| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0664/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/677 |
| Огноо | 2018-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/677
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
шүүгдэгч И.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808020440643 дугаар хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Толгойтын ** дугаар гудамж, ** тоотод оршин суух,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 130 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 5 сарын хорих ял шийтгүүлсэн, А овогт И-ын А /РД:*****/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч И.А нь 2018 оны 4 дүгээр сарын 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнх-Эрдэнийг “таксины мөнгө нэхлээ” гэх шалтгааны улмаас зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд, доод зовхинд хөх өнгийн цус хуралт, духанд зулгарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч И.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 800.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1808020440643 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.М: “2018 оны 4 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнийн 01 цагийн үед өөрийн авто машинаар таксинд халтуур хийгээд явж байхад үл таних эмэгтэй, эрэгтэй хоёр хүн гар өргөхөөр нь зогсоод “хаашаа явах юм” гэхэд “1-р хороолол орно” гээд суусан. Тэгээд явах замдаа “1-р хороолол орохоо болилоо, Цэргийн хотхонд байдаг буудалд орно” гэхээр нь цэргийн хотхонд буудлын гадаа очиход хаасан байсан тул буцаад явна гээд явсан. Тэгээд Нарангийн голын ойролцоо ирээд “хаана буух вэ, 5000 төгрөг гарч байна” гэхэд эрэгтэй нь “чи надаас мөнгө нэхдэг хэн юм” гээд араас толгой руу цохихоор нь “чи яаж байгаа юм бэ” гээд цахилгаан бороохой гаргаж ирээд дуугаргатал нөгөө залуу “чи яах гээд байгаа юм” гэснээ машинаас буугаад жолоочийн талын хаалга онгойлгоод намайг сууж байхад үснээс зулгааж татаад нүүр, толгой уруу 2-3 удаа гараараа цохисон. ...А надаас уучлалт гуйж эмчилгээний төлбөр, хохирлыг барагдуулсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-5-7/,
Гэрч Э.Х-гийн: “Би архи уусан байсан болохоор согтоод ухаан орж гараад байсан. ...Ухаан ороод хартал А ахын гэрийн гадаа ирчихсэн А нь жолоочийн талын хаалгыг онгойлгочихсон жолоочтой нь зодолдоод байж байсан. Хэн хэнийгээ хэрхэн зодож цохисон эсэхийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-12-14/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2018.04.16-ны өдрийн 5009 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.М-н биед тархи доргилт, зүүн дээд доод зовхинд хөх өнгийн цус хуралт, духанд зулгарал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-19/,
“Шүүгдэгч И.А-ын яллагдагчаар өгсөн: “2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр манай эхнэр Э-гийн төрсөн өдөр болоод 19 цагийн орчим караоке бааранд найзуудынхаа хамт орсон. Согтоод өөрийн ухаанаа алдаад нэг мэдэхэд гэрийнхээ гадаа ирсэн байсан. ...Жолоочийн утсаар ярих гээд утсыг нь гуйхад өгөхгүй уурлаад маргалдахад жолооч цахилгаан бороохой гаргаж ирээд дуугаргаад “таксиныхаа мөнгөө өгөөд машинаас буу гэхээр” нь “за за больё, очоод мөнгийг чинь өгчихье” гээд гэрийнхаа гадаа очоод машинаас буугаад жолоочийн талын хаалгыг онгойлгон татаад зүүн нүдэн тус газар гараараа цохисон. Машиных нь түлхүүрийг булаагаад автал нөгөө жолооч залуу машинаасаа буугаад зугатаагаад явчихсан. Хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-30/,
ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт /хх-38/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33, 39/, хохирогчийн хүсэлт /хх-42/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч И.А нь 2018 оны 4 дүгээр сарын 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.М-ийг “таксины мөнгө нэхлээ” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд, доод зовхинд хөх өнгийн цус хуралт, духанд зулгарал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.М “...жолоочийн талыг хаалга онгойлгоод намайг сууж байхад үснээс зулгааж татаад нүүр, толгой уруу 2-3 удаа гараараа цохиж...” гэх мэдүүлэг /хх-7/, гэрч Э.Х-ы “...А нь жолоочийн талын хаалгыг онгойлгочихсон жолоочтой нь зодолдоод байж байсан...” гэх мэдүүлэг /хх-13-14/, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2018.04.16-ны өдрийн 5009 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Б.М-н биед тархи доргилт, зүүн дээд доод зовхинд хөх өнгийн цус хуралт, духанд зулгарал тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно” гэх дүгнэлт /хх-19/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч И.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн гаргасан “Надад учирсан хохирлыг төлж барагдуулсан. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-42/-ийг үндэслэн шүүгдэгч И.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч И.Аын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 310 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог боловч бичгийн нотлох баримтаар үүнийгээ нотолж чадахгүй байгаа. Машины кузов засварладаг, орлогоороо эхнэр, хоёр хүүхдээ тэжээдэг зэрэг ар гэрийн байдал болон торгох ялыг төлөх боломжтой гэдгээ илэрхийлж байгааг харгалзан хамт торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэр бүлийн байдал/-ыг тус тус харгалзан шүүгдэгч И.Ат 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх төдийгүй гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүрээнд шүүгдэгч П.Б-ын үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй юм.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, И.А урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт И-ын Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Аыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Аыг торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, И.А бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол И.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР