Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1003

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Б.Энхбат,

хохирогч Б.Т, түүний өмгөөлөгч С.Баатар, Л.Батаа,

шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Маленковын Гантулгад холбогдох 1808010760759 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***оны **дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, Бага Нарангийн *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Хилчний *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Маленковын Гантулга РД:ЧГ*****

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Г нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ***дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Орбит зах” зочид буудлын 5 тоот өрөөнд иргэн Б.Тгийн нүүр лүү архины шил шидэж, "баруун нүдний хараагүйдэл, торлогийн ховхрол, баруун лимбэ эвэрлэгийн зүсэгдсэн шарх, ирис, шилэнцэрийн хавчуулагдал, баруун хөмсөг, баруун нүдний дээд доод зовхи, хацрын зүсэгдсэн шарх, баруун нүдний эвэрлэг, баруун хацрын зүсэгдсэн шарх цуус хуралт” бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  • гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-8-10/,
  • хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-60-65/
 

- хохирогч Б.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр найз залуу Жамбалсүрэнгийн хамт кино үзээд болзоод явж байсан. Тэгээд бид хоёр унтаж амрахаар Сонгиннохайрхан дүүргийн 1-р хороололд байдаг Болор нэртэй зочид буудалд өрөө аваад орсон. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Жамбалсүрэн бид хоёрыг унтаж байхад Жамбалсүрэнгийн утасруу найз Бүрнээбаяр гэх залуу залгаад намайг ирээд авчих гэж хэлсэн. Би тухайн үед Жамбалсүрэнгийн утсыг авч Бүрнээбаяртай утсаар ярьсан. Би найз залуу Жамбалсүрэнг дуудаад сэрээх гэсэн чинь сэрэхгүй байхаар нь өөрөө ганцаараа такси бариад Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутагт байдаг Орбит зах гэсэн хаягтай 3 давхар байшингийн дэн буудалд Бүрнээбаяр байна гэхээр нь очсон. Намайг тухайн дэн буудлын 05 тоот өрөөнд ороход хүн байхгүй байсан. Хажуу талын өрөөнд Бүрнээбаяр хүмүүстэй архи уугаал сууж байсан. Би тэр өрөөнд ороод Бүрнээбаяр нь зүс таних Улаанаа гэх ахтай хамт 4-5 хүн тухайн өрөөнд байсан. Би Бүрнээбаярыг явъя гэсэн чинь Улаанаа өрөөнд байсан 2 эмэгтэй хүн орж ирээд олон юм яриад байгаан гэж хэлсэн. Би Улаанаа ахаас Бүрнээбаярыг аваад явчихъя гэж хэлсэн чинь надруу инээж харсан юм. Тэр үед Бүрнээбаяр босож ирээд намайг дагуулаад өрөөнөөс гараад 05 тоот өрөөнд орсон. Тэгээд одоо такси олдохгүй эндээ хоноод өглөө явъя эсвэл Жамбалсүрэнг дуудчихъя гэж хэлсэн. Тэгээд би Бүрнээбаяртай хамт 05 тоот өрөөнд амарсан. Өглөө манай өрөөний хаалгыг тогшоод 2 эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд Бүрнээбаяртай хамт нөгөө 2 эрэгтэй архи уусан. Бүрнээбаяр хүний утсаар Жамбалсүрэнтэй утсаар яриад одоо ирж байна гэнээ гэж хэлэхээр нь би санаа амраад буцаад унтаад өгсөн. Унтаж байгаад сэрсэн чинь би өрөөндөө улаан өнгийн цамцтай нэг залуутай хамт үлдсэн байсан. Нөгөө улаан цамцтай залуу миний өмдийг тайлах гээд оролдсон. Тэгэхээр нь би уурлаад нөгөө залууг өшиглөөд зайл гэж хэлээд хөөгөөд өрөөнөөсөө гарах гээд орилж хашгираад байж байхад өрөөний хаалга түгжсэн байсан. Бүрнээбаяр хаалга тогшоод намайг хаалга онгойлгох үед орж ирсэн. Бүрнээбаярт энэ залуу намайг оролдоод өмд тайлах гэж байсан гэж хэлсэн чинь Бүрнээбаяр уурлаад нөгөө залууг дагуулаад өрөөнөөс гарсан би тухайн үед өрөөндөө үлдсэн. Удахгүй найз залуу Жамбалсүрэн ирсэн чинь өглөө Бүрнээбаяртай хамт архи ууж байсан залуугийн нэг нь архи бариад орж ирсэн. Найз залуу Жамбалсүрэн энэ юун хүн бэ? гэж надаас асуухад би танихгүй Бүрнээбаяр таньдаг хүн гэж хэлээд байж байтал Бүрнээбаяр гаднаас ганцаараа ороод ирсэн. Архи барьж орж ирсэн залуу архиа аягалаад Жамбалсүрэн Бүрнээбаяр, бид 3 ганц ганц татчих гэж хэлээд архи өгсөн юм. Би архинаас нь амсаад найз залуу Жамбалсүрэн ирчихсэн болохоор унтчихсан. Унтаж байхад гэнэт олон хүн чанга чанга яриад инээгээд байсан болохоор сэрээд хартал өрөөнд Бүрнээбаяр, Жамбалсүрэнгээс гадна Улаанаа ах бас танихгүй 2 хүн ороод ирчихсэн байсан. Би босож ирээд Бүрнээбаяр, Жамбалсүрэн 2-т архи шахаад байж магадгүй гэж бодоод босоод ирэхэд архи уулгаж байхаар нь би уурлаад одоо больчихож болдоггүй юм уу? гэж хэлээд Улаанаа ахад уурласан чинь манай найз залуу Жамбалсүрэн Улаанаа ахад дүүгийнх нь эхнэр болох хүн байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Улаанаа ахын хажууд нь сууж байсан нэг улаан цамцтай хүн юм яриад байхаар нь би нөгөө намайг оролдоод байсан залуутай төстэй бас адилхан улаан өнгийн хувцастай байхаар нь нөгөө залууг гэж бодоод уурлаад одоо больчихож болохгүй юм уу гэж нөгөө залууг нэг удаа гараараа биелүү нь түлхтэл архины шил бариад сууж байснаа босч ирсэн. Гэтэл манай найз залуу Жамбалсүрэн босож ирээд Сэмбээ ахаа та яагаад байгаа юм бэ больчихоочээ гэж хэлээд барьж байсан архины шилийг нь аваад суулгасан. Бүрнээбаяр намайг одоо тайвшир энэ хүмүүс одоо гарнаа гэж хэлээд намайг орон дээр суулгах үед манай найз залуу Жамбалсүрэн "та яагаад байгаа юм бэ Улаанаа ах хүртэл ойлгоод манай найз охинд юм хэлэхгүй байхад та архины шилээр цохих гэж байгаа юм уу эмэгтэй хүн ш дээ” гэж хэлсэн. Би тэр орон дээр суутал надруу архины шил Сэмбээ гэх нөгөө улаан цамцтай эрэгтэй шидсэн. Тэгээд толгойноос цус гараад нүд харанхуйлаад хүмүүсийн яриа холдоод би ухаан алдсан байсан. Ухаан ороход эмнэлэг рүү явж байсан. Эмнэлгийн байгууллагаас баруун нүд дахин юм харахаа больсон дахин хараа орохгүй гэсэн. Дахин 2 хагалгаанд орно гэж хэлсэн. Хагалгаанд орж байгаа нь эрүүл нүдэнд нөлөөлж магадгүй гээд 2 нүд салгах хагалгаанд орно гэсэн. Би тухайн үед бие давхар байсан. Хагалгаанд ороод хүчтэй эм тариа хийлгэснээс болж урагт нөлөөлж эрүүл хүүхэд төрөхгүй, тээх боломжгүй гээд эмнэлгийн байгууллагад очиж авахуулсан. Тийм болохоор их гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-12-13/

 

...Би 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр би 1-р эмнэлэг дээр хагалгаанд ороод гарч ирээд үдээс хойш нь биений юм хугацаандаа ирэхгүй байхаар нь жирэмсэн болсон байж магадгүй гээд тестээр шалгаж үзэхэд жирэмсэн болсон байсан. Би тухайн үед сувилагчид харуулсан чинь одоо жирэмсэний хяналтандаа ороорой гэж хэлсэн. Би тэр сувилагчаас миний ууж байгаа эм тариа урагт нөлөөлөх үү гэж асуухад би мэдэхгүй байна хагалгааны эмчтэйгээ уулзаад жирэмсэн гэдгээ хэлээрэй гэж хэлсэн. 2018 оны 02 дугаар сарын 23-ны шөнө үүрийн 03 цаг өнгөрч байхад гэдэс базлаад эвгүй мэдрэмж төрөөд байхаар нь 00 ороод би зассан чинь доошоогоо улаан туяатай жижигхэн нөж маягийн юм гараад байсан. 2018 оны 02 дугаар сарын 24-ны өглөө 09 цагийн орчимд 00-д бие зассан чинь цайвар өнгийн улаан нөжтэй зүйл доошоогоо гарсан. Хэмжээний хувьд хурууны өндөг шиг юм байсан. 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хархорингийн Хатанбаатар эмнэлгийн хажууд байдаг “Жинст” нэртэй эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь эмч нь байхгүй байхаар нь би хажууд байдаг “Нархус” эмэгтэйчүүдийн эмнэлэг үзүүлсэн чинь эмч нь чи зулбасан байна, цэвэрлэх ямар ч шаардлага алга гэж хэлсэн. Энэ хүмүүстэй уулзахад бүгд намайг жирэмсэн байсан гэдгийг нотолно. Миний өмдийг тайлах гээд байсан залуу 35-40 орчим насны улаан өнгийн футволктой залуу байсан. Би тухайн үед царайг нь хараагүй болохоор одоо таних эсэхээ мэдэхгүй байна. Тэр залуу миний нүд рүү шилээр цохисон М.Г биш байсан. Би буудлын өрөөний зүүн урд талын орон дээр унтаж байгаад сэрсэн чинь миний эсрэг талын орон дээр яг харалдаа М.Г сууж байсан. Миний хэвтэж байсан орон дээр Жамбалсүрэн бид хоёр сууж байсан. Харин эсрэг талын орон дээр Улаанаа, Гантулга, Бааска гэдэг задуу гурав сууж байсан...гэх мэдүүлэг /хх-14-15/

  • хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... Насаар минь хохироолоо, гомдолтой байна. Би шүүгдэгчээс 5.596.000 төгрөгийг бэлнээр авсан. Гэхдээ бүх зардал надаас гарсаны дараа шүүх хуралдаан болохын өмнө би энэ хохирлыг авсан. Дараа дахин 926.535 төгрөгийн баримт гаргасан, үүнийг төлөөгүй байгаа. Энэ нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, дусаалга авсан мөнгөний баримт байгаа гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
  • гэрч Ж.Жамбалсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Тэгээд яваад 30-40 минутын дараа Улаанаа ах, Гантулга ах, Бааска ах тэр 3 орж ирэхдээ 1 шил архитай орж ирээд манай өрөөнд суугаад архи ууж байхад Туяа унтаж байсан. Туяа сэрээд Улаанаа ах, Гантулга ах, Бааска ах луу архи уулаа гэж уурлаад өмдрүү нь гараа хийсэн хүн мөн байна гээд Гантулга руу уурлаад алгадаж авсан. Би Бүрнээбаярыг “Туяаг аваа” гэж хэлээд би Гантулгыг барьж хориод ах нар ойлгоорой миний эхнэр болох хүн байгаа юм гэж хэлээд байхад Улаанаа ах Бааска ах хоёр ах нь ойлгож байна эмэгтэй хүнд юу хэлэхэв дээ ямар гар хүрэлтэй биш дээ гэж хэлсэн. Тэгтэл Гантулга уурлаад архины шил шүүрээд цохихыг завдсан. Би болиулаад Гантулгын гарнаас архины шилийг салгаж авсан тэгтэл дахиад архины шил аваад шууд миний хажуугаар Туяа руу шидчихсэн. Би барьж амжаагүй. Би Гантулгатай барьцалдаж аваад ямар арчаагүй юм бэ гээд маргаад өрөөнөөс гараад би Гантулгатай гар зөрүүлсэн. Тэгтэл Улаанаа ах “чи зодолдох яах вэ” найз хүүхнээ орж хараач гэхээр нь би өрөөнд орж хартал баруун талын нүд дух нь хавдсан нил цус гоожсон байсан. Тэгээд би Гантулга руу өрөөнөөс гарч уурлаад цохиход Гантулгын эхнэр гэх эмэгтэй ирээд чи манай нөхрийг зодож болохгүй, бие муутай гэж хэлэхээр нь би манай найз хүүхнийг хар гэж хэлсэн. Тэгээд би машинтай бол эмнэлэг явья гэж хэлээд машинаар нь Бүрнээбаяртай Гантулгын эхнэр, дүү гэж бас нэг эмэгтэйтэй хамт гэмтэл орсон. Тэгтэл гэмтлийн эмч нэгдүгээр эмнэлэг рүү явж үзүүл нэлээн муу байна гэж хэлээд нэгдүгээр эмнэлэг явсан...гэх мэдүүлэг /хх-16-17/,

... хэрүүл маргаан болохын өмнө баруун хойд талын орны хаалга талд Гантулга /Сэмбээ/, баруун талд нь Бүрнээбаяр сууж байсан ба Туяа тэр хоёрын ард унтаж байгаад боссон. Харин өрөөний зүүн урд талын орон дээр Ганхуяг, Баасандорж бид гурав сууж байсан. Тэгсэн Туяа, Гантулга руу өмд рүү гараа хийсэн новш гээд уурлаад цохиж аваад тэр хоёр маргалдсан. Би Гантулга ахад “манай эхнэр хүн андуураад байна уучлаарай, манай эхнэр шүү” гэж хэлсэн. Тэгсэн Туяа Гантулгыг хөлөөрөө өшиглөсөн чинь Гантулга орны хажууд байсан бариад босч ирсэн. Би дундуур нь ороод архины шилийг гараас нь салгаж аваад орны дэргэд байсан шүүгээний хажууд тавьсан. Би Гантулга ахад “та одоо яах гэж байгаа юм архины шилээр цохих гэж байгаа юм уу согтуу байна тэвччих” гээд гуйхад Гантулга “заза” гээд буцаад баруун хойд талын орон дээр суусан. Туяа чи намайг архины шилээр цохих гэлээ гэж уурлаад

 

Гантулгыг нэг алгадахаар нь би дундуур нь ороод хоёр тийш нь гараараа түлхсэн. Гантулга орон дээрээс босохоор нь барьж авах гэхэд

миний мөрний хажуугаар Гантулга шүүгээний дэргэд тавьсан байсан архины шилийг Туяа руу шидсэн, шил хагарах чимээ гараад би Гантулгыг хойш нь түлхээд хаалгаар аваад гарсан... гэх мэдүүлэг /хх-117-118/,

  • гэрч А.Баасандоржийн мөрдөн байцаалтад өгсөн:..2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ганхуяг над руу залгахаар нь уулзах гээд 14-15 цагийн хооронд би Орбит захын дэн буудалд очсон. Намайг буудалд очиход Улаанаа, Сэмбээ буюу Гантулга, Жамбаа буюу Жамбалсүрэн, Бүрнээ буюу Бүрнээбаяр бас нэг Жамбаагийн найз охин гэх хүүхэн байсан бөгөөд тэд нар архи уугаад хамт байж байсан. Би уулзаагүй удсан тул сонин хачин яриад сууж байсан ба тэр үед Жамбаа, Сэмбээ хоёр ам зөрөөд маргалдаж эхэлсэн. Гэнэт архины шил хагарах чимээ гарсан. Би чимээ гарсан зүг рүү хараад юу болсон бэ гэхэд Жамбаагийн найз охин гэх хүүхний нүүрэн хэсгээс цус гарч байсан. Тэгээд Жамбаа, Сэмбээ хоёр улам их маргалдаад, зодолдсон. Би тэр хоёрыг маргалдаад зодолдоод байхаар нь Сэмбээгийн эхнэр Хонх гэж дууддаг хүүхнийг утсаар дуудсан. Хонх удалгүй ирж эмнэлэг орох болоход нь би Улаанааг аваад буудлаас гараад явсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Тийм болохоор би эрүүл байсан. ..Архины шилийг Сэмбээ авч шидсэн. ... Маргалдах болсон шалтгааныг би мэдэхгүй байна. Би яг архины шил очоод онож байхыг хараагүй. Намайг Улаанаатай юм яриад байж байхад архины шил хагарах шиг чанга дуу гарахаар нь би харахад Жамбаагийн найз хүүхний нүүрнээс цус гоожоод байсан...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үдээс хойшхон манай найз Ганхуяг утсаар яриад Орбит зах дээр очсон чинь Гантулга, Ганхуяг, Жамба, Бүрнээ, Жамбаагийн найз хүүхэн Туяа нар буудлын өрөөнд архи уугаад байж байсан. Би Казаксанд 6 сар орчим байж байгаад ирсэн учраас найз Ганхуягтай уулзаад сонин сайхан ярилцаад суусан. Тэр үед Жамба, Гантулга хоёр явган хэрүүл хийгээд маргалдаж байсан. Гэхдээ сүртэй маргалдаагүй. Ганхуяг бид хоёрыг юм яриад сууж байхад архины шил аймар чанга хагарах чимээ гарахаар нь босоод харсан чинь Туяа гэдэг охин тонгойсон байдалтай нүдний орчмоос нь цус гарч байсан. Тэгээд Жамба, Гантулга хоёрын хэрүүл нь улам даамжираад байхаар нь салгасан чинь үгэнд орохгүй хэрүүл хийгээд байсан. Гантулгын эхнэр Хонх удахгүй ирэхээр нь Ганхуяг бид хоёр яваад өгсөн. Тухайн үед буудлын өрөөнд Жамба, Бүрнээ, Ганхуяг, Туяа нар бүгд архи уусан байсан. Жамба, Туяа, Гантулга гурав бусдаасаа илүү согтсон байсан. Бүрнээ, Ганхуяг хоёр арай гайгүй байсан...гэх мэдүүлэг /хх-18-19, 29-30/
  • гэрч Д.Бүрнээбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр найз Ганболдын гэрт орж золголт хийчихээд маргааш буюу 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажилдаа Баянхонгор явах гэж байсан. Тэгээд тэр орой Ганболдынхоос гараад ганцаараа Сонгинхайрхан дүүргийн 22 дугаар хороо Орбит захын нийтийн караокед ороод дуулангаа пиво уусан. Тэгээд орой болсон болохоор нь би Орбит захын дэн буудалд өрөө аваад унтаж байхад 23 цагийн үед Жамбалсүрэнгийн утас руу залгахад "нэгдүгээр хороололд байна гэж хэлээд намайг хүрээд ир” гэж хэлэхээр нь би Орбитод байна, караокед сууж байна орой болсон байна эндээ амарлаа гэж хэлээд тасалсан. Тэгээд би 00 цагийн үед дэн буудлын өрөөнд орох гээд шатаар өгсөж байхад өмнө Алтайн хүдэр ХХК-д хамт ажиллаж байсан Чулуунбаатар ах тааралдсан би дээр өрөөнд байгаа одоо орж амарлаа гэж хэлээд салаад өрөөндөө ороод унтахдаа ганцаараа явж байгаа хүн амьтан ирж магадгүй чи гаднаас нь түгжээрээ гэж хэлээд түгжүүлээд унтаж амарсан. Тэгээд унтаж байхад хаалга хүн оролдоод байх шиг болохоор нь би хартал Туяа өрөөнд буудлын хүнээр хаалга онгойлгоод орж ирсэн. Дуудаагүй байхад өөрөө ганцаараа ирсэн. Архи уучихсан, согтуу ирсэн. Тэгээд би нэг шил 0.5 литрийн хараа архи авчихсан байж байгаад би Туяатай хамт архиа хуваагаад уусан. Жамбалсүрэн хаачсан юм бэ гэж асуухад нэгдүгээр хороололд тасраад үлдсэн гэж хэлсэн. Тэгээд бид архиа уугаад байж байхад хүмүүс дугараад хартал Улаанаа ах 2 эмэгтэй хүнтэй хажуугийн өрөөнд орж байсан. Би өрөөнд Туяагийн хамт амрах гэж байхад Чулуунбаатар ах хаалга тогшсон. Хаалгаа онгойлгоход Чулуунбаатар ах нь сая айлуудаар яваад ирлээ өрөөнд ороод ирээч гэсэн. Туяа тэр үед унтчихсан байхаар нь үлдээгээд Чулуунбаатар ахыг дагаад өрөөнд нь орсон. Өрөөнд ороход Чулуунбаатар ахын дүү гэх нэг залуу байсан. Тэр 2, нэг шил архи тавьчихсан байсан болохоор архинаас нь ууж байгаад Жамбалсүрэн лүү 2018 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 06 цагийн үед залгахад утас нь холбогдохгүй байсан. Дахиад 10
 

минутын дараа Жамбалсүрэн өөрөө залгасан. Туяа над дээр ирчихсэн байгаа шүү чи хүрээд ирээ гэж хэлсэн. Тэгээд архи уугаад сууж байсан Чулуунбаатар ахын дүү нь гэнэт өрөөнөөс гараад явчихаар нь би Чулуунбаатар ахаас "энэ хаачих гэж байгаа юм гэж асуухад” “мэдэхгүй” гэхээр нь би Туяаруу орчихлоо гэж хар төрөөд өрөөндөө орох гэхэд хаалга түгжээтэй байхаар нь би хаалга нүдсээр байгаад онгойлгуултал Туяа хаалаг онгойлгоод энэ пизда намайг оролдоод гэхээр нь би нөгөө залууг хоёр цохиж аваад Чулуунбаатар ахын өрөөнд нь оруулаад гараад ирсэн чинь Жамбалсүрэн ирчихсэн байсан. Чулуунбаатар ах уучлаарай гээд нэг шил архи аваад өрөөнд ороод ирэхэд Жамбалсүрэн уурлаад бариад авахаар нь би болиулаад Чулуунбаатар ахыг явуулаад өрөөний хаалгаа түгжээд Жамбалсүрэн бид 2 нэг шил архиа хувааж уугаад сууж байхад хаалга тогшоод Сэмбий гэж дууддаг Гантулга Улаанаа хаана байна гээд хайгаад явж байсан. Би хажуугийн өрөөнд байгаа гэж хэлсэн. Тэгээд Жамбалсүрэн бид 2, 11 цагийн үед Улаанаа ахын байгаа өрөөнд орсон. Туяа унтаж байсан болохоор өрөөндөө үлдээгээд орсон. Тэгээд Улаанаа ахын өрөөнд 1 шил архи хувааж уугаад сууж байхад Улаанаа ах машин дуудчихсан явлаа гэхээр нь Жамбалсүрэн бид 2 өрөөндөө орсон юм. Бид хоёр өрөөндөө ороод ууж байсан архиа уугаад сууж байхад хаалга тогшоод Улаанаа ах нь байна гэхээр нь хаалга онгойлготол Улаанаа, Гантулга, Баатараа 3 байсан. Тэгээд өрөөндөө оруулаад архи уугаад сууж байхад Туяа сэрээд юу болоод байгаан бэ гэж уурласан. Тэгснээ гэнэт Гантулга руу уурлаад 2 удаа алгадаад 1 удаа өшиглөсөн. Би Туяаг чи яагаад уурлаад байгаа юм бэ гэхэд Туяа намайг оролдсон хүн биш юм уу гэж хэлсэн. Би Туяаг чи хүн андуураад байна, энэ хүн биш гэж хэлээд орон дээр суулгачихаад 00 ороод гараад ирэхэд Гантулга Туяа руу шууд архины шил аваад шидсэн. Архины шил нь Туяагийн толгой дээр хагараад цус гарсан. Жамбалсүрэн уурлаад Гантулгатай барьцалдаж аваад өрөөнөөс гараад явсан. Тэр үед гаднаас Гантулгын эхнэр орж ирээд Туяаг дагуулаад шууд гэмтлийн эмнэлэг явсан.. гэх мэдүүлэг /хх-20- 22/

... М.Г архины шил шидэх үедээ босоод Б.Т руу хараад зогсож байгаад баруун гараараа архины шилийг шидсэн ба дунд нь Жамбалсүрэн сууж байсан. Туяа архины шилэнд оногдох үед баруун хойд талын орон дээр сууж байсан. Би Чулуунбаатар гэдэг хүнийг өмнө нь зүс танина. “Алтайн хүдэр” ХХК-д байхад л танилцаж байсан, тэрнээс сайн мэдэхгүй. Чулуунбаатар ах нь 40 орчим насны хүн байдаг, түүнтэй хамт явсан залуучуудыг бол би танихгүй. Тэр өдөр л анх харсан. Тэд нарын утас, гэрийн хаяг болон бүтэн овог нэрийг нь мэдэхгүй байна. Чулуунбаатар ах хүрэн өнгийн цамцтай байсан нөгөө 2 залууг нь би санахгүй. Чулуунбаатар ахтай явж байсан нэг залуу нь шөнө дунд Б.Тгийн өрөө рү орсон байхаар нь би хөөж гаргасан. М.Г 02 дугаар сарын 21-ний өглөө бид нар дээр ирсэн. Б.Тг, М.Г цохисноос болж Жамбалсүрэн уурлаад муудалцаж эхэлсэн. Б.Тг архины шилээр цохисны дараа хоорондоо зодолдсон.. гэх мэдүүлэг /хх-119-120/

  • гэрч Д.Цэцэгээгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Б.Т нь 2018 оны 01 дүгээр сарын эхээрг Жамбалсүрэн гэдэг залуутай үерхэж байгаа гээд гэртээ дагуулж ирээд бид нарт танилцуулж байсан. Тэр хоёр хамт манай хамаатнуудаар яваад л байсан. 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр кино үзээд ирье гэж хэлээд Жамбалсүрэн Туяа хоёр манайхаас яваад ирээгүй. Би 2018 оны 02 дугаар сарын 19-ний өглөө би Жамбалсүрэн,Туяа хоёртой утсаар ярихад Батсүмбэр лүү Жамбалсүрэнгийн хамаатны айл руу явах гэж байна, золголт хийгээд ирье гэж хэлсэн. 2018 оны 02 дугаар сарын 20-ны орой Туяатай утсаар ярихад Батсүмбэр суманд айлд байна гэж ярьсан. 2018 оны 02 дугаар сарын 21-ний орой Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цагдаагаас над руу утасдаад Туяа гэдэг хүний ээж нь мөн үү, Туяа нүд нь гэмтсэн байна гэж хэлэхээр нь би Туяа дээр яваад очиход нүд нь хавдаад аймар болсон байсан...гэх мэдүүлэг /хх-23-24/,
  • гэрч С.Нарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:... С.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу цагаан сарын шинийн 6-ны өдөр би ажил дээрээ байж байгаад 11 цаг өнгөрч байхад нөхөр М.Г руу залгаад “Миний хань машинаа янзлуулсан уу, одоо грашийн түлхүүрийг авах гэж байна” гэж ярьсан. Тэгээд орой 16 цаг өнгөрч байхад миний төрсөн ах Ганхуяг /Улаанаа/ залгаад Жамба, Гантулга хоёр хоорондоо зодолдоод “чи хурдан хүрээд ир, нэг хүүхэн байсан чинь нүд нь зүсэгдчилээ, чи эмэгтэй хүн байна эмнэлэг аваал яваадах” гэж хэлсэн. Тэгээд би 17 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Орбит захын хойд талд байх залгаа зочид буудалд
 

очсон. Би буудлын шатаар өгсөөд гарахад урдаас Ганхуяг ах ирэхээр нь "яасан бэ гэж асуухад” Жамба, Гантулга хоёр зодолдоод, энэ хүүхэн шилэнд оногдчилоо гэх утгатай юм ярьсан. Би буудлын өрөө рүү ороод Бүрнээ гэдэг залуугаас юу болсон, яасан юм бэ гэж асуухад "Жамба юм ярьж сууснаа Гантулга ахын нүүр лүү архи цацаад Жамба Гантулгыг зодоод гэхээр нь би цагдаад дуудлага өг гэж хэлэхэд Жамба буудлын өрөөнөөс гарч ирээд "Би наадахыг чинь ална шүү” гээд согтуурхаад байхаар нь би нөхөр Гантулгыг явуулсан. Ганхуяг ах энэ хүүхнийг ямар ч байсан эмнэлэгт үзүүлээдэх гээд байж байтал Гантулгын дүү Алтанчимэг ирсэн. Би Орбитын буудал руу явж байхдаа Алтанчимэгийг дуудсан байсан. Би цагдаа дуудна гэхэд Жамба цагдаа дуудаж яах гээд байгаа юм нүдийг нь оёулаад өгчих би гэртээ 2-3 хонуулж байгаад явуулчихна гэсэн. Тэгэхээр нь би тэгүүл түргэн дуудна гээд үзүүлэхэд Гэмтлийн эмнэлэгт яаралтай үзүүл гэж хэлсэн. Би Туяаг аваад гэмтлийн эмнэлэг явах гэхэд Туяа нь хэвтээд босохгүй байхаар нь буудлын залууг дуудсан чинь тэр залуу орж ирээд Бүрнээ рүү хандаж "чи өчигдөгр шөнөжин энэ буудалд зодоон цохион хийлээ гэж хэлээд уурласан”. Би буудлын залууд хандаж чи харсан биз, би одоо энэ хүүхнийг аваад явлаа шүү гэж хэлээд аваад гарсан. Тухайн үед Туяа гэдэг эмэгтэй нилээн Жамба руу агсараад байсан. Алтанчимэг бид хоёр тэр хүүхнийг аваад буудлаас гарч байхад миний нүд юу ч харахгүй байна гээд нүдээ нухлаад байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг ороод эмчид үзүүлж гарч ирснээ "Туяа гэдэг эмэгтэй намайг 1 эмнэлэг яв гэж байна, нүд чинь сохорсон байна” гэж байна гээд уйлаад байсан.. гэх мэдүүлэг /хх-27-28/

  • гэрч Б.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн:.. Бид нар Бүрнээ, Жамбаа хоёрын байсан өрөөнд ороход орон дээр Туяа гэдэг хүүхэн нилээн согтуу сууж байсан. тэр үед Гантулга надруу яриад грашны түлхүүр авья гэхээр нь би буудалд байна хүрээд ир гэсэн. Баасандорж, Гантулга хоёр ар араасаа цувраад ойр ойрхон орж ирсэн. Бүрнээ, Жамбалсүрэн, Гантулга, Туяа Баасандорж бид нар архиа хувааж уусан. Баасандорж архи уудаггүй, бусад нь бүгдээрээ архинаас уусан. Баасандоржтой юм яриад сууж байсан чинь Гантулга, Жамбалсүрэн хоёр маргалдаад байхаар нь болиулсан чинь удаачгүй дахиж муудалцаад Жамбалсүрэн Гантулгын нүүрлүү архи цацаад хоорондоо барьцалдаад хэд хэдэн удаа нэг нэгнийгээ цохисон. Жамбалсүрэн Гантулгын нүүр лүү цохиод уруул, нүдийгнь хавдтал нь мөргөсөн. Бид нар салгаад больцгоо гээд орон дээр сууж байсан чинь шил хагарах чанга чимээ сонсогдохоор нь харсан чинь...архины шил шидсэн байсан, Туяа орон дээр доошоогоо тонгойгоод сууж байсан. Би яагаад байгаа юм бэ явья гээд Гантулгыг аваад явахдаа энэ яасан юм гээд Туяаг харсан чинь цус гарсан байсан. тэгэхээр нь би наадхын чинь толгой тархи нь хагарсан юм биш үү наадхаа хараач гэж Жамбалсүрэнд хэлсэн. Жамбалсүрэн харах гэсэн чинь Туяа харуулахгүй байсан. Жамбалсүрэн харсан хөмсөг нь задарсан байна, овулахгүй бол болохгүйюм байна гэж хэлээд Гантулгыг авч гараад эхнэр лүү нь утасдаад нөхөр чинь согтуу хүнтэй муудалцаад хүний толгой хагалчих шиг боллоо хурдан ир гэж хэлээд Нарантучаг дуудсан...гэх мэдүүлэг /хх-31-32/,
  • гэрч С.Содбурамын мөрдөн байцаалтад өгсөн:    2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр

зүс таних Бүрэнбаяр гэдэг залуу хөдөө ажиллахаар явах гэж байна. Буудалд чинь нэг хоноод явъя гэж хэлээд манай буудлын 2 тоот өрөөнд байрласан юм. Тэгээд 1 хоноод яваагүй манай буудалд 3 хоносон. 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчимд манай үйлчлэгч эгч Ариунаа надруу утсаар яриад Бүрнээ гэдэг залуу өрөөндөө баахан хүн цуглуулсан байна ирж байна уу гэж утсаар ярьсан. Би буудалд ороод ирсэн чинь 5 номерын өрөөнд Бүрнээ 7 орчим хүн цуглуулсан байсан. Намайг тэр өрөөнд ороход хөшиг, хөнжил, дэвсгэр бүгд цус болсон байхаар нь зодолдсон юм уу гэсэн чинь зодолдоогүй гэж Жамбалсүрэн надад хэлсэн. Туяа нь хаалганы өөдөөс орон дээр доошоогоо хараад хэвтээд тасарсан байсан. Би нэг өрөөнд олон хүн байж болохгүй гэж хэлсэн. Миний танихаас Дорцоов Улаанаа /Ганхуяг/ өөрөөсөө гадна 4 хүнтэй орж ирсэн. Би өрөөнөөс нь цустай юмнуудыг авад угаалгын өрөөнд оруулж өгчихөөд буцаад гараад ирсэн чинь өрөөнд байсан хүүхэний нүүр нь цус болсон шил шидчихсэн гэсэн хэрүүл хийгээд байж байсан. Тэгээд би цагдаа, түргэн дуудъя гэж хэлсэн чинь чамд төвөг удахгүй түргэн дуудчих гэж хэлсэн. Би түргэн дуудаж өгсөн. Удаачгүй Улаанаагийн дүү хүүхэн ирсэн. Туяа гэдэг хүүхэн нүдээ харуулахгүй гараараа дарчихаад миний нүд юм харахгүй байна гээд байсан. Түргэн дуудаж үзүүлсэн чинь яаралтай гэмтлийн эмнэлэг оч гэж хэлсэн. Тэгээд Улаанаагийн дүү хүүхэн машиндаа суулгаад эмнэлэг аваад явсан. Намайг буудлын өрөөнд ороход тэр өрөөнд Улаанаа, Жамбалсүрэн, Бүрнээбаяр, Туяа, Улаанаагийн хүргэн, тэгээд нэг

 

танихгүй залуу байсан. Туяа гэдэг хүүхэн нилээн согтсон бусад нь гайгүй байсан. Миний харснаар Бүрнээбаяр, Жамбалсүрэн хоёр эрүүл байх шиг байсан.. гэх мэдүүлэг /хх-33-34/

  • гэрч М.Алтанчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ажлаа тараад явж байсан чинь бэр эгч Нарантуяа надруу утсаар яриад буудалд ах чинь зодолдоод байна хүрээд ир гэхээр нь би Орбитод байдаг зочид буудалд такси бариад яваад очсон. Намайг очиход манай бэр буудалд байсан ба ах Гантулга байхгүй байсан. Тухайн үед тэнд нэг согтуу хүүхэн, 2 залуу байсан. Согтуу эмэгтэй нь орон дээр орны бүтээлэг нөмрөөд унтаж байсан ба би зодоон болсон гээд байхаар нь цагдаа дуудаад өг гэж хэлсэн чинь тэр хүүхэний найз залуу гээд байгаа нь цагдаа дуудаад яах юм гэж хэлсэн. Буудалд хэвтэж байсан хүүхний бүтээлгийг нь сөхөөд харахад нүдний дээд тал нь сэтэрсэн байсан. Түргэн тусламж дуудаж үзүүлэхэд гэмтлийн эмнэлэгт яаралтай үзүүл гэж хэлээд Нарантуяа бид хоёр тэр хүүхнийг гэмтлийн эмнэлэг авч явсан. Тэр хүүхэн гэмтлийн эмнэлэг рүү явах гэж маш удсан, агсан согтуу тавиад орилж чарлаад байсан. Нарантуяа бид 2 дамжлаж өргөөд машинд суулгаад гэмтлийн эмнэлэг рүү 2 найз залуутай нь хамт авч явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг нүдний дээд талд зовхийг нь оёулсан чинь нэгдүгээр эмнэлэгт явж үзүүл гэсэн. Нэгдүгээр эмнэлэг дээр очоод Нарантуяа согтуу хүүхний 2 найз залуу нь хамт эмнэлэг рүү орсон.. гэх мэдүүлэг /хх-36- 37/
  • гэрч Г.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Б.Т гэдэг эмэгтэй 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр надад үзүүлсэн байна. Би царай зүсийг нь сайн санахгүй байна. Том хар нүдний шил зүүчихээд тайлахгүй байсан. Би Б.Тг үзсэн оношилгооний тэмдэглэлээс үзэхэд надад Б.Т хэлэхдээ сүүлийн сарын тэмдэг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ирсэн мөн жирэмсний тестээр үзсэн чинь нэмэх гарсан доошоогоо цус гарсан зовиуртай үзүүлсэн. Би тэгээд тэр эмэгтэйг эхогоор харсан чинь 6 долоо хоног орчим хугацаатай жирэмсэн байж байгаад зулбаад удаагүй болох нь тодорхой байсан. Б.Тгийн зулбасан умайн хөндийлд жижиг потцив агууламжтай мөн зулбаны дараах шавхрага гарч байгаа шинж тэмдэг илэр байсан. Тэр эмэгтэй зулбаад удаагүй, ойролцоогоор 3-5 хоногийн дотор зулбасан байж магадгүй байсан. Юунаас болж зулбасныг нь тогтоох боломжгүй олон шалтгаан байгаа.. гэх мэдүүлэг /хх-38-39/
  • гэрч Б.Нямбаярын мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Орбит зах нэртэй зочид буудалд караоке хариуцан ажиллуулж байсан. Тэр өдөр Бүрнээ ах ганцаараа 2 номерын өрөөнд байрлаж байсан ба өдөр нь 3 танихгүй залуутай байж байгаад тэр гурван залуу нь 19 цагийн орчимд явсан. Бүрнээ ах шөнө 03 цагийн орчимд буудлаас гараад ганцаараа баар орсон. 04 цагийн орчимд Бүрнээ ахтай өдөр хамт өрөөнд нь байсан 3 залуу буцаж орж ирээд Бүрнээ ахын байрлаж байсан өрөө рүү орсон. Бүрнээ ахтай орж ирсэн 4 хүнээс миний таних Улаанаа /Ганхуяг/ ах байсан. Бүрнээ ахтай өдөр байсан 3 залуу Бүрнээ ахтай цуг 5 номерын өрөө рүү орсон ба Бүрнээ ах дээр ирсэн эмэгтэй Бүрнээ ахын танил гурван залуутай муудалцаад хэрэлдээд байхаар нь 4 номерын өрөөнд Бүрнээ ахын 3 найзыг оруулсан. Тэгээд гайгүй болчихоор нь би унтаад өглөө үйлчлэгч ирэхэд нь явсан. Тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Тэр гурван залуу өдөр нь өрөө авах гэж буудалд орж ирсэн. Тэгсэн 1 залуу нь Бүрнээ ахтай хуучин хамт ажилладаг байсан гэх зүйл яриад нэг өрөөнд орсон. Тэрнээс гурвуулаа Бүрнээ ахын танил биш байсан...гэх мэдүүлэг /хх-115-116/
  • шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №2883 дугаартай:...Б.Тгийн биед баруун нүдний хараагүйдэл, торлогийн ховхрол баруун лимбэ, эвэрлэгийн зүсэгдсэн шарх, ирис, шилэнцэрийн хавчуулагдал, баруун хөмсөг, баруун нүдний дээд доод зовхи, хацрын зүсэгдсэн шарх, баруун нүдний эвэрлэг, баруун хацрын зүсэгдсэн шарх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүйл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31-1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашил ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 65% нөлөөлнө...гэх дүгнэлт /хх-42-43/
  • шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн:... Одоогоор эрүүл нүдэнд халдах асуудал болон цаашид гарах хор уршгийг тогтоох боломж байхгүй байна. Нэг удаа шилэн лонхоор цохиход зүсэгдэх боломжтой гэмтэлүүд байна. Энэ гэмтэл шууд шилээр зүсэгдэхэд үүсгэгдэх боломжтой. Яагаад гэвэл гадна үзлэгээр баруун хөмсөгний гадна дээд
 

хэсгээс баруун нүдний дээд зовхины дотор хэсэгт хүрч доош баруун нүдний доод зовхины дотор ирмэгээс хамрийн угалз хүрч төгссөн мэс заслын оёдол бүхий зүсэгдсэн шархтай байсан мөн алимны салст холимог улаалттай 10 цагийн орчим 1-2 мм орчим зүсэгдсэн шархтай эвэрлэг 10 цагаас 4 цаг орчим луу ташуу зүсэгдсэн шархны доор 7-8 цаг руу гурвалжин зүсэгдсэн шархтай байсан шинээр зүсэгдсэн үед үүсгэгдэнэ.. гэх мэдүүлэг /хх-46-47/

  • өвчний түүх /хх-91-103/
  • ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-104/
  • гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-78/
  • оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-79-

80/,

  • шүүгдэгч М.Гантулгын мөрдөн байцаалтын явцад өгсөн... 2018 оны 02 дугаар сарын 21- ний өдөр 10 цаг өнгөрч байхад би хадам ах Ганхуягаас грашны түлхүүр авах гээд утсаар ярихад Ганхуяг Орбитын буудалд байна ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би буудал дээр нь очоод Ганхуягтай уулзах гээд явж байхад коридорт нь Жамбалдоржтой тааралдсан. Жамбалдорж надтай тааралдаад ах юу байна, бид нар энд шөнө ууж хоноод гэсэн юм яриад өрөө рүүгээ дагуулаад орсон. Би 3 номерын өрөөнд ороход Ганхуяг, Баасандорж 2 юм яриад хоёулаа сууж байсан. Би цуг суугаад юм ярьж байхад Жамбалдорж гараад би нэг архи аваад ирье гэж хэлээд явсан. Жамбалдорж, Бүрнээ хоёр гаднаас 1 шил архи авчраад бид 3 хувааж уусан. Баасандорж огт уугаагүй Ганхуяг ганц хоёр татсан байж магадгүй. Бид нарыг архи ууж байхад гаднаас Жамбалдоржийн найз хүүхэн орж гараад байсан. Тэр хүүхэн тухайн үед согтуу байсан. Би явахгүй болохгүй машин засах гэж байгаа гэж хэлэхэд Жамбалдорж ойрд уулзаагүй юм чинь, ганц хоёр юм ууя гээд намайг явуулахгүй байсан. Би тамхи татах гээд буудлаас гарч явахад буудлын шатан дээр Жамбалдоржийн найз хүүхэн Туяа унтаж байсан. Тэгэхээр нь би Жамбалдоржид найз хүүхэн чинь юм бол нэг өрөө аваад унтуулаач гэж хэлээд Жамбалдорж бид хоёр гарч тамхи татсан. Өрөөнд орж ирэхдээ Жамбалдорж, Туяаг 5 номерын өрөөнд орж унтуулсан. Би Ганхуягаас түлхүүр аваад явах гэхэд өнөөдөр хамт жоохон ууя гээд бид нар 5 номерын өрөөнд ороод сууж байхад араас Ганхуяг, Баасандорж нар орж ирээд яагаад яваагүй юм бэ одоо эртхэн яваач гэсэн. Тэр үед Жамбалдорж, Бүрнээ бид 3 архи хувааж уугаад сууж дуусгаж байсан. Бүрнээ дахиад нэг юм яаж уух уу гээд бид нар мөнгө нийлүүлээд дахиад нэг архи авсан. Архиа уугаад сууж байхад Жамбалдорж над руу архи цацаад арчаагүй пязда, эхнэрээрээ тэжээлгээд юм хийдэг юм уу гэсэн хэрүүл хийгээд миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон. Би чи одоо яаж байгаа юм бэ гэхэд "чи арчаагүй” гээд намайг доромжлоод бид хоёр зууралдсан ба Баасандорж, Ганхуяг хоёр бид хоёрыг салгаад Баасандорж миний гэдсээр тэврээд аваад гарахад хаалганы хажууд байсан ширээн дээрээс архины шил аваад арагшаагаа харахгүйгээр савж шидчихээд гарсан. Би коридорт зогсож байхад Туяа гэдэг хүүхний хөмсөгний дээр нь сэтэрсэн байна гээд байхаар нь би буцаж 5 номерын өрөө рүү ороод Туяаг харахад Туяагийн баруун нүдний дээд хөмсөг нь сэтэрсэн харагдаж байсан. Туяа орон дээр хэвтэж байсан. Жамбалдорж бид 2 нөгөө талын орон дээр суугаад юм ярьсан. Тэр үед Ганхуяг манай эхнэр лүү залгаад дуудсан байсан. Манай эхнэр ирээд намайг гэртээ харьж бай гэж хэлээд би гэртээ харьсан... гэх мэдүүлэг /хх-57-59/... Би хохирогч Б.Тд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 510.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 200.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 500.000 төгрөг нийт 1.410.000 төгрөг өгсөн. Цаашид хохирлыг барагдуулна...гэх мэдүүлэг /хх-121-122/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Г нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орбит зах” зочид буудлын 5 тоот өрөөнд иргэн Б.Тгийн нүүр лүү архины шил шидсэнээс эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • хохирогч Б.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 02 дугаар сарын 21-ний шөнө...буудлын өрөөнд найз залуу Жамбалсүрэн болон Бүрнээбаяр, Улаанаа ах, бас танихгүй 2 хүн ороод ирчихсэн...архи ууцгааж байсан...Улаанаа ахын хажууд талд нэг улаан цамцтай хүн юм яриад байхаар нь би нөгөө өмнө нь намайг оролдоод байсан залуутай төстэй байхаар нь нөгөө залууг гэж бодоод уурлаад одоо больчихож болохгүй юм уу гээд нөгөө залууг нэг удаа гараараа бие рүү нь түлхтэл архины шил бариад босч ирсэн...найз залуу Жамбалсүрэн босч
 

ирээд архины шилийг нь авч суулгасан...Би тэр орон дээр суутал над руу архины шил Сэмбээ гэх нөгөө улаан цамцтай эрэгтэй шидэхэд толгойноос цус гарч, нүд харанхуйлаад, ухаан алдсан байсан...Эмнэлгийн байгууллагаас баруун нүд дахин юм харахаа больсон, хараа орохгүй гэсэн.../хх-12-13/...Би буудлын өрөөний зүүн урд талын орон дээр унтаж байгаад сэрсэн чинь, миний хажууд Жамбалсүрэн, миний эсрэг талын орон дээр яг харалдаа М.Г, Улаанаа, Бааска гурав сууж байсан...гэх мэдүүлэг /хх-14-15/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

  • гэрч Д.Бүрнээбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..тэр үед бид тухайн өрөөнд архи уугаад сууж байхад Туяа сэрээд юу болоод байгаан бэ гэж уурласан тэгснээ гэнэт Гантулга руу уурлаад 2 удаа алгадаад 1 удаа өшиглөсөн. Би Туяаг чи яагаад уурлаад байгаа юм бэ гэж хэлэхэд Туяа намайг оролдсон хүн биш юм уу гэж хэлсэн. Би Туяад чи хүн андуураад байна энэ хүн биш гэж хэлээд орон дээр суулгачихаад 00 ороод гараад ирсэн чинь Гантулга Туяа руу шууд архины шил аваад шидсэн...Туяагийн толгой дээр хагараад цус гарсан, шууд гэмтлийн эмнэлэг явсан.. гэх мэдүүлэг /хх-20-22, 119-120/,
  • гэрч Ж.Жамбалсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Туяа сэрээд Улаанаа ах, Гантулга ах, Бааска ах луу архи уулаа гэж уурлаад өмд рүү нь гараа хийсэн хүн мөн байна гээд Гантулга руу уурлаад алгадаж авсан...Гантулга уурлаад архины шил шүүрээд цохихыг завдсан, би болиулсан...тэгтэл дахиад архины шил аваад шууд шидчихсэн...хартал Туяагийн баруун талын нүд дух нь хавдсан нил цус гоожсон байсан...эмнэлэг рүү явсан...гэх мэдүүлэг /хх-16-17, 117-118/,
  • гэрч А.Баасандоржийн мөрдөн байцаалтад өгсөн:...тэр үед тэд нар архи уугаад хамт байж байсан...ба Жамбаа, Сэмбээ хоёр ам зөрөөд маргалдаж эхэлсэн, гэнэт архины шил хагарах чимээ гарсан ба харахад...Жамбаагийн найз охин гэх хүүхний нүүрэн хэсгээс цус гарч байсан...Жамба, Туяа, Гантулга гурав бусдаасаа илүү согтсон байсан. Бүрнээ, Ганхуяг хоёр арай гайгүй байсан...гэх мэдүүлэг /хх-18-19, 29-30/,
  • гэрч Б.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн:..тухайн үед бид Бүрнээ, Жамба, түүний найз хүүхэн Туяа, Гантулга, Баасандорж бид архи ууцгаасан...Туяа орон дээр согтуу сууж байсан...би Баасандоржтой юм яриад сууж байсан чинь Гантулга, Жамбалсүрэн 2 маргалдахаар нь болиулсан...дахиж муудалцсан...юунаас болсныг мэдэхгүй...Бид нар салгаад больцгоо гээд орон дээр сууж байсан чинь шил хагарах чанга чимээ сонсогдохоор нь харсан чинь...Туяа орон дээр доошоо тонгойгоод сууж байсан...гэх мэдүүлэг /хх-31-32/,
  • шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг:...Б.Тгийн биед баруун нүдний хараагүйдэл, торлогийн ховхрол баруун лимбэ, эвэрлэгийн зүсэгдсэн шарх, ирис, шилэнцэрийн хавчуулагдал, баруун хөмсөг, баруун нүдний дээд доод зовхи, хацрын зүсэгдсэн шарх, баруун нүдний эвэрлэг, баруун хацрын зүсэгдсэн шарх цуус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүйл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31-1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашил ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 65% нөлөөлнө.../хх-42-43, 46-47/
  • шүүгдэгч М.Гантулгын мөрдөн байцаалтын явцад өгсөн...тухайн үед бид архи ууж байхал Жамбалдорж хэрүүл хийгээд...над руу архи цацсан...миний нүүр лүү хэд хэд цохисон...бид хоёр зууралдаад авсан чинь Баасандорж, Ганхуяг хоёр салгасан...би ширээн дээрээс архины шил аваад арагшаагаа харахгүйгээр савж шидчихээд гарсан...Туяа гэдэг хүүхний хөмсөгний дээр нь сэтэрсэн байна гэсэн...гэх мэдүүлэг /хх-57-59/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч М.Гантулгыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдсонгүй.

Нотлох баримтын хууль ёсны эх сурвалжуудаас үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол ба шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр буюу хүч чадлаа

 

дайчилсан хүсэл зориг, идэвхтэй үйлдлийн хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Шүүгдэгч нь бусад руу архины шил шидсэн хууль бус үйлдлээ ухамсарлаж байсан болох нь тогтоогдсон байх тул гэм буруугийн агуулга, чиглэл нь анхнаасаа санаатай бөгөөд бусдын эрүүл мэндэд тухайн хор уршгийг зориуд хүргэсэн гэж үзэх үндэслэл болох төдийгүй тухайн тохиолдолд шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдэхийн өмнө хохирогчийн нөхөртэй маргалдсан, зодолдсон эсэх нь тус хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үндэслэлгүйг тэмдэглэв.

Шүүгдэгч нь хохирогчид мөрдөн байцаалтын шатанд нийт 5.596.000 төгрөг, шүүхийн шатанд 930.000 төгрөг нийт 6.526.000 төгрөгийг төлсөн болохыг хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, нотлох баримттай байх тул шүүгдэгч нь нотлох баримт бүхий хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ, харин хохирогч нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч талд учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, цаашид хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг нотлох баримтынх нь дагуу нөхөн төлөхөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь эхнэр, 2 хүүхэдтэй /х-78-80/, эхнэр С.Нарантуяагийн хамт 2016 оноос хойш "Хархорин худалдааны төв”, "Тунгалаг төв”-д талбай түрээслэн хүнсний ногоо худалдаалах ажил эрхэлж буй талаарх баримт шүүхэд гаргасан, шүүгдэгч энэ талаар мэдүүлсэн болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид торгох ял оногдуулах тухай улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж, уг торгох ялыг төлөх хугацааг 3 жилээр тогтоож шийдвэрлэв.

Бусад асуудал

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.Г-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г-г 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Гд оногдуулсан 11.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Г нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
  6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
 
  1. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  2. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Г.ГАНБААТАР