Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2015/1376

 

2015 оны 8 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2015/1376

Улаанбаатар хот

 

Бгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, түүний өмгөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нарыг оролцуулан, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Бгийн нэхэмжлэлтэй, Хт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэнтий аймагт мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж, уг татварыг төлж байна. Гэхдээ эдгээр байгууллагуудын халдварт, гоц халдварт өвчинтэй тэмцэх ажил, үйлчилгээ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12-т заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах нь төрийн чиг үүрэг юм. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд заасны дагуу төрийн байгууллага нь тодорхой чиг үүргээ аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэхээр зохицуулагдсан байна. Энэ чиглэлээр Монгол Улсын Ерөнхий сайд Хүнс, хөдөө аж ахуйн сайдтай, Хүнс, хөдөө аж ахуйн сайд аймгуудын Засаг даргатай, аймгийн Засаг дарга аймгийн Хүнс, хөдөө ажахуйн газрын даргатай, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нь мал эмнэлгийн ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулсны үндсэн дээр эдгээр аж ахуйн нэгж, байгууллагууд нь мал эмнэлгийн ажил, үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Мал эмнэлгийн ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд нь малын халдварт, гоц халдварт өвчний хувьд төрийн ажил, үйлчилгээг эрхэлж байгаа тул нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх талаар Х болон Татварын Ерөнхий Газарт удаа дараа хандаж байсан боловч хүсэлтийг хангаагүй.Улсын Дээд шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 4-2860 тоот албан бичгээр ... Хэрэв яам, агентлагууд өөрсдийн зарим чиг үүргээ аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлбэл уг чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зохих хууль, журмын дагуу хэрэглэгчээс авч буй төлбөрөөс улс, орон нутгийн төсөвт төлөгдөж буй хэсгийг нь төрийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээ гэж үзэн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэсэн хариу ирүүлж байсан. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.1, 4.5.2-т зааснаар, аймгийн Засаг дарга мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээнд тухайн нутаг дэвсгэр дэх малыг бүрэн хамруулах, ажил, үйлчилгээг гэрээ, захиалгаар гүйцэтгүүлэх, холбогдох зардлыг орон нутгийн төсөвт тусгаж шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих бүрэн эрхтэй байна. Мөн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгүүдэд, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой зардлуудыг заасан бөгөөд үүнд халдварт, гоц халдварт өвчинтэй тэмцэх ажил, үйлчилгээ хамаарч байна. Хуулийн эдгээр заалтаас үзэхэд төрийн байгууллага нь малын эрүүл мэндийгхамгаалах талаарх тодорхой чиг үүргээ аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлж байгаа бөгөөд мал эмнэлгийн ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд ийнхүү төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа тул энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12-т заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д Засгийн газар нь төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн буюу хэсэгчлэн санхүүжүүлж болно гэж заасан. Төрийн байгууллага малын эрүүл мэндийг хамгаалах талаарх зарим чиг үүргээ аж ахуйн нэгж байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлж, улс, орон нутгийн төсвөөс холбогдох ажил, үйлчилгээний хөлсийг олгодог тул үүнд нэмэгдсэн өртгийн татвар ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм. Төрөөс олгож байгаа санхүүжилт нь холбогдох татваруудтай дүнгээр төсөвлөгддөг гэсэн татварын байгууллагын тайлбар үндэслэлгүй бөгөөд НӨАТ төлөгч болсноор дээрх аж ахуйн нэгжүүд өөрсдийн орлогоос НӨАТ төлж байна.Иймд Хэнтий аймагт мал эмнэлгийн ажил, үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий 14 аж ахуйн нэгжүүдэд малын халдварт, гоц халдварт өвчний үйлчилгээний хөлсөнд улс, орон нутгийн төсвөөс олгож буй санхүүжилтэнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлүүлж байгаа нь хууль бус болохыг тогтоож, уг үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг хариуцагч Хт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд урьд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа...Татварын албанаас мал эмнэлэгийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг хууль тогтоомжид заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэн авч, татварын тооцоо хийж ажиллаж байгаа бөгөөд ямар нэгэн дарамт шахалт, хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн тухай асуудал байхгүйг дурьдах нь зүйтэй. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь Засгийн газрын харъяа агентлаг, төсөвт байгууллагын статусгүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан хуулийн этгээд мөн. Татварын ерөнхий хуулийн 3.1-д зааснаар татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, хүчингүй болгох эрхтэй байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3.1 дэх заалтад Иргэн, хуулийн этгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ гэсэн заалтаар хуулийн үйлчлэх хүрээг, мөн хуулийн 4.1.10 дахь заалтад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийнэтгээдийн орлогын албан татварын тайлангаар, эсхүл иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар 10 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг хэлнэ гэж тодорхой заасан. Мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд 2012 онд энэ асуудлаар манайд хандсан бөгөөд уг асуудлыг шийдвэрлүүлэх талаар манай хэлтсээс Татварын Ерөнхий Газрын Хууль зүйн хэлтэс, Татвар хураалтын хэлтэст тус тус албан бичиг хүргүүлж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэх үндэслэлтэй гэсэн хариу ирүүлснийг тухайн үед нь татварын байцаагчаар дамжуулан албан бичиг хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12-т нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйлчилгээг төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ; Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна гэж заасан. Иймээс мал эмнэлэгийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд энэ заалт хамаарахгүй гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.10, 13 дугаар зүйлийн 13.6.12, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4, 6 дугаар зүйлийн 6.4, 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймагт мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагаа эрхэлдэг нэр бүхий 14 аж ахуйн нэгжийн улсын болон орон нутгийн төсвийн санхүүжилтээр явуулдаг мал эмнэлгийн үйлчилгээ болох малын гоц халдварт, халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, оношлохтой холбоотой үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг хариуцагч Хт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: ...Нэр бүхий хоршоод нь төрийн зохих байгууллагатай байгуулсан гэрээний дагуу малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж авч буй хөлс нь улс, орон нутгийн төсвөөс гарч хувийн мал эмнэлэгийн орлого болж байгаа тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12-т заасан төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ гэдэгт хамаарахгүй. Уг хуульд зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх нөхцөл нь тухайн үйлчилгээ татвар ногдох төрийн үйлчилгээ байхаас гадна уг үйлчилгээг төрийн байгууллагаас үзүүлсэн байхаар зохицуулсан. Мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг нөхөрлөл, хоршоо, компаниуд нь хуульд зааснаар ашиг олох зорилгоор зохион байгуулагдаж тодорхой төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ гэдэгт төрийн байгууллага иргэн, хуулийн этгээдэд төлбөр, хураамжтай үзүүлэх үйлчилгээг хэлнэ. Жишээлбэл: Улсын бүртгэлийн үйлчилгээ нь төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээнд хамаарах бөгөөд уг үйлчилгээг үзүүлж олсон орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй юм. Татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна. Шүүхийн шийдвэрт дурдагдсан Монгол Улсын Үндсэн хууль, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Засгийн газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалт нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч с, ц, х, а, з, з, э, д, м, ю, т, г, и, у нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нь Мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн малын халдварт, гоц халдварт өвчний үйлчилгээний хөлсөнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлүүлж байгаа нь хууль бус болохыг тогтоож, уг үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ төрийн байгууллага нь малын эрүүл мэндийг хамгаалах тодорхой чиг үүргээ аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлж байгаа бөгөөд мал эмнэлгийн ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд ийнхүү төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12-т заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөнө гэжээ.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нар төрийн зохих байгууллагатай байгуулсан гэрээний дагуу малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж авч буй хөлс нь улс, орон нутгийн төсвөөс гарч хувийн мал эмнэлэгийн орлого болж байгаа тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12-т заасан төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ гэдэгт хамаарахгүй, мөн Засгийн газрын харъяа төсөвт байгууллага биш тул нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх ёстой гэж маргасан.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Иргэн, хуулийнэтгээдийн импортолсон буюу экспортолсон бараа, түүнчлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ гэж, 4.1.10 дахь хэсэгт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар, эсхүл иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар 10 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг хэлнэ гэж тус тус заажээ.

Дээрхи хуулийн зохицуулалтаас үзэхэд татвар төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үйл ажиллагаа эрхэлж, 4.1.10-т заасан хэмжээний орлого олсон байхыг шаардсан байна.

Нэр бүхий аж ахуйн нэгжүүд орон нутагт мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхэлж, уг үйл ажиллагаанаас олсон орлого болох улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлсэн тарилгын үйлчилгээний хөлс /хэргийн 79 дүгээр тал/ хуульд заасан хэмжээнд хүрсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон гэж үзнэ.

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.2.1-д зааснаар малын халдварт, гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, оношлоход шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5-д заасан Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна гэсэн зарчимтай нийцэж байх ба төр энэ үүргээ хэрэгжүүлж мал бүхий иргэн, хуулийн этгээдээс төлбөр авахгүйгээр холбогдох зардлыг хариуцаж байгааг шүүх буруу тайлбарлаж мал эмнэлгийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд орлого олдоггүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бараа, ажил үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлдөг бөгөөд 13.6.12-т заасан төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ: Үүнд. Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна гэдгийг тухайн үйлчилгээ төрийн чиг үүрэгт хамаарахаас гадна уг үйлчилгээг үзүүлж байгаа субъект нь гагцхүү дээрхи хуулиар тусгайлан заасан төрийн байгууллага байхыг ойлгоно.

Тодруулбал, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого, эрх зүйн үндсийг тодорхойлох, хэрэгжилтэд нь хяналт тавих бүрэн эрхийг УИХ-д, 4.2.1-д зааснаар малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх цогцолбор арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх, энэ хуульд заасан зардлыг санхүүжүүлэх бүрэн эрхийг Засгийн газарт олгосонд дүгнэлт хийвэл малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа төрийн чиг үүрэгт хамаарч байна.

Гэхдээ дээрхи чиг үүргийг аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхдээ Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5.1-д мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээнд тухайн нутаг дэвсгэр дэх малыг бүрэн хамруулах, ажил үйлчилгээг гэрээ, захиалгаар гүйцэтгүүлэх эрхтэй гэж зааснаар Хэрлэн сумын Засаг дарга аймгийн ХХААЖДҮГ-тай гэрээ байгуулж /хэргийн 47-р тал/ батлагдсан захиалга, даалгаврын дагуу улсаас ирүүлсэн вакцин, ийлдэс, эм, биобэлдмэлийг гэрээт аж ахуйн нэгжүүдэд хуваарилах, үйлчилгээний хөлсийг олгох эрх олгосон, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.2-т зааснаар орон нутгийн үйлчилгээний нэгж нь тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийх, лабораторийн шинжилгээнд тодорхой тооны мал хамруулах зэрэг ажил үйлчилгээг гүйцэтгүүлсэнийг төрийн чиг үүргээ бусдад шилжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, эрх бүхий байгууллага, албан тушаалтан малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа явуулахдаа тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр бусдад хөлс төлж гүйцэтгүүлж байгааг төрийн чиг үүргээ шилжүүлсэн, төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ гэж ойлгох боломжгүй болно.

Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж байгаа нь уг үйлчилгээнээс олсон орлого улсын төсөвт ордогтой холбоотой бөгөөд мал эмнэлгийн тарилгын үйлчилгээний хөлсөнд шилжүүлсэн санхүүжилт хувийн аж ахуйн нэгжийн орлого болж байгааг шүүх анхаараагүй байна.

Түүнчлэн Нөхөрлөлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д "үүсгэн байгуулах гэрээ гэж хэд хэдэн этгээд ашиг олох зорилгоор эд хөрөнгөө нэгтгэн энэ хуульд заасан хэлбэрээр зохион байгуулагдаж тодорхой төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар хэлэлцэн тохирч бичгээр байгуулсан хэлцлийг хэлнэ гэж, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд  хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ гэж тус тус зааснаар нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүд ашгийн төлөө хуулийн этгээд бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12-т заасан Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудын алинд ч хамаарахгүй байхад иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагддаг гэрээгээр төрийн байгууллагын эрх, үүрэг бүхэлдээ шилжсэн мэтээр дүгнэлт хийж нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсэгт заасан анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн /хуучнаар/ 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.10, 13 дугаар зүйлийн 13.6.12 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Бгийн Мал эмнэлгийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд малын халдварт, гоц халдварт өвчний үйлчилгээний хөлсөнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлүүлж байгаа нь хууль бус болохыг тогтоож, уг үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг Хт даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаармагадлалыг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ О.НОМУУЛИН