Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Б.Энэрэл,

хохирогч Б.Алтангэрэл,

шүүгдэгч Э.Жавхлантөгс, түүний өмгөөлөгч Т.Наранцэцэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0334) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Энхтөрийн Жавхлантөгсийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201626011825 дугаартай 1 хавтаст хэргийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Энхтөрийн Жавхлантөгс, Дархан-Уул аймгийн Хонгор суманд 1990 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Рич зочид буудалд хамгаалагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Цэцэрлэгийн 1 дүгээр байрны 08 тоотод байнгын, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Булгийн 4-5 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ТК90051330.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар)

Шүүгдэгч Э.Жавхлантөгс нь 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр цайны цаг өнгөрч байх үед Талх чихэр ХК-ний хамгаалалтын албаны ээлжийн ахлагч ажилтай Б.Алтангэрэл нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Талх чихэр ХК-ний байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хамгаалагч Э.Жавхлантөгсөд чи станцаар мэдээгээ дутуу өглөө, бүрэн гүйцэт өгч бай, орж гарч байгаа бүх хүнээ станцаар мэдэгдэж бай гэсэн ажлын шаардлага тавихад өөдөөс нь маргалдан улмаар Алтангэрэлийн нүднийх нь орчим 3 удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Э.Жавхлантөгс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ажил дээрээ үүргээ гүйцэтгэж байхад Алтангэрэл гаднаас хүн орууллаа гээд станцаар дээрэнгүй ярьсан. Өмнө нь дандаа хүний хор шар малтсан, дээрэнгүй захирсан байдлаар харьцдаг байснаас болоод хэд хэдэн удаа маргалдаж байсан. Тухайн өдөр Алтангэрэл орж ирээд станцаар дээрэнгүй харьцахаар нь чи хүнтэй аятайхан харьц л даа гэж хэлэхэд намайг ажлаа хийж чад чадахгүй бол зайл гэхээр нь би уурандаа нүүр рүү нь гараараа 2 удаа цохьсон. Тэгээд хөлөөрөө хавсарч унагаагаад гараараа 2 удаа цохьсон. Хохирол 2.100.000 төгрөг нэхэмжилсэн. ...Би хохиролд 1.000.000 төгрөг төлсөн байгаа гэв.

Хохирогч Б.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 07-нд ажил үүргээ гүйцэтгээд...Жавхлантөгсөд станцаар яагаад хүмүүсийн хөдөлгөөнийг мэдэгдэхгүй байна вэ гээд шаардлага тавьсан. Тэгээд Жавхлантөгс бид 2 хоорондоо маргасан. Би эмчилгээгээ Орбита эмнэлэгт хийлгэх бодолтой байгаа... Жавхлантөгсөөс 1.000.000 төгрөг бэлнээр авсан байгаа. 106.000 төгрөгийг шинжилгээ өгөхөд гаргуулж байсан. ...Жавхлантөгсөөс 1.106.000 төгрөг авсан. Жавхлантөгсийн ар гэрийнхэнтэй уулзаад 800.000 төгрөг авахаар тохиролцсон. ...Би ажилгүй байсан хугацааны буюу 16 хоногийн 250.000 төгрөг, мөн цалингийн зээл төлж чадаагүй гээд 180.000 төгрөг нэхэмжилсэнээ нэхэмжлэхгүй гэв.   

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

- Хохирогч Б.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр цайны цаг өнгөрч байх үед...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Талх чихэр ХК-ийн байранд ажил, үүргээ гүйцэтгэж байхад явган хүний хяналтын цэг дээр ажилладаг хамгаалагч Э.Жавхлантөгсийг станцаар мэдээгээ дутуу өглөө, бүрэн гүйцэт өгч бай гэж...ажлын шаардлага тавихад би өөрөө мэдэж байна, чамд хамаагүй, чи ганцхан намайг л загнаад байна гэж уурласан. Тэгэхээр нь би чи угаасаа ажлаа муу хийгээд байна шүү дээ, чадахгүй бол ажлаасаа халагд гэхэд...уурлан босч ирээд барьж аваад баруун талын хөлөөрөө зүүн тийш хавсарч унагаагаад...нэг удаа өшиглөхөд би нүүрээ хамгаалж доош болсон, дараа гараараа хоёр удаа нүүрэн тус газар цохисон. Миний зүүн нүдний зовхины доод хэсэг болон хамраас цус гарсан ба манай ахлах ажилтан Сүхбаатар, Зоригтбаяр нар ирээд салгасан. Ажил байранд зодоон хийлээ гээд удирдлагын зөвлөлийн хурлаар Э.Жавхлантөгс бид хоёрыг оруулаад...дарга нар Жавхлантөгсийг ажиллуулах боломжгүй гээд тэр өдрөө ажлаас халчихсан. ...Энэ гэмтлийг Жавхлантөгс надад учруулсан. Миний биед баруун нүдний ухархайн дотор хана хугарсан, дээд, доод зовхины няцрал гэмтэл учирсан. Би гэмтлээ Орбита нүдний эмнэлэгт очиж үзүүлэхэд үзлэгийн мөнгө 30.000 төгрөг, Дуб ХХК-ийн Брилант эмнэлэгт томографикийн зураг авахуулахад 120.000 төгрөг, эмнэлэг, цагдаа гээд явсаны бензины төлбөр 161.000 төгрөг, 16 хоног ажилдаа яваагүй ажлаас цалингүй чөлөө өгсөн буюу ажилгүй хугацааны цалин 200.000 төгрөг, цалингийн зээлээ нэг сар төлж чадаагүй 180.000 төгрөг, нүдний хагалгааны 1.600.000 төгрөг  болох нийт 2.291.000 төгрөгийг Жавхлантөгсөөс нэхэмжилж байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал),

- Гэрч  Ц.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр...ээлжийн ахлагч Алтангэрэл намайг станцаар дуудсан. Намайг яваад очиход...Алтангэрэлийн хоёр нүдний доод хэсгээс хоёр газарт цус гарчихсан, нүд нь хавдаж хөхөрсөн байсан бөгөөд намайг Жавхлантөгс ийм болгочихлоо гээд Жавхлантөгстэй хэрэлдээд зогсож байсан. Би Жавхлантөгсийг яагаад ээлжийнхээ ахлагчийг зодож байгаа юм, бөгжтэй гараараа цохисон уу гэхэд Жавхлантөгс үгүй, би гараараа цохисон гэсэн. Жавхлантөгс тэр өдөр Алтангэрэлийг харж байхад нэг хүн оруулчихаар нь Алтангэрэл станцаар чи ямар хүн оруулчихваа гэхэд Жавхлантөгс чамд хамаагүй гэж хэлснээс тэр хоёрын хооронд маргаан болсон байсан. ...Алтангэрэл ахлах болоод 3 сар болж байгаа, буруу шаардлага тавиагүй байсан. Жавхлантөгс Алтангэрэлд бүрэн захирагдах ёстой. Ээлжийн ахлагчийн үг хууль байх ёстой гэдэг зарчмыг манай байгууллага тавьдаг. Жавхлантөгс, Алтангэрэл нар нэг үеийн хүүхдүүд, хоёулаа л гайгүй зан харьцаатай, ажилдаа сайн хүүхдүүд... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

- Гэрч Э.Зоригтбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр цайны цагийн дараахан...хамгаалагч Жавхлантөгс нь үүдний постонд хүн орж гарахад хяналт тавих ажил хийж байхдаа 2 хүн шалгалгүй оруулсан чинь ээлжийн ахлагч Алтангэрэл станцаар Жавхлантөгсөд чи орж гарч байгаа хөдөлгөөнөө мэдэгдээч гэхэд Жавхлантөгс би хэнийг оруулах, гаргахаа мэдэж байна, үйлдвэрийн ажилчид орлоо, би таньж байна гэхэд Алтангэрэл чи ямар ч хүн орсон, гарсан хэлж мэдэгдэх ёстой гээд станцаар хэсэг маргалдсан. Тэгээд Алтангэрэл өрөөнөөсөө гарч ирээд миний постон дээр ирээд харуулын байранд орж суусан чинь Жавхлантөгс постноосоо гарч цонхны хажууд очоод Алтангэрэлтэй...хэрүүлээ үргэлжлүүлээд чи хүний хийж чадахгүй ажлыг хийж байгаа юм шиг, би чамаас илүү наад ажлыг чинь хийж чадна гэхэд Алтангэрэл чаддаг юм бол хийгээч, чи ажиллаж чадахгүй бол яв гэж хөөсөн чинь Жавхлантөгс чи намайг хөөх болоогүй, чамаас цаадах нь намайг эндээс халж чадаагүй гээд л Алтангэрэлийн энгэрээс нь барьж аваад доош татаад 2-3 удаа нүүрэн тус газар нь цохиход Алтангэрэлийн зүүн нүдний орчим байхаа  цус гарсан. ...Алтангэрэл Жавхлантөгсийг цохиж зодсон асуудал байхгүй. Жавхлантөгс яах ийхийн зуургүй л хурдан цохисон. Хамгаалалтын албаны ахлах ажилтан Сүхбаатарыг Алтангэрэл дуудаад тэр ирээд Жавхлантөгсийг загнаж байх шиг байсан. ...Алтангэрэл нь бага зэрэг захирангуй, заримдаа муухай ааш гаргаад байдаг юм. Жавхлантөгс жаахан хэгжүүн зантай. Ер нь Алтангэрэл шаардлага тавьдаг нь зөв байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9648 дугаар актад:

...Хэсэг газрын үзлэгт: Баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд тод хөх өнгийн цус хуралттай, орчны эд бага зэргийн хавдартай, зүүн доод зовхинд 1.6х0.2 см шархтай, баруун хацар овойж хавдсан, тэмтрэлтээр бага зэрэг эмзэглэлтэй, баруун нүдний алиманд тархмал улаан хүрэн өнгийн цус хуралттай. 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Бриллианс-ын КТГ-н шинжилгээнд:...Баруун талын нүдний ухархайн дотор хана дотогш этмойд хөндий рүү 1,5 см өргөн хэсэгт 0,6 см гүн цөмөрсөн, хамар яс хянга хэсгээр зөрүүтэй, 2 хажуу хана зөрүүгүй тус тус хуучин хугаралтай. Хамрын таславч баруун тийш мурийлттай....КТГ-ын зургийг давтан уншуулахад:...хамар яс 2 хажуу хананд сэлтэрсэн хуучин хугаралтай, таславч баруун тийш бага зэрэг мурийсан, баруун ухархайн дотор хана дээд хэсэгт жижиг шинэ цөмөрсөн хугаралтай...баруун хацар, нүдний дээд, доод зовхинд хаван хавдартай. ...Орбита эмнэлгийн картнаас:...Зүүн зовхи таталдана...зүүн доод зовхинд зулгарсан шарх, зовхи хаван ихтэй...зүүн нүдний битүү гэмтэл, ухархайн хананы хугарал...ДҮГНЭЛТ:

1. Б.Алтангэрэлийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхинд шарх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээч эмч Г.Ханхүүгийн дүгнэлт (хавтаст хэргийн 21 дэх тал),

 

- Шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэн Б.Алтангэрэлийг үзэхэд ...баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд тод хөх өнгийн шархтай, баруун хацар овойж хавдсан, тэмтэрч үзэхэд бага зэрэг эмзэглэлтэй, баруун нүдний алиманд тархмал улаан хүрэн өнгийн цус хуралттай байсан. Мөн 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Бриллианс эмнэлгийн толгойн КТГ-д баруун талын нүдний ухархайн дотор хана дотогш этмойд буюу яс хоорондын хөндий рүү 1.5 см өргөн хэсэгт 0.6 см гүн цөмөрсөн, хамар яс хянга хэсгээр зөрүүтэй, 2 хажуу хана зөрүүтэй хуучин хугаралтай, хамрын таславч баруун тийш мурийлттай гэж бичигдсэн байсан. Би КТГ оношийг уншаад шинэ, хуучин гэмтлийг ялгахын тулд өөрийн эмнэлгийн дүрс оношилгооны эмч С.Чулуунсүх эмчээр КТГ-г дахин уншуулахад гавал ясанд гэмтэлгүй, эдэд голомт өөрчлөлтгүй,...хамар яс 2 хажуу хананд сэлтэрсэн хуучин хугаралтай, таславч баруун тийш бага зэрэг муруйсан, баруун ухархайн дотор хана дээд хэсэг жижиг цөмөрсөн шинэ хугаралтай, баруун этмойп хөндийд шингэнтэй, баруун хацар, нүдний дээд, доод зовхинд хаван хавдар, хийтэй гэж оношлогдсон тул үүнийг баримтлан 9648 дугаар дүгнэлтээ гаргасан. ...Миний хувьд Чулуунсүх эмчийн оношлогоог барьж дүгнэлт гаргасан. Энэ оношнууд ямар ч зөрүүгүй юм. Алтангэрэлийн хамар орчмын гэмтлүүд хуучин, нүд орчмын гэмтлүүд шинэ байсан учир дүгнэлтийн хэсэгт шинэ гэмтэл болох нүдний орчмын гэмтлүүдийг тусгаж дүгнэлтээ гаргасан. ...Энэ гэмтэл нь гараараа цохисоны улмаас үүсэх боломжтой... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-18 дахь тал),

- Гэрч Н.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би хүүгээ ажлынхаа Алтангэрэл гэдэг залууг цохиж биед нь гэмтэл учруулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсаныг мэдсэн. ...Миний хүү их зөөлөн, уян хүүхэд. Цэрэгт яваад хамраа гэмтээгээд амьсгалын дутагдалтай зүрх нь муудсан. Энэ байдлаасаа болж их цочмог тэсэрч уурлаад хурдан тайвширдаг зантай болсон. Уурлах үедээ юу хэлж, ярьсанаа мэддэггүй, дараа нь их гэмшдэг. Хүнд их тусархуу зантай... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

 

- Шүүгдэгч Э.Жавхлантөгсийн мөрдөн байцаалтад сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн: ...Би 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Талх чихэр ХК-д үүрэг гүйцэтгэн...үүдэнд явган хүний постонд хүн орж, гарахыг хянаж байх үед 13 цагийн үед талхны үйлдвэрийн ажилтан...орсон. Тэгтэл ээлжийн ахлагч Алтангэрэл нь станцаар над руу наад орж байгаа эмэгтэй чинь хэн бэ гэж асуухаар нь би талхны үйлдвэрийн ажилтан байнаа гэж хэлсэн чинь орж байгаа хөдөлгөөнөө станцаараа хэл л дээ гээд уурлангуй хэлэхээр нь би зөрүүлээд талхны үйлдвэрийн ажилтан тул хэлсэнгүй гэхэд орсон болгоныг мэдэгдэх ёстой биз дээ гээд станцаар хэсэг маргалдаад өнгөрсөн удалгүй Алтангэрэл автомашин шалгадаг 2 дугаар пост дээр хүрээд ирсэн. Энэ пост нь миний зогсож байгаа посттой ойрхон учир би явж очоод чи одоо яагаад байгаа юм бэ, би чамаас олон жил ажиллаж байгаа, ажлаа чамаас илүү мэднэ гэхэд Алтангэрэл чи муу юу гээд байгаа юм гээд өөдөөс гараа далайгаад ажлаа хийж чад, чадахгүй бол зайл гэхээр нь би түүнийг...хавирч унагаад хагас тонгойхоор нь гараа зангидаж байгаад хоёр удаа хацар орчим нь цохисон. Зоригтбаяр хажууд харж байснаа биднийг салгасан. Зодолдохоо больж хэсэг хэрэлдэж байхад ахлах ажилтан Сүхбаатар ирээд чамайг хурлаар оруулж хална, ээлжийн ахлагчаа яагаад зодож байгаа юм гээд хүний нөөцийн хурал болоод намайг ажлаас халчихсан. ...Энэ гэмтлийг би түүнд учруулсанаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

- Хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 2), хохирогчийн гэрэл зураг (хавтаст хэргийн 81, ....), ажилд томилсон тушаалын хавсралт, хөдөлмөрийн гэрээ, тодорхойлолт (хавтаст хэргийн 70, 67-68, 66), хохирогчийн голомт банктай байгуулсан зээлийн гэрээний хуулбар, тодорхойлолтууд (хавтаст хэргийн 75-80), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 56 дахь талын урд хуудас, 71), Талх чихэр ХК-ны хамгаалалт аюулгүй байдлын албаны зурагт хуудас, заавар, зааварчилгаа (хавтаст хэргийн 56-65), өвчтөний карт (хавтаст хэргийн 72-74),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, (хавтаст хэргийн 40-41), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42), шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 33-37, 43-55) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Э.Жавхлантөгс нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Талх чихэр ХК-ийн хамгаалалт аюулгүй байдлын албанд ажиллаж байхдаа 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тус үйлдвэрийн хамгаалалтын албаны ээлжийн ахлагч Б.Алтангэрэлийн чи станцаар мэдээгээ дутуу өглөө, бүрэн гүйцэт өгч бай, орж гарч байгаа бүх хүнээ станцаар мэдэгдэж бай гэсэн албаны шаардлага тавихад маргалдан улмаар түүнийг хавсарч унаган, нүүрэн тус газар нь 2-3 удаа цохьж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл дээрх хэрэг нь шүүгдэгч Э.Жавхлантөгс, хохирогч Б.Алтангэрэл нарын тухайн үетйг хувийн таарамжгүй харилцаанаас үүдсэн, хувийн сэдэлттэй байна.

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Жавхлантөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар буюу бусдын бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон яллагдагчаар татсан нь үндэслэлтэй байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч Б.Алтангэрэл нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 2.291.000 төгрөг (хавтаст хэргийн 10) нэхэмжилсэнээс шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр ажилгүй байсан хугацааны цалин 200.000 төгрөг, нэг сарын цалингийн зээл төлж чадаагүй төлбөрт 180.000 төгрөг буюу нийт 380.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, мөн шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1.106.000 төгрөгийг хүлээж авсан, үлдэх 805.000 төгрөг дээр Э.Жавхлантөгстэй сайн дураараа эвлэрч гэрээ байгуулж байгаа тул эвлэрлийг баталж өгнө үү (хавтаст хэргийн 111) гэв.

Мөн шүүгдэгч Э.Жавхлантөгс нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42)-р тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар ...шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь...шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж,

Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт ...хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч Э.Жавхлантөгс нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоодож байгаа боловч хөнгөн гэмт хэргийн хохирогч Б.Алтангэрэл нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жавхлантөгсөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн 201626011825 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 284.1.2, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Энхтөрийн Жавхлантөгсийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2 Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэг, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Энхтөрийн Жавхлантөгсөд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Жавхлантөгс нь  цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Жавхлантөгсөд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ