Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 97

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Р.Б ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 сарын  21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ. Миний бие 1960 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 58 нас хүрч байна, улсад 21 жил ажилласан. Үүнээс 1985 оны 3 сарын 1-нээс 1990 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Иймд холбогдох баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Б нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 3 сарын 1-нээс 1990 оны 1 сарын 1-нийг хүртэл барилгачинаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Иймд энэ хүний Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Р.Б  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Р.Б-ийн ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, тушаал, шийдвэр олдохгүй байгаа, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 339 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Н.Б :“... Р.Б  нь 1985 оноос 1990 он хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачинаар ажиллаж байсан. Би тухайн үед Нэгдэл дундын үйлдвэрт барилгын ерөнхий инженерээр ажиллаж байсан. Р.Б  нь миний удирдлаган дор ажилладаг, бид нэг байгууллагад хамт ажилладаг байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэднэ. Гэрэл зургийн хувьд Нэгдэл дундын үйлдвэрийн ажилчдын зураг байна. Энэ зурагт Р.Батсүх байна..” гэх мэдүүлэг,

 Гэрч Э.Б : “...Р.Б  нь 1985 оноос 1990 оныг дуустал Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт өрлөгчинөөр ажиллаж байсан. Бид хамт ажилладаг байсан юм. Гурвансайхан сумын ахуй үйлчилгээний төв дээр ажиллаж байх үеийн зураг байна. Энэ зурагт Р.Б  болон би байна..” гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Б : “...Р.Б  1985 оноос хойш мэднэ. Би анх 1985 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачинаар ороход Р.Б  нь өрлөгчинөөр ажиллаж байсан. Түүнээс хойш 1990 он хүртэл ажилласан. Бид хамт ажиллаж байсан юм. Гурвансайхан сумын ахуй үйлчилгээний төв дээр ажиллаж байх үеийн зураг байна. Зурагт Р.Батсүх байна.” гэх мэдүүлэг, 

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 339 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 3 сарын 1-нээс 1990 оны 1 сарын 1-нийг хүртэл барилгын ажилчнаар ажиллаж байсан тухай баримт ирээгүй тул Р  овогтой Б-д холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна...” гэх тодорхойлолт,

3.Гэрч Ж.Б-ийн 417223 дугаартай “Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1988 оны 10 сарын 4-ний өдрийн 62-р тушаалаар 1988 оны 10 сарын 4-нөөс барилгачнаар авч ажиллуулав” гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрэл зураг баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудаар Р.Б-ийн 1988 оны 10 сарын 1-нээс 1990 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачинаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1988 оны 3 сарын 1-нээс 1988 оны 10 сарын 1-нийг хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Р.Б нь 1988 оны 10 сарын 1-нээс 1990 оны 1 сарын 1-нийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдэл дундын үйлдвэрт барилгачинаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1988 оны 3 сарын 1-нээс 1988 оны 10 сарын 1-нийг хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.УРАНЧИМЭГ