч М.О , З.Ц нар нь гэрлэлтээ батлуулаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээр нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            1.Гэрч Г.Э :“... Энэ хүмүүс 1989 онд гэр бүл болсон. Дундговь аймгийн Баянжаргалан суманд амьдардаг. Би өөрөө Баянжаргалан сумын хүн байгаа юм. Манайхан айл саахалт байдаг байсан юм. З.Ц   нь ээжийн талын хамаатан байгаа юм...” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.А : “...Намайг Баянжаргалан суманд ажиллаж байхад буюу 1989 онд М.О , З.Ц  нар нь гэр бүл болж, найр хуримаа хийж байсан хүмүүс байгаа юм. Бид нэг суманд, нэг бригадад хамт ажиллаж байсан юм. Манай гэр бүлийн хүн З.Ц-тай хамаатан байсан учраас энэ хүмүүсийн гэр бүл байсныг нь сайн мэднэ...” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Э : “...Анх 1989 оноос эхлэн гэр бүл болсон. Баянжаргалан суманд мал малладаг хүмүүс байгаа юм. Би З.Ц-тай хамаатан байгаа юм. Энэ хүмүүс 4 хүүхэд төрүүлсэн, 2 хүү, 2 охинтой. Том хүү Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар ажилтай санагдаж байна...” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Баянжаргалан сумын 1-р багийн Засаг даргын 2018 оны 1 сарын 25-ны өдрийн 10 дугаартай “Тус багийн иргэн З.Ц , М.О  нар нь 1989 оноос одоог хүртэл гэр бүл болж хамт амьдардаг нь үнэн болно.” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 1 сарын 26-ны өдрийн 005/000239 дугаартай “Гэрлэлтийг бүртгэлгүй тухай” лавлагаа,

4.Ц.Ш №31, Ц.Д №40, Ц.Д №96/24, Ц.Б №20 нарын төрсний гэрчилгээ /эцэг З.Ц , эх М.О  гэх/-ий хуулбар баримтууд болно.

Дээрх бичгийн баримтаар М.О  нь З.Ц-тай 1989 оноос өнөөг хүртэл гэр бүл болон хамтран амьдарч байгаа болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1,  135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар М.О нь З.Ц-тай 1989 оноос өнөөг хүртэл гэр бүл болон хамт амьдарч байгаа болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                               Д.УРАНЧИМЭГ