Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/478

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Баттулга,

улсын яллагч Ц.Гансүлд,

шүүгдэгч Н.Ө, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н-ийн Ө-д холбогдох 1808000740443 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “...” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй Х овогт Н-ийн Ө /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Ө нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” шатахуун түгээх станцын хажууд байрлах тос тосолгооны дэлгүүр дотор иргэн Д.У-гийн эзэмшлийн “Айпони-7 плас” маркийн гар утас, ягаан өнгийн гар утасны гэр зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад нийт 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Ө-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед би 5 шарын “...” шатахуун түгээх станцын тос тосолгооны төв рүү орж маслоны шүүр асуугаад гарахдаа текин дээр байсан том хэмжээтэй “Айпони” маркийн гар утас байхаар нь худалдагч эмэгтэйд нь мэдэгдэлгүйгээр авсан юм.Тэгээд тэр утсыг эхнэртээ олсон юм гэж хэлсэн ба эхнэр тухайн утсыг ломбардад 300,000 тавиад дараа нь хамаатны таньдаг хүндээ ломбардаас авч зарсан байдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө бүгдийг барагдуулсан байгаа.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.Хохирогч Д.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд байрлах “...” шатахуун түгээх станцын хажууд байрлах тос тосолгооны газар ажиллуулдаг. 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн ажил дээрээ байж байхад 30 орчим насны 170 см өндөр нуруутай хүн орж ирээд “Витз" маркийн автомашины тос хэдээр сольдог талаар асуугаад явсан. Би тухайн үед царайг нь харж анзаараагүй. Тэр хүн л миний “Айпони 7 плас” маркийн гар утсыг хулгайлаад авсан гэж бодож байна. Миний гар утас цайвар ягаан өнгийн резинэн материалтай гэртээ байсан. ...Гар утсаа буцаагаад авсан учир гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 52х/

2.Эд зүйлийн үнэлгээнд: I phone 7 plus гар утас 930.000 төгрөг, утасны гэр 20.000 төгрөг, нийт 950.000 төгрөг гэжээ. /хх-ийн 34-35х/

3.Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: : I phone 7 plus гар утсыг хохирогч Д.У- хүлээлгэн өгөв гэжээ. /хх-ийн 49, 53х/

4.Гэрч С.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн үед намайг орой гэртээ ирэхэд манай нөхөр ирчихсэн, тухайн үед гадуураа ягаан өнгийн резинэн гэртэй, алтлан шар өнгийн “Айпони-7 маркийн гар утас оллоо гээд үзүүлж байсан. Тэгээд би 12 дугаар сарын сүүлээр өөрийн бичиг баримтаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын тойрог дээр байрлах ломбардад 300.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45х/

5.Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би фейсбүүкээр утас авах зар хайгаад үзэж байтал I phone-7 plus маркийн гар утас зарна гээд зар байхаар нь би тэр хүнтэй утсаар холбогдож байгаад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр утсаар холбогдож байгаад СУИС-ийн хажууд хар бараан хувцастай, өндөр туранхай цайвар царайтай урт үстэй 25 орчим насны залуу ирээд би Солонгос улсад ажиллаж байгаад ирсэн, би Солонгос улсаас ирэхдээ эхнэртэйгээ хоёулаа хос утас авсан юм, ах нь ёстой асуудалтай утас авч үзээгүй гээд надад I Рhone-7 plus маркийн голд өнгийн гар утас үзүүлэхээр нь надад таалагдаад би тэр хүнд өөрийн найз Н-гийн хар I Рhone-6 маркийн гар утас өгөөд нэмж 850.000 төгрөг бэлнээр өгсөн. Тухайн хүн над руу ... гэсэн дугаараас залгаж ярьж байсан. ...Миний хувьд 1.300.000 төгрөгийг хүлээгээд авчихсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 47х/

6.Шүүгдэгч Н.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед 5 шарын “...” шатахуун түгээх станцын тос тосолгооны төв рүү орж маслоны шүүр асуусан юм. Тухайн үед махлагдуу царайтай эмэгтэй хүн ганцаараа байсан ба маслоны шүүр байгаа гэж хэлэхээр нь буцаад гарахдаа текин дээр байсан том хэмжээтэй “Айпони” маркийн гар утас байхаар нь худалдагч эмэгтэйд нь мэдэгдэлгүйгээр авсан юм. Тэгээд тэр гар утсаа гэртээ хариад эхнэртээ гар утас олсон гээд өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43х/

7.Н.Ө-ын хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27х/

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 26х/

“...” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 57х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56х/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 64х/ зэрэг болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн Н.Ө-д холбогдох хэргийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Ө нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” шатахуун түгээх станцын хажууд байрлах тос, тосолгооны дэлгүүрийн текэн дээр байсан иргэн Д.У-гийн эзэмшлийн ягаан өнгийн гар утасны гэртэй “Айпони-7 плас” маркийн гар утсыг түүнд мэдэгдэлгүй авч гарсан үйлдэл нь:

Хохирогч Д.У-гийн: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн ажил дээрээ байж байхад 30 орчим насны 170 см өндөр нуруутай хүн орж ирээд “Витз" маркийн автомашины тос хэдээр сольдог талаар асуугаад гарсны дараа миний “Айпони 7 плас” маркийн гар утас алга болсон байсан. Тиймээс тэр хүнийг  миний утсыг хулгайлаад авсан гэж бодож байна. Миний гар утас цайвар ягаан өнгийн резинэн материалтай гэртээ байсан.”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 52х/

Эд зүйлийн үнэлгээнд: I phone 7 plus гар утас 930.000 төгрөг, утасны гэр 20.000 төгрөг, нийт 950.000 төгрөг гэжээ. /хх-ийн 34-35х/

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: : I phone 7 plus гар утсыг хохирогч Д.У- хүлээлгэн өгөв гэжээ. /хх-ийн 49, 53х/

Гэрч С.П-ын: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн үед намайг орой гэртээ ирэхэд манай нөхөр тухайн үед гадуураа ягаан өнгийн резинэн гэртэй, алтлан шар өнгийн “Айпони-7 маркийн гар утас оллоо гээд үзүүлж байсан. Тэгээд би 12 дугаар сарын сүүлээр өөрийн бичиг баримтаар Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын тойрог дээр байрлах ломбардад 300.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45х/

Гэрч Б.Б-ын: “...Би фейсбүүкээр утас авах зар хайгаад үзэж байтал I phone-7 plus маркийн гар утас зарна гээд зар байхаар нь би тэр хүнтэй утсаар холбогдож байгаад СУИС-ийн хажууд хар бараан хувцастай, өндөр туранхай цайвар царайтай урт үстэй 25 орчим насны залуу ирээд ...надад I Рhone-7 plus маркийн голд өнгийн гар утас үзүүлэхээр нь надад таалагдаад би тэр хүнд өөрийн найз Н-гийн хар I Рhone-6 маркийн гар утас өгөөд нэмж 850.000 төгрөг бэлнээр өгөөд авсан. Тухайн хүн над руу 94116747 гэсэн дугаараас залгаж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 47х/

Шүүгдэгч Н.Ө-ын: “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн үед 5 шарын “...” шатахуун түгээх станцын тос тосолгооны төв рүү орж маслоны шүүр асуух үед махлагдуу царайтай эмэгтэй хүн ганцаараа байсан ба маслоны шүүр байгаа гэж хэлэхээр нь буцаад гарахдаа текин дээр байсан том хэмжээтэй “Айпони” маркийн гар утас байхаар нь худалдагч эмэгтэйд нь мэдэгдэлгүйгээр авсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43х/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзвэл, шүүгдэгч Н.Ө нь иргэн Д.У-гийн гар утсыг түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар  авч гаран өөртөө захиран зарцуулах бололцоо олгож эдийн ашигтай байдал үүсгэсэн нь “хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Н.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Н.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч түүний өмгөөлөгч нар мэтгэлцээгүй болно.

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Н.Ө нь хохирогч Д.У-д “Айпони-7 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн /хх-ийн 53х/, тус утсыг худалдаж авсан гэх иргэн Б.Б-т 1,300,000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 48х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Н.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Н.Ө нь гэм буруугийн хувьд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан  Н.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзаж  өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Н.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс, шүүгдэгч Н.Ө-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн хэргийн нөхцөл бадал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Өд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Ө-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Н-ийн Ө-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Өд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Шүүгдэгч Н.Ө-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.АЛТАНЦЭЦЭГ