Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 89

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг би

Т.М-ын нэхэмжлэлтэй,

 “Ү” ХХК-д холбогдох нэмэгдсэн өртгийн албан татвар 1337070 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.М т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Ү  ” ХХК-ий барьж ашиглалтанд оруулсан 12 айлын орон бууцны барилгын 2 давхрын 7 тоот 63.67м2 бүхий 2 өрөө байрыг худалдан авахаар тус компанитай 2016 оны 5 сарын 20-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээ байгуулсан билээ. Байрны үнэ 66853500 төгрөгийг Захиалгын гэрээний 2.4-т заасан хуваарийн дагуу шилжүүлж, төлбөрийг бүрэн төлсөн. Хариуцагч компани нь НӨАТ-ын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-т заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэлх хувийг буцаан олгох баримтыг олгоогүй байна. Иймд 66853500 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хувь болох 1337070 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.М  нь шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие “Ү ” ХХК-иас 1337070 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. “Ү ” ХХК нь 30000000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Үлдэгдлийг буцаан олгохоор тохиролцсон тул би нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т.М  нь “Ү ” ХХК-д  холбогдуулан нэмэгдсэн өртгийн албан татвар 1337070 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36343 төгрөгөөс 18170 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 18170  төгрөгийг, хариуцагчаас 18170 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Т.М-ын нэхэмжлэлтэй, “Ү ” ХХК /гүйцэтгэх захирал Б.Н /-д  холбогдох нэмэгдсэн өртгийн албан татвар 1337070  /нэг сая гурван зуун гучин долоон мянга далан/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36343 /гучин зургаан мянга гурван зуун дөчин гурван/ төгрөгөөс 18170 /арван найман мянга нэг зуун далан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,  төсвийн орлогоос 18170 /арван найман мянга нэг зуун далан/ төгрөгийг, хариуцагч “Ү ” ХХК-иас 18170 /арван найман мянга нэг зуун далан/  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.М-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай.  

 

 

 

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.УРАНЧИМЭГ