Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 833

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Сувдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00319 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Сувдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Н.Байгаль нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2001-2003 онд Хадгаламж банк ХХК-д нярав, нягтлан бодогч, эдийн засагч, картын төвийн мэргэжилтэн, тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалыг тус тус эрхэлж байсан. ...Төрийн банк ХХК-д 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр арын 23-ны өдрийг хүртэл 3 дугаар хороолол тооцооны төвийн захирлаар, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс ажлаас халагдах хүртлээ МУИС тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан. Би ажлаа хийж байхдаа ямар нэгэн хариуцлага алдаж сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. ...Намайг буруутгаж байгаа албан тушаал урвуулан ашигласан тухайд би нийгмийн даатгалын лавлагааг хуурамчаар үйлдээгүй бөгөөд үнэхээр намайг хуурамчаар бүрдүүлсэн гэж байгаа нотлох баримттай байх ёстой. Ажлаас хоцорсон тухайд байгууллагуудтай байгуулсан гэрээ, татсан мөнгөний сертификат зэрэг бий. Харин намайг эзгүй байх үед байгууллагын дотоод журманд зааснаар касс хүлээлцдэг 3 ажилтан кассын лац тэмдгийг шалгаад нээсэн байдаг. Намайг орлож ажилладаг эдийн засагч тухайн үед ажил дээрээ байж байгаад хянах үүргээ гүйцэтгэсэн байсан. Кассыг хаахад бүх мөнгө, валют, үнэт зүйлээ шалгаж тоолоод хаасан кассын дэвтэр нотлох баримтаар ирсэн байсан. Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Д.Сувд нь 2016 оны 8 дугаар сарын 17, 18, 25, 26, 31-ний өдрүүдэд нийт 12 цаг 33 минутад ажил тасалсан зөрчлийг гаргаж нийт 12 цаг 33 минут ажлаас хоцорч, цаг бүртгэлийн эрхээ бусдад дамжуулан, ажлын цаг тасалсан ноцтой зөрчлийг гаргасан бөгөөд уг тасалсан үйлдлээ өөрийн ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж тайлбарладаг. Гэвч Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2.17, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн заалтуудад тус тус заасны дагуу Д.Сувд нь өглөө өөрийн биеэр ирж хуруугаа уншуулж, цагаа бүртгүүлсний дараагаар харилцагч нартай гадуур уулзалт хийх боломжтой байсан хэдий ч дээрх журмын заалтыг баримтлан ажиллалгүй, хүлээсэн үүргээ зөрчсөн.

Мөн өөрийн болон нөхрийнхөө өмчлөлийн орон сууцыг бусдад худалдан борлуулах зорилгоор давуу байдлаа ашиглаж нийгмийн даатгалын мэдээллийн сангийн лавлагааг хуурамчаар үйлдэж, бүрдүүлсэн, бусдыг энэ үйлдэлдээ татан оролцуулсан зэрэг зөрчлүүдийг гаргасан учраас ажил олгогчийн итгэлийг алдсан ноцтой зөрчүүдийг гаргасан тул Төрийн банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар МУИС тооцооны төвийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. ...Иймд шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Сувдыг урьд эрхэлж байсан ажил буюу Төрийн банк ХХК-ийн МУИС тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 7 041 283 төгрөгийг хариуцагч Төрийн банк ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Д.Сувдад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Сувдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Төрийн банк ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Сувд нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Төрийн банк ХХК-иас 127 610 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, Н.Байгаль нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв үнэлж, үндэслэл бүхий шийдвэр гаргаж хэргийг шийдвэрлээгүй. ...Шүүх хариуцагчийг хяналтын камерын бичлэг буюу СД-ийг хэргийн материалд өгөөгүй гэж буруутгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь заасантай нийцэхгүй байна. Хяналтын камерын бичлэг нь нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүх тухайн байдлыг үнэлж шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй. Нэхэмжлэгч Д.Сувд нь "хяналтын камерын бичлэгийн талаар маргадаггүй, харин ч эсрэгээр хүлээн зөвшөөрч байгаа нь нотлогдож" байхад үнэлж үзээгүй болох нь дараах байдлаар илэрдэг бөгөөд шүүх хурлын явцад Д.Сувд нь "бусдад цаг бүртгэлийн кодыг дамжуулсан болон энэ үйлдлийг зөрчил гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/

Анхан шатны шүүх Төрийн банкны теллерийн системийн багц журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч Д.Сувдын удирдаж байсан нэгж болох "МУИС тооцооны төв"-д ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч гэсэн орон тоо байдаггүй, ийм албан тушаалтан ажилладаггүй, харин харилцааны менежерын албан тушаал байх бөгөөд тухайн албан тушаалд ажиллаж байсан Т.Оюун-Эрдэнийн ажлын байрны тодорхойлолт болон холбогдох нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг боловч харилцааны менежер болох T.Оюун-Эрдэнэ нь 2016 оны 8 дугаар сарын 17, 18, 25, 26, 31-ний өдрүүдэд буюу тооцооны төвийн захирал Д.Сувд ажил тасалсан хугацаанд касс хүлээлцэх дэвтэрт гарын үсэг зураагүй байдлаас тухайн бүрэлдэхүүн байгаагүй болох нь касс хааж, нээсэн К-3 дэвтрийн бичилтээс тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл, Төрийн банкны теллерийн системийн багц журмын 4.1.1-т заасныг зөрчсөн дээрх хугацаанд нэгжийн захирал ажил тасалсан эзгүй, ахлах теллер амралттай, харилцааны менежер үүргээ гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар илэрхий байхад шүүх зөв үнэлээгүй. Д.Сувд нь Төрийн банкны теллерийн системийн багц журмын 3 дугаар зүйлийн 3.2.9, хөдөлмөрийн гэрээний 6.2.1, 6.2.6-д заасан үүрэг болон ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх үндсэн үүрэг болох эрсдлийн удирдлагын чиглэлээр хэрэгжүүлэх "Салбар, нэгжийн үйл ажиллагаа зохих заавар, журмын дагуу явагдаж байгаа эсэхэд өдөр тутмын хяналт тавих, давхар болон дараалсан хяналтын системийг мөрдүүлэх" үүргээ тус тус гүйцэтгээгүй байхад нэхэмжлэгч Д.Сувд нь касс нээхэд заавал байлцах үүрэггүй байх бөгөөд кассыг 3 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр нээж, хааж байхаар зохицуулсан ба түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод энэ талаар заагаагүй байна" гэж үзсэн Төрийн банкны теллерийн системийн багц журмыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан нийцээгүйгээр үл барам хавтаст хэргийн 18-19 дугаар хуудсанд авагдсан нэхэмжлэгч Д.Сувдыг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл болсон Төрийн банкны хяналтын газрын №16/А/128 илтгэх хуудсанд дурдсан, "МУИС тооцооны төвийн захирал Д.Сувдын ирц бүртгэлийг шалгахад ирсэн, явсан нийт 48 удаа ирцээ бүртгүүлэх байтал 3 удаа өөрийн биеэр бүртгүүлсэн, бусад тохиолдолд нэгжийн ахлах теллер, теллер, хамгаалагч, болон үйлчлэгч нарт ирц бүртгэлийн эрхээ дамжуулсан. МИУС тооцооны төвийн захирал Д.Сувд нь ирц бүртгүүлэх эрхээ шалгалт хамрах хугацаанд 45 удаа бусдад дамжуулсан," зэрэг ноцтой зөрчил гаргасан гэж хариуцагч үзэж нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн нь шүүх хуралдааны явцад дээрх байдлаар нотлогдож байхад шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгтэй нийцээгүй байна.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5023 дугаартай "Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай" прокурорын тогтоолыг зөв үнэлээгүй. Тухайн тогтоолд " ...2 ширхэг нийгмийн даатгалын дэвтрийг хуурамчаар үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1, 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх боловч хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан ... гэж Д.Сувдаас Б.Уранчимэгт дээрх ажлыг хийлгэсэн хөлсөнд мөнгө өгсөн болох нь хангалттай тогтоогдохгүй буюу тухайн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна” гэж үзсэн бөгөөд хуурамч бичиг баримт бүрдүүлэхэд Д.Сувдын оролцоо байгаа эсэхийг шалгаагүй тул түүний гэм буруугүй гэдгийг тогтоогоогүй, нөгөө талаар ажил олгогчийн зүгээс зээлдэгчтэй санхүүгийн харилцаанд орсон гэдэг нь Д.Сувд Б.Уранчимэгт мөнгө өгсөн үйлдлийг биш “Д.Сувд нь бусдаас мөнгө зээлдэж, өөрийн байрыг худалдан авч буй Ч.Дашням түүний хамтран зээлдэгч Т.Эрдэнэцэцэг нарт 7 664 097 төгрөгийн үлдэгдэлтэй зээлийг төлүүлэхийн тулд Д.Сувд нь 7 500 000 төгрөгийг зээлдэгчид зээлдүүлж, тухайн зээлдүүлсэн мөнгөний 3 500 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 4 000 000 төгрөгийг байрны нийт дүнд нэмэгдүүлж тооцсон ноцтой зөрчил гаргасан” нь хэрэгт авагдсан "Төрийн банк” ХХК-ийн №16/Б/99 дугаартай "Илтгэх хуудас"-т болон Төрийн банкны Хяналт шалгалтын газарт зээлдэгч Ч.Дашнямын гаргасан тайлбарт тодорхой байдаг. Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.4-т заасан зөрчлийг гаргасан талаар тухайн шүүхийн шийдвэрт дурдсан нь "бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг эрхэлдэг, харилцагч, хадгаламж эзэмшигчийн итгэлцэл дээр тогтдог хуулийн этгээд болох банкны ажилтны ёс зүйд үл нийцэх үйлдэл бөгөөд "Төрийн банкны ёс зүйн дүрэм"-ийн 5.2 дахь хэсэгт заасныг зөрчиж тухайн дүрэмд заасан ажилтанд тавигдах ёс зүйн шаардлага болох “сонирхлын зөрчилгүй” байх шаардлагад нийцээгүй үйлдэл гаргасныг давж заалдах шатны шүүх нягтлан үзэхийг хүсэж байна.

...Ажил олгогч буюу Төрийн банк нь Д.Сувд ажлын байрандаа байгаагүй үед бодогдож авсан цалинг Хөдөлмөрийн дотоод журмын 9.29-т заасны дагуу суутгаж авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан шийтгэлийн аль нь биш бөгөөд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд ажил олгогч Төрийн банк нь Д.Сувдтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох дүрэм, журмыг зөв хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Сувдын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Д.Сувд нь хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Д.Сувдыг Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/1301 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зөрчин 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ирц бүртгэлийн эрхийн кодоо бусдад дамжуулан өөрийн өмнөөс ирцээ бүртгүүлсэн бөгөөд улмаар ажлын байранд 5 өдөр нийт 12 цаг 33 минут хоцорч ирснээр нэгжийн касст тавих хяналтыг орхигдуулж, шат дараалласан хяналтын тогтолцоог алдагдуулсан, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн болон нөхрийн өмчлөлийн байрыг борлуулах, зээлд хамруулах зорилгоор хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, энэ үйлдэлдээ бусдыг татан оролцуулсан зэрэг нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний заалтуудад тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлжээ.                                                  /хэргийн 5 дугаар тал/

 

Хариуцагч байгууллага Б/1301 тоот тушаалаар нэхэмжлэгч Д.Сувдыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Төрийн банкны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 9.2.20, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.26, 5.28, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтууд, Хүний нөөцийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 65 тоот хурлын шийдвэрийг тус тус заасныг баримталсан ба ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалын хууль зүйн үндэслэлд шүүх дүгнэлт хийх шаардлагатай.

 

Нэхэмжлэгч Д.Сувд нь 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн захирал Ж.Эрдэнэбулгантай уулзалт хийж ажилтнуудын цалин, түүнтэй адилтгах орлогыг цалингийн нэрийн дансаар болон Төрийн банкны Виза картаар тавьж олгох болон харилцагч байгууллагын ажилтнуудын цалин, түүнтэй адилтгах орлогыг барьцаалан ажилтнуудын хэрэглээнд зориулсан цалингийн зээл олгох үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой асуудлаар хамтран ажиллах гэрээ байгуулах талаар ярилцаж 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн өглөөний 08 цаг 45 минутаас 11 цаг 30 минут үргэлжилж, уулзалтын тэмдэглэлд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн захирал, Ерөнхий нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажуулсан уулзалтын тэмдэглэл хэргийн 43-44 дүгээр талд авагдсан байна.

 

Нэхэмжлэгч Д.Сувд нь ажлын байранд 5 өдөр нийт 12 цаг 33 минут хоцорч ирснээр нэгжийн касст тавих хяналтыг орхигдуулсан гэх зөрчлийг гаргаагүй болохоо нотолж дээрх 3 цаг 30 минутын уулзалтын тэмдэглэлийг нотлох баримтаар гаргасан бөгөөд энэхүү баримтыг хуурамч буруу гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, уг тэмдэглэлийг хариуцагч няцааж чадаагүй тул талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.1 дэх хэсэгт заасан ажилтан 12 цаг ажил тасалж ноцтой зөрчил гаргасан нь нотлогдоогүй гэж үзнэ.

 

Төрийн банкны теллерийн системийн багц журмын 4.1.1-д “Нэгдсэн кассыг 3 хүний бүрэлдэхүүнтэй нээж, хаана. Үүнд: нэгжийн захирал, ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, хариилцааны менежер, эдгээрийг орлон ажиллаж байгаа ажилтнуудын нэг байна” гэж заажээ. “Нэхэмжлэгчийн ажиллаж байсан салбарт харилцааны менежер гэх албан тушаалтан байдаг ба харилцааны менежер, салбарын захирал хоёрын аль нэг нь нэгдсэн кассын бүрэлдэхүүнд орж нээж хаах ёстой” гэж хариуцагч маргасан боловч нэгдсэн кассыг нээж хаахад харилцааны менежер оролцуулаагүйд салбарын захиралд шууд хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй юм.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнийн 7.4.2-т банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн бол ноцтой зөрчилд тооцогдохоор заажээ.

 

Нэхэмжлэгч Д.Сувд нь албан тушаалаа урвуулан ашиглаж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, энэ үйлдэлдээ бусдыг татан оролцуулсан гэх зөрчлийг гаргасан талаар 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хурлын тэмдэглэл 2 дугаар хавтаст хэргийн 11-17 дугаар талд авагдсан байна. Тодруулбал, нэхэмжлэгч өөрийн байрыг дүү Д.Сүхээд худалдан борлуулахдаа н.Уранчимэгтэй хуйвалдан нийгмийн даатгалын баримт хуурамчаар бүрдүүлэхэд оролцсон, нөхрийнхөө нэр дээрх байрыг Ч.Дашням, Т.Эрдэнэцэцэг нарт борлуулахын тулд бусдаас мөнгө зээлж урьдчилгаа төлбөрийг өгсөн, нийгмийн даатгалын баримт хуурамчаар бүрдүүлэхэд оролцсон болох нь хэргийн 5-10 дугаар талд авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Төрийн банкны ёс зүйн дүрмийн 5.1-д Төрийн банкны нэрийн өмнөөс тантай болон танай гэр бүлийн гишүүнтэй  хувийн санхүүгийн холбоотой этгээд байгууллагатай гэрээ хэлцэл хийх буюу бизнесийн харилцаанд орохыг хориглоно, мөн дүрмийн 5.2-т танд болон бусад ажилтанууд харилцагч нийлүүлэгч нараас мөнгө зээлэх, эсвэл зээлдүүлэх, үүнтэй холбогдуулан батлан даалт гаргах, хамтран бичигт гарын үсэг зуралцах гэх мэт үйлдэл хийхийг хориглоно гэснийг Д.Сувд зөрчсөн буруутай байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулжээ. Гэтэл хариуцагч нь хуульд заасан нэг сарын хугацаа дууссаны дараа Д.Сувдыг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/1301 тоот тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч Д.Сувдыг Төрийн банк ХХК-ийн Монгол Улсын Их Сургуулийн тооцооны төвийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 7 041 283 төгрөгийг хариуцагч Төрийн банк ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Д.Сувдад олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Төрийн банк ХХК-д даалгаж хэргийг шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт нийцсэн тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх Төрийн банкны теллерийн системийн багц журам болон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5023 дугаартай "Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай" прокурорын тогтоолын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00319 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “Төрийн банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 610 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                        

                          ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ