Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                    

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Н.Өлзийням,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч М.Норжмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд хөвхөр овогт Мянганбаатарын Норжмаад холбогдох эрүүгийн 201626030867 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 20-341 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд

Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны  05 сарын 30-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт тус тус зааснаар бүгд 05 /тав/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 609-ө дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ялаас 02 /хоёр/ жилийг өршөөн хасч, ялын хугацаа суллагдсан ял шийтгэлтэй, Олхонууд хөвхөр овогт Мянганбаатарын Норжмаа /РД:ШД79122903/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч М.Норжмаа нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 15 дугаар гудамжинд иргэн Г.Энхмандахын 125.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг монетон ээмгийг цамцаар хоолойг нь боож, үснээс нь зулгааж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж цүнхнээс нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. 

                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэв. Үүнд:

 

1. Шүүгдэгч М.Норжмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

“...Би гэм буруугаа ойлгож, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би тухайн үед гэмт хэрэг үйлдэх бодолгүй байсан. Би хохирогчийн ээмэг, эд зүйлийг олж өгөх зорилготой байсан боловч хохирогч намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би хохирогчийн ээмгийг аваад ломбарданд 40.000 төгрөгөөр тавьсан. Дараа нь ломбарднаас ээмгийг нь авч өгсөн, одоо гомдолгүй болсон байгаа. Хохирогч бид хоёрыг маргалдаж, зодолдож байхад Баярсайхан ирээд салгасан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний буруу...” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 201626030801 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Г.Энхмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 06 сарын 17-ны өдөр 12 цагийн орчим би гэрээсээ хотын төв рүү банк орохоор гарсан. Автобусны мөнгө байхгүй байсан тул би нөхрийнхөө ажил дээр орж нөхрөөсөө автобусны мөнгө авсан. Манай нөхрийн ажил Яармагийн шинэ эцэст байдаг юм.

Тэндээс гараад автобусанд суутал миний чихэнд байсан 1 өрөөсөн монетон ээмэг байхгүй байсан. Тэгэхээр нь буцаж автобуснаасаа буугаад явсан замаараа ээмгээ хайж явж байгаад Яармагийн Жаргалантын 7 дугаар гудамж руу орсон. Уг гудамжаар ортол миний араас согтуу 3 эрэгтэй, 1 эмэгтэй дагаад “хүүе юу хаячихсан юм бэ, чиний хаясан юм чинь энд байна шүү дээ” гээд байсан. Би тэд нарын яриаг огт тоогоогүй явсаар байгаад гэртээ орсон. Гэрт ээмэгний өрөөсөн байгаагүй тул буцаж гэрээс гарсан. Гэрээс гараад иртэл нөгөө согтуу 3 эрэгтэй, 1 эмэгтэй манай зүүн урд талд 10-20 метр зайд шар байшингийн хойд талд сүүдэрт сууж байсан. Нөгөө согтуу эмэгтэй нь намайг гэрээс гараад ирэнгүүт над дээр хүрээд ирсэн.

Тэгээд “юугаа хаячихсан юм бэ” гэхээр нь би “өрөөсөн ээмгээ хаячихлаа” гээд өөрт байсан ээмгээ тэр эмэгтэйд харуулаад, цүнхнийхээ хажуугийн жижиг халаасанд хийсэн. Тэгээд цаашаа явах гэтэл тэр согтуу эмэгтэй миний цамцны араас татсан. Тэгэхээр нь цамцаа тайлж үлдээгээд цаашаа зугатаагаад явах гэтэл дахин гарнаас татаад явуулахгүй байсан. Тэгээд мөн миний үснээс зулгаасан. Тэр эмэгтэй миний өрөөсөн ээмгийг авах гээд намайг зодоод явуулахгүй байсан. Би тэр үед нь “туслаарай” гээд орилсон чинь “орилохоо болиорой” гээд байсан. Тэгтэл нөгөө 3 залуу нь “болиоч” гэж тэр эмэгтэйд хэлсэн мөртлөө салгахгүй хажуугаар гараад явчихсан. Тэгээд байж байтал нэг хашаанаас танихгүй эмээ гарч ирээд, нөгөө согтуу эмэгтэй намайг зодож үснээс зулгаахаа болиод, миний цүнхийг татаад хажуугийн халааснаас нь миний өрөөсөн ээмгийг аваад яваад өгсөн. Би араас нь очоод гарнаас нь ээмгээ авах гэтэл ээмгийг чинь аваагүй гээд өгөхгүй явчихсан. Гарт нь ээмэг байхгүй байсан нуучихсан байсан юм шиг байна лээ.

Тэр эмэгтэйн үйлдлээс болж миний үс халцарч унасан, хоолойд хумсны шарх үлдсэн, мөн улайсан байсан. Өөр гэмтэл шарх байгаагүй. Тэр эмэгтэй 30 гаран насны, ...би урьд өмнө огт харж байгаагүй, танихгүй хүн байсан. Тухайн үед тэр эмэгтэй дээгүүрээ цагаан канттай, хар өнгийн биеийн тамирын цамцтай, доогуураа хөх өнгийн цайралттай жинсэн өмдтэй, хар өнгийн саравчтай малгайтай, бас согтуу байсан.

Би дээрэмдүүлсэн өрөөсөн ээмгээ буцаан авсан. Миний өрөөсөн ээмэг мөн байна. Би тухайн үед маш их айсан. Одоо миний зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний өрөөсөн ээмгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-25х/,

 

2. Гэрч Ё.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Би М.Норжмааг багаас нь танина. 2016 оны 06 сарын 17-ны өдөр худгийн хажууд найз Ообоо, Баярсайхан, Норжмаа нартай сууж байхад Норжмаа өврөөсөө Стандарт архи гаргаж ирээд “уух уу” гэсэн. Би “уухгүй” гээд сууж байтал тэр гудамжинд туранхай, 30 орчим насны, шар богино үстэй хүүхэн юм аа хаячихсан бололтой хайгаад байсан. Тэгтэл Норжмаа тэр хүүхэн дээр очоод үснээс нь зулгаагаад барьж авсан. Тэр үед Ообо, бид 2 очиж салгасан. Тэгээд Ообо бид хоёр салаад явсан. Норжмаа тэр үед согтуу байсан.

Би яагаад Норжмаа тэр эмэгтэйн үснээс зулгаасныг мэдэхгүй байна. Гэнэт явж очоод шууд үснээс нь зулгаачихсан. Уг нь хэрүүл маргаан зодоон огт болоогүй. Ойр орчимд нь хүн байгаагүй. Баярсайхан, Ганаа бид 3 хараад сууж байсан. ....Тэр эмэгтэйн биед ил харагдах шарх сорви байгаагүй. Норжмаа тэр эмэгтэйгээс ямар нэгэн зүйл дээрэмдэж авсан талаар мэдэхгүй байна. Намайг байхад ямар нэгэн зүйлийг дээрэмдэж булааж аваагүй. Энэ хэрэг 2016 оны 6 сарын 17-ны өдөр 13-14 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8-р хороо Сонсголонгийн 15 дугаар гудамжинд болсон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 26-27х/,

 

3. Гэрч Ц.Дангаасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 6 сарын 17-ны өдөр 13-14 цагийн орчимд гэртээ ганцаараа байж байхад гудамжинд нэг эмэгтэй орилоод байхаар нь хашаанаас гарсан. Тэгтэл манай хашаанаас зүүн тийш 20 метр зайнд гудамжинд хоёр эмэгтэй зогсож байсан. Нэг нь шар богино үстэй байсан. Тэр шар богино үстэй эмэгтэйгийн үснээс нөгөө эмэгтэй нь зулгаагаад байсан. Би очоод “чи болиоч” гэж тэр эмэгтэйд хэлсэн. Үсдэж байсан эмэгтэй нь жаахан архи уучихсан бололтой үнэртэж байсан. Цохиж зодоогүй, үснээс нь зулгаагаад, гарыг нь улайлгаад яваад өгсөн. Явсных нь дараа шар үстэй охин нь уйлаад “миний гар цүнхнээс ээмгийг минь аваад явчихлаа” гэж хэлж байсан. Тэр согтуу эмэгтэй ганцаараа явж байсан. Шар үстэй эмэгтэй нь манай гудамжинд амьдардаг юм. Нөгөө үснээс нь зулгааж байсан согтуу эмэгтэйгийн содон шинж тэмдгийг нь хэлж мэдэхгүй байна. Залуухан 30 орчим гаран насны эмэгтэй байх шиг байсан. Энэ хэрэг нь 2016 оны 06 сарын 17-ны өдөр 13-14 цагийн үед Хан-Уул дүүргийн 8-р хороо Сонсголонгийн 15 дугаар хороо гудамжны зүүн үзүүрт болсон...” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29х/,

 

4. Гэрч Г.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 6 сарын 17-ны өдөр Ганаа гэх ах намайг гэрээс дуудаад бид хоёр хамт дугуй засвар руу явж байхад Баярсайхан, Норжмаа хоёр тааралдсан. Тэр хоёр согтуу байсан. Норжмаа намайг “байж бай ганц юм ууя” гэсэн. Тэгтэл манай арын гудамж руу нэг шар богино үстэй 30 орчим насны эмэгтэй нэг юмаа хаячихсан бололтой газар шагайгаад хайгаад яваад байсан. Бид нар ч анзаараагүй. ...Тэгээд баруун тийш явсаар байгаад Хан-Уул дүүргийн 8-р хороо Сонсголонгийн 15 дугаар гудамжны үзүүрт очсон. Норжмаа архиа гаргаж ирээд задлаад тойруулсан. Тэгтэл гудамжны нөгөө талаас нөгөө богино шар үстэй эмэгтэй буцаж гарч ирээд бид нарын урдуур явсан. Тэгтэл Норжмаа шууд таньдаг хүн шиг босч очоод “юугаа хаячихсан юм бэ” гээд асууж байсан. Тэгээд гудамжны зүүн үзүүр рүү явж байсан.

Тэгснээ гэнэт Норжмаа нөгөө шар үстэй эмэгтэйгийн үснээс нь зулгаагаад авсан. Тэгтэл шар үстэй эмэгтэй нь “энэ нэг юмаа аваачээ” гээд орилсон. Би тэр үед нь Баярсайханд “чи наад нэг тэнэг юмаа аваачээ, зүгээр байсан хүн үсдээд авлаа шүү дээ” гэж хэлсэн. Ганаа очиж салгаад, Ганаа ах бид хоёр явсан. Ойр орчимд өөр хүн байгаагүй. Би Норжмаатай садан төрлийн холбоо байхгүй, зүгээр багаас нь л танина. Тэр эмэгтэйгээс ямар нэгэн зүйлийг Норжмаа булааж дээрэмдэж авсан талаар мэдэх зүйл байхгүй. Норжмаа тэр эмэгтэйгийн үснээс нь зулгааснаас биш цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33/,

 

5. Гэрч Б.Пүрэвгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 6 сарын 17-ны өдөр 14 цагийн орчим би гадуур явж байгаад гэртээ орж ирсэн. Тэгтэл миний араас удалгүй Энхмандах орж ирээд “намайг гудамжинд хүн зодоод, үснээс минь зулгаасан” гээд айж сандарсан, цочиролд орсон байдалтай, цээжин хэсэг нь улайсан орж ирсэн. Өөр биед нь ил харагдах шарх сорви байгаагүй. Энхмандахын дээрэмдүүлсэн гэх ээмэг нь навчин хэлбэртэй, монетон ээмэг гэж өөрөө хэлж байсан. Би бол анзаарч хараагүй, мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35х/,

 

6. Гэрч А.Ганхөлөгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Ганцогтын Энхмандах нь миний эхнэр. 2016 оны 06 сарын 17-ны өдөр 12-13 цагийн орчим манай эхнэр Энхмандах нь манай ажил дээр /Яармагийн шинэ эцэс/ ганцаараа ирж надаас автобусны мөнгө аваад Шархад руу явна гээд гарсан. Удалгүй над руу эхнэр гар утсаараа залгаад “чамаас автобусны мөнгө аваад автобусанд суугаад явж байтал өрөөсөн ээмэг байхгүй байсан. Тэгэхээр нь автобуснаасаа буугаад буцаад явсан замаараа гэр рүү явж байтал гудамжинд нэг эмэгтэй намайг дээрэмдэж зодоод, өрөөсөн ээмгийг нь аваад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд байж байтал дахин над руу залгаад “Яармагийн цагдаагийн хэлтэс дээр ирчихсэн байна хүрээд ир” гэсэн. Тэгээд би цагдаа дээр ирээд эхнэрээ харахад ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Гэр рүүгээ явж байх замдаа харахад үс нь хэсэг газартаа халцарсан байсан. Нөгөө дээрэмдсэн гэх эмэгтэй нь үснээс нь зулгааж, гар цүнхнээс нь ээмгийг нь аваад явчихсан гэсэн. Энхмандахын бусдад дээрэмдүүлсэн гэх ээмэг нь навчин хэлбэртэй, жижиг шар өнгийн, монетон ээмэг байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/,

 

7. Гэрч Ц.Энхмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...2016 оны 6 сарын 17-ны өдөр манай ломбарданд Энхжаргалын Баярсайхан гэх хүний нэр дээр 1 өрөөсөн 1.1 граммтай монетон ээмэг 41.000 төгрөгөнд барьцаанд тавигдсан байна. Хэзээ эргэж авсан нь программаас харагдах боломжгүй байна. Баримт нь манайд эх хувиараа байхгүй. Эд зүйлсээ буцааж авсан тохиолдолд гэрээг дуусгавар болгож баримтыг байгууллагын архивт хадгалахаар явуулдаг...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38х/,

 

8. Гэрч Э.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Би Норжмаатай 2011 оноос хойш хамтран амьдарсан. 2016 оны 06 сарын 17-ны өдөр 12 цагийн орчим байх Норжмаа бид хоёр Ганхуяг, Отгонбат хоёртой Яармагийн эцэст таарсан. Бид нар 1 шил архи хувааж уухаар Яармагийн эцсээс баруун тийш Жаргалантын гудамжаар ороод нэвт гарч, Сонсголонгийн 15 дугаар гудамжны дунд хэсэгт өндөр байшингийн ард сүүдэрт суусан. Тэгээд нөгөө шилтэй архиа уусан. Бид нарыг архи уугаад сууж байхад гудамжны баруун талын хашаанаас нэг шар богино үстэй эмэгтэй гарч ирээд гудамжны зүүн үзүүр хүртэл яваад буцаж хашаа руугаа явж ороод нааш цаашаа тонгойгоод ямар нэгэн юмаа хаячихсан бололтой хайгаад яваад байсан.

Бид нар тэр эмэгтэйд “хүүе юугаа хаячихсан юм бэ, олоод өгвөл шагналтай юм уу” гээд тоглож наргиад хэлж байсан. Тэр эмэгтэй юу ч дуугарахгүй юмаа хайгаад яваад байсан. Тэгээд хашаа руугаа явж ороод удалгүй дахин гарч ирсэн. Тэр үед нь Норжмаа тэр эмэгтэй дээр очсон. Тэр хоёр хаясан гэх юмыг нь хайж байх шиг газар руу тонгойж байсан. Ганхуяг, Отгонбат бид гурав сууж байгаад явахаар босоод зүүн тийш алхаад явж байтал гэнэт ард хүний ноцолдох чимээ гарахаар нь хартал Норжмаа нөгөө шар богино үстэй эмэгтэйтэй барьцалдаж зууралдсан байсан. Отгонбат, Ганхуяг хоёр “наадахаа очиж болиулаач” гэж надад хэлчихээд цаашаа алхаад явчихсан. Тэгэхээр нь би буцаж алхах зуураа “болиоч” гэж Норжмаад хэлтэл Норжмаа болиод хүрээд ирсэн. Тэр хоёр Сонсголонгийн 15 дугаар гудамжны үзүүрт барьцалдсан байсан. Би Жаргалантын гудамжаар алхаж байгаад буцаж очсон. Норжмаа, бид хоёр тэр Отгонбат, Ганхуяг хоёроос салаад 20-иод минут орчим болсон байх Яармагийн хуучин эцэс рүү алхаж байтал Норжмаа “Баяраа чиний бичиг баримт байгаа юу” гэж асуусан. Байгаа яасан гэхэд би түрүүн энийг олсон юмаа чи бичиг баримтаа өгчих энийг ломбарданд тавьчихъя гэсэн. Олсон гэх юмыг нь харахад жижиг цэцгэн хэлбэртэй 1 ширхэг монетон ээмэг байсан. Хаанаас олсноо хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-41х/,

 

9. Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт болон эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  /хэргийн 19-20х, 42х/,

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 сарын 20-ны өдрийн 8654 тоот шинжээчийн дүгнэлтэд:

“1. Энхмандахын биед хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 44х/,   

 

11. Шүүгдэгч М.Норжмаагийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 6 сарын 17-ны өдөр би хамтран амьдрагч Баярсайхан, түүний найз Ообо, Ганаа бид 4 Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 15 дугаар гудамжны дунд хэсэгт 1 шил 0.75 граммын Стандарт архи хувааж уугаад сууж байсан. Бид дөрөв архиа ууж дуусчихаад тэр гудамжныхаа дээшээ өгсөж байтал замд нэг эмэгтэй юмаа хаячихсан бололтой хаягаад байсан. Тэгээд нэг хашаа руу яваад орчихсон. Бид 4 алхаж явсаар байгаад гудамжны баруун үзүүрт очсон. Тэнд сууж байтал нөгөө эмэгтэй хашаанаасаа буцаад гараад ирсэн. Тэгээд бас л юм хайгаад байсан. Тэгэхээр нь би очоод юмаа хаячихсан юмуу, юу хаясан юм бэ гэхэд тэр эмэгтэй өрөөсөн ээмгээ хаячихлаа гээд өрөөснийг нь надад үзүүлсэн. Жижиг цэцгэн хээтэй монетон ээмэг байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйгийн өрөөсөн ээмгийг нь авах гэсэн боловч өгөхгүй байхаар нь үснээс нь зулгаасан. Тэр эмэгтэй гартаа ээмгээ барьчихаад тавихгүй байсан. Би үзчихээд өгье гэж хэлсэн боловч чи авах гээд байна гээд өгөхгүй байсан. Намайг тэр эмэгтэйтэй ноцолдож зууралдаж байгаад би гарнаас нь нэг ширхэг ээмгийг нь хүчээр авахад Баярсайхан, Ообо, Ганаа 3 мэдээгүй. Тэгээд бид дөрөв Яармагийн эцэс рүү алхсан. Энэ үед Ообо, Ганаа 2 гэртээ харьлаа гээд явсан. Би Яармагийн хуучин эцэс рүү явж байх замдаа Баярсайханд гудамжинд байсан эмэгтэйгийн өрөөсөн монетон ээмгийг нь дээрэмдсэн талаараа хэлсэн. Тэгээд тэр 1 ширхэг ээмгийг Яармагийн хуучин эцэст “Начин заан” гэх ломбарданд 41.000 төгрөгөнд тавьсан.

Тухайн үед би согтуу байсан учраас ямар зорилготой тэр ээмгийг авснаа мэдэхгүй байна. ...Ээмгийг авсан нь миний буруу. Би тэр эмэгтэйг ээмгээ өгөхгүй болохоор нь түүний үснээс нь зулгааж, хүзүүнээс нь заамдсан. Тэр эмэгтэйгээс дээрэмдсэн 1 ширхэг ээмгээ буцааж өгсөн. Өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-58х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох гэрч М.Жамцдоржийн мэдүүлэг /хэргийн 30-31х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 59х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 60х/, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 61х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 5 сарын 30-ны өдрийн 168 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 69-71х/, зан байдлын тодорхойлолт /хэргийн 72х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.   

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон байх тул шүүх хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч М.Норжмаа нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 15 дугаар гудамжинд иргэн Г.Энхмандахын 125.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг монетон ээмгийг цамцаар хоолойг нь боож, үснээс нь зулгааж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж цүнхнээс нь дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч Г.Энхмандахын “...Гэрээс гараад иртэл нөгөө согтуу 3 эрэгтэй, 1 эмэгтэй манай зүүн урд талд 10-20 метр зайд шар байшингийн хойд талд сүүдэрт сууж байсан. Нөгөө согтуу эмэгтэй нь намайг гэрээс гараад ирэнгүүт над дээр хүрээд ирсэн. Тэгээд “юугаа хаячихсан юм бэ” гэхээр нь би “өрөөсөн ээмгээ хаячихлаа” гээд өөрт байсан ээмгээ тэр эмэгтэйд харуулаад цүнхнийхээ хажуугийн жижиг халаасанд хийсэн.

Тэгээд цаашаа явах гэтэл тэр согтуу эмэгтэй миний цамцны араас татсан. Тэгэхээр нь цамцаа тайлж үлдээгээд цаашаа зугатаагаад явах гэтэл дахин гарнаас татаад явуулахгүй байсан. Тэгээд мөн миний үснээс зулгаасан. Тэр эмэгтэй миний өрөөсөн ээмгийг авах гээд намайг зодоод явуулахгүй байсан. Би тэр үед нь “туслаарай” гээд орилсон чинь “орилохоо болиорой” гээд байсан. Тэгтэл нөгөө 3 залуу нь “болиоч” гэж тэр эмэгтэйд хэлсэн мөртлөө салгахгүй хажуугаар гараад явчихсан. Тэгээд байж байтал нэг хашаанаас танихгүй эмээ гарч ирээд нөгөө согтуу эмэгтэй намайг зодож үснээс зулгаахаа болиод миний цүнхийг татаад хажуугийн халааснаас нь миний өрөөсөн ээмгийг аваад яваад өгсөн. ...Тэр эмэгтэйн үйлдлээс болж миний үс халцарч унасан, хоолойд хумсны шарх үлдсэн, мөн улайсан байсан. Өөр гэмтэл шарх байгаагүй. Тэр эмэгтэй 30 гаран насны, ...би урьд өмнө огт харж байгаагүй, танихгүй хүн байсан. Тухайн үед тэр эмэгтэй дээгүүрээ цагаан канттай, хар өнгийн биеийн тамирын цамцтай, доогуураа хөх өнгийн цайралттай жинсэн өмдтэй, хар өнгийн саравчтай малгайтай, бас согтуу байсан. Би дээрэмдүүлсэн өрөөсөн ээмгээ буцаан авсан. Миний өрөөсөн ээмэг мөн байна. Би тухайн үед маш их айсан. Одоо миний зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний өрөөсөн ээмгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа, шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-25х/,

- Гэрч Ц.Дангаасүрэнгийн “...2016 оны 6 сарын 17-ны өдөр 13-14 цагийн орчимд ... манай хашаанаас зүүн тийш 20 метр зайнд гудамжинд хоёр эмэгтэй зогсож байсан. Нэг нь шар богино үстэй байсан. Тэр шар богино үстэй эмэгтэйгийн үснээс нөгөө эмэгтэй нь зулгаагаад байсан. Би очоод чи болиоч гэж тэр эмэгтэйд хэлсэн. Үсдэж байсан эмэгтэй нь жаахан архи уучихсан бололтой үнэртэж байсан. Цохиж зодоогүй, үснээс нь зулгаагаад гарыг нь улайлгаад яваад өгсөн. Явсных нь дараа шар үстэй охин нь уйлаад миний гар цүнхнээс ээмгийг минь аваад явчихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 28-29х/,

- Гэрч Б.Пүрэвгэрэлийн “...2016 оны 6 сарын 17-ны өдөр 14 цагийн орчим би гадуур явж байгаад гэртээ орж ирсэн. Тэгтэл миний араас удалгүй Энхмандах орж ирээд “намайг гудамжинд хүн зодоод, үснээс минь зулгаасан” гээд айж сандарсан, цочиролд орсон байдалтай, цээжин хэсэг нь улайсан орж ирсэн. Өөр биед нь ил харагдах шарх сорви байгаагүй. Энхмандахын дээрэмдүүлсэн гэх ээмэг нь навчин хэлбэртэй, монетон ээмэг гэж өөрөө хэлж байсан. Би бол анзаарч хараагүй, мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 34-35х/,

- Гэрч А.Ганхөлөгийн “...2016 оны 6 сарын 17-ны өдөр 12-13 цагийн орчим манай эхнэр Энхмандах нь манай ажил дээр /Яармагийн шинэ эцэс/ ганцаараа ирж надаас автобусны мөнгө аваад Шархад руу явна гээд гарсан. ...Эхнэр гар утсаараа залгаад “чамаас автобусны мөнгө аваад автобусанд суугаад явж байтал өрөөсөн ээмэг байхгүй байсан. Тэгэхээр нь автобуснаасаа буугаад буцаад явсан замаараа гэр рүү явж байтал гудамжинд нэг эмэгтэй намайг дээрэмдэж зодоод, өрөөсөн ээмгийг нь аваад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд байж байтал дахин над руу залгаад “Яармагийн цагдаагийн хэлтэс дээр ирчихсэн байна хүрээд ир гэсэн. Тэгээд би цагдаа дээр ирээд эхнэрээ харахад ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Гэр рүүгээ явж байх замдаа харахад үс нь хэсэг газартаа халцарсан байсан. Нөгөө дээрэмдсэн гэх эмэгтэй нь үснээс нь зулгааж, гар цүнхнээс нь ээмгийг нь аваад явчихсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 36-37х/,

- Гэрч Ц.Энхмаагийн “...2016 оны 6 сарын 17-ны өдөр манай ломбарданд Энхжаргалын Баярсайхан гэх хүний нэр дээр 1 өрөөсөн, 1.1 граммтай монетон ээмэг 41.000 төгрөгөнд барьцаанд тавигдсан байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 38х/,

- Гэрч Э.Баярсайханы “...2016 оны 6 сарын 17-ны өдөр 12 цагийн орчим байх Норжмаа бид хоёр Ганхуяг, Отгонбат хоёртой Яармагийн эцэст таарсан. Бид нар 1 шил архи хувааж уухаар Яармагийн эцсээс баруун тийш Жаргалантын гудамжаар ороод нэвт гарч Сонсголонгийн 15 дугаар гудамжны дунд хэсэгт өндөр байшингийн ард сүүдэрт суусан. ...Бид нарыг архи уугаад сууж байхад гудамжны баруун талын хашаанаас нэг шар богино үстэй эмэгтэй гарч ирээд гудамжны зүүн үзүүр хүртэл яваад, буцаж хашаа руугаа явж ороод нааш цаашаа тонгойгоод ямар нэгэн юмаа хаячихсан бололтой хайгаад яваад байсан. ...Норжмаа тэр эмэгтэй дээр очсон. Тэр хоёр хаясан гэх юмыг нь хайж байх шиг газар руу тонгойж байсан. Ганхуяг, Отгонбат бид гурав сууж байгаад явахаар босоод зүүн тийш алхаад явж байтал гэнэт ард хүний ноцолдох чимээ гарахаар нь хартал Норжмаа нөгөө шар богино үстэй эмэгтэйтэй барьцалдаж зууралдсан байсан. Отгонбат, Ганхуяг хоёр наадахаа очиж болиулаач гэж надад хэлчихээд цаашаа алхаад явчихсан. Тэгэхээр нь би буцаж алхах зуураа болиоч гэж Норжмаад хэлтэл Норжмаа болиод хүрээд ирсэн.

Норжмаа бид хоёр тэр Отгонбат, Ганхуяг хоёроос салаад 20-иод минут орчим болсон байх Яармагийн хуучин эцэс рүү алхаж байтал Норжмаа “Баяраа чиний бичиг баримт байгаа юу” гэж асуусан. Байгаа яасан гэхэд би түрүүн энийг олсон юмаа чи бичиг баримтаа өгчих энийг ломбарданд тавьчихъя гэсэн. Олсон гэх юмыг нь харахад жижиг цэцгэн хэлбэртэй 1 ширхэг монетон ээмэг байсан. Хаанаас олсноо хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-41х/ болон эд зүйлийн үнэлгээ /хэргийн 42х/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 сарын 20-ны өдрийн 8654 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч М.Норжмаа нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны  05 сарын 30-ны өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт тус тус зааснаар бүгд 05 /тав/ жил 04 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 609-ө дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ялаас 02 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасч, ялын хугацаа дуусч суллагдсан болох нь ЦЕГ-ын МСТ-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 60х/, 2015 оны 05 дугаар сарын 30-ны Хан-Уул дүүргийн шүүхийн 168 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 64-66х/, ялтны зан байдал, суллагдсан тухай тодорхойлолт /хэргийн 72х/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 609-ө дугаартай захирамж /хэргийн 72-73х/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. 

 

 “Хүнд” гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг дахин үйлдээгүй бол ялгүй болох хугацаа дуусна” гэж Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зохицуулсан бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан ялгүйд тооцох дээрх  хугацаа дуусгавар болоогүй байхад буюу 2016 оны 06 сарын 17-ны өдөр хохирогч Д.Норжмаагийн үснээс нь зулгаах, цамцаар нь хоолойг нь боох зэргээр амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн, түүний өрөөсөн ээмгийг дээрэмдэн авсан нь гэмт хэргийг давтан  үйлдсэн гэж үзэх хуульд заасан үндэслэл болох юм.  

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Норжмаагийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл,  хэсэг тохирсон байна.  

 

Иймд шүүх, шүүгдэгч Д.Норжмааг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Энэ хэргийн улмаас хохирогч Г.Энхмандахад 125.000 төгрөгийн хохирол /Эд зүйлийн үнэлгээ баримтаар, хэргийн 42х/ учирсан байх ба шүүгдэгч М.Норжмаа нь дээрэмдэн авсан ээмгийг биет байдлаар хохирогчид буцаан өгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 19-21х/, хохирогч Г.Энхмандахын “...Би дээрэмдүүлсэн өрөөсөн ээмгээ буцаан авсан. Миний өрөөсөн ээмэг мөн байна. Одоо миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний өрөөсөн ээмгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 21-25х/ баримтаар тус тус нотлогдсон тул шүүгдэгч М.Норжмааг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүх, шүүгдэгч М.Норжмаад ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарласан хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлж, гэм хорыг арилгасан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус  тус тооцсон болно.  

 

Түүнчлэн шүүгдэгч М.Норжмаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...миний үйлчлүүлэгч М.Норжмаа нь жирэмсэн талаар гар картанд нь дурьдагдсан байгаа тул ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэж санал гаргасан боловч энэ талаарх бичгийн нотлох баримт шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргаж өгөөгүйг тэмдэглэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч М.Норжмаа цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчтэй холбоотой иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, М.Норжмаа нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Энхмандах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.    

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                   

ТОГТООХ нь:

 

1. Олхонууд хөвхөр овогт Мянганбаатарын Норжмааг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр М.Норжмааг 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Норжмаад оногдуулсан 05 /тав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, М.Норжмаа нь бусдад төлөх төлбөргүй хохирогч Г.Энхмандах нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.  

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Норжмаад урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан М.Норжмаад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

        

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.БАЗАРХАНД

                         

                                ШҮҮГЧИД                                              Д.АЛТАНЖИГҮҮР

                                                                        

                                                                                                 П.ТУЯАТ