Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0257

 

2016 оны 4 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0257

Улаанбаатар хот

Т.Г-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 73 дугаар шийдвэртэй, Т.Г-н нэхэмжлэлтэй, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хууль зөрчсөн үйлдлийг тогтоож, зөрчигдсөн эрхийг сэргээн өгч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч Т.Г, болон түүний өмгөөлөгч Р.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1 дэх заалтад Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. гэж заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага буюу тухайн нутаг дэвсгэрийн хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нутаг дэвсгэрийн төрийн удирдлагыг Нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлж, шаардлагатай тохиолдолд Хурлын шийдвэрт хориг тавих онцгой эрхтэй. Энэхүү Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгчийн бүрэн эрхийг Үндсэн хуулиас салбарлан гарсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нарийвчлан зохицуулж өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүй болон Захиргааны эрх зүйн онол-практикт бүрэн эрхийг эрх ба үүргийн нэгдэл гэж үздэг бөгөөд нутгийн удирдлагын болон төрийн удирдлагын байгууллагын аливаа албан тушаалтан хуулиар бүрэн эрхийг хамааруулснаас бусад ямар ч эрхийг эдэлдэггүй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтад Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах;, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй. гэж заасны дагуу эрхээ хэрэгжүүлэхэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий төлөөлөгчдийн эрхийг зөрчсөн буюу хуульд заасан эрхийн дагуу асуудал хэлэлцүүлэхээр оруулах гэтэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэсэн хариу өгсөн нь хуульд заасан эрхээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий төлөөлөгч нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудлыг оруулсан. Тус асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хүлээж аваад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулах үүрэгтэй. ... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ. гэж заасан байдаг. Энэ заалт хуульд заасан хоёр субъект хамтраад Засаг даргын огцруулах асуудлыг шийдвэрлэнэ гэсэн агуулгатай байгаа. Харин хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ гэж заасан. Тус заалт нь Засаг даргын огцруулах асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дангаараа шийдвэрлэх боломжтой заалт байгаа. ...Харин хоёр дахь журмын хувьд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга буюу дээд шатны Засаг дарга болох Ерөнхий сайд Нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан үндэслэл байгаа эсэхийг хянаж үзээд эрх бүхий этгээдэд нь саналыг хүргүүлж шийдвэрлүүлдэг журам юм. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий төлөөлөгчдийн санал оруулж байгаа асуудлыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан үндэслэл байгаа эсэх талаар ердийн журмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх ёстой. Яагаад гэвэл, Нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудал нь дээрх гурван журмын 1, 3 дахь журамд хамаарахгүй. Хоёр дахь журамд Засаг даргыг огцруулах саналыг зохих шатны хурал дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад гаргана гэсэн зохицуулалт байдаг. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал санал гаргахын тулд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ердийн журмаар асуудлыг хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрээ гарган, Ерөнхий сайдад уламжилдаг журам бөгөөд уг журмын дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд, Засаг дарга хууль зөрчсөн эсэх асуудлыг дотооддоо шийдвэрлээд зөрчсөн гэж үзвэл тус саналаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх журмын дагуу асуудал хэлэлцүүлэх байсан. Ердийн журмаар хэлэлцэх асуудлыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан үндэслэлээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэдэн ч төлөөлөгч, хэдэн ч удаа асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах эрхтэй. Энэ эрх нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан эрхтэй холбогдож байна гэж үзэж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулах гэж байгаа тохиолдолд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хүлээж авахаас татгалзах ямар нэгэн эрх зүйн үндэслэл байхгүй. Энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлээр зохицуулагдсан бөгөөд 22.1.3-т тэргүүлэгчид, хороо, түр хороо, төлөөлөгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах ажлыг зохион байгуулалтын удирдлагаар хангах, 22.1.4-т эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан байна. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8-д заасан тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах, засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэх саналыг Хуралд оруулах гэж заасан үүргээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хэрэгжүүлэх ёстой байсан. Харин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх дотор Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн оруулсан саналыг хүлээн авахаас татгалзах гэсэн эрх, үүрэг байхгүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн оруулсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах, Засаг даргатай холбоотой асуудлыг шууд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэгтэй байна. Иймд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий төлөөлөгчдөөс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Засаг даргыг огцруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Б-д даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий Төлөөлөгчдөөс Нийслэлийн Засаг даргыг огцруулах утга бүхий албан бичгийг нийт 45 төлөөлөгчөөс нэр бүхий 12 төлөөлөгчийн гарын үсэгтэйгээр өргөн барьсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8 дахь заалтад Хурлын дарга тухайн шатны Засаг даргыг ...огцруулах ...хүсэлтийг хүлээж авах эсэх саналыг Хуралд оруулах; гэж заасан хэдий ч мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ гэж заасан учраас дээрх асуудлыг гарын үсэг зурсан Төлөөлөгчдийн тоо гуравны нэгээс доошгүй гэсэн шаардлагыг хангаагүй учраас хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүйг мэдэгдсэн болно. Харин Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8-д тухайн шатны Засаг даргыг ...огцруулах ...хүсэлтийг хүлээж авах эсэх саналыг Хуралд оруулах талаар заасныг зөрчиж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга эрхээ хэтрүүлсэн гэж шүүх тогтоосон тохиолдолд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллахад татгалзах зүйлгүй болно. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8 дахь заалтад тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах, Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэх саналыг Хуралд оруулах гэж Хурлын даргын нийтлэг бүрэн эрхийг заасан хэдий ч тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ. гэж нарийвчлан зааж өгсөн. Нийслэлийн Засаг даргыг огцруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо нь 15 төлөөлөгчид хүрээгүй болно. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 төлөөлөгч гарын үсэг зурсан бол тус санал, тогтоолын төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагыг хангах байсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12 төлөөлөгч гарын үсэг зурсан байсан тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагыг хангаагүй. гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 73 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.4, 22.1.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэхээр хүргүүлсэн саналыг Хуралд оруулахгүй байгаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий төлөөлөгчдөөс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хуралд өргөн барьсан Нийслэлийн Засаг даргыг огцруулах тухай тогтоолын төслийг хуралдаанаар хэлэлцүүлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: ... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийг баримтлан захиргааны хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийг шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг баримтлан шийдсэн боловч тус хуулийн 79, 90 дүгээр зүйлийг зөрчиж, захирамжийг өнөөдөр хүртэл бичгээр гаргаагүй ба хариуцагчийн захирамжид гомдох эрхийг эдлүүлээгүй болно.

Шүүгч таны хүсэлтийг 74 дүгээр зүйлийг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ, давж заалдах гомдол гаргах эрхтэй гэсэн атлаа та захирамж, шийдвэр хоёртоо зэрэг гомдоорой гэж хэлээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь шүүгчийн ёс зүйн хувьд болоод хууль зөрчсөн алдааг гаргаж, шийдвэр гаргасан нь тус шүүх хуралдаан илт процессын алдаатай болсон.

Мөн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 73 дугаар шийдвэрийг 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бичгээр гаргаж, гардуулсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийг зөрчсөн байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжид гомдол гаргах эрхийг хангаагүй, түүнчлэн хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Т.Г нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, 22.1.8 дахь заалтыг зөрчсөн үйлдлийг тогтоож, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр бүхий Төлөөлөгчдөөс 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хуралд өргөн барьсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бг огцруулах тухай тогтоолын төслийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан[1] байх ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1919 дүгээр захирамжаар түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч, захирамжид гомдол гаргахаа мэдэгдсэн[2] байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид хамтад нь гомдол гаргах эрхтэй гэж тайлбарлаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхийг хязгаарласан, мөн шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах талаар мэдэгдсэн байхад бичгээр гаргасан захирамжийг хэргийн оролцогчдод гардуулж өгөөгүй нь хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй.

Түүнчлэн Т.Г-н нэхэмжлэлийг шүүгч Б.А 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч[3], 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 8263 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн[4]. Гэтэл хэрэг шилжүүлсэн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гараагүй байхад шүүгч Л.Ө уг хэрэгт үргэлжлүүлэн ажиллагаа явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 62 дугаар зүйлийн 62.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянаж, дүгнэлт өгөх боломжгүйд хүргэж байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.2, 88.3.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 73 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ