Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 899

 

 

Ц.Амьбөх, Х.Уранбилэг, Д.Буянхишиг, Д.Баяртунгалаг нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00292 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Амьбөх, Х.Уранбилэг, Д.Буянхишиг, Д.Баяртунгалаг нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Говь-Алтай аймгийн Прокурорын газарт холбогдох

 

Прокурорын байгууллагын хууль бус үйлдлийн улмаас Ц.Амьбөх, Д.Баяртунгалаг, Х.Уранбилэг, Д.Буянхишиг нарын хувийн халдашгүй байх эрх зөрчигдсөн тул нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уучлал гуйхыг даалгуулах, сэтгэл санааны гэм хорын хохиролд 40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албан хаагчид, иргэд, ТББ-ын төлөөлөл н.Шинэгэрэл, н.Ойнбилэг, Ц.Амьбөх, Д.Буянхишиг, Х.Уранчимэг, Д.Баяртунгалаг нар нь "Алтайн хүдэр" ХХК-ийн үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчин, хүн ам, мал амьтаны эрүүл мэндэд хохирол учирч байгаа гэм хороо арилгаж байж үйл ажиллагаагаа явуулахыг шаардаж, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Хүний эрхийн үндэсний комисс зэрэгт гомдол мэдээлэл, хүргүүлэн газар дээр нь нөхцөл байдлыг шалгуулах, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа шахалт шаардлагуудыг өгөөд эхлэхээр бидний амыг барих, айлгах сүрдүүлэх, дуутай байлгах зорилгоор 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 429 дугаартай албан бичгээр Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэст “Их таян” хоршооны дарга Ц.Амьбөх, эмнэлгийн дарга Д.Буянхишиг, цэцэрлэгийн эрхлэгч Х.Уранбилэг, Баянгол багийн Засаг дарга Д.Баяртунгалаг нарыг гэмт хэргийн шинжтэй хууль бус үйлдлүүдийг шалгуулахаар гомдол гаргасан. Шинэ зууны Цээл ТББ, “Ньюс-Аженси” ХХК-ийн news.mn мэдээний сайтыг ажил төрлийн нэр хүндэд халдсан гэсэн үндэслэлээр шүүхэд өгсөн. Уг гомдлын мөрөөр цагдаагийн хэлтэс шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаа аймгийн прокурорт 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гаргаж ГМ-505 дугаартай материалыг прокурор хүлээн аваад 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 84 дугаартай тогтоол гаргасан. Үүнийг "Алтайн хүдэр" ХХК эсэргүүцэн гомдол гаргасныг аймгийн прокурор П.Эрдэнэбат гомдлыг хүлээн авч, тухайн албан тушаалтны өмнө гаргасан үйл ажиллагааг өөрчлөх тухай 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 08 дугаартай тогтоол гарган эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хяналтын прокурорын тогтоолыг өөрчилдөг боловч бидний нэр бүхий 6 хүн мөн аймгийн Ерөнхий прокурорт хүсэлт өгсөн боловч ямар нэгэн хариу шийдэл байдаггүй юм. Прокурорын 08 дугаартай тогтоолын дагуу аймгийн Цагдаагийн хэлтэс Ц.Амьбөх, Х.Уранбилэг, Д.Баяртунгалаг, Д.Буянхишиг нарыг сэжигтнээр тооцох тогтоол үйлдэн шалгалт явуулсан боловч бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн, зохион байгуулалттайгаар ард иргэдийг удирдан санхүүжүүлж жагсаал цуглаан хийсэн гэх үйлдэл нь тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт хүргүүлсэн. ...Прокурор П.Эрдэнэбат харьяалал тогтоохын тулд 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газарт танилцуулгатайгаар хэргийг шилжүүлснийг хүлээн авч Улсын мөрдөн байцаах газрын Зохион байгуулалтай гэмт хэрэг мөрдөх хэлтэс рүү харьяалал тогтоон Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулсан боловч мөн л эрүүгийн хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй тул хэрэгсэхгүй болгох саналтайгаар Нийслэлийн прокурорт хүргүүлсэн байна. Нийслэлийн прокурор хүлээн аваад Улсын Ерөнхий прокурорын 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/12 дугаартай тушаалаар Нийслэлийн прокурорын хяналтын харьяалал өөрчлөгдсөн тул уг хэргийн харьяалал тогтоолгохоор Улсын Ерөнхий прокурорт хүргүүлжээ. Улсын Ерөнхий прокурорын газар Говь-Алтай аймгийн прокурорыг харьяалан тогтоосон тул үнэнд гүйцэтгэхийн эрхэнд 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаартай тогтоол гарган эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан. Энэ хугацаанд нэхэмжлэгч нарыг компаниас уучлал гуйлгуулах элдэв цуглаан хийлгэхгүй байлгах арга хэмжээг аймгийн Засаг даргын тамгын газар бие бүрэлдэхүүнээрээ зохион байгуулж “Алтайн хүдэр” ХХК-иас их хэмжээний мөнгө авсан нь тогтоогдоод эрүүгийн хэрэг хүндэрсэн тул Улсын мөрдөн байцаах газар руу шилжсэн гэх мэтээр нэхэмжлэгч нараар хэрэг хүлээлгэх, хийгээгүй хэргийг хийсэн болгуулах зүйл бүрийн арга хэмжээг цагдаа прокурор, Засаг даргын Тамгын газар, компанийн зүгээс явуулж байсан.

Нэхэмжлэгч нарын хувьд шалгах шаардлагатайдаа 2 жил шахам шалгаагүй нотлогдсон баримтаар аймгийн прокурор “Алтайн хүдэр” ХХК-иас 2010 онд 3 сая төгрөг, 2012 онд 6 сая төгрөгийг хандив нэрээр авснаас ашиг сонирхлын зөрчилд орж чирэгдүүлсэн гэж үзэж байна. Энэ хугацаанд орон нутагт нэхэмжлэгч нарын нэр хүнд унаж, сэтгэл санааны асар их дарамтанд орсон. Хуурамч мэдээлэл тараагаагүй гэдгийг мал эмнэлгийн байгууллагын дүгнэлт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн удаа дараагийн дүгнэлт, шаардлага, урд өмнө нь сонин сэтгүүл дээр тавигдаж байсан мэдээ, мэдээлэл нутгийн захын иргэнээс гэрчээр татаад асуухад л эрүүгийн хэрэг болох үндэслэлгүй гэдэг нь тогтоогдохоор байхад компанийн хүсэлтийг хэрхэн хангах вэ гэдэгт л анхаарлаа төвлөрүүлж, иргэний эрхийг хангах, хамгаалах, хууль хэрэгжүүлэх үүргээ умартан нэхэмжлэгч нарт эд материалын болоод сэтгэл санааны хохирол учруулсан аймгийн прокурорын байгууллага “Алтай хүдэр” ХХК-ийг төлөөлж ажилласан аймгийн прокурор П.Эрдэнэбатад гомдолтой байна. “Говь-Алтай” аймгийн прокурорын газраас нэхэмжлэгч нарыг эрүүгийн хэрэгт татан, таслан сэргийлэх арга хэмжээ авч, хууль бус мөрдөн шалгалтын үйл ажиллагаа хийлгэж байсныг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийг баримтлан хүлээн зөвшөөрүүлж, уучлал гуйхыг даалгах, сэтгэл санааны хохиролд Иргэний хуулийн 497, 511 дүгээр зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388, 389, 391 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус баримтлан хүн тус бүр 10 сая төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгааг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье.

Иймд Ц.Амьбөх, Д.Баяртунгалаг, Х.Уранбилэг, Д.Буянхишиг нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, прокурорын байгууллага гэм буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч уучлал гуйхыг даалгуулж, Ц.Амьбөх, Д.Баяртунгалаг, Х.Уранбилэг, Д.Буянхишиг нарын халдашгүй байх эрхэд хууль бусаар халдсан сэтгэл санааны гэм хорын хохиролд 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр "Алтайн хүдэр" ХХК-иас Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар гомдол гаргасан. Энэ гомдолд Говь-Алтай аймгийн Прокурорын газар хяналт тавьж ажилласан. Дээрх гомдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 171, 172 дугаар зүйлд заасан хугацаанд хянаж шалгаад Говь-Алтай аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай ирүүлж, Говь-Алтай аймгийн Прокурорын газар материалыг хүлээн авч хуульд заасан хугацаанд хянаад Хяналтын Прокурор н.Батбаяр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлд зааснаар 2013 оны 7 дугаар сарын 02-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, тогтоолоо гаргаж, энэ шийдвэрээ талуудад өгсөн байдаг. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч "Алтайн хүдэр" ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Тогтохбаяр гомдол гаргаж, дээд шатны прокурор нь хүлээн авч хянаад материалд нэмж шалгуулах зүйл байна гэж үзээд шалгуулахаар өмнө гаргасан тогтоолдоо өөрчлөлт оруулан эрүүгийн хэрэг үүсгэхгүйгээр шалгуулъя гэсэн боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 171 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдох мэдээллийг хянан үзэх 5 хоног, нэмж сунгах 14 хоног, нийт 19 хоногт багтаан шалгах хугацаа өнгөрсөн байсан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 176 дугаар зүйлийн 176.3-т заасны дагуу дээд шатны прокурор өөрийн тогтоолоор эрүүгийн хэргийг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн харъяаллын дагуу Говь-Алтай аймгийн Прокурорын газар шилжүүлсэн байдаг. Цагдаагийн газрын мөрдөн шалгах тасагт хэрэг шалгагдаж байхад Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор н.Сайнхүү 42 дугаар прокурорын даалгавар өгсөн байдаг. Энэ даалгаврын дагуу байцаан шийтгэх ажиллагааг хийсэн. Прокурорын байгууллагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.13-т заасныг удирдлага болгон даалгавар бичсэн. Говь-Алтай аймгийн Прокурор нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан, нэхэмжлэгч нарын ярьж байгаа шиг зүйл болоогүй. Прокурорын газраар уучлалт гуйх, гэм хор учруулсан 40 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Прокурорын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ц.Амьбөх, Д.Баяртунгалаг, Х.Уранбилэг, Д.Буянхишиг нарын Прокурорын байгууллагын хууль бус үйлдлээс болж Ц.Амьбөх, Д.Баяртунгалаг, Х.Уранбилэг, Д.Буянхишиг нарын хувийн эрх нь зөрчигдсөн, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, прокурорын байгууллага гэм буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч уучлал гуйхыг даалгуулж, Ц.Амьбөх, Д.Баяртунгалаг, Х.Уранбилэг, Д.Буянхишиг нарын халдашгүй байх эрхэд хууль бусаар халдсан сэтгэл санааны гэм хорын хохиролд 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх “Говь-Алтай аймгийн прокурорын газрыг гэм буруутай, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахдаа хууль бус ажиллагаа явуулсан эсэхийг эрх бүхий байгууллагаар тогтоолгоогүй болох нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь хэргийн материалыг бодитоор судлаагүй, нотлох баримтыг үнэлээгүй хэт нэг талыг баримтласан байна. Говь-Алтай аймгийн прокурор газар П.Эрдэнэбатын үйлдлийг шалган тогтоолгуулахаар Улын Ерөнхий прокурорын газарт хандсан бөгөөд 2013 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Улын Ерөнхий прокурорын газрын Ерөнхий проркурорын туслах, тамгын газрын дарга Б.Үнэнбат ....дээрх хандивын мөнгийг тус компаниас өгсөн зориулалтын дагуу зарцуулжээ...гэж хариу мэдэгдэх хуудас ирүүлсэн нь прокурор бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, гадны нөлөөнд үл автан, прокурорын байгууллагын төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байх Прокурорын тухай хуулийн 4.1, 6.1, 34.2 дахь заалтуудыг зөрчсөн хариу байсан. Прокурорыг шалгадаг мөрдөн байцаах газар татан буугдаж хянан шалгадаг тогтолцоо үгүй болж бие биенээ өмгөөлөн хамгаалдагийг шүүх үнэлээгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай онол, зарчмын хүрээнд прокурорын байгууллага гэм буруутай учраас нэхэмжлэгч нарт гэм хор учирсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Шүүх гэм буруутайг тогтоох болохоос иргэд гэм буруутайг тогтоох эрх зүйн үндэслэл байхгүй. Гэм буруу, гэм хорыг давхар тогтоох шалтгаант холбоог шүүх үнэлээгүй.

...Хүний эрхийн суурь нь нэр төр, алдар хүнд бөгөөд өөрөө буюу эрхэлж буй ажил, албан байдлаараа олж авдаг бөгөөд Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д иргэн хүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэх үүрэгтэй гэж заасан. Прокурорын үүрэг нь ёс зүйн хэм хэмжээг сахих, хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх бөгөөд албан болон хувийн хараат бус байдал нь энэ эрхийг хангах баталгаа болдог. Гэтэл Говь-Алтай аймгийн прокурор П.Эрдэнэбат хэргийн оролцогчоос удаа дараа хандив авсан, хэт нэг талыг баримтлан харилцах хандлагаар энэ баталгааг зөрчин эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж иргэний хэрэгт хариуцагчаар татсан. Говь-Алтай аймгийн прокурор П.Эрдэнэбатын эс үйлдэх нь 2013 оны 4 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 91 дүгээр тогтоолоор таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон тэр хугацаагаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Энэ бүхэн хэрэг бүртгэл байцаан шийтгэх ажиллагааны явц, хугацаа болон Улын Ерөнхий Прокурор шийдвэрт хандсан хандлагаар тогтоогддог. Иймд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Амьбөх, Х.Уранбилэг, Д.Буянхишиг, Д.Баяртунгалаг нар нь хариуцагч Говь-Алтай аймгийн Прокурорын газарт холбогдуулан Говь-Алтай аймгийн Прокурорын газраар уучлал гуйхыг даалгаж, сэтгэл санааны хохиролд 40 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Прокурорын байгууллагын хууль бус үйлдлийн улмаас Ц.Амьбөх, Д.Баяртунгалаг, Х.Уранбилэг, Д.Буянхишиг нарын хувийн халдашгүй байх эрх зөрчигдсөн тул нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уучлал гуйхыг даалгуулах, сэтгэл санааны гэм хорын хохиролд 40 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч нарыг хариуцагч байгууллага нь “Алтайн хүдэр” ХХК-ийн үйл ажиллагааны талаар худал мэдээлэл тараасан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэх гомдлоор шалгаж, Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 84 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаас татгалзсаныг тус прокурорын газрын 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 08 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар өөрчилж, Ц.Амьбөх, Д.Баяртунгалаг, Д.Буянхишиг, Х.Уранбилэг нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар 62.1.2-т заасан “бусдын батлан даалтад өгөх” таслан сэргийлэх арга хэмжээг авсан тухай үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

 

Хариуцагч Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 91 тоот тогтоолоор Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч нарт авсан дээрх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь талуудын тайлбар болон хэргийн 184-185 дугаар талд авагдсан прокурорын тогтоолоор тогтоогджээ.

 

Мөн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээх”-ээр заажээ.

 

“Алтайн хүдэр” ХХК эрх бүхий байгууллагад гомдол гаргасныг хариуцагч Говь-Алтай аймгийн Прокурорын газар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасныг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасан иргэний эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх журамтай. Хуульд тусгайлан заасан тохиолдол нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйл буюу бусдын нэр төр алдар хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдэд холбогдох хариуцлага эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгаж болохоор зохицуулжээ.

 

Дээрх хуулийн заалтаас үзвэл бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдээр нөхөн төлүүлэх агуулгатай байхад нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан тайлбар нь Говь-Алтай аймгийн Прокурорын газрын зүгээс тэдгээрийн нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан агуулгыг заагаагүй байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэснийг хориглосон бөгөөд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдийн хүлээх үүргийг тодорхойлсон Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгийг бусдын гомдлоор эрүүгийн хэрэгт шалгагдсанаас эдийн бус гэм хор учирсан гэх маргаанд төсөөтэй хэрэглэх боломжгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэгт “Монгол улсын иргэн нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах эрхтэй байхаар, мөн хуулийн хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт “иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах”-аар заажээ.

 

Нэхэмжлэгч нар нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсантай холбоотойгоор “бусдын батлан даалтад байлгах” таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт заасан эдийн бус хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхийн үндэслэл болгосон заалтад байхгүй болно.

 

Өөрөөр хэлбэл, шүүхэд хуулиар эрх олгогдоогүй, хуульд заагаагүй үндэслэлээр хариуцагч байгууллагад эдийн бус гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээлгэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нар нь прокурорын байгууллагын хууль бус үйлдлээс болж Ц.Амьбөх, Д.Баяртунгалаг, Х.Уранбилэг, Д.Буянхишиг нарын эрх зөрчигдсөн, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, прокурорын байгууллага гэм буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч уучлал гуйхыг даалгуулж, Ц.Амьбөх, Д.Баяртунгалаг, Х.Уранбилэг, Д.Буянхишиг нарын халдашгүй байх эрхэд хууль бусаар халдсан сэтгэл санааны гэм хорын хохиролд 40 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба талуудын тайлбарт дурдаж байгаа Говь-Алтай аймгийн Прокурорын газрын үйл ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгч нарт учирсан эдийн бус хохирлыг арилгуулах, мөнгөөр нөхөн төлүүлэх талаар хуульд тусгайлан заасан заалт байхгүй ба энэ талаар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах”-аар заасан. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй сэжигтнээр татаж эрүүгийн хэрэг үүсгэсэн нь энэ тохиолдолд хамаарахгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч прокурорын байгууллагын уг үйл ажиллагааг хууль бус буюу хууль зөрчиж бусдын хуулиар хамгаалагдсан буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан эрх ашигт хохирол учруулсан гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. 

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байх тул шүүх нотлох баримтуудыг буруу үнэлж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/00292 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ