| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0104/э |
| Дугаар | 2021/ШЦТ/112 |
| Огноо | 2021-08-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Эт холбогдох эрүүгийн 2135000000127 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, одоо Хилийн 0245 дугаар ангийн 0246 дугаар салбарт холбоочин ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын Торхилог багийн 0246 дугаар салбарын хашаанд оршин суух хаягтай, Т ургийн овогт Тын Э, Регистрийн дугаар ИН83060507.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Э нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хишигт-1” хүнсний дэлгүүрийн лангуун дээр байсан иргэн З.Дгийн эзэмшлийн Самсунг-А7 загварын гар утсыг 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч түүнд 411,690 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2135000000127 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын 92 дугаартай зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10-р хуудас/,
2. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн: “...Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Хишигт-1” хүнсний дэлгүүрийн 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийлээ. Үзлэгээр 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 12:49:24 цагт Т.Э нь тухайн хүнсний дэлгүүрийн кассан дээр худалдаа хийж байх бөгөөд тухайн үед Э нь хар өнгийн богино ханцуйтай, дугуй захтай, урт футболктой, футболкны урд хэсгээрээ цэцгийн дүрс бүхий хэлбэртэй, мөн үсээ ар талдаа боосон, цэнхэр өнгийн амны хаалт буюу масктай байлаа. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд Э нь 12:50:41 цагт дэлгүүрийн кассын баруун зүүн талд хаалганы хажуу талд очиж зогсох бөгөөд кассын эсрэг талд хүнсний дэлгүүрийн хөлдөөгч рүү харж байв. Үзлэг цааш үргэлжлүүлэхэд Э нь 12:50:51 цагт дэлгүүрийн кассаас хариулт мөнгө аваад эргэж хүнсний дэлгүүрийн шар өнгийн хөлдөөгч рүү очиж 12:51:01 цагт хөлдөөгчин дээр тавьсан байсан гялгар уутны цаанаас хар өнгийн андриод гар утсыг аваад 12:51:02 цагт шууд хүнсний дэлгүүрээс гарч байх бичлэг хадгалдсан байлаа. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд Э нь дэлгүүрийн гадна талын хяналтын камерийн бичлэгт 12:51:09 цагт дэлгүүрийн гадна гарч хүнсний дэлгүүрийн үүдэнд зогсож буй мөнгөлөг өнгийн Приус-20 загварын авто машины баруун ар талын хаалгаар уг автомашинд сууж байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/,
3. Хохирогч З.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тус аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хишигт-1” нэртэй хүнсний дэлгүүрт би 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд худалдагчийн ажил хийж байна. Би өнөөдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн орчимд өөрийн ажил дээрээ тахианы мах ууталж хөргөгчинд хийж байтал гаднаас үйлчлүүлэгч нар орж ирэхээр нь кассан дээр очиж хүмүүсээс худалдаж авсан барааных нь мөнгийг авсан. Тахианы мах ууталж хөргөгчинд хийх үедээ гар утсаа хөргөгчний таган дээр тавьсан бөгөөд үйлчлүүлэгч нар дэлгүүрээс гарч явсны дараагаар утсаа авах гээд хөргөгчний хажууд явж очиход миний утас байхгүй байсан. Тухайн үед дэлгүүрийн хяналтын камер шүүх гэсэн боловч захирал байхгүй байсан учраас шүүж чадаагүй ба захирлын гар утас руу залгаж “Утсаа хулгайд алдчихлаа, та зав гаргаж байгаад хяналтын камер шүүж өгөөч” гэж хэлэхэд захирал Алтантуяа “Дэлгүүр хаах үеэр очиж шүүж өгье” гэж хэлсэн. Тэгээд захирал 20 цагийн орчимд дэлгүүр дээр хүрч ирээд хяналтын камер шүүхэд 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн орчимд манай дэлгүүрээр үйлчлүүлсэн эмэгтэй хүн гарч явахдаа гар утсыг минь хөргөгчний таган дээрээс аваад 33-26 УБО улсын дугаартай Приус-20 загварын машинд суугаад явж байсан. ...Би таньдаг хүнээрээ дамжуулан 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн орчимд Самсунг-А7 загварын гар утсыг Улаанбаатар хотоос 420,000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо надад уг гар утсыг худалдан авсан тооцооны баримт байхгүй. Миний хулгайд алдсан Самсунг-А7 загварын гар утасны дэлгэцэнд ямар нэгэн код, түгжээ байгаагүй. Би уг гар утасны хайрцгийг худалдаж авсныхаа дараагаар хаячихсан. Мөн утасныхаа имей кодыг тэмдэглэж аваагүй. Хулгайд алдсан Самсунг-А7 загварын гар утас нь хар өнгийн их биетэй, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, шилэн наалттай, ягаан өнгийн цэцгэн хээн дүрстэй кейстэй байсан. Би 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн орчимд тус аймгийн Улаангом сумын 12 дугаар баг Итгэлт барааны зах дотор байрлах Цас дэлгүүрээс шилэн наалтыг 8,000 төгрөгөөр, кейсийг 15,000 төгрөгөөр тус тус худалдан авсан. Миний гар утсыг хулгайлж авч явсан хүнийг би дахин харвал таних эсэхээ хэлж мэдэхгүй байна. Учир нь би тэр хүний царайг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,
-Хохирогч З.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Надад учирсан хохиролд Т.Э нь 600,000 төгрөг өгч хохирлыг барагдуулсан бөгөөд одоо надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Э нь над руу залгаж “таны гар утсыг би авсан, уг гар утсыг та авах уу?” гэхээр нь би Эт “гар утас нэгэнтээ хулгайлж авсан болохоор би уг гар утсыг авахгүй” гэж хэлэхэд Э нь надад учирсан хохиролд 600,000 төгрөгийг өгч учирсан хохирол барагдуулсан. Надаас уучлалт гуйсан бөгөөд надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,
4. Гэрч Э.Рийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Увс аймгийн Улаангом сумаас өөрийн аав Ч.Эрдэнэбаатар, ээж Ц.Ганчимэг нарыг хүргэж өгөх үедээ нутагтаа очих гэж Завхан аймгийн Баянтэс сумын чиглэлд гарсан. Улаангом сумаас гаргах үед 7 дугаар багт байрлах “Хишигт-1” нэртэй хүнсний дэлгүүр лүү ороод гарсан. Тухайн үед 33-26 УБО улсын дугаартай Приус-20 загварын машинаар Увс аймгийн Улаангом сумаас Завхан аймгийн Баянтэс сумын чиглэлд унаж явсан. “Хишигт-1” нэртэй хүнсний дэлгүүр лүү надтай хамт иргэн Э /Чимгээ/ гэх нэртэй хүн хамт ороод ус, ундаа аваад би түрүүлж гарч ирэхэд араас иргэн Э /Чимгээ/ тухайн хүнсний дэлгүүрээс чихэр, ус, ундаа авч гарч ирсэн. Би тухайн дэлгүүрт юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд Увс аймгийн Өндөрхангай сумын Уушгийн улаан гэх газарт иргэн О, түүний эхнэр Э /Чимгээ/ нар бууж үлдсэн. О аймгийн Улаангом сумын хилийн цэргийн 0245 дугаар ангид ажилтай. Гэрийн хаяг нь Давст сумын 6 дугаар застав дээр байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуудас/,
5. Гэрч Ч.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн орчимд Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах “Хишигт-1” нэртэй хүнсний дэлгүүр лүү хүү Э.Р, иргэн Э /Чимгээ/ нар орсон. Тэгээд Увс аймгийн Улаангом сумаас Завхан аймгийн Баянтэс сумын чиглэлд 12 цагийн орчимд гарч явсан. Увс аймгийн Өндөрхангай сумын Уушгийн улаан гэх газарт иргэн С.О, түүний эхнэр Э /Чимгээ/ хоёр бууж үлдсэн. Тэгээд бид хэд Завхан аймгийн Баянтэс суманд ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,
6. Гэрч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2021 онь 7 дугаар сарын 16-ны өдөр ээлжийн амралтаа авч Улаангом суманд орж ирсэн. Эхнэр бид хоёр амралтаараа Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт байх манай төрсөн аав Жамбалрагчаагийн гэрт очиж амрахаар болсон. 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эхнэр бид хоёр урьд өмнө нь хамт ажиллаж байсан Р нь аав, ээжтэйгээ хамт Увс аймгаас Завхан аймгийн Баянтэс сум орох гэж байгаа гэхээр нь эхнэр бид хоёр уг машинд дайгдаж замдаа бууж үлдэхээр болсон. Тэгээд тэр өдөр бид нар Улаангом сумаас гарахдаа 7 дугаар багийн нутагт байрлах “Хишигт-1” хүнсний дэлгүүрийн гадна зогсож ойр зуурын зүйл авсан бөгөөд дэлгүүр лүү Р болон манай эхнэр нар орсон юм. Тухайн үед би гадна машин дотор сууж байсан юм. Тэгээд Р түрүүлээд гарч ирсэн бөгөөд манай эхнэр удалгүй араас нь гарч ирж машинд суусан. Тэгээд бид нар тэндээсээ хөдлөөд замдаа “Хар тэрмис” дээр зогсож бид нар нуурын усанд орж 20-30 минут болсон. Тэгчхээд тэндээсээ хөдлөөд эхнэр бид хоёр тэр өдөр 17:00-18:00 цагийн орчимд Уушгийн улаан гэх газарт хар зам дагуу бууж үлдсэн. Харин Р нь аав, ээжтэйгээ хамт Завхан аймаг руу явсан. Тэгээд тэр өдөр манай эхнэр надад ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд маргааш нь буюу 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр манай эхнэр надад “би өчигдөр дэлгүүрээс утас авчихлаа” гэж хэлээд Самсунг-А7 загварын, хар өнгөтэй, андриод гар утас гаргаж ирсэн. Тухайн үед би өөрийн эхнэр Эт уурлаж “хүний юм яагаад авч байгаа юм бэ, бүгд камертай шдээ” гэж хэлж загнасан. Тухайн үед манай аавынх Өндөрхангай сумын хөдөө байсан учир сүлжээгүй байсан юм. Тэгээд би тэнд 3 хоноод өөрийн дүүгийн машин засаж янзлахаар Өндөрхангай сумаас аймгийн төвд орж ирсэн. Тэгээд намайг аймгийн төвд байхад цагдаагийн байгууллагаас над руу залгасан. Тэгээд би энэ талаараа өөрийн эхнэр Эт хэлсэн юм. Тухайн үедээ би эхнэрийг гар утас хулгайлсан талаар огт мэдээгүй бөгөөд манай эхнэр тэр өдөр надад ямар нэгэн зүйл хэлээгүй юм. Тэгээд маргааш нь манай эхнэр надад гар утас хулгайлсан талаараа хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,
7. Шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 191 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/,
8. Шүүгдэгч Т.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд би дэлгүүрт үлдээд ойр зуурын талх, хиам зэрэг зүйлс аваад дэлгүүрийн худалдагч дээр очиж тооцоо хийсэн бөгөөд тухайн үед хүнсний дэлгүүрт хүмүүс худалдагч дээр тооцоо хийж байсан юм. Тухайн үед би хүнсний дэлгүүрт тооцоо хийгээд гарах гэхэд кассын харалдаа байсан хөргөгчин дээр хар өнгийн ухаалаг загварын гар утас байсан юм. Тухайн үед би уг гар утсыг хараад ойр орчимд нь хүн байхгүй, дэлгүүрийн худалдагч тооцоо хийгээд завгүй байх зуурт нь дэлгүүрээс гарах замдаа хөргөгчин дээр байсан уг гар утсыг гартаа бариад гарсан. Тэгээд би машинд суугаад гар утсыг цүнхэндээ хийсэн. Тэгээд бид нар тэндээсээ хөдлөөд шууд Улаангом сумаас гарсан юм. Би дэлгүүрээс гар утас хулгайлж авсан талаараа өөрийн нөхөртөө хэлэх гэсэн боловч нөхрөөсөө айгаад хэлж чадаагүй. ...Тэгээд маргааш нь би нөхөртөө “өчигдөр дэлгүүрээс гарахдаа утас байсныг аваад гараад ирсэн” гэж хэлээд хулгайлсан гар утсаа үзүүлсэн. Тухайн үед бид хоёр хөдөө сүлжээгүй газарт очсон байсан. Тэр өдөр миний хулгайлсан гар утсыг үзэхэд Самсунг-А7 загварын, хар өнгийн гар утас байсан юм. Тэгээд манай нөхөр над руу уурлаж “камертай дэлгүүрээс хулгай хийлээ” гэж намайг загнаж “аваачиж өг” гэж хэлсэн. Тэгээд 3 хоноод аймгийн төв рүү орж ирэхэд манай нөхөр лүү цагдаагаас залгаж ярьсан байсан. Тэгээд нөхөр маань аймгийн төвөөс буцаж гарч ирээд надад “цагдаагаас ярьж байна, чамайг наад гар утсаа аваад ир гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би тэр талаар сонсоод гар утасны эзэн гэх хүний дугаарыг олж аваад утасдаж “би таны утсыг авсан хүн байна, та ингээд аль болох юу яагаач ээ, яриа байна уу” гэхэд тэр хүн надад “би хулгайн замаар авсан гар утсыг авахгүй, би хохирлоо барагдуулж авъя, 600,000 төгрөг миний данс руу шилжүүл, тэгвэл гомдолгүй” гэж хэлсэн. Тэгээд би тэр хүний дансыг аваад хөдөөнөөс 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 400,000 төгрөгийг шилжүүлсэн, тэгээд маргааш нь дахин 7 дугаар сарын 17-ны өдөр үлдсэн 200,000 төгрөгийг би өөрийн хаан банкны 5800674893 дугаарын данснаас тэр эгч рүү шилжүүлж хохирлыг төлж барагдуулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,
-Мөн шүүгдэгч Т.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Мэдүүлэг гаргахгүй. Ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүс /хэнд ч/-т мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл байдаг.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Т.Э 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Хишигт-1” хүнсний дэлгүүрийн лангуун дээрээс иргэн З.Дгийн эзэмшлийн Самсунг-А7 загварын 396,690 төгрөгийн үнэтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь хууль бус бөгөөд шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.
Мөн шүүгдэгч Т.Э дээрх хууль бус үйлдлийн улмаас хохирогч З.Дд нийт 411.690 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээний хохирлоос дээш хэмжээгээр хохирол учирсан болох нь шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдсон тул Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Т.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Э нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Т.Э бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч З.Дгийн “...надад учирсан хохирол 600,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн надаас уучлалт гуйсан. Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг гаргажээ. Иймд шүүгдэгч Т.Эээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.Э нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Ж.Оын /шүүгдэгчийн нөхөр/ “...Э нь зан аашийн хувьд хааяа түргэн уурладаг, өөрөөр бол ямар нэгэн илүү дутуу зан аашгүй юм. Э нь урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, элдэв хорт муу зуршилгүй хүн юм. Манайх амьжиргааны түвшин дундаж бөгөөд эхнэр бид хоёр хоёулаа ажил хийдэг учраас дутагдах гачигдах зүйлгүй юм. Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, төлөв томоотой хүн. Манай эхнэр бие эрүүл мэндийн хувьд сайн, хэвийн бөгөөд нэг их архаг хууч өвчин байхгүй. Т.Э нь гэр бүлийнхэндээ анхаарал халамж сайтай, айл гэрийн сайн эзэгтэй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/, гэрч Ж.Аийн /шүүгдэгчийн хадам дүү/ “...Т.Э нь миний төрсөн ах Оын эхнэр нь бөгөөд манай бэргэн эгч юм. Ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Давст суманд хилийн 0246 дугаар салбарт нөхөртэйгээ хамт ажилладаг өөрөө тогооч хийж байгаад саяхан холбоочин болсон. ...Зан аашийн хувьд даруу төлөв зантай, ямар нэгэн хэл ам, хэрүүл маргаан гаргаад байдаггүй, мөрөөрөө амьдардаг хүн юм. Эийн гэр бүлийн хувьд амьжиргааны түвшин дундаж, хоёулаа ажил хийдэг бөгөөд дутагдаад байх зүйл байхгүй. Том хүүхэд нь 9 дүгээр анги төгссөн дараагийнх нь 8 дугаар анги, бага нь одоо 5 настай. Эт янз бүрийн хорт муу зуршил байхгүй, урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-р хуудас/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 86-88-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Т.Э нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг харгалзан хяналтын прокурор А.Анхбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял оногдуулж, ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэргийн 96-р хуудаст авагдсан прокурорын саналаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Иймд хуулийн дээрх заалтыг үндэслэн шүүгдэгч Т.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Т.Эийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар оногдуулсан 8 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах үндэслэлтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг шүүгдэгчийн оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Самсунг-А7 загварын гар утсыг улсын орлого болгон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хадгалахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т ургийн овогт Тын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эийг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулсаныг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Т.Эт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг шүүгдэгчийн оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Самсунг-А7 загварын гар утсыг улсын орлого болгосугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хадгалсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН