Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2014/0277

 

                                                                      '            

С.О-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 174 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.О-н нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 631 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д төрийн албанаас чөлөөлөх эрхтэй байхаар хуульчилсан. Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаагүй эрх зүйн харилцааг Хөдөлмөрийн хуулиар зохицуулахаар заасны дагуу 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлж, 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар төрийн захиргааны байгууллага тухайн албан хаагчийн харьяалах хэлтсийн даргаар дамжуулан бүтэц орон тооны өөрчлөлт хийгдэх гэж байгаа гэж урьдчилан мэдэгдэж байсан. Мөн С.О-н эхнэр тойрох хуудсыг нь 2012 оны 11 дүгээр сард бөглүүлж авсан, Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын сарын 26-ны өдрийн “Тэтгэлэг олгох тухай” 632 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгосон баримтаар С.О нь ажлаас чөлөөлөгдсөн гэдгээ тухайн үед мэдсэн гэдэг нь бүрэн нотлогдоно гэжээ.

Гуравдагч этгээд Ашигт малтмалын газрын Санхүү, эдийн засгийн тасгийн дарга П.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие төрийн албанд 22 жил ажиллаж байгаа ба Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 191 дүгээр тушаалаар агентлагийн Захиргаа удирдлагын хэлтсийн Санхүү, эдийн засгийн тасгийн эдийн засагчаар шилжин ажиллаж байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 174 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.О давж заалдах гомдолдоо: Миний бие Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 34 дүгээр тушаалаар Захиргаа удирдлагын хэлтсийн Санхүү, эдийн засгийн тасгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэргэдэх төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоол, Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 578 дугаар тушаалаар Ашигт малтмалын газрын захиргаа, удирдлагын хэлтсийн Санхүү, эдийн засгийн тасгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямарваа нэгэн алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд үр дүнгийн гэрээг тогтмол "В" буюу "сайн" үнэлгээгээр дүгнэгдэж байсан болно.

Манай Ашигт малтмалын газар 2011 онд ажилчдаа "Гурван гал" эмнэлэгт эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт хамруулсан бөгөөд тэр үед өөрийгөө элэгний хүнд хэлбэрийн өвчтэй болохоо мэдэж, 2012 оны 4 дүгээр сард БНХАУ-д нарийвчилсан шинжилгээг өгч, эмчилгээг яаралтай хийлгэх санамж авсан юм. Энэ үеэс элэгний хэвийн үйл ажиллагааг хангах АЛАТ, АСАТ, билирубины хэмжээ байнга тогтмол өсөж Альфа интерферон мэтийн хүчтэй эмчилгээнд шилжсэн. Энэ үед биеийн ерөнхий эсэргүүцэл суларч, цусны даралт ихсэж 120-180 хүрч харвалт өгөх аюултай байсан тул үе үе эмнэлэгт хэвтэж, хэвтрийн дэглэмийн байдалтай байсан. "Ачтан элит" эмнэлэг, Сүхбаатар дүүргийн эмнэлэг гэх мэт эмнэлгүүдэд эмчлүүлж Хөдөлмөрийн чадвар алдалтаа 60 хувиар тогтоолгосон.

Ийм учраас гэнэт огцом хөдлөх, сэтгэл санаа тогтворгүйтэхийг эмнэлгийн зүгээс хорьж байсан бөгөөд энэ нь хавтаст хэрэгт цугларсан эмнэлгийн болон шинжилгээ, эмчилгээний баримт зэргээр тогтоогдоно. Миний бие эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын дэвтэр шаардлагатай болсон тул тухайн үед эхнэрийг ажил руу явуулж авхуулсан. Одоогоор миний бие АМГ-тай ажил хүлээлцсэн, тооцоо нийлсэн ямар ч акт баримт байхгүй байна.

Эмчилгээний төлбөр их өндөр байсан тул өөрийн ажиллаж буй байгууллагадаа хандаж 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эмчилгээний зардалд 24,000,000.00 (хорин дөрвөн сая) төгрөгийн /урьдчилсан байдлаар тухайн үеийн ЗУХ-н даргатай ярилцаж 10 сая төгрөгийн боломж байж болох талаар ярилцсан байсан/ мөнгөн тусламж хүссэн өргөдлийг гаргасан. Энэ хүсэлтийн дагуу 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тус газрын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлээд Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн 665 тоот тушаалаар хоёр сая төгрөгийг миний эмчилгээнд тусламж болгон олгосон юм билээ.

Ажил олгогчийн зүгээс надад ажилгүйдлийн тэтгэмжийг өгсөн гэх боловч надтай зөвшилцсөн, танилцуулсан ямар ч зүйл байхгүй, тийм баримт ч байхгүй, цалингийн картад мөнгө хийсэн байсан. Тухайн үед ажил олгогчийн зүгээс надад ажлаас халах тухай хэлээгүй, танилцуулаагүй, тийм зүйл болж байгааг миний бие мэдээгүй байсан болохоор өмнө нь өгсөн эмчилгээний тусламжид л өгсөн байна гэж ойлгосон, тэгж ч ойлгогдохоор байсан.

Миний бие 2012 оны 10 дугаар сараас эмчилгээгээ дагнаж тууштай эмчлүүлсний хүчинд 2013 оны 7 дугаар сараас биеийн байдал сайжирч эргэн ажилдаа орохоор хүсэлтээ гарган очоод ажлаас халагдсанаа мэдэж Төрийн захиргааны даргад бичгээр хүсэлт гаргаж 2013 оны 8 дугаар сарын 5-нд АМГ-ын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 631, 632 тоот тушаалыг албан ёсоор гардан аваад "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу Төрийн албаны зөвлөл болон Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандсан.

Гэвч шүүгч дээрх дүгнэлтийг хийж, шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн шүүгч бидний шүүхэд болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, хүсэлт, нотлох баримтуудыг огт анзаарч үзэлгүй шийдвэрийг гаргасан гэж үзэж байна. Үүнд:

АМГ-ын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 631 тоот тушаал нь "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэсэн байх бөгөөд уг заалтыг үндэслэж байгаа тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу сарын өмнө ажилтанд мэдэгдэх үүрэгтэй.

Ажилтанд мэдэгдэх гэдгийг Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 17 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөх тухай 2012 оны 9 дүгээр сарын 26-нд мэдэгдэх ёстой байжээ.

Гэтэл надад энэ тухай мэдэгдээгүй, дээрх хуулийг зөрчсөн гэдэг нь 2012 оны 10 дугаар сарын 11 -ний өдөр АМГ-ын бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай Уул.уурхайн сайдын 3 7 дугаар тушаал гарч, үүнээс 15 хоногийн дараа АМГ-ын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 631 тоот тушаал гарсан байдгаар хангалттай нотлогдож байна гэж үзэж байна.

Орон тоо хасагдсан гэдэгт Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1 дэх хэсэгт "тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино" гэжээ. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална",15.1.2-т "орон тоо цөөрүүлсэн" гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно" гэсэн агуулгатай нийцээгүй гэж үзэж байна.

Тушаалын үндэслэл болсон "бүтэц орон тоо шинэчлэн батлагдсан" гэдэг нь дээрх хуулийн заалттай огт нийцэхгүй байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Санхүү, эдийн засгийн тасгийн дарга, Санхүү, үйлчилгээний тасгийн дарга гэсэн ажлын байрны тодорхойлолт нь агуулгын хувьд огт ялгаагүй байх бөгөөд энэ нь бүтцийн өөрчлөлт гэдэг үндэслэлээр ажлаас халах үндэслэл болж чадахгүй юм.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3- д заасан "төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал ажлын байранд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах" гэсэн хуулийн шаардлагатай нийцээгүй гарсан тушаал гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1-т заасан заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн АМГ-ын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 631 тоот тушаал нь "Төрийн албаны тухай хууль"-ийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй, хууль зөрчсөн шийдвэр болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т "аж ахуйн нэгж байгууллагын эрх баригчид хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаас халах, боломжтой ажил, албан тушаалд авч ажиллуулахаас татгалзахыг хориглоно" гэсэн заалтыг тус тус зөрчсөн тушаал гэж үзэж байна.

Иймд миний бие нь өмнө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон хүсэлтүүдээ дэмжиж байгаа бөгөөд Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 631 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан нийгмийн даатгалыг нөхөн бөглүүлж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилохыг Ашигт малтмалын газрын даргад даалгаж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 174 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүссэн гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

С.О нь Ашигт малтмалын газрын даргад холбогдуулан Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 631 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Уг тушаалаар Ашигт малтмалын газрын даргын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Ашигт малтмалын газрын даргын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 578 дугаар тушаалаар С.О-н томилогдон ажиллаж байсан Санхүү, эдийн засгийн тасаг Монгол Улсын Уул уурхайн сайдын 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаар тушаалаар Ашигт малтмалын газрын орон тоог 170 хүний бүрэлдэхүүнтэй баталсны дагуу гаргасан тус газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” 630 дугаар тушаалаар өөрчлөгдөн Санхүү, эдийн засгийн тасаг нь Санхүү, үйлчилгээний тасаг болжээ.

Гэвч хариуцагчаас шүүхэд ирүүлсэн Санхүү, эдийн засгийн тасаг болон Санхүү үйлчилгээний тасгийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, тавигдах ерөнхий болон тусгай шаардлага өөрчлөгдөөгүй байхад С.О-н ажиллаж байсан албан тушаалын зөвхөн нэр өөрчлөгдсөн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэж, бүтэц орон тоо шинэчлэгдэн батлагдсан гэж үзэж ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчжээ.

Түүнчлэн маргаан бүхий Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 631 дүгээр тушаалыг гаргах үед нэхэмжлэгч С.О өвчний улмаас эмчилгээ хийлгэж байсан байх бөгөөд тэрээр 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эмчилгээнд зориулж мөнгөн тусламж авахаар хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 665 дугаар тушаалаар 2.156,331 /хоёр сая нэг зуун тавин зургаан мянга гурван зуун гучин нэг/ төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхээр болсон байна.

Үүнээс өмнө Ашигт малтмалын газрын дарга 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 632 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнтэй нь холбогдуулан 6 сарын цалинтай тэнцүү хэмжээний нэг удаагийн тэтгэлгийн дагуу 3.718,323 төгрөгийг олгохоор шийдвэрлэж С.О-н Голомт банк дахь цалингийн дансанд шилжүүлсэн байх ба “уг тэтгэлгийг нэхэмжлэгч хүлээн авсан, мөн тооцооны хуудсаа зуруулж, нийгмийн даатгалын дэвтрээ эхнэрээрээ дамжуулан авсан учир нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаал гарсныг мэдсэн" гэж хариуцагчаас тайлбарлаж маргасныг хүлээн авах үндэслэлгүй.

Тодруулбал, нэхэмжлэгчээс маргаан бүхий тушаалыг мэдээгүй гэж маргаж байх ба хэрэгт авагдсан 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ажил хүлээлцэх “Тооцооны хуудас”-т Нийгмийн даатгалын дэвтэрт хүлээн авсан хэсэгт гарын үсэг зурагдаагүй, харин “Эхнэр нь ирж дэвтэр авав" гэсэн тэмдэглэгээ хийсэн, мөн эмчилгээний мөнгөн тусламж, ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэлгийн аль нь болохыг дансны хуулганаас ялгах боломжгүй байгаа зэргээс харахад хариуцагчаас маргаан бүхий тушаалыг нэхэмжлэгчид мэдэгдсэн нь тогтоогдохгүй байх бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаал гарсныг мэдсэн, хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь маргаан бүхий Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 631 дүгээр тушаалыг 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр авахаар хүсэлт гаргаж, 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмалын газрын “хуулбар үнэн” тэмдэг даруулан авч, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн өргөдлийн хариуг авснаас хойш Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацааны дотор буюу 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гэтэл анхан шатны шүүхээс маргаан бүхий актын үндэслэл болгоогүй “ажлын байрны шаардлага хангаагүй байхад нэхэмжлэгч С.О-г томилон ажиллуулсан, мөн дотоод журамд заасны дагуу ажлаас чөлөө авах хүсэлтээ биелүүлээгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага буюу хариуцагч Ашигт малтмалын газрын даргын шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хуульд үндэслэсэн байх шаардлагыг хангасан байх ёстой атал албан тушаалын бүтэц орон тоо өөрчлөгдөөгүй байхад өвчний улмаас ажлаа хийх боломжгүй байсан С.О-г түүнд мэдэгдэлгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар 23.3.1-д заасны дагуу албан тушаалаас түр чөлөөлсөн тушаал гаргаагүй; харин бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. г

    Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 174 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан С.О-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 631 дүгээр тушаалын С.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Санхүү, үйлчилгээний тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны олговрыг энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тооцож Ашигт малтмалын газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн
  1. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                            ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

                        ШҮҮГЧИД:                                                                Н.ХОНИНХҮҮ

                                               

                                                                                                            Д.БАТБААТАР

 

                                                                                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН