Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 93

 

 

 

 

Зохигч эвлэрснийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            А.П-ын нэхэмжлэлтэй,

            ЭМТөвд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 4453893 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12  сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч А.П

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О

Хариуцагчийн төлөөлөгч Д.Д

Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч А.П  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЭМТ-ийн 2016 оны 12 сарын 9-ний өдрийн 34 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалаар намайг эрхэлж байсан ажлаас минь чөлөөлж, миний бие ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэн тус шүүхэд хандсан. Анхан шатны шүүхээс 2017 оны 4 сарын 3-ний өдрийн 122 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.  Мөн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 сарын 31-ний өдрийн 11 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн 1216 дугаар тогтоолоор намайг ажлаас үндэслэлгүй халагдсан байна гэж үзэж ажилд эгүүлэн тогтоосон билээ. Энэ хугацаанаас хойш одоог хүртэл ажилгүй явж, цалин хөлсөө аваагүй байна. Иймд 2017 оны 4 сарын 3-ны өдрөөс эхлэн 2017 оны  12 сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалин 4453893 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Д  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.П-ийг 2017 оны 11 сарын 1-нд жолоочийн ажилд томилсон байгаа. Тийм учраас нэхэмжлэгчид 2017 оны 11, 12 сарын цалинг олгох боломжгүй гэж үзэж байна.  Шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 12 сарын 20-нд 1793752 төгрөгийг олгосон. Одоо 2017 оны 4 сарын 3-наас 2017 оны 10 сарын 19-ний өдрийг дуустал хугацааны цалин болох 3433845 төгрөгийг ЭМТ-өөс олгохыг зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгчийн энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийж өгнө гэв.

Нэхэмжлэгч А.П  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийн дунджаар бодож цалин нэхэмжилсэн байгаа. 2017 оны 11 сарын 1-нд намайг ажилд томилсон боловч дахин намайг ажлаас чөлөөлсөн. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн 2017 оны 10 сарын 19-ний өдрийг дуустал хугацааны цалин болох 3433845 төгрөг олгохыг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаа 3433845 төгрөг болгон бууруулж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.П  нь ЭМТ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 4453893 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч А.П  нь ажилгүй байсан хугацааны цалин 4453893 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 3433845 төгрөг болгон бууруулж, хариуцагчийн төлөөлөгч Д.Д  нь ажилгүй байсан хугацааны цалин 3433845 төгрөгийг төлөх, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг зөвшөөрч зохигч эвлэрсан байна.

Энэхүү эвлэрлийн гэрээ нь Иргэний  хуульд  нийцсэн,  гуравдагч  этгээдийн  хуулиар  хамгаалагдсан  ашиг сонирхлыг  хөндөөгүй  байх  тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86212 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34946 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 106 дугаар  зүйлийн 106.5-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч А.П  нь нэхэмжлэлийн шаардлагаа 3433845 /гурван сая дөрвөн зуун гучин гурван мянга найман зуун дөчин таван/ төгрөг болгон бууруулж, хариуцагч ЭМТ /эрхлэгч Д.Д / нь 3433845 /гурван сая дөрвөн зуун гучин гурван мянга найман зуун дөчин таван/ төгрөгийг төлөх, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхээр эвлэрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86212 /наян зургаан мянга хоёр зуун арван хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34946 /гучин дөрвөн мянга есөн зуун дөчин зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.П-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэхүү  захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг заасугай. 

 

 

       ДАРГАЛАГЧ                              Д.УРАНЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн,

Дундговь аймгийн Адаацаг сумын 1-р баг, Тавины 6-10 тоотод оршин суух Хорин овогт Чанцалын Алтанцэцэгээс 2701491 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2015  оны 08 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.

Шүүх хуралдаанд  Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэндолгор

Хариуцагч Ч.Алтанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын 1-р багийн  иргэн Ч.Алтанцэцэг нь 2014 оны 01 сарын 20-ны өдөр “Угалз” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан”-тай зээлийн гэрээ байгуулан 3000000 төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ хугацаанд нь төлөхгүй байна. 2015 оны 08 сарын 05-ны байдлаар үндсэн зээл 2580000 төгрөг, хүү 103851 төгрөг, мөн гэрээний 2.4-т заасны дагуу торгууль 17640 төгрөг нийт 2701491 төгрөгний үлдэгдэлтэй байна. Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний 4-т заасны дагуу 2701491 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ч.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 8 сараас хойш зээлээ төлөөгүй нь үнэн. Би энэ хугацаанд орлогогүй байгаагүй, ажил хийдэг. Гэхдээ мөнгөөр орлого орохгүй байгаа юм. Олсон мөнгөө хоол хүнс, хувцас зэрэгтээ зарцуулаад дуусаад байгаа юм. Би 2701491 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 02-ноос эхлэн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-нийг хүртэлх хугацаанд сар бүрийн 02-ны өдөр 192963 төгрөгийг төлж барагдуулъя гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 сараас хойш энэ хүн нэг ч  эргэн төлөлт хийгээгүй, хугацаа нилээд хэтэрсэн тул баримт гаргуулахаар шүүхэд хандсан. Энэ хүн мөнгөө төлөхгүй байгаа учраас дараагийн зээлдэгчийн нөхцлийг хангахгүй, би өөрөө ч цалингүй шахуу ажиллаж байна. Ч.Алтанцэцэгийн 2015 оны 12 дугаар сарын 02-ноос эхлэн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-нийг хүртэлх хугацаанд сар бүрийн 02-ны өдөр 192963 төгрөгийг төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан” нь Ч.Алтанцэцэгт  хариуцуулан 2701491 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн төлөөлөгч Б.Цэрэндолгор, хариуцагч Ч.Алтанцэцэг  нар шүүх хуралдаанд гаргасан  хүсэлтдээ: 

Хариуцагч Ч.Алтанцэцэг нь 2701491 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 02-ноос эхлэн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-нийг хүртэлх хугацаанд сар бүрийн 02-ны өдөр 192963 төгрөгийг төлж барагдуулна гэсэн байна. Үүнийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэндолгор миний бие хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдааны шатанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа төлөхөөр хүлээн зөвшөөрсөн ба энэ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 58173 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлээд

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар  зүйлийн 106.4, 106.5,  123.1 дэх хэсэгт заасныг  тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагч Ч.Алтанцэцэг нь Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн нэхэмжилсэн 2701491 /хоёр сая долоон зуун нэг мянга дөрвөн зуун ерэн нэг/  төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 192963 төгрөгийг сар бүр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Дундговь аймгийн Адаацаг сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн  нэхэмжлэлтэй Ч.Алтанцэцэгт хариуцагдах 2701491 /хоёр сая долоон зуун нэг мянга дөрвөн зуун ерэн нэг/ төгрөг  гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Алтанцэцэгээс 58173 /тавин найман мянга нэг зуун далан гурав/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү  асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг мэдэгдсүгэй.  

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Д.УРАНЧИМЭГ