| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2018/0331/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/340 |
| Огноо | 2018-04-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Д.Ууганцэцэг,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Д-ын Б-од холбогдох 1808011610291 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д манаач ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд Архангай аймгийн шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 06 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан М овогт Д-ын Б /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Д.Ч-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Д.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Тодруулбал, Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод хамтран амьдрагч Д.Ч-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Ч-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ...нөхөр Б согтчихоод миний авга ах Д-ыг муулаад элдэв өнгөөр хэлээд байхаар нь би “чи яахаараа тэгж байдаг юм” гээд хэлчихсэн чинь хөөргөө барьж сууж байснаа босож ирээд чулуун хөөргөөрөө толгойн орой хэсэгт цохиод авах үед цохисон газраас нь цус гарсан. Яаж байгаа юм гээд гэрээс гарах гэсэн чинь гаргахгүй хөл рүү нэг удаа өшиглөж аваад миний толгойноос цус гарахыг хараад өөрөө түргэн дуудаж толгойн цус тогтоох гэж оролдож байсан. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3106 дүгнэлтэд: “...Ч-гийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 12х/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20х/
Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд байрлах “...” ХХК-ний хашаанд байрлах сахиурын гэртээ ...эхнэр Ч-тэй авга ах Д-аас болж үг сөрж эхэлсэн. Би цагаан сараар эхнэр хүүхдийн хамт тэр ахынд нь очиж хонохдоо ахтай нь хамт унтъя гэж хэлснээс болж ах нь над руу маргааш нь утсаар залгаад “чи орой надтай унтах гээд байсан юм уу, манай эхнэртэй унтах санаатай байсан юм уу” гээд залгасан юм. Би тэр үгийг нь архи уусан үедээ эхнэр Ч-д хэлсэн чинь “надад хамаагүй” гэж хэлэхээр нь би ширээн дээр байсан целлойдон биетэй улаан шаргал өнгийн хөөргийг барьж аваад толгой руу нь нэг удаа цохиод авсан чинь гэрээс гараад гүйхээр нь араас нь “наад цус нөжөө угаагаач, хаачих гээд байгаа юм” гээд нуруунд нь гараараа нэг цохиод гэртээ оруулсан. Толгойн цусыг нь угаах гэтэл угаалгахгүй байхаар нь тонгой гээд нуруунд нь нэг удаа дахин цохисон. ...Бид хоёр Ч-гийн авга ах Д-аас болж муудалцсан. Тэр хүн намайг хэл үгээр доромжлоод тэрийг нь би халамцуудаа эхнэр Ч-д хэлсэн. Түүнээс болж эхнэр Ч-г хөөрөгтэй гараар нэг удаа толгойн орой хэсэгт цохиж, нуруу, хөлийн бүдүүн гуя орчимд нэмж 1-2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18х/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.
Шүүгдэгч Д.Б нь эхнэр болох хохирогч Д.Ч-гийн биед учирсан гэмтлийг өөрийн үйлдлээр учруулснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн №3106 дүгнэлт зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаврыг ойлгосон гэх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дүгээр хэсгийн 5.1.1.“гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд / 3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нэгэн адил хамаарна./ энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдардаг болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субъект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч П.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Д.Б-ын хувийн байдлын талаар:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26, 38х/
Буман-Эрдэнэ ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 47х/
Тэрээр урьд Архангай аймгийн шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 06 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42х/-аар тогтоогдлоо.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогч Д.Ч нь шүүгдэгч Д.Б-оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан бөгөөд шүүгдэгчид гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 6-7х/
Шүүгдэгч Д.Б-ын бусдад төлөх төлбөргүйг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасны дагуу прокурор түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан “...” ХХК-д ажилладаг тухай тодорхойлолт /хх-ийн 47х/-оор тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, цалингийн хэмжээ зэргийг харгалзан 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөөргийг шүүгдэгч Д.Б нь буцаан авахаас татгалзсан /шүүх хуралдааны тэмдэглэл/ бөгөөд тус хөөргийг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг тогтоогдсон тул устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Д-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-од оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хөөргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ