Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 460

 

 

 

 

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2018/00460

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор  даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Т-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Т , шинжээч Г.О , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НШШГГ  нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Алтан өргөө цогцолборын 73 дугаар байрны 1 тоот, 92,93 м.кв талбайтай, Ц.Б   бид хоёрын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ хийхдээ хайхрамжгүй хандаж, үнэлгээчин нь байранд огт орж үзэлгүйгээр миний 420,000,000 төгрөгийн үнэтэй байрыг 158,000,000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Учир нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна. “С ” ХХК-ийн шинжээч Г.О  нь орон сууцны үнэлгээг гаргахдаа дотор нь орж үзэлгүй зөвхөн орцны гаднаас харсан байдлаар үнэлгээ, үндэслэлгүйгээр 158,000,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны 4/28612 тоот мэдэгдлээр 2017 оны 11 дүгээр сарын 24-нд надад хүргүүлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч НШШГГ  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2114 дүгээр шийдвэрээр Ц.Т, Ц.Б нараас 24,495,842 төгрөг гаргуулж “Ц” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Ц.Т , Ц.Б   нарын хамтран өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 73 дугаар байрны 1 тоотод байрлах 92,93 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад төлбөр төлөгч Ц.Т  420,000,000 төгрөг, төлбөр төлөгч Ц.Б   440,000,000 төгрөгийн үнийн санал өгсөн бөгөөд төлбөр авагч тал хүлээн зөвшөөрөөгүй, үнэлгээчнээр үнэлүүлэх хүсэлт ирүүлсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу “С” ХХК-г шинжээчээр томилон барьцаа хөрөнгөнд үнэлгээ хийлгэхэд 158,000,000 төгрөгөөр үнэлснийг талуудад мэдэгдэж, шинжээчийн үнэлсэн үнээр Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Т  нь хариуцагч НШШГГ т холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2017/02114 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж  Ц.Т , Ц.Б   нараас 24,204,777  төгрөгийг гаргуулж “Ц ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас тус тус гарсан байна.

 

Ншга  2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байх бөгөөд Ц.Б  , Ц.Т  нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204037868 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 73 дугаар байрны 1 тоот 92,93 м.кв талбайтай орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураасан байна.  /хх-19, 27, 31/

 

Шийдвэр гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэгчээс үнийн санал авах ажиллагааг хийж, төлбөр төлөгч Ц.Т  битүүмжлэн хураагдсан орон сууцыг 420,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч Ц.Б   440,000,000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулах саналыг хүргүүлсэн ба төлбөр авагч “Ц ББСБ” ХХК төлбөр төлөгч нарын албадан дуудлага худалдаанд оруулах үнийг саналыг хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлт хүргүүлжээ. /хх-33, 34, 36/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахад үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар үнэлгээг  харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Ншга   2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 324 дүгээр тогтоолоор “С ” ХХК-г шинжээчээр томилж, төлбөр төлөгч Ц.Б  , Ц.Т  нарын үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 73 дугаар байрны 1 тоот 92,93 м.кв талбайтай өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204037868 дугаарт бүртгэлтэй орон сууцны үнэлгээг тогтоохыг даалгажээ. /хх-37/

 

Шинжээч нь тогтоолын дагуу тухайн орон сууцыг үнэлж, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж, Ншга нд хүргүүлсэн ба уг тайланд “...орон сууцны зах зээлийн үнийг 158,000,000 төгрөг” гэж  үнэлжээ. /хх-38-65/

 

НШШГГ  нь орон сууцыг үнэлгээчний тогтоосон үнэ болох 158,000,000 төгрөгийн 70 хувь буюу 110,600,000 төгрөгөөр, анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мэдэгдлээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар мэдэгдсэнийг төлбөр төлөгч Ц.Т  2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч үнийн саналыг эс зөвшөөрч, шинжээч үнэлгээг хийхдээ, барьцаа хөрөнгө болох орон сууцыг бодит байдлаар нь дотор нь орж харалгүйгээр орцны гаднаас харсан байдлаар үнэлгээ хийж, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж үзэн, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдлыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчөөгүй байна.

 

Шинжээчээр томилогдсон “С ” ХХК-ийн шинжээч Г.О ын гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан”-д “...Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 73 дугаар байрны 01 тоотод байрлах орон сууцны зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохдоо ...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүн байгаагүй тул дотор талаас нь зураг дараагүй болно...” гээд хөрөнгийн ерөнхий гэрэл зураг гэж нийтийн зориулалттай орон сууцны барилгын гадна талаас авсан зургийг авч тайланд оруулсан байх бөгөөд “Шүүхийн шинжилгээний тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “шинжилгээг тусгай мэдлэг мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх” үүрэгтэй гэж зааснаар шинжээч нь үл хөдлөх хөрөнгийг үнэлгээг хийгээгүй, түүний гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан “Хөрөнгийн үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх”, 9.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагыг хангахгүй байна. Мөн Ншга   2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 324 дүгээр тогтоолоор “С ” ХХК-г шинжээчээр томилсон байхад шинжээч нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орон сууцанд үзлэг хийхээр очсон гэж дүгнэлтэд бичсэн байгааг нь дурдах нь зүйтэй.

 

 “Шүүхийн шинжилгээний тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “...шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол ...гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэж заасан бөгөөд Ншга ны 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 324 дүгээр “Шинжээч томилох тогтоол”-д шинжээчээр “С ” ХХК-г томилж, шинжээч Г.О  үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, тайланг ирүүлсэн байхад “Шинжээч томилох тогтоол”-д танилцсан шинжээч Ихтамир гэж бичиж гарын үсэг зуруулсан байгаагаас үзэхэд үнэлгээ хийсэн шинжээч Г.О т эрх, үүрэг танилцуулаагүй гэж үзэхээр байна.

Хариуцагч НШШГГ  “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэх тайлбарыг гаргаж байх боловч шинжээчид эрх, үүрэг танилцуулаагүй, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бүрэн, бодитой хийгдээгүй болох нь тогтоогдож байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан гэж дүгнэх үндэслэлгүй. 

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжилж, хураасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ бүрэн, бодитой хийгдээгүй, хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд заасан шаардлага хангаагүй байх тул  Ц.Б  , Ц.Т  нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204037868 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 73 дугаар байрны 1 тоот, 92,93 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг төлөөлөн Д.Ө  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 00 минутанд хуралдахаар товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдсэний дагуу тов мэдэгдэх хуудсанд 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:                                                                                          

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан, Ц.Б  , Ц.Т  нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204037868 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 73 дугаар байрны 1 тоот, 92,93 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШШГГ аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Т д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦЭРЭНДОЛГОР