Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/676

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Н-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808020460728 дугаар хэргийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Ш” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байр, 49 тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 122 дугаар зүйлийн 122.1 зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Б овогт М-ийн Н /РД:У****/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч М.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 10 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг С баарны үүднээс Сонгинохайрхан дүүргийн **дүгээр хороо, Баянхошууны хуучин эцэс рүү хүргүүлэхээр суусан иргэн О.Агийн машинаас буухдаа үлдээсэн гээгдэл хөрөнгө болох гар утас, цүнх, түүн доторх монетон ээмэг, бөгж, гоо сайхны хэрэгсэл, нарны болон харааны шил зэрэг эд зүйлсийг завшсаны улмаас 935.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:2018 4 дүгээр сарын 16-ны өдөр ажлаа тараад явж байтал хүн такси барихаар гар өргөхөөр нь аваад явсан. Тэр хүн Баянхошуу орно гэсэн. Явж байтал Төв цэнгэлдэх орно гэсэн. Нөгөө хүнийг сэрээтэл “яв, болоогүй байна” гэж хэлсэн. Гэтэл нөгөө эгч буугаад орилоод явсан. Машинд байсан цүнхийг нь хаячихсан. Утас нь унаад үлдчихсэн байсан. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.

 

Эрүүгийн 1808020460728 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч О.Агийн: “2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 10 дугаар хороололд байрлах нэг жижиг пабд ороод нэг шил 0.5 литрийн архи захиалаад хувааж уугаад 23 цагийн үед S” бааранд найз О, Б нарын хамт орсон. ...Би гэртээ харих гээд шөнийн 01 цаг өнгөрч байхад тэр баарны үүднээс такси бариад Баянхошууны хуучин эцэс рүү явъя гэж хэлээд явж байгаад замдаа хэсэг унтсан байсан. Нэг сэрэхэд Баянхошууны шинэ эцсийн буудлаас дээшээ гэр хорооллын гудамж дунд явж байхаар нь тэр жолоочоос энэ хаана яваад байгаа юм бэ, өөр газар яваад байна шүү дээ, би хуучин эцсийн буудал гэж хэлсэн, бууя гэхэд тэр жолооч юу ч дуугарахгүй яваад байхаар араас нь зулгаагаад гарыг нь тавиулах гэж байгаад миний толгой хаалганд хавсрагдаад цохигдсон. Тэр залуу чи зүгээр байж бай гэхээр нь машины хаалга онгойлгоод гараад гүйхэд жолооч бууж ирээд хөөгөөд гүйцэхгүй буцаж явсан. ...Би тухайн үед тэр машинд цүнх, гар утас зэрэг юмаа үлдээсэн болохоор цагдаад өргөдөл гаргасан. Тэр залуу надтай юм яриагүй, яагаад өөр тийшээ явсныг би мэдэхгүй. ...Би гар утсаа хүлээн авсан. Тухайн үед алдсан цүнхтэй эд зүйлээ төлүүлж авмаар байна. Эмчилгээнд зарцуулсан 100.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...Дэлгүүрийн хажууд зогсоогүй, би машинаас бууж бие засаагүй. Цэнгэлдэхийн ойролцоо миний таних хүн амьдардаггүй. Өөрт учирсан хохирлыг барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-12-13/,

Гэрч П.О-ийн: “2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн үед Атай уулзаад ...Б гэдэг найз бас ирээд гурвуулаа 10 дугаар хорооллын “S” гэдэг бааранд ороод 0.5 литрийн нэг шил архи аваад хувааж уусан. ...А бид хоёр шөнийн 01 цаг өнгөрч байхад баарнаас гараад замын урд талаас такси бариад А тортой юмаа авна гээд үлдсэн. ...Маргааш өглөө нь ...Агийн утас холбогдохгүй байсан. Орой нь А над уруу залгаад “Өчигдөр шөнө би такси бариад явж байтал унтаад өгсөн байсан. Нэг мэдсэн чинь Баянхошууны танихгүй гудамжинд яваад байхаар нь цүнхтэй юмаа орхиод буугаад зугатаасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-14-15/,

“Арвижих-Эстимейт” ХХК-ийн үнийн тухай тодорхойлолтод: “7 нэр төрлийн эд зүйлийг нийт 935.000 төгрөг” гэж үнэлжээ /хх-30-31/,

Шүүгдэгч М.Н-ын яллагдагчаар өгсөн: “Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 00 цаг дөхөж байхад ажлаа тараад С баарны үүдэнд таксинд явахаар зогсож байсан. Тэгтэл уг баарнаас нэг эмэгтэй гарч ирээд суугаад 21-р хороолол явна гэхээр нь 21-р хороолол дээр ирээд ирчихлээ гэхэд тэр эмэгтэй  “Баянхошууны эцэс рүү явна гэж хэлсэн. Замдаа машин дотор тамхи татаж явж байснаа тэр эмэгтэй гэнэт уйлаад чи үхсэн хүний араас яаж гашууддагийг мэдэх үү гэж асуусан. Би мэдэхгүй эгч ээ гэж хэлээд цаашаа явж байтал тэр эмэгтэй унтаад өгсөн. Тэгээд Баянхошууны “Жанцан”-гийн гэрлэн дохиогоор эргээд эхний автобусны буудал дээр ирээд эгч ээ ирчихлээ, босоорой гэхэд сэрэхгүй унтаад байсан 5-10 минут зогсож байгаад тэр эмэгтэй сэрэхээр нь би Баянхошуунд ирчихлээ гэхэд би Төв цэнгэлдэх явах байсан шүү дээ гэж хэлэхээр нь “Та өөрөө Баянхошуу явна гэсэн дээ гэхэд тэгвэл чи болоогүй байна, хойшоо дахиад яв гэж хэлсэн. Тэгээд би хойшоо яваад төв зам дуусаад дэлгүүрийн үүдэнд зогсоод одоо хаашаа явах уу гэхэд дахиад унтаад өгсөн байсан. Сэрээхэд би бие засмаар байна гээд байхаар нь гудамжны буланд бие засуулаад буцаж машинд суугаад би хөдлөөд зам уруу явах гэтэл тэр эмэгтэй зогс гэхээр нь зогсоход буугаад урдаас ирж байсан машины хамар дээр гараараа цохиод орилоод байсан. Тэр машин нь хар хурдаараа хөдлөөд яваад өгсөн. Харин тэр эмэгтэй уг машины араас орилоод гүйгээд байхаар нь би араас нь хөөе зогсооч ээ гээд араас нь гүйгээд хэлэхэд тэр чигээрээ гүйгээд байхаар нь би машиныхаа хаалгыг онгорхой орхисон байсан болохоор машин дээрээ ирээд урагшаа төв замаар явсан. Арын сандал дээр тэр эмэгтэйн цүнх, нэг цагаан тортой юм байсныг замын хажуу уруу цонхоор чулуудаад хаясан. Маргааш нь машины сандал доор нэг гар утас унасан байсан. Тэр гар утсыг яахаа мэдэхгүй машин дотроо байлгаж байсан. Би айсандаа болоод хаясан, тэр эмэгтэй учир зүггүй орилоод чарлаад байхаар нь айсан. Би цүнхыг нь онгойлгож үзээгүй шууд хаясан. Би 935000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч А надаас эмчилгээний зардал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нааш цааш явсны төлбөр гэж мөнгө нэхэмжилсний дагуу 450.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Би түүний биед халдсан зүйл байхгүй. Би тухайн гэмтлийг түүнд учруулаагүй” гэх мэдүүлэг /хх-69, 73-74/,

Хохирогчийн өргөдөл /хх-4/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-5/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-6/, дүрс бичлэг бүхий СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, “Шинэ их холдолт” ХХК-ийн тодорхойлолт /хх-35, 78, 79/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-43/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Шинэ их холдолт” ХХК-ийн М.Нямлхагвын цалингийн болон ажил байдлын тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүгдэгч М.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө иргэн О.Агийн машинаас буухдаа үлдээсэн гээгдэл хөрөнгө болох гар утас, цүнх, түүн доторх монетон ээмэг, бөгж, гоо сайхны хэрэгсэл, нарны болон харааны шил зэрэг эд зүйлсийг завшиж 935.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч О.Агийн “...Би тухайн үед тэр машинд цүнх, гар утас зэрэг юмаа үлдээсэн. Тэр залуу надтай юм яриагүй, яагаад өөр тийшээ явсныг би мэдэхгүй. ...Өөрт учирсан хохирлыг барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-12-13/, гэрч П.О-ийн “...Маргааш орой нь А над уруу залгаад “Өчигдөр шөнө би такси бариад явж байтал унтаад өгсөн байсан. Нэг мэдсэн чинь Баянхошууны танихгүй гудамжинд яваад байхаар нь цүнхтэй юмаа орхиод буугаад зугатаасан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-14-15/, “Арвижих-Эстимейт” ХХК-ийн үнийн тухай тодорхойлолтод: “7 нэр төрлийн эд зүйлийг нийт 935.000 төгрөг” гэж үнэлжээ /хх-30-31/, шүүгдэгч М.Н-ын “Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Тэр эмэгтэй “зогс” гэхээр нь зогсоход буугаад урдаас ирж байсан машины хамар дээр гараараа цохиод орилоод байсан. ...Арын сандал дээр тэр эмэгтэйн цүнх, нэг цагаан тортой юм байсныг замын хажуу уруу цонхоор чулуудаад хаясан. Машины сандал доор нэг гар утас унасан байсан. Тэр гар утсыг яахаа мэдэхгүй машин дотроо байлгаж байсан...” гэх мэдүүлэг /хх-69, 73-74/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч М.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Ад 936.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн хохирогчийн “Өөрт учирсан хохирлыг барагдуулж авсан. Би хөдөө ажил хийдэг учир шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэх мэдүүлэг /хх-76-77/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-83/ зэргийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нд 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Улсын яллагчийн хүлээлгэж байгаа ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн согтуурсан байдлыг ашигласан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /ам бүл 2, эхийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол цалин хөлс авдаг/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн шүүгдэгч М.Нд 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлого олох боломж /цалингийн тодорхойлолт хх-78/, ажлын газрын тодорхойлолт хх-79/ зэргийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Н урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ийн Н-выг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ыг 1.500.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Н бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР