| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2018/0688/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/706 |
| Огноо | 2018-08-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.11.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2018/ШЦТ/706
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч С.Оюунжаргал,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Отгонсүрэн,
шүүгдэгч Ө.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.М-г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803004330259 дүгээр хэргийг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......... оны ...... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .......... сургуульд оюутан, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ..., .......... хамт Сонгинохайрхан дүүргийн ....... дугаар хороо, ..... дүгээр хороолол, ....... дүгээр байр, ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ............... М /РД:......../.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Ө.М нь 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун салааны замд **-** *** улсын дугаартай “Subaru Impreza” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулаад хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ө.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир одоо мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1803004330259 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Х.Б-ы: “2018 оны 5 дугаар сарын 15-ны өглөө 09 цаг өнгөрч байхад “Мон-лаа” ХХК-ийн арын гудамжид байх айлаас гараад явган хүний замаар явж байгаад туслах замаар зам хөндлөн гарах гэтэл саарал өнгийн жижиг тэрэг огцом иргэж ирээд намайг мөргөөд газар унагачихаад зогсолгүй шууд явсан. Босож чадахгүй байтал үл таних охин түргэн дуудаж өгөөд явсан. Удалгүй түргэний машин ирээд гэмтэл дээр очиход түргэний жолооч цагдаад дуудлага өгсөн. Одоо удаан явахаар ар нуруу болон сээрийн хэсэг өвдөж байгаа миний нурууны яс хугарсан байгаа. Гомдолтой байна. Эмчилгээний зардал болон хийж байсан, хийх гэж байсан ажлын төлбөрөө гаргуулан авмаар байна. Бие болон сэтгэл санааны хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-19-20/,
Гэрч Б.Наранбатын: “...Авто угаалга орох замд явган хүн зам хөндлөн гарч явсан. Тэгтэл саарал өнгийн Субару маркийн машин ертөнцийн зүгээр зүүн талаас баруун явж байхдаа явган хүнийг мөргөж унагаагаад зугатсан. Жолооч зогсолгүй шууд явсан. Бид хэд дугаарыг нь хараад дуудлага өгсөн. Нэлээн хурдтай орж ирсэн. Тоормоз хальт гишгээд шууд хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-22-23/,
Гэрч Б.А-ийн: “...2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өглөө 11 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “Тойрог” авто угаалгын газар машин угааж байгаад гарч иртэл зам дээр 50 орчим насны эрэгтэй хэвтэж байсан. Тэгээд хажуу талаар нь явж байсан хүмүүс “дуудлага өгөөрэй, энэ хүнийг машин мөргөчихөөд зугатаачихлаа” гэж хэлсэн. Тэгээд уг хүнийг хартал хамар амаас нь цус гарчихсан, нөгөө хүн “туслаарай” гээд орилоод байсан. Удалгүй эмнэлэг болон цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-24/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2018.05.18-ны өдрийн 6420 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Х.Б-н биед бүсэлхийн 1-р нугалмын шахагдсан хугарал, тархи доргилт, зүүн зулайн хуйхны шарх, баруун доод 1-р шүдний булгарал, хэлний шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Нэг шүдний булгарал нь энгийн хөдөлмөрлөх чадвар алдалтанд тогтонгид 5% нөлөөлнө” гэжээ /хх-38/,
Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018.06.19-ний өдрийн 402 дугаар дүгнэлтэд: “1.Субару маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө.”, 2.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон этгээд дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;” б/ “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;” в/ “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх;’’ гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Х.Б- нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зураг зэрэг нотлох баримтууд дээр зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ /хх-51-52/,
Шүүгдэгч Ө.М-гийн яллагдагчаар өгсөн: “Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 5 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн орчимд гэрээсээ гарсан. ...Тэгээд бид хоёр эмээгийн гэрт очиж будагны ажил хийхээр болоод тэндээс хөдөлсөн. Ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй Баруун салаа явдаг замаар явж байгаад “Мон-Лаа” уруу ордог туслах замаар зүүн гар тал уруугаа эргээд ортол гэнэт хүн гарч ирсэн. Би автомашинаа зогсоож чадалгүй нөгөө хүнийг мөргөж унагаасан. Шууд зугтаагаад яваад өгсөн. Асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байсан. Би цагдаагийн 102, түргэн тусламжийн 103-т дуудлага өгөөгүй. ...Жолооны эрхийн үнэмлэхгүй, 2016 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад 1 жилээр эрхээ хасуулсан. Эрхээ сэргээлгэж аваагүй...” гэх мэдүүлэг /хх-62-63/,
Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-8/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-9/, гэрч С.Долгормаагийн мэдүүлэг /хх-27/, гэрч З.Өөдөс-Отгоны мэдүүлэг /хх-33/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-69/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71/, Асап сангийн лавлагаа /хх-76-78/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-96/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ө.М нь 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баруун салааны замд иргэн З.Өөдөс-Отгоны эзэмшлийн **-** *** улсын дугаартай “Subaru Impreza” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д “жолооч ...замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Х.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,
улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтууд, түүнчлэн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч Ө.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1 жилийн хугацаагаар хасуулсан /хх-69/ бөгөөд жолоодох эрхээ сэргээлгээгүй байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ө.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Б-ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн “Ө.М-гаас 2.400.000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан. Дахин ямар ч зүйл нэхэмжлэхгүй, гомдол санал гаргахгүй” гэх хүсэлт /хх-96/-ийг үндэслэн шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ө.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 2 жил 1 сар 30 хоног хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэмт хэрэг, гэм буруу дээр маргаан байхгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн. Жолоочийн шалгалтандаа тэнцсэн гэж байгааг харгалзан энэ талаарх лавлагааг авах нь зүйтэй. Улсын яллагчийн санал болгосон ялыг тэнсэж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт/, шүүгдэгчийн хувийн байдал /тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2014.11.14-нд 1 жилийн хугацаагаар хасуулсан, удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож захиргааны арга хэмжээ авагдаж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Ө.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасан, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, тус тусад эдлүүлэхээр шийдвэрлэлээ
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ө.М урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ............... М-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн,
авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ө.М-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /Хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар шүүгдэгч Ө.М-д зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-г 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ө.М урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР
|
|