Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваагийн Уранчимэг |
Хэргийн индекс | 139/2018/00098/И |
Дугаар | 87 |
Огноо | 2018-02-13 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
О.М-ийн ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 2 сарын 1-ний өдөр хүлээн авч, 2018 оны 2 сарын 8-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч О.М
Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн Хулд суманд 1968 онд төрсөн, эмэгтэй, 50 настай. Би 1983 оноос Дундговь аймгийн Техник туслалцааны барилгын 6-р трестэд 1991 оны 6 сарыг хүртэл туслах ажилтан, үйлчлэгчээр ажиллаж байсан юм. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлчихсэн, ажилд орсон гарсан тушаал архиваас бүрэн олдохгүй байгаа тул шүүхэд дээрх жилүүдэд ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан юм. Иймд намайг Дундговь аймаг дахь Техник туслалцааны барилгын 6-р трестийн дэргэдэх Ханын материалын үйлдвэрт 1983 оны 8 сарын 1-нээс 1989 оны 5 сарын 17-ныг хүртэл туслах ажилтнаар, 1989 оны 5 сарын 17-ноос 1989 оны 12 сарын 31-нийг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.М нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч О.М-ын хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, холбогдох зарим баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 1 сарын 30-ны өдрийн 98 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Гэрч М.С : “ ... О.М 1983 онд Дундговь аймгийн ТМС-ийг төгсөөд 1983 оны 7 сараас Дундговь аймаг дахь техник туслалцааны 6-р трестэд туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 1991 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд туслах ажилчин, үйлчлэгч зэрэг ажлуудыг хийж байсан. Би тухайн үед Дундговь аймаг дахь техник туслалцааны 6-р трестэд 1964 оноос 1991 он хүртэл цехийн мастераар ажиллаж байсан юм ...” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Ц :“... О.М нь Дундговь аймгийн ТМС-ийг төгсөж ирээд Дундговь аймаг дахь техник туслалцааны 6-р трестэд 1983 оноос 1989 оныг дуустал туслах ажилчин, үйлчлэгчээр ажиллаж байсан. Би тус трестэд гагнуурчинаар ажиллаж байсан юм. Бид нэг байгууллагад хамт ажилладаг байсан. Трестийн ханын материалын үйлдвэрт бас ажилласан...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.А : “...О.М нь 1983 оноос 1989 оны хооронд Дундговь аймаг дахь техник туслалцааны 6-р трестийн дэргэдэх Ханын материалын үйлдвэрт нормчин, үйлчлэгчээр ажиллаж байсан. Би тухайн үед Ханын материалын үйлдвэрт боловсон хүчинээр ажиллаж байсан юм. Бид хамт ажиллаж байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байгаа юм...” гэх мэдүүлэг,
2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2018 оны 1 сарын 30-ны өдрийн 98 дугаартай “ Тус архивын сан хөмрөгт байгаа Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрт 1983 оны 8 сарын 1-нээс 1991 оны 6 сарын 31-нийг дуустал ажилчнаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тухай баримт байхгүй байгаа тул О овогтой М-д холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна. Ханын материалын 1983, 1989 оны О.М-д холбогдох баримтыг эх материалаас хуулбарлан хүргүүлэв” гэх тодорхойлолт,
3.Дундговь аймаг дахь ТТБ-ын 6-р трестийн дэргэдэх Ханын материалын үйлдвэрийн даргын 1983 оны 12 сарын 7-ны өдрийн 56 дугаартай “Хөдөлмөрийн норм үнэлгээг мөрдүүлэх, бригадыг шинэчлэн байгуулах, тусгай коментатурын ажилчдыг ажилд томилох тухай” тушаалд “О.М-ыг 4-р ээлж, мастер Л-ийн бригадад томилсон “ тушаалын хуулбар, хавсралт,
4.Барилгын материалын үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа Дундговь аймгийн Ханын материалын үйлдвэрийн даргын 1989 оны 5 сарын 17-ны өдрийн 99 дугаартай “О.М-ыг ажилчдын сувилалд үйлчлэгчээр 5 дугаар сарын 17-ноос эхлэх ажиллуулсугай гэх бичилттэй тушаалын хуулбар,
5. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 1 сарын 30-ны өдрийн 08/87 дугаартай “Дундговь аймгийн Барилга угсралтын 6-р трест нь удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1991 оны 1 сарын 29-нд Барилгын нэгтгэл болон улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байсан байна. Тус аймгийн Ханын материалын үйлдвэр нь 1991 оны 40 сарын 30-нд улс бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1996 оны 04 сарын 27-нд “Дээд буян” ХК болж өөрчлөгдсөн болно” гэх тодорхойлолт,
6.О.М-д 1981 оны 9 сарын 1-ний өдөр олгосон 554006 дугаартай “1980 оноос 1991 оны 06 сарыг дуусталх хөдөлмөрийн хөлсний бичилттэй” Монголын Үйлдвэрчний эвлэлийн Гишүүний бат илэрхийлэх,
7.Х овогт О.М-ийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар баримтууд болно.
Дээрх бичгийн баримтуудаар О.М нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дундговь аймаг дахь Техник туслалцааны барилгын 6-р трестийн дэргэдэх Ханын материалын үйлдвэрт 1983 оны 8 сарын 1-нээс 1989 оны 5 сарын 17-ныг хүртэл туслах ажилтнаар, 1989 оны 5 сарын 17-ноос 1989 оны 12 сарын 31-нийг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О.М нь Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Дундговь аймаг дахь Техник туслалцааны барилгын 6-р трестийн дэргэдэх Ханын материалын үйлдвэрт 1983 оны 8 сарын 1-нээс 1989 оны 5 сарын 17-ныг хүртэл туслах ажилтнаар, 1989 оны 5 сарын 17-ноос 1989 оны 12 сарын 31-нийг дуустал үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.УРАНЧИМЭГ