Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00113

 

 

 

............ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00914 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1479 дүгээр магадлалтай,

 

............ын нэхэмжлэлтэй

............ ХХК-д холбогдох

 

Оффисийн өрөөний талбайн зөрүү болох 68 717 268 төгрөг гаргуулах, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Пийс тауэр оффис, 14 давхар, 8 тоот хаягт байрлах оффисийн өрөөний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 85.76 м.кв талбайтайгаар худалдан авагч ............ын нэр дээр гаргуулахыг хариуцагч ............ ХХК болон Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хишигжаргалын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хишигжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ............ нь 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ............ ХХК-тай харилцан тохиролцож, 12/07/55 тоот Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулсан. Уг гэрээгээр ............ ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс тауэр оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 14 давхрын 8 тоот 108.24 м.кв талбайг 1 м.кв-ыг нь 2 500 ам.доллараар тооцож нийт 246 000 ам.доллараар худалдаж авсан. ............ нь ............ ХХК-нд 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 5 000 ам.доллар, 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5 000 ам.доллар, мөн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 74 350 ам.доллар буюу тухайн үеийн ханш 1 345 төгрөгөөр тооцон 100 000 000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15 000 ам.доллар, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 146 650 ам.доллар буюу 1 339.17 төгрөгөөр тооцон 196 390 280 төгрөгийг төлж, нийт 246 000 ам.долларын төлбөрийг бүрэн төлсөн. Гэтэл ............ын худалдаж авсан талбайн хэмжээ нь илт зөрүүтэй, бага хэмжээтэй байсан тул удаа дараа ............ ХХК-ийн холбогдох хүмүүст мэдэгдсээр, илүү төлсөн мөнгөө нэхэж ирсэн боловч ямар ч арга хэмжээ аваагүй, илүү төлсөн мөнгийг өгөхгүй, талбайн маргаантай байгаа, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй гэх шалтгаанаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ч гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрсэн. ............ нь аргагүйн эрхэнд 2014 оны 04 дүгээр сарын 02-нд талбайн хэмжилт хийдэг мэргэжлийн байгууллага болох Бэйст пойнт ХХК-д хандан өөрийн зардлаар талбайг хэмжүүлэхэд уг 8 тоот талбай нь нийт 91.76 м.кв буюу захиалсан талбайн хэмжээ 16.48 м.кв-аар дутуу болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл ............ ХХК нь иргэн ............аас 16.48 м.кв талбайн үнэ илүү авч хохироосон байх бөгөөд илүү төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр шүүх Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж маргааны зүйл болох талбай дээр дахин хэмжилт хийлгүүлэх тухай захирамж гарсан. Тус шинжээчийн компани нь 2019 оны 03 дугаарсарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн 171 тоот дүгнэлтэндээ Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Пийс тауэр оффис, 14 давхар, 8 тоот хаягт байрлах оффисийн өрөөний талбайн хэмжээг 85.76 м.кв болохыг тогтоосон байна. Иймд тус шинжээчийн дүгнэлт дээр үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилсөн билээ. Оффисийн талбайн хэмжээ нь 108.24 м.кв биш харин 85.76 м.кв гарч байгаа болохоор талбайн зөрүү болох 22.48 м.кв-н үнэ 68 717 268 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч ............ нь оффисийн төлбөрийг бүрэн төлсөн учир Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Пийс тауэр оффис, 14 давхар, 8 тоот хаягт байрлах 85.76 м.кв талбайтай оффисийн өрөөг худалдан авагч ............ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг гаргуулахыг Чингэлтэй дүүргийн эд хөрөнгө эрхийн бүртгэлийн хэлтэст болон хариуцагч ............ ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............ ХХК-ийн хувьд анх удаа ажлын байрыг өмчлөгч нарын өмчлөлд шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь барилгын талбайг хэмжихдээ орон сууцны талбайн хэмжээг хэмжихэд ашигладаг Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны барилгын доторхи сууцны талбай тооцох аргачлал MNS6058:2009 стандартыг барьж буруу стандартаар доголдол гаргаж ирээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаар талуудын хооронд 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 12/0755 тоот талбай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд зургийг харж захиалсан. Гэрээний гол нөхцөлд талбайн хэмжээ орох ба ийм их хэмжээний талбай дутсан байхад нэхэмжлэгч талбайг хүлээн авахдаа хэмжилт хийлгэж гэрээний зүйлийн доголдлын талаар мэдэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч шаардлага гаргах эрхтэй байхаар хуульд тодорхой зохицуулсан байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. ............ худалдаж авсан талбайдаа 2012 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр улсын комисс албан ёсоор байнгын ашиглалтанд хүлээн авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00914 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт баримтлан............ ХХК-аас 7 275 227 төгрөгийг гаргуулж ............д олгож, Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Пийс тауэр оффис, 14 давхар, 8 тоот хаягт байрлах оффисийн өрөөний үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг 93.8 м кв талбайтайгаар худалдан авагч ............ын нэр дээр гаргуулахыг хариуцагч ............ ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 61 442 041 төгрөгийн болон Чингэлтэй дүүргийн эд хөрөнгө эрхийн бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 873 262төгрөгийн 501 536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 371 726 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас,131.354 төгрөгийг хариуцагч ............ ХХК-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ............д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1479 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00914 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 225.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Оффисийн өрөөний талбайн зөрүү болох 68 717 268 төгрөг гаргуулах, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Пийс тауэр оффис, 14 давхар, 8 тоот хаягт байрлах оффисийн өрөөний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 85.76 м.кв талбайтайгаар худалдан авагч ............ын нэр дээр гаргуулахыг Чингэлтэй дүүргийн эд хөрөнгө эрхийн бүртгэлийн хэлтэст болон хариуцагч ............ ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэгч ............ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч ............аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хишигжаргал хяналтын гомдолдоо: Шийдвэрт өөрчлөлт оруулах, магадлалыг хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргаж байна. Учир нь давж заалдах шатны шүүх ИХШХШ тухай хуулийн 172 зүйлийн 172.2.1-т заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болно. 1. Нэхэмжлэгч ............ нь 2012 оны 7 сарын 20-ны өдөр ............ ХХК-тай 12/07/55 тоот Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан улмаар Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт баригдах Реасе Тоwer оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 14-р давхрын 8 тоот бүхий 108.24 м2 талбайг худалдан авахаар харилцан тохиролцсон юм. Нэхэмжлэгч нь 108.24 м2 талбайн нэгжийн үнэ болох 3.056.818 төгрөг буюу нийт 330.869.980 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд 2012 оны 11 сарын 16-ны өдөр үлдэгдэл төлбөр болох 186.570.766 төгрөгийг шилжүүлснээр бүрэн төлж барагдуулсан билээ. 2013 оны 7 сард тус объектыг улсын комисс хүлээн авсан үеэс эхлэн нэхэмжлэгч ............ нь уг оффисийн талбайгаа эзэмшиж, ашиглаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч ............ нь тус маргаад байгаа талбайн хууль ёсны эзэмшигч болохоос эд хөрөнгө эрхийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлээгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй, хууль ёсны өмчлөгч нь болоогүй байгаа болно. Өөрөөр хэлбэл, тус оффисийн талбайн өмчлөх эрхийг шилжүүлэн аваагүй байна. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг өмчлөгч гэж үзэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, ИХ-ийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацаа нэхэмжлэгчид хамаарахгүй бөгөөд ИХ-ийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан худалдан авсан талбайн дутуу талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэсэн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. 2. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх нь Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Пийс тауэр оффис, 14-р давхар, 8 тоот хаягт байрлах оффисийн өрөөний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 93,8 м2 талбайтайгаар худалдан авагч ............ын нэр дээр гаргуулахыг хариуцагч “............” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсэн байна гэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь ............ын нэхэмжлэлийн шаардлага нь маргаад байгаа үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээгээ үнэн зөвөөр нь тогтоолгож улмаар илүү төлсөн зөрүү мөнгөө гаргуулах, мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах гэж тодорхой зааж улсын тэмдэгтийн хураамжаа төлсөн байсан. ............ нь маргаад байгаа үл хөдлөх хөрөнгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд хариуцагч ............ ХХК нь төлбөр тооцоо дууссан тухай албан тоотоо гаргаж өгөхгүй байгаан улмаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж чадахгүй байна. Нөгөө талаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар коридорын талбай дундын буюу нийтийн эзэмшлийн талбайд тооцогдон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд орж тусгагдахгүй. Нэхэмжлэгч ............ нь ............ ХХК-с оффисийн өрөөний талбайг л худалдан авахаар харилцан тохиролцсон, харин нийтийн эзэмшлийн талбай болох коридорыг хамт худалдан авахаар тохиролцоогүй. Гэтэл шүүх коридорын талбайн хэмжээг худалдаж авсан хэмжээнд тооцож, цаашлаад уг коридорын талбайг нийтийн эзэмшлийн талбай гэж үзэж, улмаар нэхэмжлэгчийн өмчлөх өрөөний талбайн хэмжээнээс коридорын хэмжээг хасаад, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тэрхүү хассан хэмжээгээр нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийг илт хохироосон хууль бус шийдвэр гэж үзэж байна. Иймд оффисийн талбайн зөрүү болох 22,66 м2 буюу 69.267.495 (жаран есөн сая хоёр зуун жаран долоон мянга дөрвөн зуун ерэн тав) төгрөгийг гаргуулах, нэхэмжлэгч Молдой овогтой ............ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг ............ ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгч, шийдвэрт өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ............, хариуцагч ............ ХХК-д холбогдуулан худалдан авсан оффисийн өрөөний дутуу талбайн үнэ 68 717 268 төгрөгийг гаргуулах, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 85.76 м.кв талбайтайгаар нэр дээрээ гаргуулахыг хариуцагч ............ ХХК болон Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч маргаж, нэхэмжлэгч эд хөрөнгөө хүлээн авсан, доголдлын талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлийг заажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчаас 7 275 227 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

 

2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр ............ ХХК нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт баригдах Пийс тауэрын оффис, үйлчилгээний зориулалттай барилгаас 14 дүгээр давхрын 8 тоот 108.24 м.кв талбайг ............ын өмчлөлд шилжүүлэх, ............ нь 1 м.кв-ыг нь 3 056 818 төгрөгөөр тооцон 330 869 980 төгрөгийг төлөх үүргийг харилцан хүлээсэн, гэрээний харилцааг худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Гэрээнд оффисын талбайн хэмжээг оффисийн өрөө 96.21м2, хөлийн өрөөний /өрөө рүү орох коридор/ талбай 12.03м2 нийт 108.24м2 гэж заасан, гэрээний зүйлийг талууд маргаагүй байна. ............ ХХК 2012 оны 12 сард үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн, ............ эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн ба оффисийн өрөөний талбайг хэмжээ дутуу эсэх асуудал маргааны зүйл болжээ.

 

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд ирүүлсэн Бэйс пойнт ХХК-ийн дүгнэлтэд оффисийн өрөөний талбайн хэмжээг 91.76 м.кв гэж, шүүхээс томилогдсон шинжээч Мөнх Оргил трейд ХХК өрөөний ашигтай талбайг 91.72 м.кв, Бэсгэ ХХК-ийн дүгнэлтэд оффисийн өрөөний талбайг 93.8 м.кв, коридор 12.06 м.кв, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтэд оффисийн өрөөний талбайг 85.76 м.кв, нийтийн эзэмшлийн талбайг 5.81 м.кв байна гэж өөр өөрөөр дүгнэсэн байх ба анхан шатны шүүх Бэсгэ ХХК-ийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. /1-хх 15-16, 37-45, 81-90, 2-хх 66-80/

 

Нэхэмжлэгч нь талбайн хэмжээ дутуу гэх үндэслэлээр ашиглалтын хөлсийг 2014 оны 05 дугаар сараас төлөхөө больсон, ............ ХХК 2015 оны 07, 09 дүгээр саруудад “...талбайн зөрүү үүссэнээс болж ашиглалтын зардал төлөх асуудлыг хойшлуулж хүлээлгэсэн, одооноос ашиглалтын зардлаа төлөхийг мэдэгдье” гэх албан бичгийг худалдан авагч талд хүргүүлснээс үзэхэд ............ нь эд хөрөнгийн доголдлыг энэ үеэс мэдсэн боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй байна. /1-хх 142, 143/

 

Гэвч анхан шатны шүүх хариуцагчаас 7 275 227 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд хариуцагч ............ ХХК давж заалдах журмаар гомдол гаргаагүй юм.

 

............ ХХК-иас 7 275 227 төгрөгийг гаргуулж ............д олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй, нэхэмжлэгч ............ гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмыг зөрчжээ. Маргааны үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт зохигчийн шаардлага, татгалзсан хэмжээ, хүрээнд хязгаарлагддаг. Хариуцагч анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийн хэмжээг зөвшөөрсөн агуулгатай, тийм учраас давж заалдах шатны шүүх хариуцагчийн зөвшөөрсөн хэсгийг үгүйсгэж, дүгнэлт өгөх эрхгүй юм.

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмаа баримтлах үүрэгтэй. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан шүүхийн шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй, харин нэхэмжлэгч нэхэмжлэлийг бүрэн хангаж өгөхийг хүсч давж заалдах гомдол гаргасан байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, талуудын бие даасан байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлгүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгоно.

 

Анхан шатны шүүх маргаантай харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн зүйл, заалтыг баримталсан атлаа Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д заасан нийтлэг зарчмын шинжтэй ерөнхий зохицуулалтыг давхар баримталсан нь оновчтой болоогүй тул  шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1479 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00914 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...9 дүгээр зүйлийн 9.4.3...” гэсэн заалтыг хасч, “...гаргуулахыг хариуцагч ............ ХХК-д даалгаж...” гэснийг “...гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг ............ ХХК-д даалгаж...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 575 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.АЛТАНЧИМЭГ

 

                                   ШҮҮГЧ                                             П.ЗОЛЗАЯА