Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/518

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Баттулга,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Н.Жавзандолгор (ҮД-0205) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-ийн Б-д холбогдох 1808013450440 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт П-ийн Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо, ... тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Ү-г “бусадтай хардаж” толгойн тус газар нь түлхүүрээр цохиж, нуруун тус газар нь хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас зүүн чамархайд шарх, сээр нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...өмнө өгсөн мэдүүлгээс өөрчлөгдөх зүйлгүй тул мэдүүлэх дахин өгөхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч Л.Ү-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ...манай нөхөр Б гар утсыг минь авч үзэх үедээ манай сургуулийн хаягаар орж ирсэн зүйлийг үзээд намайг тусдаа өөр хаягтай юм байна гээд хардаад эхэлсэн. Тэгээд хэлэх хэлэхгүйгээр доромжилж байгаад зүүн хөлийн гуя руу нэг удаа өшиглөөд барьж байсан түлхүүрээ шидсэн. Тэр нь миний зүүн чамархай орчимд оносон. ...намайг түлхэж орлуу унаган нуруу руу 2-3 удаа өшиглөөд толгой руу нэг удаа дэвссэн. ...Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8х/    

2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3517 дүгнэлтэд: “...Л.Ү-гийн биед зүүн чамархайд шарх, сээр нуруунд цус хуралт үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 23х/

3.Аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 34-35х/

4.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39х/

5.Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 40х/

6.Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 42х/

7.Шүүгдэгч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эхнэр Ү-тай маргалдаад уурлаад гэрээс гарахдаа машиныхаа түлхүүрийг Ү руу шидчихээд гэрээс гарахдаа түлхүүрээ аваад явсан юм. Тэгэхдээ би толгойг нь түлхүүрээр оносон байх. Орой гэртээ орохдоо хаалга эвдээд орчхоод эхнэртээ хаалга тайлж өгсөнгүй гэж уурлаад нуруу руу нь гараараа 1-2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31х/

8.Шүүгдэгч П.Б-ийн хувийн байдлын талаар:

Гэрч Ш.Б-ын мэдүүлэг /хх-ийн 15х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32х/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43х/

“Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 47-50х/ зэрэг болно.

Шүүхийн үйл баримтын талаарх дүгнэлт:

I.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ...-р хороо, ... тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Л.Ү-г “бусадтай хардаж” толгойн тус газар нь түлхүүрээр цохиж, нуруун тус газар нь хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас хөнгөн гэмтэл учирсан үйл баримт нь:

Хохирогч Л.Ү-гийн: “...2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ...манай нөхөр Б гар утсыг минь авч үзэх үедээ манай сургуулийн хаягаар орж ирсэн зүйлийг үзээд намайг хардаад эхэлсэн. Тэгээд хэлэх хэлэхгүйгээр доромжилж байгаад зүүн хөлийн гуя руу нэг удаа өшиглөөд барьж байсан түлхүүрээ шидсэн, тэр нь миний зүүн чамархай орчимд оносон. ...мөн намайг түлхэж орлуу унаган нуруу руу 2-3 удаа өшиглөөд толгой руу нэг удаа дэвссэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3517 дүгнэлтэд: “...Л.Ү-гийн биед зүүн чамархайд шарх, сээр нуруунд цус хуралт үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 23х/

Аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 34-35х/

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39х/

Шүүгдэгч П.Б-ийн: “...Би эхнэр Ү-тай маргалдаад уурлаад гэрээс гарахдаа машиныхаа түлхүүрийг Ү- руу шидчихээд гэрээс гарахдаа түлхүүрээ аваад явсан юм. Тэгэхдээ би толгойг нь түлхүүрээр оносон байх. Орой гэртээ орохдоо хаалга эвдээд орчхоод эхнэртээ хаалга тайлж өгсөнгүй гэж уурлаад нуруу руу нь гараараа 1-2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийвэл, хохирогч Л.Ү-, шүүгдэгч П.Б нар нь Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн  3.1.3.“гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг хэлнэ гэж заасны дагуу хоорондоо эхнэр нөхөр болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39х/-аар тогтоогдсон, тухайн өдөр шүүгдэгч  П.Б нь эхнэр Л.Ү-тай хардалтын улмаас маргалдан, эхнэрийнхээ толгой хэсэг болон хөлөн тус газар цохих, өшиглөх, түлхүүр шидэх зэргээр хүч хэрэглэснээс үүдэн Л.Ү-гийн эрүүл мэндэд  хөнгөн гэмтэл учруулсан нь түүний үүдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд П.Б-ий энэхүү хууль бус шинжтэй үйлдэл нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байх тул түүнийг тус зүйл хэсгээр гэм буруутайд тооцох үндэслэл болж байна.

Иймд П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Шүүгдэгч П.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32х/-аар тогтоогдлоо.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Л.Ү нь шүүгдэгч П.Б-эс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан бөгөөд шүүгдэгчид гаргах гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 7-8х/

II.Эрүүгийн хариуцлагын талаар:

 -Улсын яллагчаас П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 950 нэгж буюу 950,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах тухай дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч П.Б нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруу, оногдуулах ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч байгаа тухай дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан “Голомт банк”, “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 44-50х/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 40х/ эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 41х/ зэргээр тогтоогдсон байх тул шүүгдэгч П.Б-ий өөрийн үйлдсэн хэргээ ухамсарлаж улмаар энэ байдалдаа дүгнэлт хийн сэтгэл заслын эмчид хандаж эмчилгээ зөвлөгөө авсан, ажил хөдөлмөр эрхлэхийн хажуугаар сурч боловсролдоо анхаарч байгаа гэх тул түүний энэхүү нөхцөл байдлыг харгалзан 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Б-ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч П.Б-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт П-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийг 600 /зургаан зуу/ нэгж буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.АЛТАНЦЭЦЭГ