Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/295

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,  

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Д-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708014470281 дүгээр эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Х” ХХК-д цахилгааны инженерээр ажилладаг гэх, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ....... ......... дугаар байр, ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ......................... ......................... Д /РД:............../.

Яллагдагч С.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хилийн цэргийн хотхоны 8 дугаар байрны гадна иргэн Д.Д-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Эрүүгийн 1708014470281 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Д-н: “2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн орчим өөрийн 65-40 ТӨВ улсын дугаартай “Тоёота Приус10” маркийн машинаар таксинд явж байгаад 30 орчим насны эрэгтэй хүн гараа өргөхөөр нь зогсож үйлчилсэн. Тэр залуу утсаа өгөөч яриад өгье гэхээр нь өөрийнхөө “Samsung trend” загварын утсаа өгсөн чинь хүнтэй ярьж байгаад буцааж өгөөгүй явсаар шинэ цэргийн хотхоны 8 дугаар байрны гадна иртэл Приус20 унасан залуутай уулзсан. Би утсаа авах гэсэн чинь би чиний утсыг аваагүй гээд өгөхгүй байсан. Хүлээж байсан залуу хүрч ирээд “Чи манай найзын утсыг авсан юм уу” гэхээр нь болсон асуудлыг хэлж байтал миний утсаар ярьсан залуу над уруу агсарч байгаад хүзүүнд гараараа нэг удаа цохисон. Би зөрүүлж тэвэрч аваад газар унагасан чинь найз нь араас намайг салгасан. Нөгөө залуу босож ирээд үснээс зулгаагаад татангуутаа нүүрэнд өвдгөөрөө цохиж цус гаргасан. Эмчилгээнд гарсан баримттай зардлаа төлүүлээд авчихсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-23-24/,

Гэрч Б.Мягмарбаярын: “Би тухайн өдөр үеэл ах Д-тай гар утас руу залгахад “хороололд найзтайгаа хамт байна, хүрээд ирээч” гэхэд нь яваад очсон. Хорооллын “TSE” гэдэг нэртэй газар очиход Д-гийн гар утас холбогдохгүй, сууж байсан гэх газарт нь орж харахад байхгүй байсан. Тэгээд би гэрийн зүг явж байхад эхнэр Туул залгаад үеэл Д согтуу энд ирчихсэн байна гэж хэлсэн. Очиход таксины жолоочтой Д маргалдаад хоорондоо нэг нэгнээсээ зууралдаад зогсож байхад нь би салгаж татахад жолооч нь доошоо унахдаа гэмтчихсэн байсан. Тэр хоёрын дунд нь сүртэй зодоон болоогүй. Би таксины жолоочид хандаж “согтуу хүнтэй юу ярих вэ дээ, таксины мөнгийг чинь өгөөд ингээд салъя” гэж хэлэхэд миний үгийг ойшоож үзээгүй. Д ...нэлээд согтолттой байсан. Өөрөө болохоор “сайн мэдэхгүй байна” гэж ярьж байсан. Ямар ч байсан сууж ирсэн таксины дотор талд өөрийн биеэр орж үзэхэд гар утас олдоогүй. Би 102 руу залгаж энэ талаар хэлсэн. Цагдаа ирээгүй 1-2 цаг болохоор нь шууд гэр рүүгээ харьчихсан” гэх мэдүүлэг /хх-66-67/,

Гэрч Б.Туулын: “...Тухайн өдрийн орой 8 дугаар байранд найз Балжиннямын гэрт байхад Д залгаж “таксины мөнгө байна уу” гэхэд би “мөнгө байна” гэж хэлээд тун удалгүй уг байрны гадна “Тоёота приус10” маркийн автомашинтай согтууруулах ундаа хэрэглэсэн, ухаан санаа нь орж гарсан байдалтай ирсэн. Жолооч залуу үйлчилгээний мөнгө гээд 3500 төгрөг нэхсэн. Д таксинаас бууж ирээд өөрийн “Самсунг нөүт4” гар утсаа жолоочоос нэхээд хоорондоо маргалдсан. Д жолооч залуу хоёр нэг нэгийнхээ хувцаснаас барилцаж байхад манай нөхөр Мягмарбаяр нь Д-г салгах гээд хойноос нь татахад уг жолооч хамт татагдаад доошоо унахдаа Д-гийн өвдгөн тус газар хамраараа цохигдоод цус гарчихсан. Тэр жолооч таксины мөнгө авахгүй гээд уурлаад цагдаа дуудсан. Цагдаагийн алба хаагчид 1 цаг гаруй дуудаад ирэхгүй болохоор нь яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-69-70/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.09.13-ны өдрийн 11585 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.Д--н биед хамрын нурууны зөөлөн няцрал, хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэжээ /хх-11/,

Шүүгдэгч С.Д-гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр найз Э-ын хамт хорооллын “TSE” бааранд архи хувааж уучихаад гарсан. Гараад нэлээн согтоод нэг мэдсэн “Драгон” төвийн зам дээр ганцаараа ирчихсэн зогсож байсан. Таксинд гар өргөөд суусан “Цэргийн хотхон”-д байдаг дүү Туултай уулзаж таксины мөнгө авахаар очиход Туулын нөхөр Мягмарбаяр машинтайгаа гадаа зогсож байсан. Таксины жолооч надаас утсаа нэхээд би утсаа өгөхгүй гээд жолоочтой маргалдах үедээ жолоочийг гараараа хүзүү орчимд нэг удаа цохисон чинь намайг тэврээд газар унагаасан. Би босож ирээд тэр залуугийн үснээс зулгааж дараад нэг удаа нүүр орчимд өвдөглөсөн. Тэр үед хажуугаас Мягмарбаяр бид хоёрыг салгасан. Ийм л асуудал болсон. ...Таксинд суухад гар утсаа байсан үгүйг ч мэдэхгүй байна. Хамгийн сүүлд гар утсаараа найзтайгаа хамт байхдаа ярьж байсан санагдаж байна. Түүнээс хойш утсаа хаана явж байгаад хаясныг санахгүй байна. Би таксины жолоочтой гар утаснаас болж маргалдсан. Бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-78/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хохирогчийн өргөдөл /хх-3/, хохирлын баримтууд /хх-14-15/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-73/, шүүгдэгчийн хүсэлт /хх-106/, хохирогчийн хүсэлт /хх-107/, хохирол төлсөн баримт /хх-108/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.     

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.    

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хилийн цэргийн хотхоны 8 дугаар байрны гадна иргэн Д.Д-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Д-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохиролд 140.000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-24/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

Шүүгдэгч “Торгох ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн уг ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Д урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ......................... ......................... Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-г торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Д бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                    

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР