Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 85

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Д.О-ийн ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 1  сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.О

Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Нэхэмжлэгч Д.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд төрсөн, 53 настай. Улсад 22 жил ажилласан юм.  Үүнээс Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Баянбулаг бригадад 1981 оны 01 сарын 01-нээс 1988 оны 08 сарын 01-нийг хүртэл, Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Суврага бригадад 1988 оны 08 сарын 01-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр  зөрчилтэй тул дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.О  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д.О-ийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 1 сарын 25-ны өдрийн 67 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Гэрч С.С : “ ... Д.О  нь 1981 оноос 1988 оны хооронд Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Баянбулаг бригадад төллөх мал маллаж байсан хүн байгаа юм. Би Баянбулаг бригадын даргаар ажиллаж байсан, миний удирдлаганд ажилладаг байсан. 1988 оноос Луус суманд бэр болоод явсан...” гэх мэдүүлэг,

 Гэрч С.Ц :“... Д.О  нь 1981 оноос 1988 оныг дуустал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчин байсан. Бид нэг нэгдэлд, нэг бригадад хамт ажиллаж байсан юм. Би тухайн үед нэгдлийн бичээч, малчин зэрэг ажлуудыг хийж байсан. Д.О  нь бог мал маллаж байсан. 1988 оноос Луус сумруу шилжсэн юм ...” гэх мэдүүлэг,

 Гэрч Ж.Х : “...Д.О  нь миний төрсөн дүү М-тэй нэг ангид сурч байсан. Бид нэг нутаг усны хүмүүс байгаа юм. Д.О  нь 1981 оны 1 сараас 1988 оны 8 сар хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд мал маллаж байсан. Би мөн тус нэгдэлд малчин байсан. Манайхан нэг  газар нутагладаг байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэднэ   ...” гэх мэдүүлэг, 

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 1 сарын 25-ны өдрийн 67 дугаартай “  Тус архивын сан хөмрөгт байгаа Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд 1981 оны 1 сарын 1-нээс 1988 оны 8 сарын 1-нийг хүртэл, Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1988 оны 8 сарын 1-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан тухай холбогдох баримт байхгүй байгаа тул Д овогтой О-д холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 25-ны өдрийн 08/65 дугаартай “ Луус сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 03 сарын 29-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 02 сарын 09-нд Шинэ хөдөлмөр хоршоо болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байна. Хулд сумын Талын цэцэг нэгдэл нь 1991 оны 04 сарын 27-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 02 сарын 10-нд  Талын цэцэг ББХК, 1996 оны 04 сарын 30-нд Талын цэцэг хоршоо болон  өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаад 2005 оны 12 дугаар сарын 30-нд татан буугдсан болно” гэх тодорхойлолт,

4.Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 1 сарын 25-ны өдрийн 59 дугаартай “Луус сумын 1-р багийн иргэн Д  овогтой О-ийн 1982 оны 70 дугаар данснаас эх хувийг хуулбарлаж авсан, 1983-1992 оны Хөдөлмөрийн дэвтрүүдийн бичилт болон тамга, тэмдгийн зөрчилтэй тул уг онуудын ажилласан жилийг дэвтрийн хамт шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна.” гэх тодорхойлолт,

5.Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 1 сарын 22-ны өдрийн 3/35 дугаартай “ Тус сумын иргэн Д.О нь Талын цэцэг нэгдлийн Булаг бригадад 1982-1988 онуудад малчнаар ажиллаж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт, хавсралтаар ирүүлсэн Д.О-ийн 1982-1987 оны “Хөдөлмөрийн хөлсний карт”,

6.Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 1 сарын 23-ны өдрийн 02/50 дугаартай “ Д.О нь 1989 оны 1 сарын 1-нээс 1992 оны 12 дугаар сарыг дуустлах хугацаанд Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Суврага бригадад хоньчноор ажиллаж байсан ба тухайн үеийн цалингийн тодорхойлолтыг сумын архивын хадгаламжийн нэгжээс хуулбарлан лавлагаа олгов” гэх тодорхойлолт, Д.О-ийн 1989, 1990, 1992 оны зарим саруудын “цалингийн тооцооны хүснэгт”-ийн хуулбар,

7.Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс Д.О-д 1983 оны 9 сарын 1-ний өдөр олгосон “ 1983-1987, 1988 оны 1, 7, 9-12 сар, 1989- 1990 оны хөдөлмөрийн хөлсний бичилттэй” хөдөлмөрийн дэвтэр,

8.Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс Д.О-д 1991 оны 9 сарын 24-ний өдөр олгосон “1991-1992 оны хөдөлмөрийн хөлс бичилттэй” хөдөлмөрийн дэвтэр,

9.Д.О-ийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудаар  Д.О  нь  1982 оны 1 сарын 1-нээс 1988 оны 7 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд, 1988 оны 9 сарын 1-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал  Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, харин нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 1 сарын 1-нээс 1982 оны 1 сарын 1-нийг хүртэл  малчинаар ажиллаж байсан хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.О нь 1982 оны 1 сарын 1-нээс 1988 оны 7 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд, 1988 оны 9 сарын 1-нээс 1992 оны 12 сарын 31-нийг дуустал  Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1981 оны 1 сарын 1-нээс 1982 оны 1 сарын 1-нийг хүртэл  ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ