Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/376

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Н-ийн Х-т холбогдох 1708029100256 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, эрэгтэй, 51 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин сууж буй С овогт Н-ийн Х /РД-.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Х нь 2017 оны 07 дугаар сарын 08-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардчилсан намын үүрийн байрнаас иргэн Г.С-ийн гар утас, 60.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар Н.Х нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, Н.Х нь 2017 оны 07 дугаар сарын 08-нд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардчилсан намын үүрийн байрнаас иргэн Г.С-ийн гар утас, 60.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан 630.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан иргэн Г.С-ийн өргөдөл /хх-ийн 11х/

Хохирогч Г.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр Нефтэд байрлах Ардчилсан намын үүрийн байрнаас Самсунг Галакси Ж2 гар утас, 60.000 төгрөгөө хулгайд алдсан. Уг эд зүйлийг манай Үүрийн байранд ажиллаж байсан Х гэх залуу хулгайлсан. Х надад 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 70.000 төгрөг өгсөн. Миний Самсунг Галакси Ж2 гар утсыг одоог хүртэл өгөхгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16, 17-18х/

Эд зүйлийн үнэлгээнд: “...Самсунг Ж2 гар утас 570.000 төгрөг” гэжээ. /хх-ийн 29х/

Гэрч Н.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр манай дүү согтуу тасарсан байдалтай ээжийн гэрт унтсан гэсэн. ...Бид нар Хөвсгөл аймаг руу амрахаар явахад Саранцэцэг нь араас мөнгө нэхэж над руу залгасан. Би мөнгийн нь өгье гээд ...70.000 төгрөгийг дүү Хүрэлбаатар нь өөрийн биеэр өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21х/

Гэрч В.Сувдаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 08-нд ...Ардчилсан намын үүрийн байранд нам ялалт байгуулсан гээд очиход Хүрэлбаатар байхгүй байсан бөгөөд хоол ундаа идээд, архи ууж дуусах үед Хүрэлбаатар гаднаас архи уучихсан орж ирсэн. ...Тэгээд тэндээ байж байтал Сараа миний утас алга болсон байна гээд гар утсаа хайгаад байсан. Би Сараад “Х нь ягаан өнгийн гэртэй гар утас бариад байсан, чи Хгээс асуугад үз, ширээний голд утсаар залгаад байсан” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28х/

Шүүгдэгч Н.Хын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сард эхэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулын сурталчилгаанд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байх Ардчилсан намын сонгуулын байранд ухуулагчаар ажиллаж байсан. Тухайн үед 20-30 ухуулагч нар ажиллаж байсан. 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би шинэ цэргийн хотхон хороололд байх үүрийн байрандаа мөн гадуур айлуудаар явж ухуулагчиийн ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тэгээд өдөр хамт ажиллаж байсан Батбаяр гэх хүнтэй 0,33 литрийн Хараа архи гадаа гудамжинд хувааж уусан. Тэгээд буцаад Ардчилсан намын үүрийн байрандаа буцаж орохдоо ухуулагч нар Ардчилсан нам яллаа гээд баярлаж байсан. Тэгээд тэндээ хоол цай идээд архи уусан. Тэгээд би нэлээн согтоод биеэ хянах чадваргүй болсон байсан нэг мэдсэн гэртээ ирээд амарсан байсан. 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Сувдмаа гээд хамт ажиллаж байсан эгч миний гар утас руу залгаад “чи Саранцэцэгийн гар утсыг бариад сууж байсан, чи аваад явсан байна, чи хүрээд ир” гэж дуудахаар нь би очиж Саранцэцэгтэй уулзаад гар утсыг аваагүй талаар хэлсэн. Тэгсэн Саранцэцэг надад хандаж “чамаас өөр хүн гар утсыг аваагүй, Сувдаа эгч чамайг миний гар утсыг бариад сууж байсныг харсан байна лээ” гэж хэлж байсан. Тэгээд би дараа нь хэд хоногийн дараа Саранцэцэгт гар утасны мөнгө 70.000 төгрөг өгсөн. Мөн сая шүүхийн шатанд 500.000 төгрөг өгсөн, нийт 570.000 төгрөг өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр нотлогдон тогтоогдсон болно.

Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзвэл, шүүгдэгч Н.Х нь иргэн Г.С-ийг гар утсыг хулгайлж, өөртөө эдийн ашигтай байдал үүсгэсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Иймд шүүгдэгч Н.Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэн үндэслэлтэй байна.

Н.Хын хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36х/

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39х/

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 60х/

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 61-63х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59х/-аар тогтоогдлоо.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Г.С-т тус гэмт хэргийн улмаас нийт 630.000 төгрөгийн хохирол учирсан байх боловч шүүхиийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Г.С-ээс шүүгдэгч Н.Хт гаргаж өгсөн баримтаас үзвэл, хохирогч нь шүүгдэгч Н.Хаас нийт 570.000 төгрөг хүлээн авсан, цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй буюу үлдэгдэл хохирол болох 60.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзсан байх тул /шүүх хуралдааны тэмдэглэл/  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Хын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Оногдуулах эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүгдэгч Н.Хын үйлдсэн гэмт хэрэг нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан бодит хохиролыг нөхөн төлсөн, хувийн байдлын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 50 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай зэргийг харгалзан шүүгдэгч Н.Хт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Хын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Н-ийн Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудыг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Хт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

3. Шүүгдэгч Н.Хын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ