Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 123/ШШ2020/0042

 

2020 оны 10 сарын 27 өдөр Дугаар Зуунмод сум

123/ШШ2020/0042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н ХХК,

Хариуцагч: Төв аймгийн С Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн С сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/144 дугаартай захирамжийн Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагч Төв аймгийн С сумын Засаг дарга Э.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Н ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартааМанай Н ХХК нь Төв аймгийн С сумын 4 дүгээр багийн нутаг Бараат уулын энгэр гэх газарт Буяны цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилгоор 2017 оны 12 дугаар сард Төв аймгийн С сумын Засаг даргад хандаж газар эзэмших хүсэлтэй байгаагаа болон хүсэж буй газрын байршил нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх, цаашид газар эзэмших хүсэлт гарган шийдвэрлүүлэх боломжтой эсэхийг судалсан. Төв аймгийн С сумын Засаг даргаас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 02/366 дугаартай албан бичгээр ...Танай компанийн хэрэгжүүлж буй төсөлд шаардлагатай 50 га газар нь сумын 4 дүгээр багийн нутаг Бараатын энгэр гэх газар нь 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд албан ёсоор суусан болно гэж мэдэгдсэн учир компанийн зүгээс тухайн газарт буяны цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл боловсруулж, газрын схем зураг болон кадастрын зураг хийлгэн газар эзэмших хүсэлтээ Төв аймгийн С сумын Засаг даргад хүргүүлсэн. Төв аймгийн С сумын Засаг дарга манай компаниас гаргасан хүсэлтийг хүлээн авч судлаад 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/87 дугаартай захирамжаар манай Н ХХК-д буяны цэцэрлэгт хүрээлэн байгуулах зориулалтаар Төв аймгийн С сумын 4 дүгээр багийн нутаг Бараат уулын энгэр гэх газарт 50 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргасан бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 000326869 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, нэгж талбарын дугаараар кадастрын зураг хийгдэж газрын харилцаа мэдээллийн санд бүртгэгдсэн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн С сумтай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээг байгуулж манай компанийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан.

Газар эзэмших эрх үүссэн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш манай Н ХХК нь газар эзэмших гэрээ болон Газрын тухай хуулиудаар хүлээсэн газар эзэмшигчийн үүргээ бүрэн биелүүлж ирсэн бөгөөд газар эзэмшихтэй холбоотой ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй.

Гэтэл хариуцагч Төв аймгийн С сумын Засаг даргаас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 02/57 дугаартай албан бичгээр манай Н ХХК-д 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр А/87 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь хэсгүүдийг зөрчиж олгосон байх тул тус захирамжийг хүчингүй болгох гэж байгаа талаараа мэдэгдсэн байдаг бөгөөд тус мэдэгдлийн үндэслэлд Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07/389 дугаартай захирамжийг хянасан тухай албан бичигт дурдсан нөхцөл байдлыг дурдсан байдаг.

Улмаар Төв аймгийн С сумын Засаг дарга нь 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр А/144 дугаартай захирамжийн Н ХХК-д холбогдох хэсгээр тус компанид олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд компанийн зүгээс хариуцагчийн А/144 дугаартай захирамжийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гардаж авч мөн өдрөө Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн дээд шатны байгууллага албан тушаалтан болон Төв аймгийн Засаг даргад гомдол гаргахад Төв аймгийн С сумын Засаг даргын 2020 оны А/144 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж хариу өгсөн.

Компанийн зүгээс Төв аймгийн С сумын Засаг даргаас газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн болон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тухай шийдвэрийг мэдэгдсэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болон 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойш Төв аймгийн С сумын Засаг дарга болон Төв аймгийн Засаг дарга нарт 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр А/02, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр А/03 дугаартай албан бичгүүдээр гомдол гаргаж хуульд заасан урьдчилсан шийдвэрлүүлэх арга хэмжээ авсан боловч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж өгөлгүй, газар эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийг удаа дараа ноцтой зөрчиж байх тул хуульд заасан үндэслэлээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч Н ХХК-ийн зүгээс газар эзэмших хүсэлт гаргасан 2017 оны 12 дугаар сар, хариуцагч Төв аймгийн С сумын Засаг даргаас газар эзэмших хүсэлт, төсөлтэй танилцаад газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан үйл баримтад Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.1.4 дэх хэсгүүдийг зөрчсөн зөрчил байхгүй хариуцагчийн зүгээс үндэслэлгүйгээр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын бичгийн дагуу, Захиргааны ерөнхий хуульд заасан нотлох баримтыг цуглуулж дүгнэлт хийлгүйгээр, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь өөрт нь байсаар байтал 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/144 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж үзэж байна. Иймд Төв аймгийн С сумын Засаг даргын 2020 оны А/144 дугаартай захирамжийн Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Төв аймгийн С сумын Засаг дарга Э.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тус сумын Засаг даргын 2018 оны А/87 дугаар захирамжийн Н ХХК-д тус сумын 4-р багийн нутаг Бараатын энгэрт буяны цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 50 га газрыг эзэмшүүлсэн. 2017 онд Н ХХК-иас 50 га газрыг 2018 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж өгөөч ээ гэсэн хүсэлт гаргасны дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон. 2018 онд төсөл сонгон шалгаруулалт зарлагдаж нэхэмжлэгч компани буюу Нэг л компани төслөө ирүүлсэн. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ажлын хэсэг ирж шалгалт хийж Н ХХК-д газар олгохдоо сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар олгосон тул хүчингүй болгох чиглэл өгсөн. Энэ албан мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н ХХК нь Төв аймгийн С сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Н ХХК-ийн зүгээс ...газар эзэмших эрх олгосон захимрамжийг хүчингүй болгохдоо хариуцагч Төв аймгийн С сумын Засаг даргаас Захиргааны ерөнхий хуульд зааснаар ажиллагаа хийлгүй, өөрийн хийсэн ажлаа үгүйсгэж, газар зохион байгуулалтын төлөвлөгөө байсаар байхад аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албан бичгийн дагуу үндэслэлгүйгээр 2020 оны А/144 дугаартай захирамж гаргаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж,

Хариуцагчаас 2018 онд төсөл сонгон шалгаруулалт зарлагдаж нэхэмжлэгч компани буюу Н компани төслөө ирүүлсэн. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ажлын хэсэг ирж шалгалт хийж Н ХХК-д газар олгохдоо сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар олгосон тул хүчингүй болгох чиглэл өгсөн. Энэ албан мэдэгдлийн дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан маргааны үйл баримтаас үзвэл, Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/87 дугаар захирамжаар Монгол улсын Засаг захиргааны Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Н ХХК-д 50 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.[1]

Хариуцагчаас Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07/389 дугаар албан бичиг дурдагдсан ... Сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/87 дугаар захирамжаар Бараатын уулын энгэрт буяны цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 50 га газрыг Н ХХК-д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.4 дэх заалтуудыг зөрчиж, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар эзэмшүүлсэн байх тул тус захирамжийг хүчингүй болгож хариу мэдэгднэ үү гэх үндэслэлээр маргаан бүхий захирамжийг гаргасан гэх тайлбарласан байна.[2]

Төв аймгийн С сумын Засаг даргын 2020 оны А/144 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Н ХХК-ийн эзэмшлийн 50 газрыг 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр газар эзэмших захирамжийг хүчингүй болгожээ.[3]

Төв аймгийн С сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/24 дугаар 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай тогтоолоор 4-р багийн нутаг 50 га газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан.[4] Мөн Төв аймгийн С сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02/366 дугаар албан бичгээр ...50 га газар сумын 4-р багийн нутаг Бараатын энгэрт 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд албан ёсоор суусан байна гэж нэхэмжлэгчид хүргүүлсэн[5] байгаагаар нэхэмжлэгч аж ахуйн нэгж нь газар эзэмших хүсэлтээ зохих ёсоор төрийн байгууллагад гаргаж байсан гэж үзэхээр байна.

Үүнээс нэхэмжлэгч Н ХХК-ийн эзэмшлийн 50 га газрыг сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох үндэслэлгүй буюу Төв аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07/389 дугаартай албан бичигт дурдсан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт ... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасан үндэслэл маргаан бүхий актыг гаргах үндэслэл болохооргүй байсан байна.

Мөн маргаан бүхий Төв аймгийн С сумын Засаг даргын 2020 оны А/144 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтад энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Гэвч Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/87 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н ХХК-д 50 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэсэн, мөн хариуцагчаас нэхэмжлэгч Н ХХК-ийн Буяны цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийг тухайн үед төсөл шалгаруулах зар гаргасны дагуу ирүүлсэн гэж нотлох баримтаар гаргаж өгсөн зэргээс үзвэл нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн зүгээс тухайн газар эзэмших харилцаанд буруутгагдах үндэслэл тогтоогдохгүй байна. Харин Төв аймгийн С сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 03/115 дугаар албан бичгээр ..Засаг даргын Тамгын газрын архивд үзлэг хийхэд төсөл сонгон шалгаруулалт болон дуудлага худалдааны захирамж шийдвэр 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл гараагүй гэх бичгийг ирүүлсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд ...2018 онд төсөл сонгон шалгаруулалт зарлагдаж нэхэмжлэгч компани буюу Н компани л төслөө ирүүлсэн.... гэх тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгчийг төсөл сонгон шалгаруулалтад оролцоогүй гэж буруутгах, түүний газар эзэмших эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж, мөн дээрх хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт ... гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж тус тус заасны дагуу хариуцагч нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07/389 дугаартай албан бичигт хариу мэдэгдэх, түүний дагуу ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа тус гарах шийдвэртэй нь холбогдуулж бодит нөхцөл байдлыг тогтоох, түүнд хамаарах нотлох баримтыг цуглуулж, дүгнэлт өгөх үүргээ гүйцэтгээгүй, улмаар эрх нь хөндөгдөх этгээдийн оролцоог хангаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...бид газар эзэмших хүсэлт гаргахдаа урьдчилан хариуцагчаас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02/366 дугаартай албан бичгээр лавлагаа авч байж зохих ёсоор төслөө өгч газар эзэмшсэн, маргаан бүхий акт гаргахад мэдэгдлээ хугацаандаа ирүүлж, оролцоог хангаагүй гэх тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ... Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газар байсан, төсөл шалгаруулахад нэг л аж ахуйн нэгж төсөл ирүүлсэн гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл Төв аймгийн С сумын Засаг даргаас 2020 оны А/144 дугаар захирамжийг гаргахдаа хариуцагч Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 33.4 дэх заалтад заасан үндэслэлээр Н ХХК-д газар эзэмшүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/87 дугаартай захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хөндсөн болох нь тогтоогдож байх тул марган бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дугаар зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Төв аймгийн С сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн Н ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 29-р хуудас,

[2] 1-р хавтаст хэргийн 34-р хуудас,

[3] 1-р хавтаст хэргийн 35-р хуудас,

[4] 1-р хавтаст хэргийн 86-102-р хуудас,

[5] 1-р хавтаст хэргийн 6-р хуудас,