| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/1020/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1044 |
| Огноо | 2018-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1044
2018 12 05 1044
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Т.Отгонтөгс,
хохирогч Н.Ч.............р
шүүгдэгч Ө.С..............рж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Алаг адуу овогт Ө..............рын С..............рж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0514 21459 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Алаг адуу овогт Ө..............рын С..............рж, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Их-Уул суманд 1996 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн засварчин мэргэжилтэй, “Хэлип констракшн” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ......................н суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .................
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Ө.С..............рж нь 2018 оны 11 дүгээр сарын 2-3-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ............... тоотод хохирогч Ч.Ч...............рийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
Шүүгдэгч Ө.С..............рж мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч Н.Ч.............р мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 12-нд О....................н эгчийн гэрт 2 найзын хамт хонох гээд очсон. Эгч нар 2 ширхэг шар айраг уусан. С..............рж О....................н эгчийн нөхөртэй хамт гаднаас согтуу орж ирээд шөнө 01 цагийн үед миний хөнжлийг сөхсөн. Яах гээд байгаа юм гээд түлхэхэд нүүрний баруун талд цохисон. Нүүрийг нь маажсан гээд уруул хамартай хамт цохисон. Эхлээд цохиход нь би Отгонжаргал эгчийг дуудсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохиролд 500,000 төгрөгийг бэлнээр авсан...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч Ч.Ч...............рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саян-Уул” ХХК-д мах савлагч ажилтай. ...Манай үйлдвэрт мах савлагч ажилтай О....................н эгч “нөхөр маань ажлаасаа оройтож ирнэ” гэсэн тэгэхээр нь би хамт очиж гэрт нь хонохоор болсон. Ингээд тэдний гэрт нөхрийг нь ирэх хооронд бид хоёр юм хум ярьж суусан. О....................н эгч бид хоёр 2 лааз шар айраг уусан. Ингээд маргааш нь ажилтай байсан учраас би унтахаар хэвтсэн. Тэгтэл орой 23 цагийн үед О....................н эгчийн нөхөр Б...................нэ зүс таних С..............ржийн хамт орж ирсэн. Би гэрийн баруун талд газар ор засуулаад унтаж байсан. С..............ржид ах эгч хоёр өөрсдийнхөө орны урд буюу гэрийн зүүн талд байх орны урдуур ор засаад унтуулсан. Тэгээд шөнийн 01 цагийн орчим гэнэт хүн хөнжил сөхөөр нь хэн бэ гэсэн чинь С..............рж байсан. Яах гэж байгаа юм гэсэн чинь хамт унтах гэсэн юм гэхээр нь өөрөөсөө холдуулах гээд түлхсэн. Тэгтэл нүүр рүү цохиод авахаар нь яаж байгаа юм бэ чи гэсэн чинь дахиад цохиод авсан. Тэгээд миний хамраас маш их хэмжээний цус гарсан...С..............рж гараараа хоёр удаа нүүр рүү цохиж учруулсан...Хөхөрсөн хавдсан зүйлс бүгд арилаад эдгэрчихсэн биеийн байдал хэвийн байдалд орсон...Гомдол санал байхгүй, С..............рж бид хоёр уулзаад учир зүйгээ олсон, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9)
2. Гэрч Г.О....................ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 02-ны орой 18 цагийн орчимд манай гэрт хамт ажилладаг Уянга, Ариунаа, Ч.............р нар ирсэн. Тэгсэн араас нь С..............рж согтуу орж ирээд бид нар бөөнөөрөө хүний хоёр хоёр пиво ууцгаасан. Тэгтэл С..............рж тасраад миний унтдаг орны хажууд уначихсан юм. Тэгээд манай ажлын Ариунаа, Уянгаа хоёр харилаа гээд яваад Ч.............рд орныхоо хажууд газраар ор засаж өгсөн. Тэгээд шөнө унтаж байтал Ч.............р Оогий эгчээ гээд дуудаад байхаар нь босоод гэрлээ асаагаад хартал хамарнаас нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би яасан юу болсон гэтэл С..............рж намайг цохичихлоо гэхээр нь уурлаад С..............ржийг хөөж явуулсан...манай гэр ер нь их сэрүүхэн байдаг юм л даа даараад хөнжилд нь орсон юм байна лээ..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15)
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13223 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэг: Цох, хамрын нуруу хавдсан, дээд уруулд 1х0.8см зулгарсан, баруун дээд зовхинд хөх өнгийн цус хуралттай...ДҮГНЭЛТ
1. Н.Ч...............рийн биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд цус хуралт, дээд уруулд зулгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болосн гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17),
4. Шүүгдэгч Ө.С..............ржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлынхаа хүмүүстэй ажил дээрээ 0.5 хэмжээтэй “Ерөөл” нэртэй архи хувааж ууцгаасан. Тэгээд Б...................нэ ах бид хоёр тэдний гэрлүү нь 19 цаг 30 минутын орчимд очсон. Б...................нэ ахынд очих замдаа 1 шил архи аваад гэрт нь хувааж уусан. Тэгсэн Б...................нэ ахын эхнэр нь О....................н эгч 3 найзыгаа дуудсан. Тэгсэн удалгүй гаднаас Уянга, Ариунжаргал, Ч.............р нар ирсэн. О....................н эгч 3 найзтайгаа пиво ууцгаасан. Тэгэхээр нь би гарч дэлгүүр орж дахин 0.75 хэмжээтэй “Соёрхол” архи авчираад бөөнөөрөө ууцгаасан. Тэгээд амарцгаах болоод би О....................н эгч Б...................нэ ах хоёрын орных нь дээр газраар ор засаад унтсан. Шөнө даараад сэртэл Ариунжаргал, Уянга хоёр явчихсан байхаар нь дулаацах гээд Ч...............рийн хөнжилд нь ороод хэвтсэн чинь Ч.............р яах гээд байгаан гээд уурлаад нүүр маажихаар нь би гараараа нүүр рүү 2 удаа цохьчихсон. Тэгсэн Ч.............р орилоод О....................н эгчийг дуудсан...Дээрх гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-26),
5. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 30, 33), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 31, 32), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 34, 35, 37), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 43), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 44) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө.С..............ржид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ө.С..............рж нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Шандын 18 дугаар гудамжны 01 тоотод, 2018 оны 11 дүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр, хохирогч Ч.Ч...............рийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Ч.Ч...............рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрийн баруун талд газраар ор засуулаад унтаж байсан. С..............ржид ах эгч хоёр өөрсдийнхөө орны урд буюу гэрийн зүүн талд байх орны урдуур ор засаад унтуулсан. Тэгээд унтаж байтал шөнийн 01 цагийн орчим гэнэт хүн хөнжил сөхөөр нь хэн бэ гэсэн чинь С..............рж байсан. Яах гэж байгаа юм гэсэн чинь хамт унтах гэсэн юм гэхээр нь өөрөөсөө холдуулах гээд түлхсэн чинь нүүр рүү цохиод авахаар нь яаж байгаа юм бэ чи гэсэн чинь дахиад цохиод авсан. Тэгээд миний хамраас маш их хэмжээний цус гарсан...С..............рж гараараа хоёр удаа нүүр рүү цохиж учруулсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9)
- гэрч Г.О....................ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө унтаж байтал Ч.............р Оогий эгчээ гээд дуудаад байхаар нь босоод гэрлээ асаагаад хартал хамарнаас нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би яасан юу болсон гэтэл С..............рж намайг цохичихлоо гэхээр нь уурлаад С..............ржийг хөөж явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13223 дугаар дүгнэлт “...1.Ч...............рийн биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд цус хуралт, дээд уруулд зулгарал гэмтэл тогтоогдлоо... 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17),
- Шүүгдэгч Ө.С..............ржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би О....................н эгч Б...................нэ ах хоёрын орных нь дээр газраар ор засаад унтсан. Шөнө даараад сэртэл Ариунжаргал, Уянга хоёр явчихсан байхаар нь дулаацах гээд Ч...............рийн хөнжилд нь ороод хэвтсэн чинь Ч.............р яах гээд байгаан гээд уурлаад нүүр маажихаар нь би гараараа нүүр рүү 2 удаа цохьчихсон. Тэгсэн Ч.............р орилоод О....................н эгчийг дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-26) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Ө.С..............рж нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “нүүр маажлаа” гэх сэдэлтээр, хохирогч Ч...............рийн нүүрэн тус газар цохиж, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.С..............рж нь хохирогч ...Ч...............рийг цохьсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Ө.С..............ржийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.............р нь эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч Ө.С..............рж нь хохирогчид 500.000 төгрөг төлсөн болох нь (хавтаст хэргийн 44) баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.С..............рж нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Ө.С..............ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт болох торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Иймд торгох ялын доод хэмжээгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.С..............рж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ө.С..............рж, хохирогч Ч.Ч.............р нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Нөгөө талаас шүүгдэгч Ө.С..............рж нь “Хэлп Констракшн” ХХК-нд ажилтай болох нь түүний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдал болох хохирлоо нөхөн төлсөн, гэм буруу эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулах талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар Ө.С..............рж нь оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 1808 0514 21459 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Алаг адуучин овогт Ө..............рын С..............ржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С..............ржийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С..............ржид оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ө.С..............рж нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ