| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0020/э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2019-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам, Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа, Шүүгдэгч: Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэншүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ши йдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Эгийн Эт холбогдох 1935000210016 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 07-нд Увс аймгийн Малчин суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын Цалгар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны ЭХТА-ийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар, 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар тус тус хөнгөнийг хүндэд багтааж 3 жил 9 сар хорих ял оногдуулснаас 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан Ш овогт Эгийн Э /РД: ОО86110705/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Малчин сумын 2 дугаар багийн нутагт дэвсгэрт хохирогч Б.Д, Ц.Б нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Э.Эыг хохирогч Ц.Б, Б.Д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Малчинсумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Б, Б.Д нарыг зодсон болох нь
хохирогч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өглөө Малчин сум руу өөрийн найз Б, Н, Батхүү нарын хамт яваад сумын төвд нэг дэлгүүрийн гадна машинаа цасанд суулгаад машинаа гаргахаар цас ухаж байтал Малчин сумын А гэх залуу ирэхээр нь машин чирээд гаргаад өгөх машинтай хүн олоод өгөөч гэхэд А яваад саарал өнгийн УАЗ-469 машинтай залуу дагуулж ирсэн. Тухайн машины жолоочтой уулзахад би таны машиныг 20.000 төгрөгөөр татаж гаргаж өгнө гэхээр нь надад 10.000 төгрөг байна гээд гуйгаад татуулахаар болоход тороос байгаагүй тул олсоор татахад тасраад гаргаж чадаагүй. Тэгээд тухайн залуу би таны машиныг гаргаж өгч чадахгүй гэхээр нь тэгвэл миний 10.000 төгрөгийг надад буцааж өг гэхэд тэр залуу би энэ мөнгийг чинь 100.000 төгрөг болгож авна гээд над руу 10.000 төгрөг шидчээд яваад өгсөн. Тэр залуу машинаа асаагаад 10 метр орчим яваад өөрийнхөө машиныг цасанд суулгачихсан. Тэгээд ирээд та 3-аас болоод машинаа цасанд суулгачихлаа. Та 3-г ална гэж дайрч байгаад буцаад явсан. Тэгээд 20-30 минутын дараа буцаж ирээд намайг машинд сууж байтал хаалга онгойлгоод миний толгой руу 5-6 удаа цохиод машины хажууд байсан хүрзний ишээр аваад миний хөмсөг рүү 2 удаа цохисон. Тэгээд машин руугаа явсны дараа би машинаасаа буугаад Ганхуяг гэдэг айлд очсон. Тэр залууг Э.Э гэдгийг сүүлд мэдсэн. Э надаас уучлалт гуйж миний эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. Одоо надад санал хүсэлт, нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25-р талд/,
Хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 1 дүгээр сарын 01-ний өглөө би гэртээ унтаж байтал Н, Батхүү, Д нар ирээд дөрвүүлээ Малчин сум яваад Батхүүгийн хүнсийг аваад ирье гэхээр хамт явсан. Тэд нар 0.75 литрийн Ерөөл нэртэй 2 шил архи авчихсан байсны нэгийг нь манай гадна задалж 4-үүлээ хувааж уугаад хөдөлсөн. Бид нар Малчин сумын Тээгийн худаг гэх газарт айлд очих ёстой байсан боловч тухайн айлаа олохгүйгээр замаа алдаж төөрөөд Малчин сумын төв орсон. Сумын төвд Батхүүгийн хамаатан Ганхуяг гэдэг айлд очиход өглөө 8 цаг болж байсан байх тэр айлд хоол цай идэж уугаад 10 цагийн үед дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Ерөөл нэртэй аваад очих айлдаа хүрэх зам заалгаж сумын төвөөс гараад 10 орчим км яваад бид нар машинаа жалга руу оруулж үсэргээд Д , Батхүү хоёр урьд шилээ толгойгоороо мөргөөд цуулчихсан. Бид нар очих айлаа олохгүй сумын төв орж хүн дагуулж явах гээд Ганхуяг гэдэг айлд очоод хоол хийлгэж идээд Батхүүг тэднийд үлдээчихээд Д, Н ,бид 3 дэлгүүр ороод ирье гээд Д машинаа бариад дэлгүүр лүү явж байгаад машинаа цасанд суулгачихаад малтаж гаргах гэсэн боловч гаргаж чадахгүй байтал А гэдэг залуу гүйж ирээд “Мах авч байгаа хүмүүс мөн үү?” гэж асуухаар нь Д “Үгүй ээ. Бид нар мах авахгүй. Айлд очих гэж аймгаас гарч ирсэн. Бид нар машинаа цасанд суулгачихлаа. Чи таньдаг хүн байвал дуудаад татуулаад өгөөч” гэхэд за гээд дэлгүүр лүүгээ явсан. Би тухайн залуутай хамт дэлгүүрт нь ороход Э гээд малгайтай цамцтай бор куртиктай залуу байсан тухайн залуу УАЗ-469 машинтай явж байсан болохоор А тухайн залууг гуйгаад манай машиныг татаж өгөхөөр болсон. Э гэдэг залуу ирээд манай машиныг олсоор холбож байгаад хэд хэдэн удаа татаж үзсэн боловч олс нь тасраад гаргаж чадаагүй юм. Э гэдэг залуу “Одоо би ажилтай, явлаа. Таны олс тасраад татаж болохгүй байна. Машин татаж өгсөн 20,000 төгрөг өг” гэж нэхэхэд Д надад 10.000 төгрөг байна гээд өгөхөд би наад мөнгийг чинь авахгүй нэмж авах болно гээд Д руу шидчихээд өөрийнхөө машиныг асаагаад цаашаа хөдөлтөл цасанд суулгачихсан тухайн үед уурандаа гүйж ирээд би машиныхаа цасыг малтаж байтал намайг та нараас болж машинаа цасанд суулгачихлаа гээд миний нүүр лүү гараараа цохьчихсон би нүүрээ дараад сууж байтал миний хажууд байсан хүрзийг аваад тухайн хүрзээр миний зүүн хөл хэсэг рүү цохисон. Хүрзээр миний өвдөг хэсэг рүү цохих үед хүрзний иш голоороо хугарчихсан. Хугарсан ишийг Э гэдэг залуу барьж аваад Дийг машинд сууж байтал хаалгыг нь онгойлгоод хүрзний ишээр толгой руу нь цохьчихоод өөрийнхөө машин руу гүйгээд явчихсан. Тухайн үед Н миний хажууд тасраад уначихсан байсан. Д намайг цохьчихлоо гээд машинаас буугаад айл руу гүйгээд явчихсан. Э гүйж яваад нэг залуу дагуулж ирээд машиныхаа цасыг ухаж байхаар нь Н бид хоёр очиж ухалцаад машиныг нь гаргаад тухайн машинаар явж тороос авч ирээд манай машиныг татаж гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р талд/,
гэрч Б.Иын мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 1 дүгээр сарын 01-ний өглөө хөдөө яваад 17 цагийн үед дэлгүүрээс тамхи авахаар явж байтал Э таараад машин цасанд суучихлаа ухалцаад гаргаад өгөөч гэхээр нь хамт машин цасанд суусан газарт ирсэн. Тухайн газар Анхаа /А/ мөн Эын эхнэр Насанжав нар байсан. Тухайн үед Э хүний машин чирэх гэж байгаад тухайн хүмүүстэй маргалдаад зодолсон гэж хэлсэн. Тэгээд машинаа асаагаад хөдөлтөл цасанд суулчихлаа гэж хэлсэн. А бид хоёр тухайн Энхээ /Э/-гийн машины цасыг ухаж байтал танихгүй 2 хүн ирээд бид нартаа хамт цас ухаж, машиныг гаргасан. Тэр 2 хүний машин цасанд суучихсан гаргаж чадаагүй байсан болохоор Анхаа /А/ Э бид нар Аын гэрээс тороос авч ирээд машиныг нь татаж гаргаж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р тал/,
гэрч Г.Аын мөрдөн байцаалтад өгсөн: “..2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн үед би дэлгүүр дээрээ байж байтал манай сумын Туяа гэдэг хүн манай дэлгүүрт орж ирээд Тоочоо гэдэг хүний дэлгүүрийн үүдэнд согтуу 3 залуу мах авч байна гэж хэлхээр нь би дэлгүүрээсээ гараад очиж уулзахаар яваад очтол үл таних 3 согтуу залуу машинаа цасанд суулгачихсан 2 залуу нь машиныхаа хажууд нэг залуу нь машиныхаа жолоон дээр сууж байсан. Би очоод мах авч байгаа эсэхийг асуухад мах авахгүй байгаа Улаангомоос хүнсээ авах гэж ирээд зам олохгүй Малчин сум руу гараад ирчихлээ. Тэгээд архидаад баларч явна машинаа цасанд суулгачихлаа. Машин чирээд гаргаад өгөх машинтай таньдаг хүн байвал хэлээд машин гаргаад өгөөч гэж хэлсэн. Би дэлгүүрлүүгээ яваад ортол Э эхнэр, хүүхдийн хамт манай дэлгүүрт худалдаа хийж байсан. Э УАЗ-469 машинтай явсан болохоор би энэ хүмүүсийн машин цасанд суучихсан байна татаж гаргах машин хэрэгтэй мөнгийг нь өгнө гэж байна гэж хэлээд Эын машинаар нарийхан олсоор хооронд нь холбож байгаад татаж гаргах гэсэн боловч олс нь тасраад дийлэхгүй байсан. Тэгээд Э одоо би ажилтай таны олс дийлэхгүй байна та надад 10.000 төгрөг өгчих би эхнэр хүүхдээ аваад явлаа гэхэд тухайн машины жолооч Д чи машин гаргаж чадаагүй байж надаас мөнгө нэхдэг хэн бэ? гээд тэр хоёр хоорондоо маргалдаад хоорондоо барилцаад нэг нэгийгээ татаж түлхээд байсан тэгэхээр би дэлгүүр лүүгээ явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,
гэрч Б.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “....Тухайн машины жолооч Д мөнгөө авчаад машин татаж гаргаж өг гээд манай нөхөр Эыг заамдаж аваад дайрч давшлаад байсан. Би арай гэж дундуур нь орж салгасан. Д манай нөхрийн цамцнаас татаад урчихсан. Тэгээд манай нөхөр Э гарыг нь тавиулах гээд нүүр лүү нь нэг удаа цохиод хавирч унагааж тавиулаад бид нар машинаа асаагаад хөдөлтөл цасанд суучихсан. Тэгээд Аын дэлгүүрт очиж 2 хүүхдээ үлдээгээд манай нөхөр хүрз олж ирээд А, И нартай хамт машины цас ухаж байтал машин нь цасанд суусан үл таних 2 залуу нь ирж малталцсан. Харин Д айл руу гүйгээд явчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,
гэрч Ц.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “....Тэгээд Д машинаасаа буучихсан тухайн машин татаж өгсөн залуутай хоорондоо барьцалдчихсан маргалдаад байсан. Нэг мэдэхэд тухайн УАЗ-469 машины жолооч залуу Быг ирээд өшиглөж байсан. Тэгээд би боль гэхэд миний нүүр лүү хальт цохиод Д руу очиж хүрзний ишээр Дийг цохиж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р тал/,
гэрч Д.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “....Б.Д гэдэг залуу хүнээр зодуулчихсан нүүр нь цус болчихсон ирээд Батхүү бид хоёр машинаа цасанд суулгачихлаа гэж хэлсэн. Тэгээд машин авахаар гүйж явтал цасанд суусан машиныг цаснаас гаргачихсан И гэх залуу барьчихсан ирсэн. Араас нь машин татаж гаргасан Э гэдэг залуу эхнэрийн хамт манайд ирээд Дтой уулзаад машин татаж гаргаж өгсөн мөнгө өг гээд хоорондоо хэрэлдээд байсан. Тухайн хүмүүс мөнгөгүй байна гэхээр нь би өөрөөсөө 20.000 төгрөг Э.Эт өгсөн. Дийн ам хэсэг цус болсон байсан. Мөн амны дотор хэсэг шүднүүд цус болсон байдалтай харагдсан бөгөөд Дийн нүүрнээс өөр хэсгээс ямар нэгэн цус гарсан зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40-43-р тал/, Шүүгдэгч Э.Эын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “..Би 2019 оны 1 дүгээр сарын 01-ний 16 цагийн үед байх өөрийн эхнэр Насанжав, бага насны 2 охиныхоо хамт Малчин сумын төв гудамжинд байх А гэдэг хүний дэлгүүр ороод худалдаа хийгээд зогсож байтал А гаднаас орж ирээд аймгаас ирсэн хүмүүс манай дэлгүүрийн ард талд машинаа цасанд суулгачихсан байна. Татах машин байвал олоод өгөөч гэж байна 20,000 төгрөг өгч татуулна гэсэн гээд зогсож байтал араас нь тухайн хүмүүстэй хамт явж байсан Б гэдэг хүн орж ирээд гадна байгаа саарал өнгийн УАЗ469 машины жолооч хаана байна гэхээр нь би байна гэхэд бид нар машинаа цасанд суулгачихлаа. Чи очоод цаснаас татаад гаргаад өгөөч 20.000 төгрөг өгнө гэхээр би за гээд гарч машинаа асаагаад тухайн машин дээр очиход Д, Н нар байсан. Би машиныг нь татахаар байрлуулах гээд ухарч байтал тухайн машин дотроос Д гэдэг хүн намайг улаан малгайтай залуу буугаад ир гэхээр нь өөрөө буугаад ир гэхэд бууж ирээд би улсын цолтой хүн байна намайг танихгүй байна уу гэхээр би танихгүй гээд машинаа татуулах гэж байгаа юм бол мөнгөө өг гэхэд надад мөнгө байхгүй гэхэд хажуунаас Б мөнгөө өгөөд татуулъя гэж хэлсэн Д халааснаасаа хэтэвчээ гаргаж ирээд 10.000 төгрөг надад өгсөн. Би 20.000 төгрөгг өгнө гэсэн яасан бэ гэхэд надад өөр байхгүй гээд байсан би татаад гаргаад өгчөөд явья гэж бодоод олсоор машиныг холбож байгаад татахад олс нь тасраад байсан тул би олс чинь дийлэхгүй байна би яваад тороос аваад ирье гээд асаагаад хөдлөх гэхэд Д машины хаалга хааж зогсчихоод миний өгсөн мөнгийг буцааж өг машин гаргаж өгөөгүй байж мөнгө авч явах гэж байна гээд намайг барьж авчихаад тавихгүй байсан. Тухайн үед манай эхнэр гүйж ирээд бид хоёрыг салгаад би мөнгийг нь буцааж өгөөд машиндаа суугаад цаашаа 10 метр орчим яваад өөрийнхөө машиныг цасанд суулгачихсан. Би машинаа гаргах гэсэн боловч чадаагүй тул уур хүрээд тухайн машин руу гүйж очоод Быг машиныхаа цасыг ухаад сууж байхад та нараас болоод машинаа цасанд суулгачихлаа очиж ухаж гаргаж өг гээд өшиглөчихөөд Д машиндаа сууж байхаар нь буугаад ир гэхэд бууж ирэхгүй болохоор толгой хэсэг рүү нь гараараа цохьчихоод машин нь асаалтай байхаар унтраах гээд түлхүүрийг нь авах гэхэд Д түлхүүрээ салгуулахгүй булаацалдалдаж байгаад санаандгүй хүрзний ишээр хөмсөг орчим нь цохигдчихсон юм .
Тэр хүмүүсийн хүрзний иш хугарчихсан болхоор найз Иын гэрээс очиж хүрз аваад Иыг дагуулж ирээд Аын хамт машиныхаа цасыг ухаж гаргаад. Аын гэрээс очиж тороос авч ирээд машиныг нь гаргаж өгсөн юм” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна. Шүүгдэгч Э.Э нь хохирогч Б.Дийг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид тархи доргилт, зүүн хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх, зулгаралт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхи, зүүн нүдний алимын салстад цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэлүүд үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-р тал/-ээр,
хохирогч Ц.Быг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид дээд уруулын баруун хэсгийн салстад язарсан шарх гэмтэлүүд үүссэн нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилэхээр хуульчилжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүний эсрэг үйлдсэн бол” гэж хүндрүүлэх нөхцлийг заажээ.
Шүүгдэгч Э.Э Ц.Б, Б.Д нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хоёр хүний эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн тусгай хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Э нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно. 2. Шүүгдэгч Э.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Д нь “Эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. Одоо надад санал хүсэлт, нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй”, Ц.Б “Э.Эаас нэхэмжлэх хохирол төлбөр, гомдол санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг өгснийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв. Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, Улсын яллагчаас торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрзний иш 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, амбулаториор эмчлүүлэгчийн карт 1 /нэг/ ширхэг, КТГ-ын шинжилгээний хариу 1 /нэг/ ширхэг, толгойны рентеген зураг бүхий диск /CD/ 1 /нэг/ ширхэгийг тус тус хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Эгийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Э.Эт нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амбулаториор эмчлүүлэгчийн карт 1 /нэг/ ширхэг, КТГ-ын шинжилгээний хариу 1 /нэг/ ширхэг, толгойны рентеген зураг бүхий диск /CD/ 1 /нэг/ ширхэгийг тус тус хэрэгт үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүрзний иш модыг устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ