Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 119

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Халиун даргалж,

нарийн бичгийн дарга О.Болормаа,  

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Ц.Балгансүрэн, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэвэлсүрэнгийн Балгансүрэнд холбогдох эрүүгийн 201525031837 дугаартай 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Санзай овгийн Цэвэлсүрэнгийн Балгансүрэн, 1969 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймаг Дэлгэрхангай суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дундговь аймаг Дэлгэрхангай сум, 3 дугаар баг, Ар Шавагтай гэх газар оршин суух хаягтай,

1989 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн 2 дугаар хэсгийн Ардын шүүхийн дугаар 2/5 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар, 153 дугаар зүйлийн 2-т зааснаар нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

1992 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн шүүхийн дугаар 17 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

1995 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дундговь аймгийн шүүхийн дугаар 245 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

1998 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 9 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-2 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 4 жилийн  хугацаагаар хорих ялаар,

2003 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сум дундын шүүхийн дугаар 16 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 137 дугаар шүүгчийн захирамжаар түүнд оногдуулсан хорих ялыг нэмэлт өөрчлөлт орсон Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ялын хэмжээнд нийцүүлэн 3 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, мөн өдөр суллагдсан, регистрийн дугаар ЗД69072617.

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/;

Шүүгдэгч Ц.Балгансүрэн нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-796 тоот хохирогч Д.Түвшинжаргалын гэрт нэвтрэн орж Панасоник маркийн 32 инчийн телевизор, ДДШ хүлээн авагч, ДВД тоглуулагч зэргийг хулгайлж нийт 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Ц.Балгансүрэн нь давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо 35 дугаар байрны гражид нэвтрэн орж хохирогч Х.Ганцэцэгийн хураалттай байсан цахилгаан тоолуур, 25 мм хэмжээтэй кабель утас, индүү, эмэгтэй хүний савхин куртик, богино савхин куртик, ОК нэрийн 1 кг-ын угаалгын нунтаг, ОК нэрийн эдийн саван 7 ширхэг, гудасны гадар даавуу, шаазан аяга 3 ширхэг, шаазан таваг, даалуу, орны аравч, эрэгтэй ботинк, хаалганы зүүдэг цоож 2 ширхэг, ажлын даавуун бээлий 7 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 415.400 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 795.400 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Балгансүрэн мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 86 дугаар байранд гражийн жижүүрээр ажилд орсон. Тэгэхэд дарга Баярмаа нь Цолмон гэх хүний хамт ирж ажил хүлээлгэж өгсөн. Би хохирогч Д.Түвшинжаргалын гэрт орсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин хохирогч Х.Ганцэцэгийн эд зүйлээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би 5 ширхэг эд зүйл буюу тоолуур, индүү, улаан эрээн бүтээлэг, хөнжлийн даавуу, хар ботинк зэргийг 2016 оны 02 дугаар сарын 14-ний орой авсан. Мөн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Х.Ганцэцэг нь нөхрийн хамт ирээд улаан тор дүүрэн зүйл авч явсан. Тэгсэн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ирээд хураалттай байсан эд зүйлээс алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр намайг цагдаад барьж өгсөн. Намайг хоригдоход хохирогч зөндөө эд зүйл нэмсэн байсан. Одоо өгөөгүй эд зүйлээс тоолуур, индүү хоёр л байгаа. Харин бусад эд зүйлээ хохирогч буцаан авсан. Мөн эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талуудын саналаар дараах бичгийн нотлох баримтуудыг уншиж сонсгох замаар шинжлэн судлав.     

Хохирогч Д.Түвшинжаргал мэдүүлэхдээ: “...би 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 08:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Хувьсгалчдын Г-796 тоотоос манай эхнэр Шинэбаяр гэрээсээ гарч ажилдаа яваад орой 18:00 цагийн үед гэртээ ирэхэд нь манай гэрээс 32 инчийн Панасоник маркийн телевизор, МНВС хүлээн авагч төхөөрөмж, DVD тоглуулагч зэрэг эд зүйл алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед манай эхнэрийн гэрт хамаатны ах Балгансүрэн нэг эмэгтэй хүнтэй ирж хоноод өглөө нь хамт гарсан байсан. …Манай эхнэрийн ах Балгансүрэнг сэжиглэж байна. Тэр ах өмнө нь хулгайн хэргээр шоронд орж байсан гэсэн. Балгансүрэн нь сүүлийн хэд хоног тэр хавиар эргэлдээд манай гэрт хэд хэдэн удаа ирж хоносон. …Манай гэрээс алдагдсан эд зүйл болох Панасоник маркийн 32 инчийн хар өнгийн гадаргуутай телевизор нь гадна хэсэгтээ ямар нэгэн онцлог содон шинж байхгүй. Уг телевизорийг 2015 оны 07-р сард BSB дэлгүүрээс шинээр нь 499.000 төгрөгөөр худалдан авч байсан. Харин МНВС хүлээн авагчийг 2015 оны 10-р сард шинээр нь 100.000 төгрөгөөр худалдан авч байсан. Мөн хар өнгийн гадаргуутай DVD тоглуулагчийг 2015 оны 8-р сард Бөмбөгөр худалдааны төвөөс шинээр нь 45.000 төгрөгөөр худалдаж авсан…” гэжээ /хх-21-22/.

Хохирогч Х.Ганцэцэг мэдүүлэхдээ: “...Манай гэр бүл хөдөөнөөс нүүж ирээд 2015 оны 09 дүгээр сарын 01-нээс БГД-ийн 8 хороо 35-р байрны жижүүрээр ажилд орсон. Нөхөр хүүхэд бид 3 орцондоо жижүүрийн байранд амьдрах болсон тул өөрийн гэр /монгол/ дээвэр, туурга, доторх тавилга эд зүйлийг хураах газар олдохгүй байсан тул СӨХ-ийн дарга Баярмаагийн зааж өгснөөр БГД 19-р хороо 85-р байрны доор автомашины грашид, шитний өрөөнд гэрээ эд зүйлийн хамт хураасан. Уг шитний өрөөний түлхүүр нь 85-р байрны жижүүр Лхагваад байдаг, бид хэрэг гарахаараа түлхүүр аваад шитний өрөөнд ордог байсан. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 14-нд уг гараашийн манаачаар Балгансүрэн гэдэг хүн ажиллах болсон. 02 дугаар сарын 21-ний өдөр гэрийнхээ эд зүйлийг бүрэн байгаа эсэхийг үзэхээр ирээд Лхагваагаас түлхүүр авч ортол авдаранд байсан ихэнх зүйл алга болсон байсан. Тэгэхээр нь жижүүр Балгансүрэнгийн гэрт ороход манай авдаранд байсан улаан эрээн өнгийн орны бүтээлэг, ягаан өнгийн хөнжлийн даавуу зэргийг орондоо дэвсэж хэрэглэсэн, нөхрийн маань өмсдөг хар өнгийн ботинкыг үүдэндээ тайлж тавьсан, эрээн өнгийн шаазан аяга, таваг нь байж байсан. Яагаад манай юмнуудыг авсан юм гэхэд эгч маань өгсөн юм.  Чиний юм биш гээд уурласан. Тэгэхээр нь 2 дугаар сарын 15-аас 16-ны өдрийн хоорондох 85-р байрны бичлэгийг шүүж үзэхэд 2 дугаар сарын 16-нд шилжих шөнө 04 цагийн үед Балгансүрэн манай гэр хураалгаатай байгаа шитний өрөө рүү ороод хэсэг хугацааны дараа буцаж өөрийнхөө өрөө рүү орж том цагаан уут авч шитний өрөө рүү орсон, удалгүй цагаан уут дүүрэн зүйл аваад уг өрөөний зүүн талд байх шатаар дээшээ гарч өөр орцоор гарч ирээд буцаад өөрийнхөө орц руу ороод гэртээ орсон байна лээ…” гэжээ /хх-84-86/.

Хохирогч Х.Ганцэцэг 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдөр дахин мэдүүлэхдээ: “…Би 02 дугаар сарын 5-ны өдөр шитний өрөөнд ирээгүй, харин 02 сарын 21-ний өдөр хураалттай гэрээсээ /шийтний өрөөнд байгаа/ нөхрийнхөө цагаан ултай гутал, хар куртик, хүүхдийнхээ 2 цамцыг авах гээд ирсэн. Эдгээр хувцас шитний өрөөнд хувцасны шкафанд байсан тул би юмнуудаа аваад гарсан. Маргааш нь Балгансүрэнгийн өрөөнд ортол манай авдаранд байсан улаан эрээн өнгийн даавууг хөнжилдөө хийсэн, улаан эрээн бүтээлгээр ороо бүтээсэн, нөхрийн маань хар өнгийн ботинк үүдэнд, мөн аяга таваг зэрэг зүйл ил байхаар нь гайхаж харчихаад, шитний өрөө рүү орж авдаранд байсан зүйлээ үзтэл улаан эрээн модон 3 авдаранд байсан өмнөх байцаалтанд  хэлсэн бүх зүйл алга болсон байсан. Тэгэхээр нь буцаж Балгансүрэн рүү ороод яагаад авдаранд байсан юмнууд танайд байгаа юм гэхэд манай эгч надад өгсөн юм гээд гүрийгээд байсан ба авдаранд байсан юмнууд танайд байгаа юм гэхэд манай эгч надад өгсөн юм гээд гүрийгээд байсан ба авдаранд байсан шинэ ажлын цагаан бээлийнүүдийг ээлжлээд өмсөөд байсан… Балгансүрэн 02 дугаар сарын 16-наас хойш байнга л согтуу байсан гэсэн, манай юмнуудыг зарж үрээд архи уугаад байсан биз…” гэжээ /хх-87-88/.

Гэрч М.Ганболд мэдүүлэхдээ: “...Манайх Баянхонгор аймгаас 2015 оны 8 сард хотод шилжиж ирсэн. 2016 оны 01  дүгээр сараас эхнэр бид 2 БГД-ийн 8-р хороо 35 дугаар байрны жижүүрээр ажилд орох болоод өөрсдийн амьдарч байсан монгол гэрээ доторх эд хогшлын хамт БГД 19 дүгээр хороо 85 байрны автомашины гражид байрлах шитний өрөөнд хураасан. Энд гэрийн мод бүрээс, 3 ширхэг авдар, 1 тумбочик, 1 хувцасны шкаф, усны том сав, зуух яндан зэрэг гэрт хэрэглэж байсан бүх л эд зүйл тэнд байсан. Авдартаа хувцас хунар болон аяга таваг, ор хөнжлийн даавуу орны бүтээлэг зэрэг эд зүйлээ хийж хадгалсан байсан. Энэ өрөөний түлхүүр нь сая Хөвсгөл аймаг руу яваад аваарт орчихоод байгаа 85 дугаар байрны жижүүр ахад байсан ба тэд хөдөө явах болоод түлхүүрээ гражийн манаач Балгансүрэнд үлдээсэн байсан. 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эхнэр бид 2 гэрийнхээ эд зүйлийг эргэж тойрохоор 85 дугаар байранд ирж шитний өрөөний түлхүүрийг Балгансүрэнгээс авах гээд орсон, түлхүүрээ авчихаад гарахад эхнэр маань эднийд манай орны хэрэглэл, орны бүтээлэг, аяга таваг байхын гэхээр нь юу гэж дээ чи буруу харсан юм болов уу гээд өрөөнд ороод авдраа онгойлгож үзэхэд ихэнх юмнууд алга болсон байсан…” гэжээ /хх-89-90/.

Мөн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-75/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-19/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-23/, эд зүйлийн үнэлгээ /хх-24, 97/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Балгансүрэн нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүрэг 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-796 тоот хохирогч Д.Түвшинжаргалын гэрт нэвтрэн орж Панасоник маркийн 32 инчийн телевизор, ДДШ хүлээн авагч, ДВД тоглуулагч зэргийг хулгайлж нийт 380.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо 35 дугаар байрны гражид нэвтрэн орж хохирогч Х.Ганцэцэгийн хураалттай байсан цахилгаан тоолуур, 25 мм хэмжээтэй кабель утас, индүү, эмэгтэй хүний савхин куртик, богино савхин куртик, ОК нэрийн 1 кг-ын угаалгын нунтаг, ОК нэрийн эдийн саван 7 ширхэг, гудасны гадар даавуу, шаазан аяга 3 ширхэг, шаазан таваг, даалуу, орны аравч, эрэгтэй ботинк, хаалганы зүүдэг цоож 2 ширхэг, ажлын даавуун бээлий 7 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 415.400 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 795.400 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Д.Түвшинжаргал, Х.Ганцэцэг, гэрч М.Ганболд нарын мэдүүлгүүд болон сэжигтэн, яллагдагчаар Ц.Балгансүрэнгийн үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Балгансүрэнг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Д.Түвшинжаргал нь “…алдагдсан зүйлсээ бүрэн хүлээж авсан тул Ц.Балгансүрэнд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн болохыг дурьдав.

Мөн хохирогч Х.Ганцэцэг нь өөрт учирсан хохирлоо мөрдөн байцаалтын шатанд тогтвортой мэдүүлсээр ирсэн бөгөөд түүний мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлэв. Иймд хохирогч Х.Ганцэцэгт учирсан хохирлыг эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнгээр олгохоор шийдвэрлэв. Ингэхдээ хохирогч Х.Ганцэцэгийн буцаан авсан эрэгтэй ботинк /30.000 төгрөг/, хөнжлийн даавуу /8.000 төгрөг/, орны бүтээлэг /6.500 төгрөг/ зэргийн үнийг хасч, үлдэх 370.900 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Балгансүрэн нь 2003 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сум дундын шүүхийн дугаар 16 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар тус шийтгүүлж, 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 137 дугаар шүүгчийн захирамжаар түүнд оногдуулсан хорих ялыг нэмэлт өөрчлөлт орсон Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ялын хэмжээнд нийцүүлэн 3 жилийн хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, мөн өдөр суллагдсан бөгөөд тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байдал дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Ц.Балгансүрэнд ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Санзай овгийн Цэвэлсүрэнгийн Балгансүрэнг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч Ц.Балгансүрэнг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Балгансүрэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Балгансүрэнгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 201 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Балгансүрэнгээс 370.900 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Ганцэцэгт /РД: ВД73090902/ олгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН