| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0679/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/707 |
| Огноо | 2018-08-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/707
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Жамъяндагва,
шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Дг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808021470680 дугаар хэргийг 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ...... дугаар сарын .......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., ................... хамт .............. аймгийн ............. сум, 1 дүгээр баг, .............. гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Э овогт Б-ын Д /РД:......../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, ..... ....... дугаар гудамж, ...... тоотод оршин суух иргэн Н.С-ийн Хаан банкны картыг хулгайлан, картнаас 1130.000 төгрөг уншуулан авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
Мөн өдөр “Хөдөө явах болсон тул мөнгө шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Ч.Д-аас “Хаан” банкны 5276**** дансаар 228.000 төгрөг залилан авсан гэмт хэргийг тус тус үйлдсэний улмаас иргэн Н.С-эд нийт 1358.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогчийг картыг авсан, өөрийнхөө карттай андуураад авсан байсан. Даариймаа уруу цахим зурвас бичээд мөнгө авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 1808021470680 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Н.С-ийн: “2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр танил Д ...17 цагийн орчимд ирсэн. ...Д өөрийнхөө картыг манай охин Одончимэгт өгөөд гаргасан. Манай охин картны дугаар хэд вэ гэж асуухад “9999” гэж хэлэхэд манай охин ээжийн карттай ижилхэн өнгөтэй, ижил кодтой юм байна гэж хэлсэн. Охиноо гарахад нь би өөрийнхөө картыг өгөөд “бэлэн гурил аваад ир” гэж бас өгсөн. ...Намайг сэртэл миний гар утсанд зарлагын мессежнүүд ирсэн байсан. Үзтэл 380.000 төгрөгөөр 1 удаа зарлага гарсан байсан. Охиноосоо картаа асуутал энгэрийн халаасанд нь байгаа гэсэн. Үзэхэд байхгүй байсан. ...Охины тайлаад тавьсан яакны халааснаас миний картыг аваад явсан байсан. Би нэг хүнээс авлагатай байсан, мөнгөө авах гэтэл миний утсыг авахгүй болохоор нь Д-гийн утасны дугаараас залгатал авсан. Тэгээд түүн рүү мөнгөө авъя гэхэд дансны дугаараа явуулчих гэж байсан. Би охиноороо өөрийнхөө утсаар дансны дугаараа явуулсан. Тэгтэл Д өөрийнхөө утаснаас өөрийнхөө дансны дугаарыг явуулаад замаас нь мөнгө авчихсан байсан. Би Д рүү залгатал “аваагүй” гэж хэрүүл хийгээд байсан. Тэгээд утсаар ярьж байгаад авсан гэдгийг хэлүүлсэн. Д-г манайд ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан ба Д 112.000 төгрөг бэлнээр буцааж өгсөн. Тэгээд “Ялалт” дээр очоод дүүгийнхээ гэрээс 180.000 төгрөг бас авч өгсөн.
...Д гэдэг хүнээс би 528.000 төгрөгийн авлагатай байсан. Д хажууд сууж байхдаа сонсоод өөрийнхөө утаснаас өөрийнхөө дансыг Даариймаа руу явуулаад 280.000 төгрөгийг авчихсан байсан. Д 500.000 төгрөгөөр, 480.000 төгрөгөөр, 150.000 төгрөгөөр карт уншуулж нийт 1.358.000 төгрөгийн хохирол учруулсан. 912.000 төгрөгийг надад буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-6-7, 34-35/,
Насанд хүрээгүй гэрч Б.О-гийн: “...ээж Д эгчийн утсаар Даариймаа эгчтэй ярьж мөнгө нэхсэн. ...Мөнгө төгрөг өгөлцөж авалцахаар болоод ээж өөрийнхөө утаснаас Даариймаа эгч рүү өөрийнхөө дансны дугаарыг явуулсан. Д эгч бүгдийг мэдсэн болохоор гэрээс гараад ээжийн нэрийг бариад “Соёлоо байна, наад данс руугаа битгий хий, энэ данс руу хий” гээд өөрийнхөө дансны дугаарыг явуулсан байсан. Маргааш нь ээж Д эгч рүү залгаад “Та мөнгө хийнэ гэсэн яасан бэ” гэж ярьсан чинь Д эгч “9034*** гэсэн дугаараас “Түрүүний данс руу битгий хийгээрэй. Энэ данс руу хий. Би яаралтай хөдөө гараад явж байна” гэсэн мессэж ирсэн. Тэгээд чамайг хамгийн сүүлд энэ дугаараас ярьсан болохоор сүүлийн ирсэн данс руу нь 228.000 төгрөг хийсэн” гэж хэлж байсан. Тэгээд манай ээж Д эгчийг мөнгө авсан гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-37/,
Гэрч Я.Д-гийн: “Би С-эд 528.000 төгрөг өгөх ёстой байсан. Би он сар өдрийг нь санахгүй байна 9034*** гэсэн дугаараас над уруу залгаад “та мөнгөө хий, энэ миний дансны дугаар, мессэжээр явуулъя” гэж хэлсэн. Тэгэж байтал нэг утаснаас “энэ данс руу мөнгө хий, би хөдөө явахаар болчихлоо” гэсэн утгатай мессэж бичсэн. Би өөрийнхөө утаснаас мобайл банкаар явуулсан. Би буруу данс уруу мөнгө хийсэн гэдгийг маргааш нь мэдсэн. Соёл- Эрдэнэ залгаад “та мөнгөө яасан бэ” гэж надаас асуусан. Тэгэхээр нь би “чиний явуулсан данс уруу чинь хийсэн” гэж хэлсэн чинь “Өө та буруу данс уруу хийсэн байна, миний өмнөөс өөр хүн дансаа тань руу явуулсан байна, би тэр хүнийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн” гэж надад хэлсэн. Би Д гэдэг хүнийг танихгүй” гэх мэдүүлэг /хх-39-40/
Шүүгдэгч Б.Д-гийн яллагдагчаар өгсөн: “Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 4 дүгээр сарын дундуур танил С-ийн гэрт очсон. Би С-ийн охинд өөрийн картыг өгч явуулаад 1 том пиво авчруулсан, пивоо уугаад С-э унтаад өгсөн. Би сууж байтал орон дээр С-ийн охины жинсэн хүрэм байсан ба энгэрийн халаасанд нь “Хаан банк”-ны карт цухуйчихсан байхаар нь авч гараад “Тэнгис” кино театрын дотор байдаг “АТМ”-д картыг уншуулаад 500.000 төгрөг, 480.000 төгрөг, 150.000 төгрөгийг уншуулж авсан. Үүний дараа С-ий данс уруу орох байсан Д-гаас шилжүүлсэн 228.000 төгрөгийг өөрийн данс уруу шилжүүлүүлээд нийтдээ 1358.000 төгрөг авсан. Нийтдээ 900.000 төгрөгийг нь буцаагаад өгсөн. Би мөнгөгүй байсан болохоор С-эд мөнгө их байгаа гэж бодоод хулгай хийсэн. ...С-ийн охиныг пивонд явуулахдаа өөрийн дансны кодыг хэлсэн чинь охин “ээжийн картны кодтой адилхан юм байна” гэж хэлсэн. Тэгээд би мэдэж авсан. ...Би С-ий найз Даариймаа уруу “би хөдөө явахаар боллоо. Энэ данс уруу мөнгө явуул” гэж өөрийн дансыг мессэжээр бичсэн. Даариймаагаас 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 18 цаг 15 минутанд 228.000 төгрөг орж ирсэн. Би авсан мөнгөөрөө гэртээ ойр зуурын юм авсан байгаа. Өөр зарцуулсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-30-31/,
өргөдөл /хх-3/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-13/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-18/, хохирогчийн хүсэлт /хх-25/, хохирогчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-41/, шүүгдэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-42-43/, хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-53/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ..... дугаар гудамж, ..... тоотод оршин суух иргэн Н.С-ийн “Хаан” банкны картыг хулгайлан, 1.130.000 төгрөг уншуулан авсан,
Мөн өдөр тухайн газарт “Хөдөө явах болсон тул мөнгө шилжүүл” гэж иргэн Ч.Даариймаагаас “Хаан” банкны 5276*** дансаар хохирогч Н.С-эд шилжүүлэх 228.000 төгрөгийг залилан авсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Н.С-ийн “...Д охины тайлаад тавьсан яакны халааснаас миний картыг аваад явсан байсан. Д өөрийнхөө утаснаас өөрийн дансны дугаарыг явуулаад замаас нь Даариймаагаас 280.000 төгрөгийг авчихсан байсан. Д 500.000 төгрөгөөр, 480.000 төгрөгөөр, 150.000 төгрөгөөр карт уншуулж нийт 1.358.000 төгрөгийн хохирол учруулсан. 912.000 төгрөгийг надад буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-6-7, 34-35/, насанд хүрээгүй гэрч Б.О-ийн “...Д эгч бүгдийг мэдсэн болохоор гэрээс гараад ээжийн нэрийг бариад “Соёлоо байна, наад данс руугаа битгий хий, энэ данс руу хий” гээд өөрийн дансны дугаарыг явуулаад мөнгө авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-37/, гэрч Я.Д-гийн “...9034*** гэсэн дугаараас над уруу залгаад “та мөнгөө хий, энэ миний дансны дугаар, мессэжээр явуулъя” гэж хэлсэн. Тэгэж байтал “энэ данс руу мөнгө хий, би хөдөө явахаар болчихлоо” гэсэн утгатай мессэж бичсэн. Би өөрийнхөө утаснаас мобайл банкаар явуулсан. Би буруу данс уруу мөнгө хийсэн гэдгийг маргааш нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-39-40/, шүүгдэгч Б.Д-гийн яллагдагчаар өгсөн “...Би сууж байтал орон дээр С-ийн охины жинсэн хүрэм байсан ба энгэрийн халаасанд нь “Хаан банк”-ны карт цухуйчихсан байхаар нь авч гараад “Тэнгис” кино театрын дотор байдаг “АТМ”-д картыг уншуулаад 500.000 төгрөг, 480.000 төгрөг, 150.000 төгрөгийг уншуулж авсан. Үүний дараа С-ий данс уруу орох байсан Даариймаагаас шилжүүлсэн 228.000 төгрөгийг өөрийн данс уруу шилжүүлүүлээд нийтдээ 1358.000 төгрөг авсан. Би мөнгөгүй байсан болохоор С-эд мөнгө их байгаа гэж бодоод хулгай хийсэн...” гэх мэдүүлэг /хх-30-31/, хохирогчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-41/, шүүгдэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-42-43/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Д-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.С-эд 1.358.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирогчийн “...912.000 төгрөгийг надад буцааж өгсөн. ...446.000 төгрөг төлөгдөөгүй байгаа ч нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг /хх-34-35/, шүүхэд энэ талаар мэдэгдсэн тухай тэмдэглэлийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлсөн байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар ялаас чөлөөлөх эсхүл тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шунахай сэдэлтээр үйлдсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэр бүлийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 700 цагаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Д-гийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 3 /гурав/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон, нийт 24 цагийг эдлэх ялаас хасахаар шийдвэрлэж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э овогт Б-ын Д-г хулгайлах болон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 700 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Д-гийн урьдчилан хоригдсон 3 /гурав/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийт 24 /хорин дөрөв/ цагийг эдлэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР