Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 123/ШШ2020/0036

 

2020 оны 09 сарын 07 өдөр Дугаар Зуунмод сум

123/ШШ2020/0036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Т

Хариуцагч: Төв аймгийн Ссумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Ссумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Н.Тт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Төв аймгийн Ссумын Засаг дарга нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулаагүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тухайн газрыг өөр байршилд, олгох гэрээ байгуулахыг Төв аймгийн Ссумын Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, түүний өмгөөлөгч Л.А, хариуцагч Төв аймгийн С сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж, М.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Иргэн Н.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Төв аймгийн Ссумын нутаг дэвсгэрт тус сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/403 дугаар захирамжийн үндсэн дээр анх Р.Э гэдэг хүнд олгогдсон байсан 5 га газраас 2.5 га газрыг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 15 жилийн хугацаатайгаар газрын даамал М.Аззаяагийн гарын үсэгтэй, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар эзэмших 000000033 дугаар бүхий гэрчилгээг шилжүүлэн авч 2 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

Түүнээс хойш зураг төслийн баримт бичиг боловсруулах, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр хөрөнгө оруулагчтай санамж бичиг байгуулах, эскиз зураг зуруулах болон бусад бэлтгэл ажлыг хийж байтал Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолоор Шинэ нисэх буудлын ойролцоох иргэн, аж ахуй нэгжүүдийн газруудыг тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гарснаар газар дээр ямар нэгэн ажил хийх боломжгүй болсон юм. Гэвч төсөл, эскиз зураглалаа нарийвчлан боловсруулах бэлтгэл ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж 2015, 2016 оны 5 га газрын төлбөрөө төлж 2017 оноос хойш газрын асуудал шийдвэрлэсний дараа төлбөрөө төлөх нь зохимжтой гэж үзсэн.

Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхцалтай байсан газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэгдэх талаар Барилга байгуулалтын яаманд хандахад 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03/2718 тоот албан бичгээр Төв аймаг, Нийслэл болон Барилга хот байгуулалтын яам тус асуудлаар гурвалсан гэрээ хийж, гэрчилгээжүүлэх талаар бэлтгэх ажил хийгдэж байна гэсэн хариу өгсөн билээ.

Үүний дагуу 2019 оны 10 дугаар сард Төв аймгийн газрын албанд газрынхаа асуудлыг тодруулахаар очоод С сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжаар тусгай хэрэгцээнд авсан газарт давхцалтай, газрын төлбөр төлөөгүй, газар дээрээ барилга бариагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг 1 жил хагасын өмнө цуцалсан байсныг олж мэдсэн. Энэ шийдвэрээ эргэн харж нааштай шийдвэрлэж өгөхийг хүсч өргөдлөөр сумын Засаг даргад хандахад 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02/294 дугаар албан бичгээр манай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол та шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсэн хариу өгсөн билээ.

Уг асуудлыг шүүх дэх бус захиргааны журмаар шийдвэрлэх боломжийг хайж Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасны дагуу дээд шатны байгууллага болох аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан. Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/336 тоот албан бичгээр татгалзсан хариу гарсныг Улсын онцгой комиссоос тогтоосон цар тахлын гамшгийн өндөржүүлсэн зэрэглэл-д шилжүүлсний улмаас 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр биечлэн очиж авсан.

Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон С сумын Засаг даргын 2018 оны А/113 тоот захирамжийг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна. Тус газрыг улсын тусгай хэрэгцээнд авах зорилготой байсан атал бодит байдалд нийцээгүй газрын төлбөр төлөөгүй, газар дээрээ барилга бариагүй гэсэн үндэслэлүүдийг баримталсан.

2. Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг зөрчин 2016 оны 9 дүгээр сард байгуулсан гэрээний хуанлийн 2 жилийн хугацаа дуусаагүй байхад урьдчилан мэдэгдэлгүй шийдвэр гаргасан.

3. Захиргааны Ерөнхий хуулийн 26 болон 27 дугаар зүйлийг зөрчин урьдчилан мэдэгдээгүй бидний оролцоог хангаагүй.

4. Монгол Улсын Дээд Шүүхийн тайлбарт газрын эзэмшигч нь тухайн газартаа зориулалтын дагуу зураг төсөл боловсруулан судалгаа шинжилгээ гүйцэтгэснийг үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга байгууламж эрхэлсэнд тооцож ойлгоно гэснийг зөрчсөн.

5. 2015, 2016 оны газрын төлбөрийг төлсөн байхад төлөөгүй гэсэн үндэслэл баримталсан.

6. Сумын Засаг даргын А/113 дугаар захирамжийн 2 дугаар заалтад газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон талаар холбогдох иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэж газар эзэмших гэрээг зохих журмын дагуу цуцлахыг Ссумын газрын даамал М.Аззаяад, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Цэвэлсүрэн нарт даалгасугай гэж заасны биелүүлээгүй. Шийдвэрийг бидэнд мэдэгдээгүйгээс хугацаа алдсан, эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол учруулсан. Иймд Засаг даргын Газрын тухай хуулийг үндэслэж гаргасан захиргааны акт нь хууль зөрчсөн, хуулийн үндэслэл нь бодит байдалд үндэслэгдээгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Төв аймгийн Ссумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Н.Тт холбогдох хэсгийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Үүнээс хойш тус газар дээрээ үйл ажиллагаа явуулахаар зураг төслийн баримт бичиг боловсруулах, эскиз зураг зуруулах, хөрөнгө оруулагчтай санамж бичиг байгуулах зэрэг ажлууд хийж байсан. Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолоор нэмэлт 1400 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарсан. Энэ тусгай хэрэгцээний газар нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газарт хамаарч байгаа. Үүнтэй холбогдуулан бидний зүгээс Барилга, хот байгуулалтын яаманд амаар болон бичгээр холбогдож байсан. 2019 оны 09 дүгээр сарын үед Төв аймаг дээр ирж маргаан бүхий захирамж гарсан талаар мэдсэн. Маргаан бүхий захирамжтай холбогдуулан Ссумын Засаг даргад хандсан боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Үүний дараа Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалд хандахад бас хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсний дагуу Төв аймгийн Ссумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахтай холбоотой харилцааг хуульчилсан байдаг. Маргаан бүхий актыг гаргахдаа дээрх хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг огтхон ч хийгээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж магадгүй этгээдэд зохих ёсны тайлбар гаргах эрхээр хангаагүй нь маш ноцтой алдаа болсон. Мөн тухайн шийдвэрийг гаргахдаа дээрх хуулийн 43.1-д заасны дагуу захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Мөн хуулийн 46.1-д зааснаар тухайн актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан. Гэтэл маргаан бүхий актыг мэдэгдээгүй. Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээний 5.2-т заасан үүргээ биелүүлээгүй. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоол гарснаас хойш 6 сарын дараа газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ гарсан. Газар эзэмших эрх үүссэний дараа газар дээрээ тусгайлан заасан үйл ажиллагааг явуулах үүднээс холбогдох байгууллагуудаас баримт бичгүүдийг цуглуулах ажиллагаа явуулж байсан. Тусгай хэрэгцээнд авсан Засгийн газрын тогтоолын нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн газрыг цуцал гэсэн шийдвэр гаргаагүй. Тухайн тогтоол гарч маргаан бүхий газар нь тусгай хэрэгцээнд авагдсан учир тогтоол гарсан өдрөөс хойш газрын төлбөр төлөх үүргийг нэхэмжлэгч хүлээх ёсгүй. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх, сонсох ажиллагааг хийж, оролцогчийг тайлбар гаргах эрхээр нь хангасан бол нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулахаар хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдэх боломж байсан. 2016 онд Геодези зураг зүйн газрын судалгаа ирсний дагуу нэхэмжлэгчийн газрыг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа ч нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ гарсны дараа 1 сарын дараа л дээрх судалгаа ирсэн. 1 сарын дараа ирсэн баримтын дагуу нэхэмжлэгчийг 2 жил дараалан газраа ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэж үзэх боломжгүй. Геодези зураг зүйн газраас ирүүлсэн бичигт нэхэмжлэгч Н.Тийн газрыг цуцлах гэсэн тодорхой зүйл байхгүй. Зөвхөн давхцалтай нэгж талбарын тоо 127 л гэж заасан. Эдгээр 127 иргэн, аж ахуйн нэгжээс 77 иргэн, аж ахуйн нэгжийн газрыг өөр газраар сольж, нөхөн олговор олгох ёстой гэсэн судалгаа гаргасан. Нэг судалгаа гаргаад цаашид ажиллагаа хийхийг сумын Засаг даргад даалгасан болохоос биш яг цуцал гэсэн зүйл байхгүй. Засгийн газраас 2017 оны тусгай хэрэгцээний газартай давхцалтай этгээдийн судалгааг гаргаж Зууны мэдээ сониноор дамжуулан олон нийтэд ил болгосон. Харин маргаан бүхий акттай холбоотой Сумын Засаг даргын зүгээс сониноор зарлуулсан зүйл байхгүй. Газар эзэмших захирамж, гэрчилгээг үндэслэж гэрээ хийгддэг. Гэрээний дагуу газар эзэмших эрх үүсэж газрын төлбөр төлөх үүрэг хүлээдэг. Гэтэл Засгийн газрын тогтоол гарсны дараа буюу 6 сарын дараа газар эзэмших гэрээ гарсан. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 11 сард ийм ажиллагаа явагдаж байгааг олж мэдсэнээр холбогдох байгууллагуудаас лавлагаа хүссэн. Барилга хот байгуулалтын яамнаас тухайн асуудлыг сумын Засаг дарга зохих журмын дагуу шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. Зохих журмын дагуу хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, энэ журмыг үндэслээд нөхөх олговортойгоор солих тухай асуудал яригдана. Засгийн газар газрыг тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол гаргасан учраас зөвхөн газрыг солих л ажиллагаа хийгдэнэ. Тийм учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Хуульд заасан солих ажиллагааг хийгээгүй гэдэг нь тогтоогдож байна гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Ссумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, О.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн хуулийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтаар хүчингүй болгосон тул Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан нөхөн олговор үүнд хамаарахгүй болно. Н.Т нь 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/403 тоот захирамжаар тус сумын нутаг 4-р багийн Номон далайд гэх газар үйлдвэр үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж эхэлсэн боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтын дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол, 2016 оны 154 дүгээр тогтоолын дагуу Олон улсын нисэх онгоцны зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд орсон. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 42 дугаар зүйл, 43 дугаар зүйлийг зөрчсөн гэсэн нь дараах зүйлүүдээр үгүйсгэгдэж байна. Үүнд: Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасны дагуу Зууны мэдээ сонины 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 232 дугаар хэвлэлд хэвлүүлж, иргэн аж ахуйн нэгжид мэдэгдсэн. Н.Т нь 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/403 тоот захирамжаар Р.Эаас үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 2.5 га газрын эрх шилжүүлж авсан боловч Газрын тухай хуулийн 40.1.5 эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасны дагуу 2018 оны А/113 тоот захирамжаар хүчингүй болгосон. Н.Т-ийн газар эзэмших гэрчилгээг 2018 оны А113 тоот захирамжаар хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн дагуу хүчин төгөлдөр захиргааны акт гэж үзэж байна. Иймд Н.Т-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Н.Т нь Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Н.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Төв аймгийн С сумын Засаг даргын Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулаагүй эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тухайн газрыг өөр байршилд олгохоор гэрээ байгуулахыг Төв аймгийн С сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалт, Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус үндэслэн Ссумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол, 2016 оны 154 дүгээр тогтоолоор авсан 12000 га газартай давхцалтай, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад дурдсан үндэслэлээр захирамжийн 3 дахь заалтаар нэхэмжлэгч Н.Тийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ[1].

Төв аймгийн С сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/403 дугаар захирамжаар иргэн Р.Эы үйлдвэр үйлчилгээний зориулалттай 5 га газраас 2.5 газрыг Н.Т-т үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна[2].

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 140 дугаар тогтоолоор Төв аймгийн С сумын Хөшгийн хөндийд баригдах Олон улсын нисэх онгоцны буудал-ын зориулалтаар 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авчээ. Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Тусгай хэрэгцээний газрын хилийн зааг-ийг өөрчилж тогтоосон байх бөгөөд ийнхүү өөрчлөгдсөний улмаас нэхэмжлэгч Н.Т-ийн эзэмшлийн 2.5 га газар нь тусгай хэрэгцээний газартай давхацсан байна. Энэ нь Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01/736 тоот албан бичигт хавсаргаж ирүүлсэн[3] зураглал болон Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 07/636 дугаар албан бичиг[4] лавлагаагаар нотлогдоно.

Нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/403 дугаар захирамжаар эзэмшүүлж, улмаар 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Н.Т-т гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ[5] олгож, мөн өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ[6] байгуулсан байна.

Иргэн Н.Т-т газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулах үед түүний газар улсын тусгай хэрэгцээнд авагдсан байх бөгөөд тухайн үед Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 154 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх эсхүл Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулж ажиллах ёстой байжээ.

Улмаар нэхэмжлэгч хууль ёсоор олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг үндэслээд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Мортон евразия ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг[7], 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Эн Би Инженеринг ХХК-тай Зураг төсөл боловсруулах гэрээ[8], Улаан толгой хайрхан ХХК-тай хөшиг төвийн барилгын эскиз зураг боловсруулах гэрээ[9] зэргийг тус тус байгуулж, газар дээрээ хөрөнгө оруулалт хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т нь удаа дараа Н.Т-ийн эзэмшлийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан асуудлаар, үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар Барилга хот байгуулалтын яаманд хандаж байсан нь Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03/2718 дугаар албан бичиг[10] гэрч Б.Г-ын мэдүүлгээр тус тус нотлогдоно.

Иймд Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор маргаан бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан учир хариуцагчаас нэхэмжлэгчийг тусгай хэрэгцээнд орсноос хойш үеийн газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасны дагуу төлөөгүй гэж буруутгах үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагчийг газар эзэмших эрхийг цуцлахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хийгээгүй гэж тайлбарлан маргаж байна. Харин хариуцагчаас Зууны мэдээ сонины 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 232 дугаар хэвлэлд[11] газар эзэмших захирамж хүчингүй болгож байгаа талаар мэдээлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж зааснаар сонсох ажиллагаа хийсэн гэж тайлбарлаж байна.

Зууны мэдээ сонины 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 232 дугаар хэвлэлд Засгийн газрыг 2010 оны 140 дүгээр тогтоол болон 2016 оны 154 дүгээр тогтоолоор батлагдсан улсын тусгай хэрэгцээний газартай давхцалтай иргэн, аж ахуй нэгжүүдийн жагсаалт гэж гарчиглан иргэн, аж ахуйн нэгжүүдийн нэрсийг жагсаан дурджээ. Энд нэр дурдагдсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар нь улсын тусгай хэрэгцээнд давхцалтай гэсэн боловч давхцалтай газрыг хэрхэн шийдвэрлэх, газар эзэмших эрхийг хүчингүй болгох эсэх талаар дурдаагүй байна.

Иймд захиргааны байгууллагаас сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Төв аймгийн С сумын Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж эрх ашиг нь хөндөгдөж буй Н.Тийн оролцоог хангаж тайлбар баримтыг судалж үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэл нь бодит байдалд нийцээгүй, нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул Төв аймгийн Ссумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ...эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж зааснаар хүчингүй болгож, шүүх шийдвэрлэлээ.

Мөн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.8. хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмыг баримталж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгч уг газарт их хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ссумын нутаг дэвсгэрт бусдад эзэмшүүлээгүй, ашиглуулаагүй газар байгаа гэх тайлбарт үндэслэн Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт Энэ хуулийн 42.2-т заасан Засгийн газрын шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авна гэж заасны дагуу Төв аймгийн Ссумын Засаг даргын гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, иргэн Н.Тт 2.5 га газрыг бусдад эзэмшүүлж, ашиглуулж, өмчлүүлээгүй өөр газраар солих гэрээ байгуулахыг Төв аймгийн Ссумын Засаг даргад даалгаж, шүүх шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8 дахь заалт, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Н.Тт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Төв аймгийн Ссумын Засаг даргын гэрээ байгуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, иргэн Н.Тийн 2.5 га газрыг өөр газраар солих гэрээ байгуулахыг Төв аймгийн Ссумын Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Т-т 2.5 га газрыг бусдын эзэмшил, ашиглалт, өмчлөлд олгогдоогүй өөр газар эзэмшүүлсэн захирамж гаргаж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгох ажиллагааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ сарын дотор хийж гүйцэтгэхийг Төв аймгийн Ссумын Засаг даргад үүрэг болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн С сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Тт олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 6 хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 53-р хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 57, 67 хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 109-108-р хуудас

[5] 1-р хавтаст хэргийн 10-р хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 11-12-р хуудас,

[7] 1-р хавтаст хэргийн 17-р хуудас,

[8] 1-р хавтаст хэргийн 18-р хуудас,

[9] 1-р хавтаст хэргийн 22-р хуудас,

[10] 1-р хавтаст хэргийн 8-р хуудас,

[11] 1-р хавтаст хэргийн 54-56 хуудас