| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/1004/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1031 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1031
2018 11 29 1031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
шүүгдэгч Н.Б............нэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн газрын хяналтын прокуророос Чухаг овогт Н.............вын Б............нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0359 11159 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Чухаг овогт Н.............вын Б............нэ, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1974 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа Кроун нэртэй паб түрээслэн ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 1-48 дугаар байрны 38 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар УХ74012711.
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Н.Б............нэ 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сrown” нэртэй караоке бааранд иргэн Б.Г...........яатай “архи гаднаас оруулж ирлээ” гэж маргалдан түүнийг зодож, түлхэж эрүүл мэндэд нь зүүн шанаанд зулгарсан шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд зулгаралт, булгалга, тохой, шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...2018 оны 07 дугаар сарын 26-ний шөнө 23 цаг 15 минутад хохирогч орж ирээд караокед 1 цаг сууна гэхэд нь манайх 12 цагт хаана, гэхдээ 1 цаг сууж болно гэж хэлсэн. Гаднаас тал шил архитай орж ирсэн. Гаднаас архи оруулахгүй шүү гэхэд бид нар тэгэхгүй гэж хэлээд манайхаас 1 шил архи авч уусан. Шөнийн 12 цаг 15 минутад хүмүүсээ гаргаад цаг дууссан гар гэхэд үлдсэн жаахан архиа дуусгаад гарна гэж хэлсэн. Эхнэр бид 2 цэвэрлэгээгээ хийгээд доошоо ороход гаднаас авч ирсэн архиа уугаад сууж байсан. Манайх гаднаас архи оруулдаггүй журамтай, та нар архиа аваад гарцгаа гэж хэлэхэд надтай маргалдаж эхэлсэн. Би ширээн дээр байсан хундагануудыг хураагаад тал шил архийг нь хогийн саванд хийхэд Г...........яа уурлаад манайд байдаг 8 дугаар ширээний сандлыг хойшлуулаад ширээн дээр гараад зогссон би Сонгинохайрхан дүүргийн прокурор байна, танайхыг маргааш өглөө гэхэд хаалгана гэж хэлээд орилоод байсан. Би уучлаарай архийг чинь одоо өгнө гэхэд би хогийн саванд хийсэн архи уухгүй гэхэд нь би 1 шил архи өгсөн. Тэрийг уугаад талд нь оруулаад гараад явсан. Би гараад хаалгаа хаахад миний хойноос зулгаагаад байсан. Манай төмөр хаалга их том хэмжээтэй онгойдог, би хаагаад эргээд харахад бөгсөөрөө суусан байсан. Хамт байсан хүн нь такси дуудаад явцгаасан...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Г...........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчимд хамт ажилладаг Н...........үй, Цэцэгээ нартай хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын Депогийн автобусны буудал дээр байдаг Кроун нэртэй пабад орж үйлчлүүлсэн. Бид гурав уг пабаас 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи авч уугаад талд нь оруулаад байж байсан. Тэгтэл уг пабын эзэн гэх залуу юу ч хэлээгүй бид нарын авсан архийг аваад хогийн сав руу хийчихсэн. Бид нар түүнд “наадахыг чинь мөнгөөр авсан юм яаж байгаа юм бэ” гэсэн чинь “одоо зайлцгаа та нар, гарцгаа манай эхнэр уурлаад байна” гэж хэлсэн. Яагаад эхнэр чинь уурлаад байгаа юм та хоёрын муудалцах бид нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь тэр залуу манай эхнэр хардаад уурлаад байна гэж хэлсэн. Яахаараа харддаг юм чамаар яадаг юм гэж би хэлсэн чинь чи намайг доромжиллоо гээд гараа далайгаад миний мөр рүү түлхсэн. Тэгээд тэр залуу бид хоёр маргалдсан чинь уучлаарай архины чинь оронд юм авч өгье гээд дахиад 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи авч өгсөн. Тухайн үед Кроун пабыг ажиллуулж байсан эхнэр нөхөр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба нөхөр нь нилээн согтуу эхнэр нь согтоогүй гайгүй байсан. Пабын тэр залуу намайг үүдээр хөөж гаргахдаа миний араас хүчтэй түлхэж гаргасан ба би шат руу унасан. Би тэр залууд хандаж чи хүнийг яагаад түлхэж унагааж байгаа юм бэ гэсэн чинь дахиад миний цээж рүү түлхээд би шат руу унасан. Тэр залуу намайг түлхчихээд хаалга түгжчихсэн. Тэр үед шатнаас унаснаас болоод миний зүүн шанаа халцарсан байсан. Би тэгээд шууд эмнэлэг орж эмчилгээ бичүүлж аваад гэртээ харьсан....тухайн үед миний шанаа шатнаас унаж халцарсныг Н...........үй, Цэцэгээ нар мэдэж байгаа...бүх гэмтлийг Кроун пабын эзэн залуу түлхэж шат руу түлхэж унагааж учруулсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),
“...Н.Б............нэ намайг 2 удаа шат руу түлхсэн эхлээд миний цээжний урд хэсэг рүү гараараа түлхээд унагаахад нь би шатны дээд хэсгээс доошоогоо бетонон шал хүртэл унасан би эхлээд унахдаа биеийнхээ зүүн хэсгээр унасан. Дараа нь би Н.Б............нийг “чи хүн аллаа ш дээ” гэж хэлсэн чинь дахиад хоёр гараараа миний цээжний урд хэсэг рүү түлхсэн. Тэгэхэд нь би зүүн гараараа шатны бариулнаас хальт барьж аваад шат руу өнхрөөд шатны доод хэсгийн бетонон шалыг зүүн шанаагаар мөргөж унаж таарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52)
2. Гэрч М.Н...........үйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 26-нд бэр эгч Ц.............р, найз Г...........яа нарын хамт...Кроун пабад дуулах гэж орсон...тэгээд удаалгүй байтал дээд давхарт зодолдож байгаа чимээ гарсан. Удалгүй пабын эзэн нь орж ирээд та 3 гар, зайл, манай эхнэр хардаад байна гээд бид гурвын архийг аваад хогийн саванд хийсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бид гурав мөнгө өгч үйлчлүүлж байгаа хүмүүс шүү гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу авгай хардаад байна гар гээд байсан. Тэгсэн Г...........яа яагаад та нар бид нарыг хөөдөг юм бид нар мөнгө өгч архиа авсан шүү гэж хэлсэн. Тэгсэн тэр пабын эзэн гээд залуу нэг хүүхэн хоёр Г...........яаг хэл амаар доромжлоод байсан. Тэр үед манай бэр эгч Ц.............р дотор муухай оргоод байна гэхээр нь би гадаа гаргачаад буцаад орсон чинь Г...........яа тэр пабын эзэн гэх хоёр хүнтэй тэр гурав нэг шил архи задалсан сууж байсан. Тэгэхээр нь би юун архи уугаад байгаа юм гэж хэлээд Г...........яаг аваад гарах гэсэн чинь гаргахгүй байсан. Тэгсэнээ тэр залуу уучлаарай би уурандаа архийг чинь хогийн саванд хийчихлээ гээд байсан...Би удалгүй пабнаас гараад сууж байсан чинь дотор хүн зодолдож байгаа чимээ гараад байхаар нь хаалгыг нь татсан чинь дотроосоо цоожилсон байсан. Тэгтэл удалгүй Г...........яаг хаалгаараа гаргаад шатны уруу түлхээд унагаасан. Тэгсэн Г...........яа чи яахаараа намайг шатнаас түлхэж унагаадаг юм гээд хаалганаас нь татсан чинь дахиад түлхээд унагаасан. Г...........яагийн нүүрэн хэсгээс нь цус гараад байсан...Г...........яаг цохиж байхыг нь би хараагүй хаалгаар гаргаад шат руу түлхээд унагаасан тэрийг нь би харсан. Г...........яаг гурван удаа шат руу түлхэж унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),
3. Гэрч Ж.Ц.............рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр пабын эзэн гээд нэг залуу нэг хүүхэн хоёр Г...........яаг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би дотор муухай болоод гараад явсан. Тэгсэн манай бэр дүү Н...........үй би ороод Г...........яаг аваад ирье гээд орсон. Удалгүй Н...........үй ганцаараа буцаад гараад ирсэн. Тэгээд бид хоёр гадаа Г...........яаг хүлээгээд сууж байтал дотор Г...........яагийн дуу дуугараад байсан. Тэгсэн Г...........яаг хаалгаар гаргаад шат руу түлхээд унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26)
4. Яаралтай тусламжийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 05 цаг 35 минутын хуудаст “...яаралтай тусламжийн тасгийн эмчийн анхны үзлэгийн үндсэн зовиур гэх хэсэгт “...толгой эргэнэ, дотор муухай оргино, хамар муруйна...” гэх, одоогийн өвчний түүх хэсэгт “...шөнө 24 цагийн үед пабны эхнэр, нөхөр хоёрт зодуулсан...” гэх, бодит үзлэг гэх хэсэгт “...зүүн шанааны арьс зулгарч шалбарсан, хамар муруйсан...” гэх, шийдвэрлэсэн байдал гэх хэсэгт “...Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэх...” гэх тэмдэглэгээ хийгдсэн баримт (хавтаст хэргийн 13-14),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9315 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Зүүн шанаанд 4х3.5см зулгарсан шархтай, эргэн тойрон хаван хавдартай, хамрын нурууны баруун хэсэгт 4х3.5см хөх ногоон цус хуралттай, хүзүүний зүүн дээд хэсэгт 0.2х1см хүрэн улаан зулгаралттай, баруун бугалганы гадна дээд хэсэгт 2х1.5см, баруун тохойн доод хэсэгт 5х4см, баруун шилбэний урд дээд хэсэгт 4х4см, доод урд хэсэгт 2х2см, зүүн шилбэний урд дээд хэсэгт 3х3см хөх ногоон цус хуралтуудтай.
2018.7.30-ны Натур эмнэлэг-н Толгойн компьютер томографийн шинжилгээ: “...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай...Хамрын таславч дунд 1/3 хэсгээр зүүн тийш хуучин мурийлттай. 2 талын этмойд хөндий болон гайморовын хөндийн салст хязгаарлагдмал зузаарсан...зүүн хацар орчмын зөөлөн эдэд хаван хавдартай....ДҮГНЭЛТ
1. Б.Г...........яагийн биед зүүн шанаанд зулгарсан шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд зулгаралт, бугалга, тохой, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28),
6. Шүүгдэгч Н.Б............ний мөрдөн байцаалтад өгсөн: “...Би “Crown” пабыг 2018 оны 3 дугаар сараас хойш ажиллуулж байна. 2018 оны 7 дугаар сарын 26-ны орой эхнэр Алтантуулын хамт үйлчилгээний газраа ажиллуулаад байж байхад орой 23 цагийн орчимд 3 хүүхэн манай пабаар үйлчлүүлсэн. Тэр гурав караокены вип өрөөнд 1 цаг авч ороод 1 шил Сүүн чингис нэртэй архи авсан. 00 цаг болж байхад манайх хүмүүсээ гаргаад хаалга барьсан юм. Тэгтэл тэр гурав хүүхэн авсан архиа ууж дуусгачихаад гаръя гэж хэлээд үлдсэн. Би 25 орчим минутын дараа дахиад караокены өрөө рүү орсон чинь Сүүн Чингис нэртэй архи гаднаас оруулж ирээд ууж байхаар нь би гаднаас архи оруулж уухгүй гэж хэлээд аваад хогийн саванд хийсэн. Тэгтэл чи миний архийг хурааж авдаг хэн юм бэ би Сонгинохайрхан дүүргийн прокурор байна танайхыг хаалгаж чадна гэж Г...........яа хэлээд маргалдаад байсан. ...Манай эхнэр аргадаад түүнд би 0.5 литрийн Хар экс нэртэй архи өгсөн. Тэр гурав архи талд нь ортол уучихаад гараад явцгаасан. Би тэр гурвыг гарсны дараа хаалга цоожлох гээд араас нь гараад харсан чинь Г...........яа нь бөгсөөрөө газар суусан орилоод “танайхыг хаалгана” гээд байсан ба хамт явсан 2 хүүхэн нь аргадаад таксинд суулгаад аваад явсан. Тэгсэн нөгөөдөр нь нүүрэндээ шалбарсан орж ирээд та нар намайг зодсон гээд тохирье гэхээр нь би юу яриад байгаа юм бэ, би гэмтээгээгүй гэж хэлсэн...Б.Г...........яагийн биед гэмтэл бэртэл учирсан байгаагүй. Зүгээр гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40),
7. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 44, 45), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42), хохирлын талаарх баримт (хавтаст хэргийн 11-12) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Б.............нэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Шүүгдэгч Н.Б.............нэ нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол, Цахилгаан тээвэр компани буюу Тролеибусны Депо гэх нэртэй нийтийн тээврийн зогсоолын баруун талд байрлах “Crown” нэртэй өөрийн түрээслэн ажиллуулдаг нийтийн үйлчилгээний паб, караокед, 2018 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө, үйлчилгээний газар гаднаас уух зүйл орууллаа гэх сэдэлтээр хохирогчтой маргалдан, улмаар түүнийг өөрийн үйлчилгээний газраас гаргахдаа цээжин тус газар түлхсэний улмаас хохирогчийн зүүн шанаанд зулгарсан шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд зулгаралт, бугалга, тохой, шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Б.Г...........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчимд хамт ажилладаг Н...........үй, Цэцэгээ нартай хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хорооллын Депогийн автобусны буудал дээр байдаг Кроун нэртэй пабад орж үйлчлүүлсэн. Бид гурав уг пабаас 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи авч уугаад талд нь оруулаад байж байсан. Тэгтэл уг пабын эзэн гэх залуу юу ч хэлээгүй бид нарын авсан архийг аваад хогийн сав руу хийчихсэн. ...Тэгээд тэр залуу бид хоёр маргалдсан чинь уучлаарай архины чинь оронд юм авч өгье гээд дахиад 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи авч өгсөн. ...Пабын тэр залуу намайг үүдээр хөөж гаргахдаа миний араас хүчтэй түлхэж гаргасан ба би шат руу унасан. Би тэр залууд хандаж чи хүнийг яагаад түлхэж унагааж байгаа юм бэ гэсэн чинь дахиад миний цээж рүү түлхээд би шат руу унасан. ...Би ...шууд эмнэлэг орж эмчилгээ бичүүлж аваад гэртээ харьсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18),
“...Н.Б............нэ намайг 2 удаа шат руу түлхсэн эхлээд миний цээжний урд хэсэг рүү гараараа түлхээд унагаахад нь би шатны дээд хэсгээс доошоогоо бетонон шал хүртэл унасан би эхлээд унахдаа биеийнхээ зүүн хэсгээр унасан. Дараа нь би Н.Б............нийг “чи хүн аллаа ш дээ” гэж хэлсэн чинь дахиад хоёр гараараа миний цээжний урд хэсэг рүү түлхсэн. Тэгэхэд нь би зүүн гараараа шатны бариулнаас хальт барьж аваад шат руу өнхрөөд шатны доод хэсгийн бетонон шалыг зүүн шанаагаар мөргөж унаж таарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52)
- Гэрч М.Н...........үйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г...........яа яагаад та нар бид нарыг хөөдөг юм бид нар мөнгө өгч архиа авсан шүү гэж хэлсэн. Тэгсэн тэр пабын эзэн гээд залуу нэг хүүхэн хоёр Г...........яаг хэл амаар доромжлоод байсан. ...Г...........яаг аваад гарах гэсэн чинь гаргахгүй байсан. Тэгсэнээ тэр залуу уучлаарай би уурандаа архийг чинь хогийн саванд хийчихлээ гээд байсан...Би удалгүй пабнаас гараад сууж байсан чинь дотор хүн зодолдож байгаа чимээ гараад байхаар нь хаалгыг нь татсан чинь дотроосоо цоожилсон байсан. Тэгтэл удалгүй Г...........яаг хаалгаараа гаргаад шатны уруу түлхээд унагаасан. Тэгсэн Г...........яа чи яахаараа намайг шатнаас түлхэж унагаадаг юм гээд хаалганаас нь татсан чинь дахиад түлхээд унагаасан. Г...........яагийн нүүрэн хэсгээс нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),
- Гэрч Ж.Ц.............рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр пабын эзэн гээд нэг залуу нэг хүүхэн хоёр Г...........яаг хэл амаар доромжлоод байсан. ...Н...........үй...бид хоёр гадаа Г...........яаг хүлээгээд сууж байтал дотор Г...........яагийн дуу дуугараад байсан. Тэгсэн Г...........яаг хаалгаар гаргаад шат руу түлхээд унагаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26)
- Яаралтай тусламжийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 05 цаг 35 минутын хуудаст “...яаралтай тусламжийн тасгийн эмчийн...одоогийн өвчний түүх хэсэгт “...шөнө 24 цагийн үед пабны эхнэр, нөхөр хоёрт зодуулсан...” гэх тэмдэглэгээ хийгдсэн баримт (хавтаст хэргийн 13-14),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9315 дугаар дүгнэлт ”...1. Б.Г...........яагийн биед зүүн шанаанд зулгарсан шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, хүзүүнд зулгаралт, бугалга, тохой, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Н.Б............нэ нь хууль зүйн хувьд хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан, “үйлчилгээний газар архи согтууруулах ундааны зүйл авч орлоо” гэх сэдэлтээр, хохирогч Б.Г...........яаг паб, караокеноос гаргахдаа түүнийг түлхэж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б............нэ нь хохирогч ...Б.Г...........яаг түлхсэн болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба түлхэгдэж унаснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Н.Б............нийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлтэдээ “Хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл гаргаагүй түүнийг түлхээгүй, зодоогүй” гэж мэтгэлцэх боловч энэ нь хэрэгт авагдсан гэрч М.Н...........үй, Ж.Ц.............р болон Яаралтай тусламжийн хуудас зэрэг баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г...........яад хэрэгт авагдсан баримтаар 128.000 төгрөгний хор уршиг учруулснаас тэрээр 12.500 төгрөгний үнэлгээ бүхий тос авч өгсөн нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 8) болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд хохирогчид учирсан 128.000 төгрөгөөс дээрх мөнгөн дүнг хасч үлдэх хор уршиг болох 115.500 төгрөгийг иргэний хуульд заасны дагуу шүүгдэгч Н.Б............нээс гаргуулж хохирогч Б.Г...........яад олгох нь зүйтэй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Б............нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Б............нэ нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Н.Б............нэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний гэм буруугийн хэлбэрт тохируулж, гэмт хэргийн шинж, чанар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгчийн хувийн байдал буюу “Crown” паб, караоке түрээслэн ажиллуулдаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг өөрчилж, торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Н.Б............нэ нь оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1808 0359 11159 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чухаг овогт Н.............вын Б............нийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б............нийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б............нэ оногдуулсан 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Б............нэ нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б............нээс 115.500 (нэг зуун арван таван мянга таван зуу) төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 (нэг) сарын хугацаанд гаргуулж хохирогч Б.Г...........яад олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ