Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 98

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Н.О-ийн ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 1 сарын  31-ний өдөр хүлээн авч, 2018  оны 2 сарын 5-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.О

Нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 56 нас хүрч байна, улсад 20 жил ажилласан. Үүнээс 1983 оны 1 сарын 1-нээс 1993 оны 12 сарын 31-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт дутуу, тамга, тэмдгийн зөрчилтэй болоод байна. 1992 оны 2 сарын 19-нөөс 1993 оныг дуустал тус сумын Хөгжид ХК-д мал маллаж байсан. Иймд хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримтуудыг үндэслэн дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.О  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Н.О-ын ажиллаж байсан үеийн тушаал, шийдвэр олдохгүй, хөдөлмөрийн дэвтэрт цалингийн бичилт дутуу хийгдсэн зөрчилтэй, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 326 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч А.Б-ын:“... Н.О нь 1983 оны 1 сараас 1993 оныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Сангийндалай бридад малчинаар ажиллаж байсан. Төллөх мал голдуу маллаж байсан. Би тухайн үед тус нэгдэлд малчин байсан ба бид нэг нэгдэлд, нэг бригадад хамт ажиллаж байсан хүмүүс байгаа юм. Н.О  одоо ч малаа маллаж л байгаа. 1992 онд нэгдэл тарж хувьцаат компани болсон. Хувьцаат компанид мөн малчин байсан...” гэх мэдүүлэг,

 Гэрч Л.С : “...Н.О  нь 1983 оноос 1993 оныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Сангийндалай бригадад бага мал, үхэр маллаж байсан. Би тухайн үед тус нэгдэлд малчин байсан юм. Бид нэг нэгдэлд, нэг бригадад хамт ажиллаж байсан, айл саахалт байдаг байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэднэ. 1992 онд нэгдэл тарж хувьцаат компани болсон. Хувьцаат компанид мөн бид малчин байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Ч.О : “...Н.О  нь 1983 оноос 1993 оныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байсан. Би тус нэгдэлд 1973 оноос 1993 он хүртэл малчин байсан юм. Бид нэг нэгдэлд, нэг бригадад хамт ажиллаж байсан. 1992 онд нэгдэл тарж хувьцаат компани болоход бид мөн малчин байсан..” гэх мэдүүлэг, 

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 12 сарын 12-ны өдрийн 326 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 1 сарын 1-нээс 1993 оны 12 сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухай байхгүй байгаа тул Н  овогтой О-д холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна...” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 1 сарын 26-ны өдрийн 08/73 дугаартай “Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл нь 1991 оны 3 сарын 12-нд улсын шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 2 сарын 19-нд Хөгжил ХК, 1996 оны 4 сарын 18-нд Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдсөн болно..” гэх тодорхойлолт,

4.Нэхэмжлэгчид 1991 оны 10 сарын 15-ны өдөр Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс олгосон 1988 оны 1 сараас 1990 оны 12 сар хүртэл ажилласан хоног, цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр, 1992, 1993 онуудын ажилласан хоног, цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр,

5.Нэхэмжлэгч Н.О-д Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 1 сарын 26-ны өдрийн 20 дугаар албан бичгээр олгосон 1992, 1993 онуудын цалин тооцооны хүснэгтийн хуулбар баримтууд болно.

Дээрх бичгийн баримтуудаар Н.О-ын 1988 оны 1 сарын 1-нээс 1992 оны 2 сарын 19-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд, 1992 оны 2 сарын 19-нөөс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1983 оны 1 сарын 1-нээс 1988 оны 1 сарын 1-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.О нь 1988 оны 1 сарын 1-нээс 1992 оны 2 сарын 19-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд, 1992 оны 2 сарын 19-нөөс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1983 оны 1 сарын 1-нээс 1988 оны 1 сарын 1-нийг хүртэл малчнаар ажиллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  / далан мянга хоёр зуун / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.УРАНЧИМЭГ