Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/709

 

                       

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Мийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808002230527 дугаар хэргийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ...... дүгээр сарын .......-ний өдөр ............ аймгийн ............ суманд төрсөн, .... настай, эрэгтэй, ................... боловсролтой, багш мэргэжилтэй, “Л” ХХК-д ерөнхий менежер ажилтай, ам бүл ..., эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ........ дүгээр хороо, ............... дугаар гудамж, ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ын М /РД:............./.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.М нь 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ....... хотхоны ......... дугаар байрны дундах автомашины зогсоолд байрлуулсан иргэн Б.Б-гийн эзэмшлийн **-** *** улсын дугаартай “Хонда Сивик” маркийн машины урд гупер, нүүр, копуд, хаалга, арын салхины шилийг хууль бусаар устгаж гэмтээн 1820.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 31-ний өглөө машинаа зогсоолд тавьсан. 22 цагийн үед машинаа авах гэхэд хохирогч машинаа миний машины урд хөндлөн тавьсан байсан. Тэгээд хүмүүстэй нийлж уг машиныг холдуулсан. Архи уусан байсан, уурандаа салхины шилийг нь хагалсан. Бусад гэмтлийг би учруулаагүй, олуулаа нааш цааш хөдөлгөхөд л гэмтээсэн байх. Урд талыг буферийг өшиглөсөн” гэв.

 

Эрүүгийн 1808002230527 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Б-гийн: “2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би найз Анарын гэрт тариулахаар очсон. Тариагаа тариулаад 02 цаг 30 минутын үед гарч ирэхэд миний машин байсан байрнаасаа 2 метрийн цаана хөдөлсөн байсан. Урд номерийг суурьтай нь хугалаад жийчихсэн, урд талын буфер унасан, хагарсан байдалтай, арын салхины шил хагарсан байсан. Тэгээд би юу болсон юм бол гээд гайхаад байж байтал 7 дугаар байрны 6 давхраас нэг хүн орилоод “таны машиныг 3 хүүхэн, 3 залуу эвдчихсэн, согтуу баахан хараагаад байсан. Тухайн залууг “хүний машин яаж байгаа юм бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм” гээд хар приус машинд суугаад явсан...  

Урд капутны ирмэг бага зэрэг хонхойсон, урд нүүр /капот, буфер хоёрын дунд байдаг/ хагарсан, урд буфер нааш цааш нь татаж чангаасны улмаас наашаа бүлтэрч гараад түгжээ нь тасарч мултарсан байсан. Машины 4 хаалга өшиглөсний улмаас сэв зураастай болсон. Урд номер татаж чангаагдсаны улмаас суурь нь хугарч номер нь хажуугийн машины дор байсан. Зүүн толины нугас ажиллагаагүй болсон. Үнэлгээний байгууллага миний хохирлыг 1.820.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Би гэхдээ машиныхаа хойд шилийг 450.000 төгрөгөөр авч, 80.000 төгрөгөөр наалгасан. Би М-тай ярилцаж тохиролцсоны үүднээс 500.000 төгрөг нэхэмжилсэн” гэх мэдүүлэг /хх-10-11, 12, 14-15/,

Гэрч Б.А-ын: “Найз Б- гэрт тариа хийлгэхээр ирсэн. Тариа хийлгэчихээд хамт гарсан чинь найзын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд салхины шилийг хагалсан, урд буферыг өшиглөж хагалсан, копудыг жийж хонхойлгоод, урд номерыг салгаад хаячихсан байсан. Хилчин хотхоны СӨХ-ны камерыг шүүж үзсэн чинь *** УБИ улсын дугаартай хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 17 цагийн үед зогсоол руу орж байгаа бичлэг байсан” гэх мэдүүлэг /хх-17-18/,

Гэрч Г.М-ын: “...Шөнө унтах гээд хэвтэж байтал гадаа хүмүүс шуугилдаад орилолдоод байсан. Цонхоор харахад машины зогсоол дээр хэдэн залуу, хүүхэн орилолдоод өөрийн машиныг гаргах гээд байгаа бололтой байсан. Тэгсэн нэг залуу тоосго аваад таглаад тавьчихсан байсан машины арын цонх уруу шидчихсэн чинь тоосго нь дотогш машин уруу уначих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-19-20/,

Гэрч Г.М-гийн: “...Орой 22 цагаас хойш цагийг нь тодорхой сайн санахгүй байна М, Э нар гэрт орж ирсэн. Тэр хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн нэлээд согтолттой байсан. Тэр хоёр манай гэрээс гарч явчихаад нэлээд байж байгаад над уруу М залгаад “та гурав гараад ир машин холдуулаад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүүгээ найзтай нь дагуулаад гараад очтол Мийн **-** *** гэсэн дугаартай “Приус 20” машиныг нэг машин ирээд таглаад тавьчихсан байхаар нь бид нар бөөндөө хажуу талаас нь бага багаар өргөсөөр байгаад холдуулсан. Би хоёр дүүтэйгээ орох гэж байтал М уурлаад “энэ муу машины цонхыг хагалчихъя, чулуу байна уу” гээд яриа болоод байсан. Би болиулах гээд гараас нь татаад байсан чинь тухайн тээврийн хэрэгслийн арын салхины шилийг хагалчихсан. Би хоёр дүүтэйгээ гарч ирэхэд М Э нар тухайн таглаж тавьсан тээврийн хэрэгслийн дугаарыг хэлээд “жолооч нь байна уу” гээд орилоод байсан. Нэлээд удаан тэнд орилж байсан байх. Бид нар хэдэн талаас нь өргөж нааш цааш нь түлхэж, татаж чангааж холдуулсан. Энэ үед машинд янз бүрийн сэв суулгасан байж магадгүй” гэх мэдүүлэг /хх-23-24, 26/,

“Арвижих-Эстимейт” ХХК-ийн үнийн тухай тодорхойлолтод: “5 нэр төрлийн эд зүйлийг нийт 1.820.000 төгрөг” гэж үнэлжээ /хх-27-28/,

Шүүгдэгч Б.Мийн яллагдагчаар өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сарын 30-ны өглөө **-** *** улсын дугаартай “Приус 20” маркийн автомашинаа М-ийн байрны гадаа орхиод явсан. Орой 23 цагийн машиныг авахаар очсон. Миний машиныг хөндөлсөөд саарал өнгийн “Хонди Сивик” машин тавьсан байсан. Тэр машины утасны дугаар харагдахгүй байсан. Тэгэхээр нь 19001234 гээд лавлахаас утсыг нь олж авсан. Залгахад утас нь холбогдохгүй байсан. Би Этай уг машиныг өргөөд хажуу тийш шидэж холдуулах гэж үзээд дийлээгүй. Би “Хонда сивик” машины дугаарыг хэлээд “машины эзэн нь байна уу” гээд нэлээд орилж хашгирч дуудсан боловч гарч ирээгүй. ...Би гэнэт уур хүрээд газраас чулуу аваад цонхыг нь хагалсан. ...Би чулуу шидэж машины шилийг хагалснаа зөвшөөрч байна. Автомашины урд буфер, хойд салхины шил, нүүр, капот, хаалга зэргийг би согтуу байсан уурандаа ганц нэг өшиглөж, гараараа цохисон. Би гэмшиж байгаа, хохирлоо төлж барагдуулна” гэх  мэдүүлэг /хх-42-43/,

тээврийн хэрэгслийн эвдрэлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-30-31/, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-32, 33/, “Л” ХХК-ийн тодорхойлолт /хх-66/, банкны тодорхойлолт /хх-73/, хохирогчийн хүсэлт /хх-107, 108/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.М согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 6, 7 дугаар байрны дундах автомашины зогсоолд байсан иргэн Б.Б-гийн эзэмшлийн **-** *** улсын дугаартай “Honda civic” маркийн машины урд буфер, нүүр, капот, хаалгыг гэмтээж, хойд салхины шилийг хагалж устгасан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Б-гийн “...Миний машин байсан байрнаасаа 2 метрийн цаана хөдөлсөн байсан. Урд номерыг суурьтай нь хугалаад жийчихсэн, урд талын буфер унасан, хагарсан байдалтай, арын салхины шил хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-11-12, 14-15/, гэрч Б.Аын “…Найзын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд салхины шилийг хагалсан, урд буферыг өшиглөж хагалсан, копудыг жийж хонхойлгоод, урд номерыг нь салгаад хаячихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-18-19/, гэрч Г.Мын “...Нэг залуу тоосго аваад таглаад тавьчихсан байсан машины арын цонх уруу шидчихсэн чинь тоосго нь дотогш машин уруу уначих шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-19-20/, гэрч Г.Мгийн “...М уурлаад “энэ муу машины цонхыг хагалчихъя, чулуу байна уу” гээд яриа болоод байсан. Тэгэхээр нь би болиулах гээд гараас нь татаад байсан чинь тээврийн хэрэгслийн арын салхины шилийг хагалчихсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/, эд зүйлийн үнэлгээ /хх-27-28/, шүүгдэгч Б.Мийн мэдүүлэг “...Гэнэт уур хүрээд би газраас чулуу аваад цонхыг нь хагалсан...” гэх мэдүүлэг /хх-43/ болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д 1.820.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол /хх-28/ учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хохирогчийн “...М-аас 500.000 төгрөг бэлнээр хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-108/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа зөвшөөрч байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйл байхгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн-тээврийн хэрэгслийг зогсоолд зохих ёсоор тавиагүй/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг гэх “Л” ХХК-ийн тодорхойлолт/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгч Б.Мийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Мийг эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 600.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.М бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР