Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/691

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б.Гыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708008800120 дугаар хэргийг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны ...... дүгээр сарын .....-ны өдөр ....... аймгийн ........ суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ....... аймгийн ....... сум, 6 дугаар баг, ......... гэх газарт оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ...... ..... тоотод түр оршин суух,

урьд .............. аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

.................. аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 149 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 13.303.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өршөөгдсөн,

............ аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 38 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн, .......... овогт ............-ын Г /РД:................/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Б.Г нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, .............. тоотод оршин суух иргэн С.А-ын монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч ММБС олон сувгийн антен, Самсунг маркийн гар утас, зэс аяга, эмэгтэй савхин хүрэм, хонины мах, монгол гутал зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр Идэрээтэй нэг шил архи уусан. А-ын хашаанд орж бие зассан. Тэдний гэр рүү орсон. Намайг ороход тэдний гэрийн хаалга онгорхой, хэдэн унь унасан байсан. Миний зэс аягийг хэд хоногийн өмнө гуйж авсан байсныг би буцааж авсан. Тэгээд тэднийхээс зурагтын антенн аваад гарсан. Гэртээ хариад унтаж байтал цагдаа нар ирээд үзлэг хийсэн. Идэрээ надтай хамт тэр хашаа уруу ороогүй, худлаа хэлж байна. Бусад эд зүйлийг нь би аваагүй. Авсан эд зүйлдээ гэм буруугаа хүлээж байна. Бусдыг шалгуулмаар байна” гэв.

 

Эрүүгийн 1708008800120 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч С.А-ын: “2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед би гэрээ түгжээд айлд очоод 14 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэх үед гэрийн хаалгыг эвдээд унагаачихсан, гэр орны хамаг эд зүйлийг буулгаад хаячихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Гудамжны үзүүрт байх түүхий эд авдаг хүнтэй уулзахад Ганбаа гэх залуу танай гэрээс шар шуудайтай зүйл өргөөд гарч байсан гэсэн. Би цагдаа нарын хамт Ганбаагийн амьдардаг гэх очтол манай гэрээс алдагдсан зурагтын антен, аяга гарч ирсэн. Манайхаас алдсан Самсунг брендийн гар утас, эхнэрийн савхин хүрэм, бүтэн хонины мах, өвлийн монгол гутал зэрэг эд зүйлс байхгүй байсан. ...Гэрийн хаалгыг эвдээд дахиж ашиглахааргүй болгосон байсан...” гэх мэдүүлэг /хх-30-31, 33-34, 35-37/,

Гэрч Н.Сайнжаргалын: “...2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн үед байх би ажил дээрээ байж байгаад замын ар тал уруу харахад энэ хавиар архи уугаад яваад байдаг Ганбаа гэх залуу хулгай орсон гэх айлын урдаас шуудайтай зүйл аваад зүүн тийшээ явсан. ...Харин хулгай орсон гэх айлын залуу манайд хулгай орсон байна, та харсан уу гэхээр нь би танай урдуур Ганбаа шуудайтай зүйл аваад явж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-22-23/,

Гэрч Д.Идэртуяагийн: “...Г-ыг дагаад Их нарангийн нүүрний гудамжинд байх нэг танихгүй айлын хашаанд ороход тэр айлын гэр цоожтой байсан. Г тэр айлын жорлонд бие засаад үлдсэн. Би тэр айлын хашаанаас гараад дээшээ явж шил, түүхий эдийн цэг дээр шил ялгаад байж байсан. Үдээс хойш А- цагдаа дагуулж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-24-25/,

“Дамно” ХХК-ийн 2018.03.02-ны өдрийн 18-34 дүгээр хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 8 сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 394.400 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-82-83/,

“Дамно” ХХК-ийн 2018.03.19-ний өдрийн 18-42 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 8 сарын 11-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3.600 төгрөгөөр үнэлэгдэв” гэжээ /хх-88-89/,

Шүүгдэгч Б.Гын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байх Их наранд цэргийн “онжав” Идрээ гэх залуутай тааралдаж 0.5 литрийн “Шим” гэх нэртэй архийг 2-3 шилийг хувааж уусан. Тэгээд би Идрээгээс салаад ажил руугаа явж байгаад урд нь гэрээр орж гарч байсан Амаа гэх /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ айлд согтуу гэрийх нь хаалга онгорхой байхаар нь ороод нэг зэс аяга, зурагтын DDISH төхөөрөмж, антенн, зэргийг нь хулгайлж аваад гэртээ унтаж байтал нэг мэдсэн хүн татаад сэрээтэл 3-4 цагдаа зогсож байсан. Тэгээд тухайн цагдаа нар миний хулгай хийсэн эд зүйлсийг орон дээр байх үед нь хураагаад аваад явсан. Тухайн айлаас би савхин хүрэм, гар утас зэргийг хулгай хийж аваагүй. Миний хулгай хийсэн бүх зүйлийг цагдаа нар ирээд хураагаад явсан. Би тухайн үед архи уусан байсан, тэгэхдээ болсон үйл явдлыг би сайн санаж байна.

…Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би айлын хаалга эвдэж ороогүй, ус уух гээд гаднаас тэднийд очих үед гэрийн хаалга нь онгорхой байсан. ...Одоо надад өөр төлөх хохирол байхгүй гэж бодож байна, би хохирлоо бүрэн барагдуулсан. А-ын бусад нэхээд байгаа зүйлүүдийг би аваагүй, намайг очиход тэдний гэрийн хаалга онгорхой байсан. Надаас өмнө хулгай орсон байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-62-63, 70-71/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6, 7-9, 14-15/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-15/, илтгэх хуудас /хх-16/, хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19/, Асап сангийн лавлагаа /хх-39-40/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-53/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгуулах хуудас /хх-76/, хохирол төлсөн баримт /хх-104/, шүүхэд ирүүлсэн хохирогчийн хүсэлт /хх-105, 106/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Г согтуурсан үедээ 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 1-7 тоотод оршин суух иргэн С.А-ын хүн байнга амьдрах орон байр болох монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч “MNBC” олон сувгийн антен, “Самсунг” маркийн гар утас, зэс аяга, эмэгтэй савхин хүрэм, хонины мах, монгол гутал зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь хохирогч С.А-ын “2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед би гэрээ түгжээд айлд очоод 14 цаг өнгөрөөгөөд ирэх үед гэрийн хаалгыг эвдээд унагаачихсан, гэр орны хамаг эд зүйлийг буулгаад хаячихсан байсан. Гудамжны үзүүрт байх түүхий эд авдаг хүнтэй уулзахад Ганбаа гэх залуу танай гэрээс шар шуудайтай зүйл өргөөд гарч байсан гэсэн. Би цагдаа нарын хамт Ганбаагийн амьдардаг гэх очтол манай гэрээс алдагдсан зурагтын антен, аяга гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-30-31, 33-34, 35-37/, гэрч Н.Сайнжаргалын “...Би ажил дээрээ байж байгаад замын ар тал уруу харахад энэ хавиар архи уугаад яваад байдаг Ганбаа гэх залуу хулгай орсон гэх айлын урдаас шуудайтай зүйл аваад зүүн тийшээ явсан...” гэх мэдүүлэг /хх-22-23/, гэрч Д.Идэртуяагийн “...Гыг дагаад Их нарангийн нүүрний гудамжинд байх нэг танихгүй айлын хашаанд ороход тэр айлын гэр цоожтой байсан. Г тэр айлын жорлонд бие засаад үлдсэн. Би тэр айлын хашаанаас гараад шил, түүхий эдийн цэг дээр шил ялгаад байж байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25/, “Дамно” ХХК-ийн 2018.03.02-ны өдрийн 18-34 дүгээр тайлан /хх-82-83/, “Дамно” ХХК-ийн 2018.03.19-ний өдрийн 18-42 дугаар тайлан /хх-88-89/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6, 7-9, 14-15/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-15/, илтгэх хуудас /хх-16/, хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19/ болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн бусад баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч нараас гаргасан “Гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоогоогүй, хэргийн газрын үзлэгээр хураан авсан төмөрт үзлэг, шинжилгээ хийгээгүй, шар шуудайд юу байсныг, юу байж болох, овор хэмжээний талаар гэрчээр туршилт хийлгээгүй, гэрч Идэртуяагийн “Хаалга цоожтой байсан” гэх мэдүүлэг эргэлзээтэй, зэс аяга хэнийх болохыг тогтоогоогүй тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэж дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ. Тухайлбал хохирогчийн “...13 цагийн үед гэрээ түгжээд 14 цагийн үед ирэхэд хаалга эвдэрсэн байсан. Зурагтын антенн, аяга, гар утас, эхнэрийн савхин хүрэм, бүтэн хонины мах, монгол гутал алдагдсан...” гэх тогтвортой мэдүүлэг, гэрч Н.Сайнжаргалын “...Ганбаа гэх залуу хулгай орсон гэх айлын урдаас шуудайтай зүйл аваад зүүн тийшээ явсан...” гэх мэдүүлэг, Б.Г-ын гэрт нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргийг үгүйсгэх баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

Хохирогч, гэрчүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авч, энэхүү мэдүүлэг нь өөр хоорондоо болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Гыг гэмт хэрэгт гүтгэсэн гэх байдал нотлогдохгүй байх ба дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Г гэмт хэргийн үйл баримтыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул түүнд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм. 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.А-д 398.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд “МNВС” олон сувгийн антен, зэс аяга зэргийг биет байдлаар буцаан өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.А- “...327.800 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа. Гт гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-104, 105, 106/ шүүхэд ирүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч зэс аяга, зурагтын антенн авснаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар Б.Гт 2 жил 06 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Гын 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоног, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 116 хоног, нийт цагдан хоригдсон 118 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч .......... овогт ............-ын Гэрч: -ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын урьдчилан хоригдсон 118 /нэг зуун арван найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР