Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 88

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Я.М-ийн малчинаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 2 сарын 1-ний өдөр хүлээн авч, 2018 оны 2 сарын 8-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Я.Б

Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Я.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1960 онд төрсөн, 58 настай. Улсад 23 жил ажилласан. Үүнээс 3 жил цэргийн алба хаасан. 1980 оноос 2000 оныг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэл, Үйзэн бригадад мал малласан. 1991-2000 оныг дуустал  нийгмийн даатгалаас нөхөн төлөлтөөр олгосон 10 жилийг малчнаар ажиллаж байснаа шүүхээр тогтоолгох ирэхийг нийгмийн даатгалаас шаардсан. Сайнцагаан сум, Мандалговь сум 2 нийлэх явцад малчин байсныг нотлох зарим баримт, малын “А” данс устсанаас шүүхээр 1991-2000 онд малчинаар ажиллаж байснаа тогтоолгох гэсэн юм. Холбогдох нотлох баримтуудыг үндэслэн 1991-2000 онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Я.Б  нь малчинаар ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч  Я.Б-ийн малчинаар ажиллаж байх үеийн малын А данс архивын сан хөмрөгт байхгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч М.О : “...Я.Б  нь 16 настай мал дээр гараад цэргийн албанд явсан. Цэргээс 1981 онд ирээд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчин болж байсан. Түүнээс хойш 1990 оныг дуустал нэгдэлд ажилласан, одоо ч малчин байгаа хүн. Би тус нэгдэлд 1970 оноос 1993 оны хооронд малчинаар ажиллаж байсан ...” гэх мэдүүлэг,

 Гэрч С.И : “... Я.Б  нь цэргээс ирээд 1981 оноос Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчин болж байсан. Манайхан нэг нутгийн хүмүүс байгаа юм. Я.Б  нь 1981 оноос эхлэн 1991 он хүртэл тасралтгүй ажилласан. Би тухайн үед тус нэгдэлд малчинаар ажиллаж байсан юм    ...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.М : “..Би 1983 оноос Сайнцагаан сумын Мандах нэгдэлд малчин болж байсан. Намайг малчин болоход Я.Б  нь Мандах нэгдэлд малчинаар ажиллаж байсан. Бага мал малласан хүн байдаг байсан. Түүнээс хойш нэгдэл тарах хүртэл буюу 1991 он хүртэл малчинаар ажилласан. Бид нэг нэгдэлд, нэг бригадад малчин байсан учраас энэ хүний нэгдэлд малчин байсныг нь мэднэ  ...” гэх мэдүүлэг, 

2.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 2 сарын 1-ний өдрийн 08/103 дугаартай “ Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн малчин  Я.М нь 2009 он хүртэлх хугацаанд мал бүхий иргэний албан татвар төлж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 1 сарын 31-ний өдрийн 08/91 дугаартай “ Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэл нь 1956 оны 2 сарын 15-нд байгуулагдан 1991 оны 4 сарын 24-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд 1994 оны 6 сарын 13-нд Мандах ББХКомпани болон өөрчлөгдөж үйл ажиллагаа явуулж байсан болно” гэх тодорхойлолт,

4.Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4-р багийн Засаг даргын 2018 оны 1 сарын 26-ны өдрийн “ Я  овогтой Б  нь Үйзэн багт ам бүл 3-уул, оршин суудаг,1981 оноос хойш тасралтгүй мал маллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт,

5.Тагнуулын Ерөнхий Газрын Тусгай архивын 2013 оны 08 сары 28-ны өдрийн 02/4504 дугаартай ”Я.М нь Дундговь аймгаас НАХЯ-ын сайдын 1978 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 337 дугаар тушаалаар цэрэгт татагдаж, 0182 дугаар ангид алба хаагаад  мөн сайдын 1981 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 558 дугаар тушаалаар халагджээ” гэх тодорхойлолт,

6.Я.М-ийн НДД №А 0693509 дугаартай  нийгмийн даатгалын дэвтрийн №0815000988 дугаартай Баталгаажуулалтын хуудсанд “ Я.М нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг  хангасан тул  ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 10 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав” гэх бичилттэй бөгөөд Иргэн / даатгуулагч/-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэлд “1991 оны 01 сараас 2000 оны 12 сарын дуустал” гэх бичилттэй нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар,

7.Дундовь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс Я.М-д 1980 оны 6 сарын 15-нд олгосон “ 1981, 1982, 1985-1990 оны хөдөлмөрийн хөлс, Мандах нэгдлийн даргын 1981 оны 7 сарын 30-ны өдрийн 45 тоот тушаалаар 1981 оны 8 сарын 1-нээс Үйзэн бригадын малчнаар томилон ажиллуулав, Мандах нэгдлийн даргын 1990 оны 12 сарын 31-ний өдрийн 109 тоот тушаалаар 1990 оны 12 сарын 31-нээс Үйзэн бригадын малчнаас чөлөөлөв” гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар,   

8.Сайнцагаан сумын 4-р багийн иргэн Я.Б-ийн 2000 оны Мал тооллогын материал /карт/-ын нотариатаар батлуулсан хуулбар,

9.Я.Б-ийн иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар баримтууд болно.

 

Дээрх бичгийн баримтуудаар  Я.Б-ийн Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1991-2000 онд малчинаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Я.Б нь 1991 оноос 2000 онд Дундговь аймгийн Сайнцагаан суманд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ