Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Б.Б, Н.Н, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Бунжаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт Бын Б, Б ургийн овогт Нийн Н нарт холбогдох эрүүгийн 2135000000026 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Бын Б, 1994 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 8-21 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар: ОЗ94120516.

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Нийн Н, 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 8-21 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар: ОЙ92101506.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б, Н.Н нар нь бүлэглэн Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт 2021 оны 01 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд, Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт, 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрүүдэд мэдээллийн технологи буюу фэйсбүүк ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар 2135000000026 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Гэрч Г.Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн хаягаар фэйсбүүк орж байтал Baljaa Baljaa гэх фэйсбүүк хаягнаас Техас хөзрөөр тоглуулж байсан. Би уг хаягны тоглуулж байсан Хаан банкны 5808195858 дугаарын данс руу эхнэр О.У-гийн Хаан банкны 5020809385 дугаарын данснаас 10.000 төгрөг шилжүүлж нийт 5 удаа тоглосон боловч мөнгө хожоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

2. Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдөр би Baljaa Baljaa гэх хаягаас лайв хийж хөзрөөр Техас тоглуулж байсныг би харсан. ...нөхөр нэг удаа үнэгүй тоглоод 30.000 төгрөг хожсон. Тэр мөнгө нөхөр Д.Өын Хаан банкны 5800593312 дугаарын данс руу шилжиж орсон. Нөхөр Д.Ө дахин 2 удаа тоглосон бөгөөд би өөрийнхөө Хаан банкны 5800593312 дугаарын данснаас 20.000 төгрөг шилжүүлсэн. Baljaa Baljaa гэх хаягны эзэмшигчийг Б.Б гэдэг” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

3. Гэрч Б.Бат-Үйлсийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би Baljaa Baljaa гэх хаягнаас лайв хийж хөзрөөр Техас тоглуулж байсан. Тухайн үед би дээрх данс руу 20.000 төгрөг шилжүүлж тоглосон. ...Уг лайв тоглолтод би нийт 20.000 төгрөг шилжүүлж, 30.000 төгрөг хожсон” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

4. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3, 5-р хуудас/,

5. Баримт, бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-10-р хуудас/,

6. Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 12, 19-р хуудас/,

7. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16-р хуудас/,

8. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 21, 22-р хуудас/,

9. Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5822/43 дугаартай албан тоот, түүний хавсралт /хх-ийн 85-92 хуудас/,

10. Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2-3 хоногийн турш фэйсбүүк сүлжээгээр хүмүүс онлайнаар тоглоом тоглуулж байгааг хараад туршиж үзсэн. Эхлээд туршиж үзэхэд хүн орохгүй байсан тул фэйсбүүк группээр Live буюу шууд бичлэг хийж тоглоомын дүрмийг тайлбарлаж Техас покер тоглоомыг тоглуулсан. ...Нэг тоглоомд 6 хүн тоглох бөгөөд нэг хүн 10.000 төгрөг төлөөд 5 удаа тоглодог. Нийт 5 тоглолтын дараа дүнг нь тооцож гараа бүрд 10.000 төгрөгийн ёндоо өгдөг. Нийт 60.000 төгрөг цугласнаас 50.000 төгрөг нь шагналд яваад надад ашигт 10.000 төгрөг үлддэг юм. ...2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөн 18 цагаас 00 цаг хүртэл зохион байгуулсан. Сүүлд цагдаагийн газраас ярьж байна, хориотой үйлдэл гэж хэлэхэд нь би тоглоомоо зогсоож дахин тоглоогүй. ...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тоглоомтой холбоотой ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй. ...Би тоглоомд хожсон хүмүүст мөнгө шилжүүлэхдээ ёндоо гэж бичээд шилжүүлээд байсан. Тоглоом нь 10.000 төгрөг шилжүүлээд 5 тоглох эрх авдаг. ...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...эхнэр Н нь дэвтэр дээр оролцогч нарын нэр суудлын дугаарыг бичиж ард нь хэн нь хожсон талаар болон хожсон мөнгөний хэмжээг бичиж тэмдэглэж байсан. ...Олсон ашгийн мөнгөнөөс 70.000 төгрөгийг танил хүмүүс гуйхад нь үнэгүй тоглуулж гарахгүй тохиолдолд өмнөөс нь хожсон хүмүүст мөнгийг нь төлж зарцуулсан. Үлдэгдэл мөнгийг цагаан  сар болж байсан тул ойр зуурын хэрэглээ, баярын хүнс, бензин шатахуун зэрэгт зарцуулж дуусгасан. Тэр мөнгөнөөс одоо үлдэгдэл мөнгө байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66, 68, 70-р хуудас/,

11. Шүүгдэгч Н.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Уг тоглоомыг нөхөр маань хөтөлж удирдаад би хүмүүсийн нэрийг бичээд суудал сонгосон дарааллаар нэрсийг нь бичиж хожлыг нь тэмдэглэж бүртгэдэг байсан. Хожсон хүмүүст мөнгийг нь нөхөр маань дансаар шууд тэр дор нь шилжүүлдэг байсан. Би нөхөртэйгээ хамт 3 хоног зохион байгуулсан бөгөөд бүгдэд нь би хамт байсан. ...Тоглоом зохион байгуулаад 200.000 төгрөгийн ашиг олсон. Харин хожсон хүмүүст мөнгийг нь тэр даруй шилжүүлдэг байсан учир биднээс авлагатай хүн байхгүй. Урд өмнө нь ийм үйлдэл хийж байгаагүй. Хориотой гэдгийг нь мэдээгүй. Интернэтээр хүмүүс хийгээд байсан тул дагаж хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 78-р хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Б, Н.Н нар нь бүлэглэн Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт 2021 оны 01 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд, Наранбулаг сумын 1 дүгээр багийн нутагт 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мэдээллийн технологи буюу фэйсбүүк ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйл баримт болжээ.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан олон нийтийн ашиг сонирхол, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглохтой холбоотой хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Б, Н.Н нар өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэмт буруугийн шууд санаатай, амар хялбар аргаар ашиг олох зорилготой байна.

Мөн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “Бүлэглэн гүйцэтгэх” гэсэн зүйл заалтыг журамласан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр, гэмт хэрэг гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах шаардлагагүй юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б тоглогч нарыг онлайнаар оролцохыг урьж, лайв хийн, тоглогч бүрдмэгц хөзрийг хольж, хуваарилж, тусгайлан бэлтгэсэн цаасан дээр хөзрийг байрлуулан дэлгэж, тоглогч нарыг удирдан зохион байгуулдаг, шүүгдэгч Н.Н нь гар утсыг нь барьж өгөх, тоглогч нарын нэрсийг тусгайлан бэлдсэн дэвтэр дээр бичиж, хэн хэдэн төгрөг хожсон талаар тэмдэглэн хөтөлж, хожсон тоглогчийн данс руу мөнгө шилжүүлэх ажлыг гүйцэтгэдэг байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нэгдмэл үүрэг оролцоотой оролцсон байх бөгөөд бүлэглэн гүйцэтгэгч нар юм.  

Шүүгдэгч Б.Б, Н.Н нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.

Хохирлын талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эрх амь, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж мөн зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.

Тус гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Ашиг орлого олсон эсэх, олсон ашгийн хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч нарт энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Б, Н.Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Б.Бын “...Б Нтэй гэр бүл болоод 4 жил болж байгаа ба бид нэг хашаанд амьдардаг. Б 5-р ангиас сургуулиас гарч, сүүлд албан бус сургалтад хамрагдаж бүрэн бус боловсрол эзэмшсэн. Бын ээж нь 3 жилийн өмнө өвчнөөр бурхан болсон. Б тодорхой эрхэлсэн ажилгүй, хэдэн тооны малтай, бөгөөд малыг нь хадмууд нь малладаг. Зан аашийн хувьд сэргэлэн цовоо, архи дарс уудаггүй, найз нөхөд олонтой хүн байгаа юм. Н нь бэр болж ирээд 4 жил болж байгаа ба эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхэдгүй, ам бүл 2 амьдардаг. Зан аашийн хувьд энгийн тогтуун зантай, хүнтэй маргалдаад байдаггүй. Үг дуу цөөнтэй элдэв муу зуршилгүй хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/, гэрч А.Эрдэнэбатын “...Н нь даруу төлөв зантай, дээд мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхэдгүй, нөхөртэйгээ хамт амьдардаг. Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, такси үйлчилгээ эрхэлдэг. Зан аашийн хувьд даруу төлөв зантай, машин мотоцикл засдаг техникч сэтгэлгээтэй, элдэв муу зан суугаагүй, хүүхэд харагддаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/ -үүд хэрэгт авагдсан байна.

Шүүхээс Б.Б, Н.Н нарыг “Мэдээллийн технологи ашиглан ашиг болох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт тус бүрд нь 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгч нь хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан ...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан байна.

Иймд дээрх хуулийн заалт буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Б.Б, Н.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнссэн болно.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдэж, хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Бусад асуудлаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулна”, 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Б.Б, Н.Н нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 255.000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Б.Баас 127.500 төгрөг, шүүгдэгч Н.Нгээс 127.500 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Самсунг Эс-7 загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Бд буцаан олгож, 1 ширхэг дэвтрийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Бын Б, шүүгдэгч Б ургийн овогт Нийн Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Н.Н нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 10 сарын хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдэж, хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Н.Н нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 255.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлж буюу шүүгдэгч Б.Баас 127.500 төгрөг, шүүгдэгч Н.Нгээс 127.500 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай. 

            6. Шүүгдэгч Б.Б, Н.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Самсунг Эс-7 загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Бд буцаан олгож, 1 ширхэг дэвтрийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.МӨНХСАЙХАН