Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1045

 

                          

 

 

 

 

       2018          12             05                                        1045

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э...............л,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч Т.Б.........т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигин овогт Т........вын Б.........тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, эрүүгийн 1808 0453 81400 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт Тойнийнжавын Б.........т, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 1978 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хөгжлийн бэрхшээлтэй, хувиараа хөдөмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн ..................................,

 

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Т.Б.........т нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэсвгэрт иргэн Б.Т........ртай архидан согтуурч улмаар хоорондоо маргалдан, Б.Т........рын толгой, нүүрэн тус газар нь цохиж, бие махбодид нь баруун зулайд шарх, баруун дээд, доод, зүүн дээд зовхи, хамарт цус хуралт, баруун хацар, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б.........т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Т........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ээж Жавзандоржийн хашаанд юм хийж байгаад амраад байж байхдаа төрлийн ах Э...............л руу залгаад “та хаана байгаа юм” гэсэн чинь “хажуу талынхаа айлд” байна гэж надад хэлсэн. Тэгээд би яваад очсон чинь Э...............л ах 5 залуутай хөзөр тоглоод сууж байсан. Тэгсэн Э...............л ах намайг дэлгүүр ороод нэг шил архи аваад ир гэсэн. Тэгэхээр нь ганцаараа дэлгүүр яваад нэг шил 0.75 литрийн “Хараа” архи авч очсон. Тэгээд бид нар хамт миний авсан архийг хувааж уусан. Тэгсэн нэг залуу нь намайг дэлгүүр ороод архи аваад ир гээд мөнгө өгсөн. Би Б.........т гэх залуутай хамт дэлгүүр явж дахин нэг 0.75 литрийн “Хараа” архи авчирсан. Тэгээд тэр архийг ууж дуусаад Б.........т бид хоёр хоорондоо маргалдсан. Б.........т бид хоёр гадаа гараад маргалдсан чинь Б.........т миний толгой руу цохисон. Тэгээд би нэг сэрсэн чинь газар хэвтэж байсан...Б.........т гэдэг залуу...юугаарч юм мэдэхгүй толгой руу нэг юмаар цохисон...миний биед учирсан гэмтлийг Б.........т учруулсан. Намайг газар унагаагаад өшиглөсөн, гараараа цохисон харин хэдэн удаа цохисоныг нь мэдэхгүй...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),

2. Гэрч Э.И...............ээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Давааны 2-1 тоотод Э...............л, Б.........т бид 3 хөзөр тоглоод сууж байсан. Тэгтэл Э...............л Т........р гэх хүнийг дуудаад байсан. Т........р манайд 22 цагийн орчим архи уусан байдалтай орж ирсэн. ...Т........р, Б.........т хоёр маргалдаад гэрээс гараад явсан. Би араас нь гарсан чинь Т........р Б.........т хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би буцаад гэрлүү орсон. Тэгсэн удалгүй Т........р араас хутга бариад Б.........т хаана байна ална гэж орж ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11866 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Баруун зулайд мэс заслын оёдол бүхий 2.5 см урт шархтай, баруун дээд, доод, зүүн дээд зовхинд хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай, хавдсан. Хамрын нуруу, цох хэсэг овойж хавдсан, баруун талд хамрын амьсгал саадтай, баруун хацарт 0.4х0.4см хамрын нуруунд 0.4х0.3см улаан өнгийн зулгаралттай.

2018.09.29-ний өдрийн ГССҮТ-н эмчийн үзлэгт онош: Тархи доргилт, толгойн үстэй хэсгийн няцарсан шарх, цээжний зөөлөн эдийн няцрал гэжээ...ДҮГНЭЛТ

1. Б.Т........рын биед баруун зулайд шарх, баруун дээд, доод, зүүн дээд зовхи, хамарт цус хуралт, баруун хацар, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь, мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17),

 

4. Шүүгдэгч Т.Б.........тын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 30-ны орой 17 цагийн үед найз...нарын хамт муушиг тоглоод сууж байсан чинь гаднаас Т........р гэх хүн орж ирсэн....тэгсэн Э...............л...Т........рыг дэлгүүр явуулж...нэг шил 0.75 литрийн “Хараа” архи авчруулсан. Авчирсан архийг нь Э...............л ах Идэр, Т........р бид 4 хувааж уусан. Тэгсэн Т........р архи уучихаад шорон яриад байхаар нь би Т........рт “чи наад шоронгоо өөр газар яриарай” гэж хэлсэн чинь тэрээр уурлаад бид хоёр хоорондоо маргалдаад гэрээс гарсан ...би уурлаад ...Т........рын биед учирсан гэмтлийг байшингийн шатны уруу унагаасан, мөн хөлөөрөө нүүр хэсэг рүү нь өшиглөж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-31),

5. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 32, 36), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 27), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 34, 35, 37-38), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 33, 60), хохирлын мөнгөн хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 42) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий шүүгдэгчийг яллагдагчаар, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах болон мөрдөн байцаах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Б.........тад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Т.Б.........т нь Сонгинохайрхан дүүргийн 21 дугаар хороо Давааны 2 дугаар гудамжны 01 тоотод, 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр,  Б.Т........рын толгой, нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Б.Т........рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр...Б.........т бид хоёр хоорондоо маргалдсан. Б.........т бид хоёр гадаа гараад маргалдсан чинь Б.........т миний толгой руу цохисон. Тэгээд би нэг сэрсэн чинь газар хэвтэж байсан...Б.........т гэдэг залуу...юугаарч юм мэдэхгүй толгой руу нэг юмаар цохисон...миний биед учирсан гэмтлийг Б.........т учруулсан. Намайг газар унагаагаад өшиглөсөн, гараараа цохисон харин хэдэн удаа цохисоныг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8),

- Гэрч Э.И...............ээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Давааны 2-1 тоотод Э...............л, Б.........т бид 3 хөзөр тоглоод сууж байсан. Тэгтэл Э...............л Т........р гэх хүнийг дуудаад байсан. Т........р манайд 22 цагийн орчим архи уусан байдалтай орж ирсэн. ...Т........р, Б.........т хоёр маргалдаад гэрээс гараад явсан. Би араас нь гарсан чинь Т........р Б.........т хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би буцаад гэрлүү орсон....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11866 дугаар дүгнэлт “...1. Б.Т........рын биед баруун зулайд шарх, баруун дээд, доод, зүүн дээд зовхи, хамарт цус хуралт, баруун хацар, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 17),

- Шүүгдэгч Т.Б.........тын мөрдөн байцаалтад өгсөн: “...Т........р архи уучихаад шорон яриад байхаар нь би Т........рт “чи наад шоронгоо өөр газар яриарай” гэж хэлсэн чинь тэрээр уурлаад бид хоёр хоорондоо маргалдаад гэрээс гарсан ...би...Т........рын биед учирсан гэмтлийг байшингийн шатны уруу түлхэж унагааж, хөлөөрөө нүүр хэсэг рүү нь өшиглөж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-31) зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Т.Б.........т нь хууль зүйн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “шоронгийн талаар ярилаа” гэх сэдэлтээр, хохирогч Т........ртай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, шууд санаатай үйлдлээр, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Б.........т нь хохирогч ...Т........рыг зодсон болох нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Т.Б.........тыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т........р нь эмчилгээний зардалд баримтаар 150.000 нэхэмжилсэн (хавтаст хэргийн 20-21)-ийг шүүгдэгч Т.Б.........т нь төлсөн болох нь (хавтаст хэргийн 42) баримтаар нотлогдон тогтоогдсон. Нөгөө талаар хохирогч нь гомдол санал байхгүй (хавтаст хэргийн 72) гэх тул шүүгдэгч Т.Б.........т нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Б.........тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг гаргасан болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б.........тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Б.........т, хохирогч Т........р нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж Т.Б.........т ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан ба тус хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан буюу прокурорын саналыг харгалзахаар хуульчилжээ. Монгол хэлний тайлбар толь бичигт “харгалзах” гэдэг үгийг тайлбарлахдаа “анхаарах, анхаарч үзэх” гэсэн агуулгаар тайлбарлажээ. Үүнээс үзвэл прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчид заавал оногдуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хэд хэдэн эрүүгийн хариуцлагыг сонгож хэрэглэх боломжтойг анхаарч үзэх гэсэн агуулгаар хуульчилсан гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл хууль тогтоогч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ялыг сонгож хэрэглэх боломжийг шүүхэд олгожээ.

Мөн шүүгдэгч Т.Б.........т нь хөгжлийн бэрхшээлтэй, тэрээр хувиараа цагаан идээ боловсруулж худалдаалдаг болох нь хэрэгт авагдсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэврийн дэвтэр, “Хаан” банкны дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Тиймээс шүүхээс шүүгдэгч Т.Б.........тад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан, гэмт хэргийн шинж, чанар, шүүгчийн хувийн байдлын талаарх дээрх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийг төлсөн зэргийг үндэслэн улсын яллагчийн санал болгосон 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг өөрчилж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Т.Б.........т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.  

 

Эрүүгийн 1808 0453 81400 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Т........вын Б.........тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б.........тыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б.........тад оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Б.........т нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ